Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

 

 2022           01           21                                       2022/ШЦТ/62

 

 

 

                           

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Т.Отгонбаатар,

шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Г овогт Б-ын Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105013731319 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Г овогт Б-ын Д-.

 

Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал орчим насанд хүрээгүй хохирогч Б.Мишээлийн I phone XR загварын гар утсыг, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын автобусны буудал орчим автобусанд явж байсан хохирогч Х.Сандагсүрэнгийн Samsung A31 загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт үргэлжилсэн үйлдлээр 1,720,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-ын “Мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Х.Сандагсүрэнгийн “Би 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Офицеруудын ордноос Шар хад, 3, 4 дүгээр хороолол гэсэн автобусанд суугаад явж байхдаа халааснаасаа гар утсаа алдсан. Яг тэр үед баруун 4 зам дээр явж байсан. Тэгээд дараагийн буудал дээр буусан байхаа. Нэрийг нь санахгүй байна. Тухайн үед ажил ихтэй байсан болохоор ажлаа бодохоор явсан. Тэгээд удалгүй нутаг буцаж таарсан. Хэд хоногийн өмнө над руу цагдаагаас залгаад таны гар утсыг олсон ирж аваарай гэж мэдэгдсэн.

Би энэ гар утсыг 2020 оны 8 дугаар сард Говь-Алтай аймгийн төв дээр байрлах G mobile салбараас 950,000 төгрөгөөр авч байсан. Одоо утасны үнэлгээ маань 600,000 гаран төгрөг байх шиг байна. Би одоогийн зах зээлийн үнэлгээгээр нь үнэлнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дэх тал/

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Мишээлийн “2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагт би найз Эрдэнэсувдтай уулзах гээд гэрээсээ гараад 10 дугаар хорооллын урд талын автобусны буудал дээрээс автобусанд суугаад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр буугаад 51 дүгээр сургууль ороод Эрдэнэсувдтай уулзаад байж байгаад найз Эрдэнэсувд өөр хүнтэй уулзах болоод би салаад найз Энхбаяртай уулзахад миний гар утас гадна куртикны халаасанд байхаар нь би гартаа барьж явж байсан. Тэгээд би найз Энхбаяртай хамт буцаад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр байрлах Түц өнгөрөөд явж байхдаа халаасанд байсан гар утсаа тэмтэрч үзэхэд мэдэгдэхгүй болохоор нь шалгасан чинь байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.

... I phone XS загварын шаргал өнгөтэй, өнгөгүй резинэн гэртэй, шилэн наалт байхгүй. Өөр ямар нэгэн сэв зураас байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 94-95 дахь тал/

 

Гэрч Б.Батбаясгалангийн “Би 2021 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 11 цагийн үед над руу залгаад Дөк байнаа, мөнгөний хэрэг гараад өөрийн барьж байгаа 2-3 утас байна, чамд зарах гэсэн юмаа гээд бид хоёр 13 цагийн орчимд Зурагтаас Дэнжийн 1000 руу давдаг зам дагуу уулзаад надад 4 утсыг нь 400,000 төгрөгөөр худалдаж авсан. Эд нар ямар учиртай утаснууд бэ, хулгайн утас юм уу гэж асуухад үгүй ээ манай гэрийнхэн барьж байсан гэж хэлээд мөнгөний хэрэг гараад зарж байгаа юмаа гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дахь тал/

 

Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 26-27, 96-97 дахь тал/,

 

Б.Д-ын яллагдагчаар өгсөн “... Өнгөрсөн жилийн 10 дугаар сарын дундуур төвөөс автобусанд суугаад 10 дугаар хороолол дээр Түц ороод тамхи аваад явж байхад Түц-ний ардуур хоёр охин алхаад явж байхаар нь араас нь хараад баруун талын охиных нь баруун талын халаасанд нь утас нь ил харагдаж байсан. Тэгэхээр нь араас нь яваад I phone XR загварын гар утсыг нь авчихсан юм.

“... 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад Ханын материалын автобусанд суугаад Багшийн дээдийн хойд талын автобусны буудлаас Зүүн салаа чиглэлтэй автобусанд суугаад баруун 4 замын тэнд буухдаа 40-45 орчим насны эрэгтэй хүний баруун талын халааснаас Samsung galaxy А31 загварын гар утсыг хулгайлаад авчихсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 124-124 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.Д- нь үргэлжилсэн үйлдлээр иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хохирогч Х.Сандагсүрэн, насанд хүрээгүй хохирогч Б.Мишээлийн нарын өөрсдийн эд хөрөнгийг хамгаалах сонор сэрэмж хайхрамжгүй байдлыг ашиглан тэдгээрийн гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авчээ.

          Шүүгдэгч Б.Д- нь бусдын эзэмшлийн гар утсыг хулгайлан авсан уг үйл явдлыг буулгасан дүрс бичлэг зэрэг анхдагч, шууд нотлох баримт хэрэгт байхгүй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Д- шунахайн сэдэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Мишээл болон хохирогч Х.Сандагсүрэнгийн гар утаснуудыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогч Б.Мишээлд 1,260,000 төгрөгийн, хохирогч Х.Сандагсүрэнд 1,720,700 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах явцад хэрэгт хохирогч Х.Сандагсүрэнд Samsung A31 загварын гар утсыг, насанд хүрээгүй хохирогч Б.Мишээлд I phone X гар утсыг тус тус биет байдлаар нь буцаан олгосон нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 25, 116 дахь тал/, авагдсан байх тул шүүгдэгч Б.Д- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, урьд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бөгөөд дахин гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нь тэдний засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдлыг илтгэх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар оногдуулав.

 

Ингэж шийдвэрлэхдээ түүний Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 384 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 48 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 9 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Б-ын Д-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаарс арын 29-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 384 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 48 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан 9 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Б.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                            

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ