Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

 

 2022           01           20                                       2022/ШЦТ/59

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч Э.А- түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигин бээлий овогт Энх-Очирын Амгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005027801627 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч оператор мэргэжилтэй, Нийслэлийн тойргийн ... нотариатчийн туслах ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг ... дүгээр хороо ... дугаар байр 36 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ын А-.

 

Шүүгдэгч Э.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 118 тоот өрөөнд гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А-гийн Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх юм байхгүй” гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Б.Алтансүхийн “... 2019 оны 4 дүгээр сард гэж санаж байна. Манай борлуулагч Мөнх-Эрдэнэ нь Сайхан-Учрал гэдэг хүнд Prius 41 маркийн автомашин худалдахаар болсон. Уг Prius 41 маркийн автомашиныг Сайхан-Учрал нь 100 хувь зээлээр авахаар болоод би уг автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж төлбөрийг 1-2 сарын дотор 100 хувь бүрэн төлсөн тохиолдолд Сайхан-Учралын нэр дээр шилжүүлнэ гэж тохиролцоод машинаа өгч явуулсан. Ингээд 2 сарын дараа мөнгөө авах талаар асуух гээд Сайхан-Учралын утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд хэсэг хүлээж байгаад 2019 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын орчимд автотээврийн үндэсний төвийн лавлах руу залгаж машины номер дугаарыг хэлж ямар хүний нэр дээр байна гэж асуухад уг автомашин нь одоо Алтансүх биш өөр хүний нэр дээр байна гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдсэн. Ингээд Сайхан-Учралтай холбоотой хэрэг тус цагдаагийн хэлтэст шалгагдсан. Харин Сайхан-Учрал нь миний эзэмшлийн машиныг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх нотариатч дээр очиж худалдах, худалдан авах гэрээ хийлгэж миний гарын үсгийг хуурамчаар өөрөө зурсан байсан. Ингээд миний эзэмшилд байх машиныг уг хуурамч гэрээг үндэслээд өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байсан. Одоо цагдаагийн байгууллагад хандсан. Учир нь нотариатч тухайн үед илт хууль бус хэлцлийг батлаагүй бол миний машин миний өөрийн нэр дээр байх байсан. Тэр нотариатч нь Х.Б- гэдэг хүн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/

 

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн “2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Да хүрээ зах дээр өглөө 09 цагаас 17 цаг хүртэл хамт байсан. Тухайн үед наадам болох гэж байсан учраас машины борлуулалт их байдаг үе байгаа юм. Хүмүүс машин худалдан авсан тохиолдолд Алтансүх өөрөө хамт байж байгаад нэрээ шилжүүлж өгдөг юм. Яагаад гэвэл зарж байгаа машинууд Алтансүхийн нэр дээр байдаг юм. Тухайн үед Да хүрээ захаас холдоогүй. Машин дотроо сууж байсан....” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал/

 

Гэрч Э.Сайхан-Учралын “... Би Алтансүх гэх хүний Toyota Prius 41 маркийн автомашиныг хувь зээлээр 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 18,000,000 төгрөгөөр бодож урьдчилгаа өгөлгүй худалдан авсан. Сард 600,000 орчим төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн машин дугааргүй орж ирсэн гаальтай тэрэг байсан. Улсын дугаар аваад гэрчилгээг нь Алтансүх өөрийн нэр дээр авч өгсөн.

... Тэнд очиж миний насны гэмээр эмэгтэй хүнтэй уулзаад иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа гаргаад өгч чадах уу гэхэд чадна гээд 20,000 төгрөг авч тэр эмэгтэй Алтансүхийн лавлагааг авч өгсөн. Лавлагааг авсан хугацаа нь 2019 оны 7 дугаар сарын эхээр байсан. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хороололд байдаг Х.Б- гэх нотариатч дээр очиж худалдах, худалдан авах гэрээ хийгээд өгөөч гэхэд Х.Б- хэд хоногийн өмнө та хоёр орж ирээд гарсан тэ гэж хэлээд нотариатын гэрээ хийж өгсөн. Би нотариатын үндсэн мөнгийг нь өгсөн. Бүртгэлийн дэвтэр дээр би Алтансүхийн өмнөөс гарын үсгийг нь зурсан. Тэгээд тэр машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд банк бусад тавьсан. Тэр мөнгийг хэрэглэх гэж байсан хашаа авах хүндээ 2,000,000 төгрөгийг өгсөн. Хүн зээлчээч гэхээр нь 3,000,000 төгрөг өгсөн. Тухайн машиныг 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан санагдаж байна. Алтансүх рүү 2 сарын мөнгө хийсэн санагдаж байна. Үлдэгдэл мөнгийг нь үрээд дууссан. Тухайн хэрэг дээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 2903 дугаартай:

“... 3. Шинжилгээнд ирүүлсэн Баянгол дүүрэг, Х.Б-, №62 дугаартай Бүртгэлийн дэвтрийн 1415 дугаартай бүртгэлийн хэсгийн “Гарын үсэг /гарын үсгийн тайлал/” гэсэн багананд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Алтансүхийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 61-83 дахь тал/

 

Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “ ... нотариатч Х.Б-гийн №62 дугаартай 61 хуудас бүхий бүртгэлийн дэвтрийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/

 

Б.Алтансүх, Э.Сайхан-Учрал нарын хооронд байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 100 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Иргэн Б.Алтансүх Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст “нотиаратч Х.Б- хууль бус гэрээ хэлцлийг баталсан” гэх гомдол гаргасны дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 200502780 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гаргаж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулжээ.

Улмаар мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа нотариатчийн туслахаар ажиллаж байсан гэрч Э.А-д гэрчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа авсны дараа 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр“... Алтансүх, Сайхан-Учрал нар нь Prius 41 маркийн худалдах, худалдан авах гэрээ хийхдээ өөрсдөө ирсэн. Би бичиг баримт, машины гэрчилгээг нь тулган аваад худалдах, худалдан авах гэрээг бэлтгэчихээд мөн бүртгэлийн дэвтэр дээрээ тухайн хүмүүсийн мэдээллийг нь бичээд өөрсдөөр нь гарын үсэг зуруулаад нотариатч Б-д өгсөн. ...” гэж мэдүүлжээ.

          Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.А- нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Алтансүх, Э.Сайхан-Учрал нарын хооронд байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхэд өмчлөгч Б.Алтансүх өөрийн биеэр байсан мэтээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн нь гэрч Б.Алтансүх, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Сайхан-Учрал, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 2903 дугаартай дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.А- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөөр тогтоов.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нотариатчийн бүртгэлийн дэвтрийг /61 хуудастай/ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин бээлий овогт Энх-Очирын Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А-г торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А-г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Э.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нотариатчийн бүртгэлийн дэвтрийг /61 хуудастай/ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ