Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

 

 

 

 

 

 

  2022           01           05                                      2022/ШЦТ/26

 

 

 

                          

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Г овогт Н-ын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001632 дугаартай хэргийг  2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн менежмент мэргэжилтэй, ......... ХХК- нд тээврийн менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүрэг ... дугаар хороо .... байр ...  тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж,  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/173 захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар  750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгийн торгох ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлсэн, Г овогт Н-ын М-

 

Шүүгдэгч Н.М- нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... байрны 1 давхарт хохирогч Б.Б-гийн нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б- мэдүүлэхдээ: “2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хичээлээ тараад ангийн охин Болортой хамт явсан. Тэдний гэр нарны гүүр даваад байдаг. Манай гэр Алтай хотхонд байдаг болохоор зам нэг.  Замдаа явж байхдаа Төмөр замын цагдаагийн газрын өөдөөс харсан пабад бид хоёр орж суусан. Тэгээд сууж байгаад удаагүй байхад Ану гэх охин ирсэн. Тэгээд бид гурав сууж байгаад манай ангийн охин Зулаа түүний найз охин Хүсэл гээд охин ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө хамт сууж байгаад намайг явуулахгүй байсан тул эхнэрийгээ дуудсан. Би тагтан дээрээ Хүсэл гээд охинтой тамхи татаад зогсож байсан. М-ыг орж ирсэн гэдгийг нь мэдээгүй юм. Манай эхнэр буйдан дээр кино үзээд сууж байхад хамт суугаад М- том өрөөнд орж ирэхээр нь өө за хөгшөөн тухтай танилцаж чадаагүй байна, уучлаарай гэж хэлээд танилцаад би пиво уух уу гээд өгсөн юм. Тэгээд М- уухгүй гээд шилтэй пивыг аваад зурагтын стекэн дээр тавиад чи хөгшөөн яагаад зууж яриад байна вэ гэсэн юм. Үгүй яаж ярьсан юм бэ гэхэд л миний нүүрэн тус газар цохиж авсан. Эхний цохилт байсан тул би хамгаалалтгүй цохиулсан. Тэгээд нэлээн их цус гарсан. Миний дээрээс цохиод байсан. Тэгээд би боолгуулчхаад арай гэж нэг юм салаад босож ирээд байж байхад миний нүүрнээс маш их цус гараад фудволк урагдсан. Удалгүй М-ыг найз охин нь аваад үүдээр гарч байхыг харсан. Араас нь гартал байхгүй байсан тул гэрээрээ ороод толинд нүүрээ харахад маш их цус гоожсон байсан. Тэгээд шууд 103 дуудаж дуудлага өгсөн. Гэмтэл авснаасаа хойш хөмсгөндөө 2 оёдол, дээд уруулдаа 4 оёдол, амныхаа доод шүдний буйланд 5 оёдол тавиулсан. Үзүүлсэн баримтууд нь 1,490,000 төгрөг болсон. Томограф зургаар баруун хамрын зүүн талын таславч мурийлттай гэж гарсан тул мөнгө хүрэлцээгүй. Би өчигдөр “ЭМЖЖ” гэдэг эмнэлэгт үзүүлсэн. Тэмдэглэл дээр эмч нь дүгнэлтээ бичсэн байгаа” гэв.

 

          Хохирогч Б.Б-гийн  “ ... 2021 оны 9 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед танилцсан Хүсэл гэх эмэгтэйгийн гэр болох Баянгол дүүргийн 24 дүгээр  хороо Алтай хотхон 29 дүгээр байрны 1 давхарт /тоотыг нь мэдэхгүй/ байр руу нь өөрийн найз охин Буяннэмэх, оюутан ангийн найз Ану, Зулаа нар мөн Зулаагийн Хүсэл нарын хамт пиво ууж, юм ярилцаж суухаар орцгоосон юм.

          ... Ингээд гэрт нь ороод бид нар нэг нэг пиво задлаад байж байхад Ану гэх эмэгтэй нь гэр лүүгээ явсан бөгөөд намайг тамхи татчихаад ороод ирэхэд Зулаагийн найз залуу гэх үл таних М- гэж залуу ороод ирсэн байсан. Тэгэхээр нь би тухайн залууд танилцъя гэж хэлээд нэр, усаа мэдэлцээд буйдан дээр сууж байхад М- нь миний зүүн хөмсгийн хэсэгт баруун гараараа нэг удаа хүчтэй цохиход нь би хойшоо буйдан руу налаад унасан. Тэгээд миний дээр гараад нүүрний хэсэг рүү удаа дараа олон удаа хоёр гараараа ээлжлээд цохисон. Би хэдэн удаа цохисныг мэдэхгүй бөгөөд нүүрээ хамгаалаад байж байсан. Мөн миний нүд харанхуйлсан байсан. Эхнэр Буяннэмэх, найз Зулаа, Зулаагийн найз Хүсэл нар нь тэр залууг надаас холдуулах гээд дийлээгүй бөгөөд арай хийж салгахад М- гараад зугтаачихсан. Тэр үед миний хөмсөг, нүүр, ам, хамраас цус гараад байхаар нь 103 дуудаад Мөнгөн гүүр эмнэлэгт орж зүүн талын хөмсөгт 3, дээд урууланд 5, доод буйланд 4-5 оёдол тавиулаад гэртээ харьж амарсан.

          ... М- гэх залуу нь ямар шалтгааны улмаас намайг зодож цохисон талаар мэдэхгүй бөгөөд яагаад зодсон талаар асуухаар “чи зууж яриад байсан шүү дээ хөгшөөн” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн байдлаар тухайн залуутай маргалдсан муудалцсан асуудал байхгүй юм.

          ... Миний нүүрэнд олон тооны гэмтлүүд байсан. Холбогдох эмчилгээний зардлуудаа баримтаар гаргаж өгнө. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-14 дахь тал/

 

          Гэрч Б.Буяннэмэхийн “...Манай найз залуу Б- нь түүнд пиво өгөөд, ойр зуурын зүйл ярилцаад бид хоёр буйдан дээр зурагт үзээд байж байсан. Энэ үед М- гэх залуу нь манай найз залуу Б-гийн хажууд сууж байгаад үгийн зөрүүгүй шууд нүүрний зүүн талын  хэсэг рүү нь гараараа цохиод дээрээс нь гараад хэд хэдэн удаа нүүррүү нь гараараа цохиод байсан./ би сайн харж чадаагүй/ Тэгэхээр нь би цаанаас Зулаа, Хүсэл хоёрыг дуудаад Зулаа найз залуугаа аваад  холдуулсан. Энэ үед манай найз залуу Б-гийн нүүр, амнаас маш их цус гараад яаралтай түргэн дуудсан юм.

          ... Манай найз залуу Б- нь ямар нэгэн байдлаар М-ыг зодож цохисон асуудал байхгүй. Нүүрээ дараад биеэ хамгаалаад байж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дэх тал/

 

          Гэрч Э.Ариунзулын “...М- Хүсэлийн гэрт ирэхэд Б- нь маш их согтуу байсан бөгөөд М-ыг пиво уу гээд захирангуй харилцаад шахаад байсан. М- тэр үед нь би уудаггүй, уухгүй гэж хэлсэн бөгөөд Б- нь нүүр тулаад ойртоод яасан гэнээ хөгшөөн, чи уулдаа гэж хэлэхэд М- нь Б-гийн бие рүү нь түлхээд холдуулсан. Тэгэхэд Б- нь баруун гараараа нэг удаа М-ын нүүррүү нь цохисон. Тэгээд М- зөрүүлж цохиод тэр хоёр зууралдаад зодолдсон. Дээр доороо ороод нэг нэгийгээ цохиод байсан бөгөөд М- нь Б-г гэхдээ илүү зодсон. Би хэн хэн нь хаашаа цохисон эсэхийг нь сайн мэдэхгүй бөгөөд салгах гээд дийлээгүй. Удалгүй тэр хоёр салцгаахад М- шууд гараад явсан бөгөөд Б-гийн хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан юм. Ийм л зүйл болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дэх тал/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9139 дугаартай:

          “... 1. Б.Б-д дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар, баруун чихний арын хөхлөг сэртэнд цус хуралт, дээд доод уруулын дотор салстын шарх, 32,31,41,42-р шүднүүдийн буйлны урагдалт тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

          3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 33-34 дахь тал/

 

          Н.М-ын яллагдагчаар өгсөн “  ... би 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 24-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүрэг .... байрны 1 давхарт найз охин Ариунзулыг авахаар түүний найз Хүсэлийн гэрт нь очсон юм. Тухайн үед Хүсэлийн гэрт нь манай найз охин Ариунзул, Хүсэл, Ариунзулын ангийн хүүхэд Б-, Б-гийн найз охин гэх эмэгтэй нар  пиво уусан байдалтай байсан юм. Тэгээд Б- гэх залуу нь намайг  пиво уу гэж шахаад толгой дээр пиво тавьчхаад дээрээс муухай хараад байхаар нь би түүний гартаа барьсан пивыг нь аваад цааш нь түлхсэн. Тэгэхэд Б-  нь миний нүүррүү баруун гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь 4-5 удаа цохисон. Б- нь миний нүүррүү мөн олон тооны удаа цохиж байсан бөгөөд бид хоёр зууралдаад зодолдсон. Би Б-г тэврээд больё гэдгийг хэлээд байж байхад тэнд байсан эмэгтэйчүүд салгахад над руу пивоны шил бариад дайрахаар нь би гэрээс нь зугтаагаад гарсан.

          ... Б- нь эхлээд миний нүүррүү цохиж маш дээрэлхүү өнгө аясаар харилцаж намайг өдөхөөр нь би уурандаа зөрүүлээд нүүррүү нь 4-5 удаа гараараа цохисон. Ингээд бид хоёр зууралдаад зодолдсон. Б- нь ч мөн миний нүүррүү цохиж байсан.

          ... Миний баруун талын шанаа халцарсан, толгой маш их хөдөлж тархи хөдөлсөн байсан.  Баруун талын нүд хөхөрсөн байсан. Би одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Учирсан шарх гэмтлүүд нь эдгэрсэн байгаа.

     ... Би хэрэг болсон өдрийн маргааш нь Б- гэх залуутай харилцаж тохиролцоод түүний эмчилгээний зардлыг нь төлөхөөр хоорондоо ярилцаж тохиролцсон учраас би өөрөө цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд Б-г цагдаад хандсан гэдгийг мэдээгүй юм.  ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн  40-42 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

2021 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... байрны 1 давхарт байрлах Хүсэлийн гэрт  хохирогч Б.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз охин Э.Ариунзулыг авахаар ирсэн шүүгдэгч Н.М-ыг согтууруулах ундааны зүйл уухыг шаардсаны улмаас шүүгдэгч Н.М- нь хохирогч Б.Б-г түлхсэн бөгөөд үүний дараа хохирогч Б.Б- нь шүүгдэгч Н.М-ын нүүрэн тус газар цохижээ.

Улмаар шүүгдэгч Н.М-, хохирогч Б.Б- нар нь харилцан зодолдох явцад хохирогч Б.Б-гийн биед  дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар, баруун чихний арын хөхлөг сэртэнд цус хуралт, дээд доод уруулын дотор салстын шарх, 32,31,41,42-р шүднүүдийн буйлны урагдалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

          Шүүгдэгч Н.М- нь хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг үзсэн, харсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан гэрч Б.Буяннэмэх, Э.Ариунзул нарын мэдүүлэг зэрэг шууд нотлох баримтуудаар, мөн хохирогч Б.Б-гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9139 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.М- нь хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт хохирогч Б.Б- нь 1,490,000 төгрөг нэхэмжилжээ.

Хэрэгт хохирогч Б.Б-гийн Мөнгөнгүүр, Интернэйшнл медикал сентер, Индранил дентал, Бат дент шүдний  эмнэлэгт  эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан  баримтаар  /хэргийн 65-71 дэх тал/ нийт 961,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Б-гийн хамрын хугарал эмчлэх эмчилгээний төлбөр тодорхойгүй буюу санхүүгийн баримтаар нотлогдоогүй, мөн эмчилгээний 620,000 төгрөгийн эмчилгээ хийгдээгүй тул хохирол, хор уршигт тооцох боломжгүй байна.

Харин хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах  дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Н.М- үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт тохирч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 7000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Г овогт Н-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.М-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н.М- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   Н.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

5.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.М-аас  961,500 төгрөг гаргуулж  Баянгол дүүрэг 24 хороо Алтай хотхон 27 дугаар байр 18 тоотод оршин суух Жалиар овогт Батбаярын Б-д /РД: ДЮ97052318/ олгосугай.

 

7. Хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ