Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

 

2022           01           14                                        2022/ШЦТ/46

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Энхболд

шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас И овогт Б-ы С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105017951952 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг ...  дугаар хороо ... дүгээр гудамж ....  тоотод оршин суух,

урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 734 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 48 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, И овогт Б-ы С-

 

Шүүгдэгч Б.С- нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн орчимд хохирогч З.Мишээлийн эзэмшлийн 900,000 төгрөгийн үнэ бүхий I phone Х загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С- мэдүүлэхдээ: “Би 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хорооллын Москва их дэлгүүрийн урд согтуу явж байгаад энэ утсыг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч З.Мишээлийн “Би 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 16 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн эгч Бум-Эрдэнэ, төрсөн дүү Хулан нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн орчимд явж байсан бөгөөд манай эгч надад гар утсаа өгөөд гар утасны засвар руу ороод дэлгэцийг нь янзлуулчихаарай, эгч нь ажил руугаа явахаар болчихлоо гээд салцгаасан.

... Би нөгөө засвар дээрээ очиж уулзчихаад зүгээр гэхээр нь буцаад эгчийнхээ ажил руу явж байтал гэнэт бороо ороод дүү бид хоёр гүйсэн. Тэр үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн урдуур өнгөрөх үед манай дүү миний урд гараад гүйгээд явчихлаар нь би дүүгээ дуудаад араас нь гүйгээд явж байхдаа гар утсаа алдсан. Тухайн алдагдсан гар утас манай эгч Бум-Эрдэнийн гар утас байсан. Би гар утсаа алдсан даруйдаа өөртэйгээ ойрхон байсан нэг ахыг сэжиглээд гар утсаа асуухад тэр нэг хүн аваад явчихлаа гэж хэлээд яваад өгсөн. Би тэр үед гайхаад хоцорсон.

Манай эгч Бум-Эрдэнэ нь 2021 оны 6 дугаар сард Тedy гар утас худалдааны төвөөс I phone X загварын гар утсыг 1,500,000 төгрөгөөр худалдан авсан байсан. Тухайн гар утас нь алдагдах үедээ сольсон дэлгэцтэй байсан. Өөр ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй байсан.

... Намайг төөрөгдөлд оруулж өөр хүн зааж өгсөн надтай ойр байсан ахыг харвал танина. Тэр эрэгтэй 175 см орчим өндөртэй, туранхайвтар биетэй, 30 орчим насны эрэгтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар тал/

“Би алдагдсан гар утастайгаа яг адилхан гар утас миний гар утас хулгайлсан хүнээс хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 57 дахь тал/

 

Гэрч З.Бум-Эрдэнийн “2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 16 цаг 30 минутаас 17 цагийн хооронд болсон ба дүү Мишээл маань Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн урд талд явж байхад нь цагаан малгайтай хар хөх биеийн тамирын хослолтой цүнхээ хойд тал руугаа үүрчихсэн гэх содон шинж тэмдэгтэй хүн миний I phone X загварын гар утсыг маань авсан байсан. Номин их дэлгүүрийн камерт тод харагдаж байсан. ... Утсаа олж авах хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дахь тал/

 

Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн ТХҮ-921/2031 дугаартай “... I phone X гар утсыг 900,000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт. /хэргийн 26-28 дахь тал/

 

Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “... Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн гадна талын гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны үеийн бичлэгийг DVD дискэн дээр хуулбарлан ирүүлснийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 33 дугаар тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Үзлэгийн үйл явдлыг дарааллын дагуу 2 дахь хэсгийн бичлэгт хийхэд уг бичлэгийн 00 минут 19 секундэд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирогчийн гар утсыг хулгайлж байгааг харуулав. ... “ гэсэн тэмдэглэл. /хэргийн 34-36 дахь тал/

 

Б.С-ын яллагдагчаар өгсөн “... 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хороололд танил Жоохноотой хорооллын Сөөхий гутлын дэлгүүрийн орчим явж байгаад Жоохноогоос түрүүлээд алхаад явж байгаад Номин их дэлгүүрийн урд нэг хүүхдийн цамцны халаасанд гар утас харагдахаар нь гүйж очоод уг хүүхдийн халааснаас нь гар утсыг нь авсан. Тэгээд цаашаа зам гараад Өргөө кино театрын автобусны буудлаас автобусанд суугаад яваад Хархорин худалдааны төвийн орчим гар утса авна гэсэн хүн байхаар нь би уг хүнд гар утсаа 120,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи авч уусан.

... Би хэрэг үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Буруу зүйл хийсэн асуудалдаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч Б.С- нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн орчимд насанд хүрээгүй хохирогч З.Мишээлийн эзэмшлийн 900,000 төгрөгийн үнэ бүхий I phone Х загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авчээ.

          Шүүгдэгч Н.Мөнхжаргал нь насанд хүрээгүй хохирогч З.Мишээлийн гар утсыг хулгайлан авсан уг үйл явдлыг буулгасан дүрс бичлэг зэрэг анхдагч, шууд нотлох баримтаар мөн насанд хүрээгүй хохирогч З.Мишээлийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн ТХҮ-921/2031 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.С- нь шунахайн сэдэлтээр насанд хүрээгүй хохирогч З.Мишээлийн 900,000 төгрөгийн үнэ бүхий I phone X загварын гар утсыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогч З.Мишээлийн эзэмшлийн I Phone X гар утсыг Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн ТХҮ-921/2031 дугаартай дүгнэлтээр 900,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах явцад хэрэгт насанд хүрээгүй хохирогч З.Мишээл “Би алдагдсан гар утастайгаа яг адилхан гар утас миний гар утас хулгайлсан хүнээс хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 57 дугаар тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.С- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, түүнийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С- нь урьд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж хамгийн сүүлд хорих ялын хугацаа дуусч суллагдсаны дараа 2 сар хүрэхгүй хугацаанд дахин “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь тэрээр засарч хүмүүжээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн байдалдаа дүгнэлт хийгээгүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь болон түүний хувийн байдалд тохироогүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Б-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.С-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ