| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00403/И |
| Дугаар | 130/ШШ2017/00474 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00474
| 2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 130/ШШ2017/00474 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Найман жалманбет овогт Х.М гийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1968 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүртэл малчин, төлчин, саальчин, туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Х.М шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Х.М нь 1951 онд төрсөн, Баяннуур сумын уугуул иргэн. Би 1968 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 21 хүртэл Баяннуур сумын САА, Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар ажиллаж байсан.Эдгээр байгууллагад ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд орсон болон гарсан тушаал байхгүй байна.Би 2008 оны 10 дугаар сарын 01-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгон, түүнээс хойш сар бүр өндөр насны тэтгэмж авч байсан юм. Гэтэл 2016 оны 11 сараас эхлэн өндөр насны тэтгэмжийг минь зогсоосон. Нийгмийн даатгалын хэлтсээс учрыг лавлаж асуухад 1968 оны 10 дугаар сарын 16-наас 1991 оны 5 дугаар сарын 21 хүртэл Баяннуур сумын САА болон Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар ажилласан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн.Би тус шүүхийн Мэдээлэл лавлагааны хэсгээс зөвлөлөө авч, материал бүрдүүлэн шүүхэд хүсэлт гаргахдаа Нийгмийн даатгалын хэлтсийн шаардлагыг буруу ойлгож 1986 оны 6 дугаар сарын 20-ниос 1991 оны 5 дугаар сарын 21 хүртэл Баяннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар ажилласан 5 жилийг л шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтэс 1968 оны 10 дугаар сарын 16-наас 1986 оны 6 дугаар сарын 20 хүртэл ажилласан байдлыг мөн тогтоолгох шаардлагатай гэж байна. Иймд аймгийн архивын тасгаас олдсон материалаа бүрдүүлж тус шүүхэд хүсэлт гаргаж байна. Миний 1968 оны 10 дугаар сарын 16-наас 1986 оны 6 дугаар сарын 20 хүртэл Баяннуур сумын САА-д ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч Х. Мария 1951 онд төрсөн, Баяннуур сумын уугуул иргэн. Х.Мгийн тухай ярихад өндөр настай, бие нь муу, орлогогүй иргэн бөгөөд одоогийн байдлаар хөдлөө зусланд гараад явсан тул өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байсан учир миний бие Х.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.М 1968 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуй, Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар ажиллаж байсан. Эдгээр байгууллагад ажиллаж байсан талаар түүний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд орсон гарсан тушаал байхгүй байна. Х.М 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож сар бүр өндөр насны тэтгэвэр авч байсан юм. Гэтэл 2016 оны 11 дүгээр сараас эхлэн өндөр насны тэтгэмжийг нь зогсоосон. Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс учир байдлыг лавлаж асуухад 1968 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Баяннуур сумын Сангийн аж ахуй болон Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг нь шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Би тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээс зөвлөгөө авч, материал бүрдүүлэн шүүхэд хүсэлт гаргахдаа аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тавьсан шаардлагыг буруу ойлгож 1986 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Баяннуур сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар ажилласан 5 жилийг л шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс 1968 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ажилласан байдлыг нь мөн тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Иймд аймгийн Архивын тасгаас олдсон материалаа бүрдүүлж дахиж шүүхэд хандаж байна. Тийм учраас Х.Мгийн 1968 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 20-ний өдөр хүртэл Баяннуур сумын Сангийн аж ахуйд ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.М нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1968 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүртэл малчин, төлчин, саальчин, туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.М нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1968 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл малчин, төлчин, саальчин, туслах ажилтнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Х.Мгийн 1968 оны 12 дугаар сарын 18-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн 4 -19 дүгээр хуудсанд ажилд томилсон болон чөлөөлсөн, өөрчлөн томилсон, ажиллаж байсан байдлын талаарх хийгдсэн бичилтүүд,
Хүсэлт гаргагч Х.Мгийн 299046 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхэд 1968 оны 6 дугаар сар, 1968 оны 10 дугаар сараас 1972 оны 10 дугаар сар хүртэл татвар төлж байсан тухай бичигдсэн бичилтүүд болон 178394 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхэд 1983 оны 01 дүгээр сараас 1986 оны 5 дугаар сар хүртэл татвар төлж байсан тухай хийгдсэн бичилтүүд,
Хөдөө аж ахуйн яамны харьяа Баяннуурын Сангийн аж ахуйн даргын Ээлжийн амралт олгох тухай 1969 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 235 дугаартай ... саальчин .... Мария ... нарт ажлын 12 хоногоор 12-р сарын 15-аас эхлэн олгосугай гэх бичилттэй тушаалын хуулбар,
Сумын АДХ-н гүйцэтгэх захиргааны 1970 оны 7-р сарын 10-ны өдрийн 24 дугаартай Тэргүүний төлчид фермүүдийн хагас жилийн ажлыг дүгнэн шалгаруулах тухай тогтоолын хавсралтад ...Мария гэх бичилт,
БНМАУ Хөдөө аж ахуйн яамны харьяа Баяннуурын Сангийн аж ахуйн даргын 1974 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 114 дугаартай Урамшуулах тухай тушаалын хавсралтын 7 дугаарт Мария гэх бичилт,
БНМАУ Хөдөө аж ахуйн яамны харьяа Баян-Өлгий аймгийн Баяннуурын сангийн аж ахуйн даргын 1977 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 100 дугаартай Социалист уралдааны болзолд шалгарсан хүмүүсийг урамшуулах тухай тушаалын хавсралтын 4 дугаарт ...Мария 2 хонь гэх бичилт,
БНМАУ Хөдөө аж ахуйн яамны харьяа Баян-Өлгий аймгийн Баяннуурын сангийн аж ахуйн даргын 1978 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 203 дугаартай Шагнах тухай тушаалын хавсралтын 46 дугаарт Мария гэх бичилт,
БНМАУ Хөдөө аж ахуйн яамны харьяа Баян-Өлгий аймгийн Баяннуурын сангийн аж ахуйн даргын 1980 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 62 дугаартай Төлчдийг урамшуулан шагнах тухай тушаалын хавсралтад Мария гэх бичилт,
БНМАУ Хөдөө аж ахуйн яамны харьяа Баян-Өлгий аймгийн Баяннуурын сангийн аж ахуйн даргын 1981 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаартай Ажилд түр томилох ба чөлөөлөх тухай тушаалын хавсралтад Х.М гэх бичилт,
БНМАУ Сангийн аж ахуйн яамны харьяа Баяннуурын Сангийн аж ахуйн даргын 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай Тэргүүний төлчдийг урамшуулах тухай тушаалын хавсралтын 32 дугаарт Х.М гэх бичилт,
Баяннуур сумын 4 дүгээр багийн иргэн Х.Хадишагийн Баяннуур сумын 4-р багийн иргэн Х.М нь тус сумын Баяннуур САА-н 2-р фермд 1968-1986 оны хооронд малчин, төлчин, саальчнаар хамт ажиллаж байсан иргэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн 5 дугаар багийн иргэн Ж.Арзаны Баяннуур сумын 4-р багийн иргэн Х.М нь ту сумын Баяннуур САА-н 2-р фермд 1968-1986 оны хооронд малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн С.Бын Баяннуур сумын 4-р багийн иргэн Х.М нь тус сумын Баяннуурын САА-н 2-р фермд 1968 оноос 1986 оныг дуустал малчин, төлчин, саальчин болон туслах үйлдвэрийн ажилчин, мөн цэвэрлэгч зэрэг ажлуудыг тасралтгүй 18 ажиллаж гүйцэтгэж байсан нь үнэн болно. Миний бие тэр үед САА-н боловсон хүчний зааварлагч, МХЗЭ-ийн хорооны н/б-ийн дарга, АДХБЗ-ийн дотоод ажил хариуцсан зааварлагч зэрэг ажил алба хааж байсны хувьд сайн мэдэж байгаа юм гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.М нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1968 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл малчин, төлчин, саальчин, туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагч Х.Мгийн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1986 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Найман жалманбет овогт Х.М нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд 1968 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл малчин, төлчин, саальчин, туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН