Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

 

 

 

 

 

 

 

  2022           01           07                                      2022/ШЦТ/31

 

 

 

                          

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Монгол овогт Хайнзансамбуугийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705008521510 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Сэлэнгэ аймаг Жавхлант сум төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ..... ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 1, ....... аймаг ...... сум .. дүгээр баг ...  тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Хайнзансамбуугийн Б-

 

Шүүгдэгч Х.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээр хохирогч Э.У-ийг цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б- мэдүүлэхдээ: “Анх эмэгтэй хүнтэй У-тэй танилцсан юм. ... Хэрэг болдог орой над руу өөрөө залгаад уулзъя гэсэн юм. Би тэр орой нь Булгаа гэдэг найзтайгаа хамт явж байгаад нэгдүгээр хороололд уулзъя гэсэн юм. Тэгээд буцаж ирээд Өргөө кино театрын хажууд зочид буудал авсан байгаа тэнд бааранд орцгооё эргэж гарч ирээд манай буудал руу ороод хоноё гэсэн юм. Тэгье гээд манай нэг найзтай хамт дөрвүүлээ сансарт байрлах бааранд ороод дараа нь хороолол руу ирэх замдаа 3 дугаар сургуулийн хажууд байрлах баар ороод би машин барьж байсан тул архи уугаагүй. Тэр хоёр охин орой уулзахдаа согтуу байсан тэгээд нэмж уугаад нэлээн согтсон. “Өргөө кино” театрын тэнд буудал руугаа явъя гэсэн чинь автобусны буудал дээр оччихоод та хоёр одоо зайл гээд байсан юм. Тэгэхээр нь би авсан юм аа аваад явчихъя гэсэн. Би түлхэж унагаачхаад явсан юм” гэв.

 

          Хохирогч Э.У-ийн “2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед манай найз Хангайн Баасандэлгэр нь над руу хүний утсаар холбогдоод 10 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзаад гэртээ дагуулж ирсэн. Тэгтэл Баасандэлгэр хонох газар байхгүй гээд Сансарын орчим буудалд хоночхоод маргааш өдөр нь гадуур юм үзэж явж байтал 17-18 цагийн орчим 90205511 гэсэн дугаараас залгаад Өлзий байна уулзъя гээд байсан.

          ... Тэр үед Өлзий над руу залгаад байсныг нь авахгүй байсан чинь Баасандэлгэртэй утсаар ярьсан байсан. Тэгээд гадаа Өлзий нэг найз нь машинтай хамт ирсэн. Тэгээд бид нар хамт Сансарын орчим Paris гэх бааранд орсон байсан. Баасандэлгэр бид хоёр 1 шил пиво уусан. Тэгээд бид нар баарнаас гараад өөр баар орсон. Дараа нь тэндээс Баасандэлгэр бид хоёр гараад явж байгаад буцаж очиж Өлзийд явлаа гэж хэлчихээд явъя гээд буцаж очтол Өлзийтэй хамт Өргөөгийн орчимд очсон. Өргөөгийн хойд талын автобусны буудлын орчим буугаад явах гэтэл Өлзий намайг цохих шиг болсон. Тэгээд ухаан алдаж унасан гэсэн. Тэгэхэд хажууд Баасандэлгэр хамт байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51 дэх тал/

          “... бид хоёр явлаа гээд гарцаар гарах гээд явж байтал ар талд Өлзий явж байсан ба тухайн үед Өлзий ар талд юм яриад явж байснаа гэнэт нүүррүү цохих шиг болсон. Би тэр үед 10 см өндөртэй их өндөр өсгийтэй гутал өмссөн байсан. Өлзий миний зүүн талаас 1 удаа дээд уруул орчимд цохисон. Би тэгээд юу болсныг санахгүй байгаа. Гэнэт ухаан ортол зам дээр баруун талаараа хажуулдаад газар унасан байсан ба миний баруун талын чихнээс цус гараад баруун талын толгой маш их өвдөж байсан. Мөн зүүн талын дээд уруул язарсан байсан. Тухайн үедээ би босоод явах гэхэд би тэнцвэрээ олж явж чадахгүй байсан. Тэгээд арай гэж гэртээ очтол толгойны баруун тал маш их өвдөж байсан. Тэгтэл надтай хамт байсан Баасандэлгэр намайг цохиулаад газар ухаангүй байхад цагдаад мэдэгдсэн байсан. Ингээд тэр шөнөө өнгөрөөд маргааш нь би эмнэлэгт бүр толгой өвдөөд байхаар нь очиж үзүүлэхэд тархиндаа гэмтэл авсан байсан. Өлзий буюу Б- миний зүүн талын уруул орчимд гараараа цохиход нь би газар баруун талаараа унахдаа толгой, чих, эрүүгээ тэр чиг нь асфальтан зам дээр цохиод уг гэмтлийг авсан байсан.

          ... Б- манай найз охин бид хоёрыг хамт зочид буудал оръё гээд байсан. Тэгэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Тэгээд явах гэхэд миний зүүн талын нүүрэн хэсэгт цохих үед би чадахгүй гэж хэлсэн. Тэгээд явах гэхэд миний зүүн талын нүүрэн хэсэгт цохих үед би унахдаа асфальтан зам дээр толгой, эрүү, чихнийхээ баруун талаар хүчтэй цохиж унасан. Ингээд би гэмтэл авсан. Бид нарын дунд ямар нэгэн хэрэлдэж маргалдаж байгаагүй. Утсаар яриад л уулзаж байсан. Айхтар өш хонзон санаад байсан зүйлгүй.

          Б- гараараа 1 удаа цохих шиг болсон. Тэгээд би юу ч санахгүй байгаа.

          ... Надад гомдол санал алга байна. Б- надад тухайн үед явлаа гээд явах гэхээр хамт явъя гэж гуйж байгаад үгүй гээд яваад өгөхөөр уур нь хүрээд нэг удаа нүүррүү алгадсан байх. Тэр үед нь би өндөр өсгийтэй гуталтай явж байсан. Тэгээд гутал дээрээ тэнцвэр алдаад унахдаа толгойны баруун талын хэсэг тэр чигтээ газар цохигдож уг гэмтэл авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52-56 дахь тал/

          “ ... Би Б-гөөс өөр хүнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл үгүй. Б- миний эрүүл мэндэд халдсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 58-59 дэх тал/

 

          Гэрч Х.Баасандэлгэрийн “... Тэгээд бид хоёр такси барих гээд зогсож байхад Б- нь бид хоёрын араас ирээд У-тэй юм яриад зогсож байсан. Тэгээд би такси барих гээд тэр хоёроос зайтай зогсож байхад Б- гэх залуу У-тэй юм ярьж зогсож байгаад У-ийн нүүрэн тус газар гараараа хүчтэй алгадчихаад яваад өгсөн. Тэгээд найз дээрээ очиход шокын байдалд орсон байсан. Такси бариад машинд суулгасан чинь баруун талын чихнээс нь цус гараад байхаар нь Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирээд найзыгаа үзүүлэх гэсэн чинь манай үзэхгүй, чих хамар, хоолойн эмчид үзүүлэх талаар хэлсэн.

          ... Х.Б- гараараа нэг удаа Э.У-ийн зүүн хацар хэсэгт алгадсан. ... Намайг такси барих гээд зайтай зогсож байхад Х.Б- чанга, унатал хүчтэй алгадахаар нь би явж очиход Х.Б- яваад өгсөн. Манай найзын зүүн талын шанаа хэсэг гарын ором гараад улайсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 70-71 дэх тал/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11861 дугаартай:

          “ 1. У-ийн биед баруун чамархайн ясны хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, хөхлөгийн хөндийн шингэн хуралт, дээд уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 76 дахь тал/

 

          Натур эмнэлэг компьютерт томографийн оношлогоо. /хэргийн 77 дахь/

 

          Шинжээч Т.Чимэд-Очирын “Э.У-ийн биед үүссэн гэмтлүүд нь нүүрний зүүн хэсэг болон баруун чихний орчимд тус бүр хүч үйлчилсний улмаас үүссэн байх боломжтой. Нүүрний зүүн хэсэгт цохих үед баруун хэсгээрээ унаж тухайн гэмтэл үүссэн байх боломжтой. Э.У-ийн биед учирсан гэмтэл нь тухайн бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 81-82 дахь тал/

 

     Х.Б-гийн яллагдагчаар өгсөн “... Хохирогч Э.У- нь надад ямар нэгэн гомдол саналгүй. Надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 94 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Х.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээр хохирогч Э.У-ийг “зочид буудал хамт орсонгүй” гэсэн шалтгаанаар түүний нүүрэн тус газарт цохисны улмаас хохирогч Э.У- нь газарт унаж баруун чамархайн ясны хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, хөхлөгийн хөндийн шингэн хуралт, дээд уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулжээ.

          Шүүгдэгч Х.Б- нь хохирогч Э.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг үзсэн, харсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан гэрч Х.Баасандэлгэрийн мэдүүлэг болох шууд нотлох баримтаар, мөн хохирогч Э.У-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11861 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

          Шүүгдэгч Х.Б- нь хохирогч Э.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Э.У-ийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хэрэгт хохирогч Э.У-ийн “... Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-59 дэх тал/ мөн түүний “ ...Б- гэх хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, түүний хийсэн үйлдлийг уучилсан” гэсэн хүсэлт /хэргийн 181 дэх тал/ тус тус авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Х.Б- үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгж буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Ингэж шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө хохирогч Э.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан зарим гэмт хэрэг, хүнд эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх болон хасах зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломж бий болсон гэж үзэв.

 

            Тодруулбал, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйл/ ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж, мөн хуулийн 6.4 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 6.2 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12,000 нэгж буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаас торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 10,950,000 төгрөгийг дүйцүүлэн хасч /730х15,000=10,950,000/ түүний эдлэх ялыг 1,050,000 төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Хайнзансамбуугийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-г 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12,000 нэгж буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаас торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 10,950,000 төгрөгийг дүйцүүлэн хасч, 1,050,000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Б- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                            

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ