Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00472

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2017/00472

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай, Баспагер Өлгий ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.К, хариуцагч З.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 4593200 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Баспагер Өлгий ХХК нь Орон нутгийн өмчийн газрын эзэмшилд байгаа Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгжимт драмын театрын барилгаас 30.8 м кв талбайтай ажлын байрыг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсээр эзэмшиж байсан учир хоёр тал харилцан тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 30-нд 06 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан ба гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг сар бүр төлөх ёстой юм. Мөн энэ гэрээнд 2013 оны 5 дугаар сараас эхлэн түрээсээр эзэмшиж ирсэн талбайн хөлсийг нөхөж тусгаж гэрээ байгуулсан юм.

Гэтэл Баспагер Өлгий ХХК нь түрээсийн хугацаандаа буюу 2013.05.01-2014.05.01 хүртэл 739200 төгрөг, 2014.05.01-2014.12.31 хүртэл 1232000 төгрөг, 2015 оны 01.01- 2015.07.01 хүртэл 924000 төгрөг, нийт 2895200 төгрөг мөн 2016.01.01-2016.12.31 1848000 төгрөг нийт 4743000 төгрөг төлөхөөс 150000 төлж үлдсэн мөнгө 4593000 төгрөг төлөхгүй өдийг хүрч байгаа тул шүүхийн журмаар маргааныг шийдвэрлэж, Баспагер Өлгий ХХК-иас түрээсийн төлбөр болох 4593000 төгрөгийг гаргуулж, Орон нутгийн өмчийн газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.К шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Баспагер Өлгий ХХК нь Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын эзэмшилд байгаа Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгжимт драмын театрын барилгаас 30,8 м кв талбайтай ажлын байрыг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсээр эзэмшиж байсан учир хоёр тал харилцан тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 06 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний дагуу түрээсийн гэрээг сар бүр төлөх ёстой. Мөн энэ гэрээ нь 2013 орны 5 дугаар сараас эхлэн түрээсээр эзэмшиж ирсэн талбайн хөлсийг нөхөж тусгаж гэрээ байгуулсан. Гэтэл Баспагер Өлгий ХХК нь түрээсээ хугацаандаа буюу 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 739200 төгрөг, 2014 оны 5 дугаар арын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1232000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 924000 төгрөг, нийтдээ 2895200 төгрөг, мөн 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1848000 төгрөг, нийтдээ 4793000 төгрөг төлөхөөс 150000 төгрөгийг төлж, үлдсэн 4593000 төгрөгийг төлж байгаагүй тул шүүхийн журмаар маргааныг шийдвэрлэж Баспагер Өлгий ХХК-иас түрээсийн мөнгө болох 4593000 төгрөгийг гаргуулж, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрыг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баспагер Өлгий ХХК-ны З.К шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 5 дугаар сарын 29-ний 110 тоот нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг хүргүүлж байна.

Бид жилийн 26,4 хувийн хүүтэй банкны зээл авч хулдаасан болон оффсет хэвлэлийн тоног төхөөрөмж оруулж ирэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Аймагтаа анхны бизнес тул зах зээл хязгаарлагдмал, орон байр олдохгүй хүндрэл учирсан. Хувийн секторын орон байр түрээслэхэд худалдан авагч, захиалагчтай болонгуут түрээслүүлэгч тал гэрээгээ цуцлан, өөрөө болон ойр тойрныхноороо ижил төрлийн бизнес эрхлүүлдэг, ингэснээр олон дахин нүүж, хэрэглэгчээ алдах явдал гардаг. Иймд орон нутгийн өмчийн объектыг түрээслэх шаардлага гарна. Бид аймгийн Хөгжимт драмын театрт санал тавьж, тоглолт, баяр ёслолын арга хэмжээний зар сурталчилгааны анонс, билет, урилга зэргийг зах зээлийн үнээс хямд үнээр хэвлэн, узелийн өрөөг түрээслэн хөлсийг нь хэвлэсэн бүтээгдэхүүнийхээ үнэд тооцон төлбөр барагдуулж байхаар тохиролцсон билээ.

Уг объект Орон нутгийн өмчийн газрын мэдэлд байдагтай холбогдон 2014 оны 4 дүгээр сараас Орон нутгийн өмчийн албатай түрээсийн гэрээ байгуулсан.

Улс орныг хамарсан эдийн засгийн хямралт байдал нь тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж, улмаар тоног төхөөрөмж, барьцаа хөрөнгөө банкинд хураалгасан болно.

Бид 1978 оноос хойш хэвлэгдээгүй, өнөөдөр олдохоо больсон Монгол-казах толь хэвлэж, төрийн өмчийн сургуулиудын номын санд түгээх замаар сурагчдын монгол хэлний боловсролыг дээшлүүлэхэд тус дэм болох, нөгөө талаар төлбөрийн чадваргүй болсонтой холбогдон үнийг нь түрээсийн төлбөрт суутгуулахаар ОНӨА-д албан тоот хүргүүлсэн боловч уг албан тоотыг хүлээн авахаас татгалзсан болно.

1.Хашаа байшин, тоног төхөөрөмжөө шүүхийн шийдвэрийн дагуу банкны зээлд хураалгасан тул төлбөрийн чадваргүй болсон.

2. Гэрэлтүүлэггүй, 1,2 метрийн өргөнтэй ашигтай талбайд, хурц шовх үзүүр, ирмэгтэй тоног төхөөрөмжтэй харьцан гагнуур хийх, эрэг боолт, резьба татах, төмөр хөрөөдөх зэрэг ажлууд хийхээр тооцоолон 3,8 метрийн өргөнтэй, дээрх ажлуудыг хийх зориулалт бүхий ашигтай талбайг тасалгаа гарган түрээсэлж, Улсын чухал объектийн хэвийн ажиллах нөхцөлийг хааж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны горимыг зөрчин зөвхөн мөнгө олох зорилготой асар их эрсдэлтэй гэрээ байгуулсан.

3. Дулаан түгээх дүрэм, Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчсөн.

4. Аймгийн хэмжээнд оффсет хэвлэлийн технологичоор мэргэшсэн ажилтантай, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хэвлэлтийн нягтрал, хурд сайтай оффсет хэвлэлийн үйлдвэр үйл ажиллагаагаа бүрэн зогсооход хүрээд байна.

5.Зөвхөн мөнгө олох сонирхол давамгайлсан өнөө үед үйлдвэр, үйлчилгээний газруудын хэвийн ажиллах нөхцөлийг хаан ажиллагсдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болохуйц гэрээ байгуулах явдлыг таслан зогсоох, цаашид давтагдахаас сэргийлэх зорилгоор уг гэрээг хүчингүй болгуулан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баспагер Өлгий ХХК-ны З.К шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрээ байгуулсан маань үнэн. Өмнө нь театртай гэрээ байгуулаад билетийг хийж өгөөд төлбөрөө хаадаг байсан. Дараа нь Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газартай гэрээ байгуулсан чинь төлбөр төлөх ямар ч боломжгүй болсон. Яагаад гэвэл би банкны зээлээр маш их үнэтэй тоног төхөөрөмжүүд оруулж ирсэн. Сард 2 хувийн хүү төлдөг байсан. Орсон мөнгийг шууд банк суутгаж авдаг байсан. Надад бэлэн мөнгө бараг байдаггүй байсан. Банкны зээл төлж чадахаа болиод ирэнгүүт шүүхэд өгсөн. Шүүхэд өгөхөөс өмнө нь би Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Даримханд очиж ийм байдалтай болчхоод байна гэдгийг хэлсэн. Би өөрөө Монгол-казах толь эмхтгэсэн анх 1978 онд хэвлэгдэж байсан, тэрнээс хойш огт хэвлэгдээгүй, өнөөдөр Баян-Өлгий аймагт Монгол хэлний боловсрол маш муу байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын бараг 70 хувь нь Монгол хэлний шалгалтад унаад байгаа. Тэгэхээр энэ номыг сумын сургуулиудын номын санд тарааж өгөх арга хэмжээ авч өгөөч гээд аймгийн Засаг даргад бичиг төлөвлөөд тэрнийг Даримханд даргад танилцуулаад очсон. Түрээсийн төлбөрт суутгаж өгөөч, энэ чинь хэрэгтэй юм биш үү гээд очиход татгалзсан учраас төлж чадаагүй. Тэгээд хэвлэж чадаагүй. Бүх тоног төхөөрөмж, орон байраа шүүхийн шийдвэрээр банканд хураалгасан. Одоо төлөх ямар ч боломжгүй байгаа гэв

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Баспагер Өлгий ХХК-иас түрээсийн төлбөр болох 4593200 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Орон нутгийн өмчийн газар нь Баспагер Өлгий ХХК-тай орон нутгийн өмч болох аймгийн Хөгжимт драмын театрт байрлах 30.8 м.кв талбайтай барилга байгууламжийг үйлчилгээний зориулалтаар 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай түрээсийн гэрээгээр хоёр жилийн хугацаагаар түрээслүүлэхээр, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай түрээсийн гэрээг тус тус байгуулсан байна. Түрээсийн дээрх гэрээнүүдээр түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны дотор түрээслэгчийн дансанд шилжүүлж байхаар тохиролцсон байна. Түрээсийн төлбөрийн хэмжээг нэг м.кв талбайг 2000 төгрөгөөр тооцож сарын төлбөрийг 61600 төгрөгөөр тогтоосон байна. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор орон нутгийн өмчит албан байгууллагуудын байрны 1 м.кв талбайн түрээсийн үнийг 5000 төгрөгөөр шинэчлэн тогтоож, энэхүү тогтоолыг 2014 оны 5 дугаар сарын 01-нээс мөрдөхөөр тогтоожээ. Энэхүү тогтоолын дагуу 06 дугаартай түрээсийн гэрээний нэгдүгээр хавсралтаар 2014 оны 5 дугаар сарын 01-нээс эхлэн сарын төлбөрийг 154000 төгрөгөөр төлөхөөр түрээсийн төлбөр төлөх хуваарийг баталсан байна. Хариуцагч Баспагер Өлгий ХХК нь Орон нутгийн өмчийн Хөгжимт драмын театрын 30.8 м.кв барилга байгууламжийг түрээсэлсний төлбөрт 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 150000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн депозит харилцагчийн хуулгаар тогтоогдсон байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4599200 төгрөгийг төлөх нь үнэн, хэмжээний хувьд маргах зүйлгүй бөгөөд энэхүү төлбөрийг төлөх санхүүгийн боломж байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ. Хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэн түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээс нь чөлөөлөх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.

Хариуцагчаас нэхэмжлэгч нь Дулаан түгээх дүрэм, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны горимыг зөрчин эрсдэлтэй гэрээ байгуулсан тул гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбар гаргаж, Баян-Өлгий аймгийн Эрчим хувьцаат компани 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 68 дугаартай албан бичгийг хавсаргаж ирүүлжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд Гэрээний талууд болох Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн алба болон Баспагер Өлгий ХХК нь түрээсийн гэрээг сайн дурын үндсэн дээр, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул уг тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

Иймд Баспагер Өлгий ХХК-иас түрээсийн төлбөр 4593200 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газарт олгох нь зүйтэй байна.

 

Орон нутгийн өмчийн газар нь төсөвт байгууллага бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх 88441 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Баспагер Өлгий ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Баспагер Өлгий ХХК-иас 4593200 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88441 төгрөгийг тус аймгийн Төрийн сангийн 100020000941 дугаартай данснаас гаргуулан буцаан олгож, хариуцагч Баспагер Өлгий ХХК-иас 88441 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК