| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00420/И |
| Дугаар | 130/ШШ2017/00476 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00476
| 2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 130/ШШ2017/00476 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, Урианхай овогт Х.Цын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Ц, гэрч А.Ш, Н.Ш, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн НААҮГазрын харьяа барилгын цахилгаан сантехникийн засварын ангид 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл мужаанчин, бригадын даргаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.Ц шүүхэд гаргасан хүсэлтэд: X.Цунбазар би улсад 40 гаруй жил ажилласан бөгөөд 1983 оноос 1991 он хооронд ажилласан байдал маань тогтоогдоогүй байгаа юм. Би аймгийн НААҮГ-н (нийтийн аж ахуй үйлчилгээний газарт) харьяа барилгын цахилгаан сантехникийн засварын ангид 1983 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус аймгийн даргын 23 дугаар тушаалаар мужаанчин, бригадын дарга зэрэг ажилд томилогдон ажиллаж байгаад даргын 1991 оны 01 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай тушаалаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн боловч энэ албан тушаалын ажлыг 1991 оны 8 дугаар сарын 03 хүртэл ажилласан юм. 1990 оны 1 дүгээр сараас хойших ажилласан байдал байдал маань "ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, хууль журамд хамарсан 0218000151 дугаартай баталгаажилтын хуудсыг би нийгмийн даатгалын дэвтэрт хийлгүүлсэн болохоор үндсэндээ 1983 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх 9 жил 7 сар 10 хоног улсад ажилласан хугацааг тогтоолгох шаардлагатай байна. Аймгийн нийгмийн даатгалын мэргэжилтэн нь 9 жил 7 сараа тогтоолгож ир гэснээр шүүхэд хандаж байна. Хамт ажиллаж байсан хүмүүс үйлдвэрчний эвлэлийн батлах баярын бичиг зэрэг материалыг хүргүүлэв. Иймд эдгээр нотлох баримтууд болох бусад нотлох баримтуудыг үндэслэн миний улсад 1983 оны 04 сарын 29-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх улсад 9 жил 7 сар 10 хоног ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Х.Ц шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1983 онд Баян-Өлгий аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газрын харьяа барилгын цахилгаан сантехникийн засварын ангид 2 жил ноормчноор ажилласан. Дараа нь 7 жил бригадын дарга хийсэн. Баян-Өлгий аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газар нь 1991 оноос эхэлж татан буугдсан. Тэр жилүүд улсын архиваас гараагүй тул хүсэлт гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Ц нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Барилгын цахилгаан сантехникийн засварын ангид 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл мужаанчин, бригадын даргаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 214 дугаартай архивын лавлагаанд Барилга цахилгаан сантехникийн засварын ангийн архивын баримтыг шилжүүлээгүй тул Х.Цт холбогдох лавлагаа өгөх боломжгүй гэх боловч хүсэлт гаргагч Х.Ц нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Барилгын цахилгаан сантехникийн засварын ангид 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл мужаанчин, бригадын даргаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Х.Цын 1974 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 10-11 дүгээр хуудсанд 09. 1983.05.10 Барилга Цахилгаан сантехникийн засварын ангид засварчнаар шилжүүлэн авч ажиллуулав. БЦСЗАнгийн даргын 1983 оны 4-р сарын 29-ний өдрийн №23 тоот тушаалаар, 12-13 дугаар хуудсанд 10. 1991.08.03 өөрийн хүсэлтээр өөр газар шилжүүлэв. 1991 оны 01.24-ний өдрийн БЦСГазрын ангийн даргын №01 тоот тушаалаар гэх бичилтүүд,
Х.Цын 283920 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл Гишүүний Бат Илэрхийлэхийн үнэмлэхэд 1983 оноос 1989 он хүртэл тасралтгүй татвар төлж байсан тухай бичилтүүд,
Х.Цт 1989 онд Нийтийн аж ахуй, үйлчилгээний яам, БНМАУ-ын тээвэр холбоо, худалдаа нийтийн аж ахуй, үйлчилгээний ажилчдын ҮЭ-ийн төв хорооноос олгосон Дипломын хуулбар,
Баян-Өлгий аймгийн АД-ын гүйцэтгэх захиргаанаас Х.Цт олгосон Та эдийн засаг нийгмийг хөгжүүлэх сүүлийн гурван жилийн төлөвлөгөөт зорилт, уралдаанд авсан үүргээ нэр төртэй биелүүлэн, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргасан тул 1988 оны нийгмийн хөдөлмөрийн Хошой аварга цол олгож, аваргын энгэрийн тэмдэг, диплом дурсгаж 1000 төгрөгөөр шагнав гэх дипломын хуулбар,
АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Х.Цт олгосон Засварласан барилгын чанарыг 100 хаувь онц дүнтэй ашиглалтад өгч жилийн уралдаанд үүргээ 156 хувь биелүүлж, хуучин материал сэлбэг ашиглан 6,2 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж, Хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тул танд аймгийн 1985 оны Хөдөлмөрийн аварга цол олгож, диплом дурсгав гэх дипломын хуулбар,
Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Х.Хайвын Миний бие Хумархан овогтой Хайв 1986 оны 7-р сарын 01-ний ПДС-ийн барилгын үйлдвэрийн ангийн инженерээр төгссөн юм. 1986 оны 7-р сарын 09-ний Баян-Өлгий аймгийн НААУГазрын харьяа БЦСЗАнгид 1986 оны ерөнхий инженерээр томилогдсон байгаа. 1991 оны 01-р сарын 01-ний хүртэл тус барилга цахилгаан сантехникийн ангид ажиллаж байсан юм. Тухайн үед Халзан овогтой Цунбазар тус ангид бригадын дарга, мужаанчин мэргэжлийн дагуу ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Өлгий сумын 2 дугаар багийн иргэн А.Шгийн Миний бие А.Ш 1981 оноос эхлэн Халзан овогтой Цунбазартай хамт НААУ-ний газарт хамт ажиллаж байгаад 1983 оны 5 сараас эхлэн НААУ-ний Газрын харьяа БЦСЗАнгид шилжин ирж хамт нэг бригадад ажилласан. Халзан овогтой Цунбазар нь бригадын дарга байлаа. Түүнээс 1992 он хүртэл хамт ажилласан болно гэдгийг үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг,
Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Н.Шы Миний бие Н.Ш нь 1980 оноос элхэн Халзан овогтой Цунбазартай хамт ХААҮ-ний газарт хамт ажиллаж байгаад 1983 оны 5-р сараас эхлэн НААҮ-ний газрын харьяа БЦСЗ ангид шилжин ирж хамт мужаан мөн Цунбазар 1991 он хүртэл бригадын даргаар ажиллаж байсан үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.Ш, Н.Ш нарын мэдүүлгийг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Х.Ц нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа барилгын цахилгаан сантехникийн засварын ангид 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл мужаанчин, бригадын даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Ц нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа барилгын цахилгаан сантехникийн засварын ангид 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл мужаанчин, бригадын даргаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн ба хүсэлт гаргагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол улсын Батлан хамгаалах төв архивын 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16596 дугаартай архивын лавлагаа, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 378 дугаартай архивын лавлагаа, 2016 оны 09 сарын 22-ний өдрийн Хүндэт тэмдэг-ээр шагнагдсан үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Урианхай овогт Х.Ц нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа барилгын цахилгаан сантехникийн засварын ангид 1983 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл мужаанчин, бригадын даргаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН