Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

 

 

 

 

 

 

 

  2022           02           09                                      2022/ШЦТ/75

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч З.О-,  өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт З-ын О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001896 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн ........ компанид ачигч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэг ...  дүгээр хороо Зээлийн ... дугаар гудамж ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт З-ын О-

 

Шүүгдэгч З.О- нь 2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нимонс ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу Мастер авто засварын газрын агуулахын өрөөний цонхоор нэвтрэн орж Toshiba satlet L750 загварын нөүтбүүк, автомашины албадан асаагч, 3 ширхэг үнэртэй ус зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1,314,000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 2-9 дэх тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-13 дахь тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хүрэлбаатарын “... 2021 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 09 цагт ажил эхэлж би өөрийнхөө өрөөнд ороход манай өрөөний хаалга эвдэрсэн байдалтай, доторх эд зүйлс нь онгичсон байдалтай, нягтлан бодогчийн маань өрөө бас цоож нь эвдэрсэн байдалтай, эд зүйлс нь газарт унасан байдалтай байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байгаа.

Ингээд юу алдагдсан байгааг бүртгэж үзэхэд манай менежер А.Баярсайханы Toshiba satlet L750 загварын нөүтбүүк, автомашины албадан асаагч, нягтлан бодогчийн өрөөнөөс 3 ширхэг үнэртэй ус гэх мэт зүйлс алдагдсан байсан. Тухайн этгээд нь манай засварын газрын агуулахын өрөөгөөр орж ирээд дотор бүх өрөөгөөр явсан байна лээ. Царай зүс нь бол харагдахгүй, саравчтай малгай, масктай хүн явж байсан. Явдал байдлыг нь харахад 20 дөнгөж гарч байгаа гэмээр залуу хүн байсан.

Манай байгууллага дохиолол байхгүй байсан бөгөөд сая 11 дүгээр сарын 13-ны өдөр дохиолол тавиулсан байгаа. Өдөр бүр 2 харуул үүдний харуулын байранд байдаг бөгөөд 1-2 цаг тутамд тойрч эргэж байх ёстой бөгөөд нэг нь харуулын байрандаа үлддэг юм. Дээрээс нь тухайн өдөр шинэ харуултай байсан бөгөөд харуул хариуцлагагүй хандаж бүрэн гүйцэд шалгаагүй юм шиг байна лээ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дахь тал/

“ ... Манай байгууллагын хохирол бүрэн барагдсан. Одоогоор манай байгууллагаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 69 дэх тал/

 

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр хулгайлагдсан хөрөнгийг 1,314,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан. /хэргийн 38-39 дэх тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Бичлэгт бичлэгийн цагаар 00:20:19 секундэд кассын араар саравчтай малгай, юүдэнтэй малгай, цайвар өнгийн куртиктэй, бараан өнгийн өмдтэй, хар эрээн өнгийн кеттэй дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн орж ирж гар чийдэн тусган эд зүйл хайж байгаа бичлэг байв. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 78-79 дэх тал/

 

З.О-ын “... Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой гэртээ байсан чинь ямар ч мөнгөгүй болчхоод ажил төрөлгүй байсан болохоор зэс, хайлш метал түүхээр орой 22 цагийн үед гэрээсээ гараад Хархорин захын зүг рүү алхаж явж байсан чинь Москва 47 гэсэн цэнхэр өнгийн байрны хажуугаар явж байтал блокон хашаа байсан. Түүн дээгүүр өндийгөөд хартал задлаад тавьчихсан машины метал хайлш байсан. Тэгэхээр нь хашааг нь давж ортол зөндөө байхаар нь цаана нь зөндөө байж магадгүй гээд засварын зүг рүү лавшруулж алхсан ба цаана нь овоолчихсон төмөрнүүд байсан. Буцаад явах гэж байсан чинь хашаан дотор байсан улбар шар өнгөтэй барилганы цонхны хаалт унасан байхаар нь цонх руу нь авираад харсан чинь баахан эд зүйл байхаар нь би цонхыг нь гараараа түлхсэн. Тэгсэн цонх нь сул байхаар нь ахиад гараараа түлхсэн чинь цонх нь онгойчихсон. Тэгээд цонхоор нь ороод хураалттай байсан эд зүйлд нь хүрэхгүй, цаад хаалгаар нь гараад цаашаа коридор явж байсан чинь лангууны хажууд улаан өнгийн машин асаагч байхаар нь аваад орсон цонхны доор ойртуулж тавиад эргэж явсан. Байшингийн 2 давхарт гараад хоёр хаалга байхаар нь тус хаалгуудыг хүчтэй хэд хэдэн удаа татсан. Тэгсэн хоёулаа онгойчихсон ба нэг өрөө рүү нь орсон чинь нөүтбүүк байсан. Тэгэхээр нь нөүтбүүкийг аваад хажуу өрөө рүү нь орсон чинь ширээний нүдэнд 3 ширхэг үнэртэй ус байхаар нь бүгдийг нь аваад агуулахын өрөө рүү ороход хар өнгийн цүнх байхаар нь түүн дотор машин асаагч болон бусад хулгайлсан эд зүйлсээ хийгээд гэр рүүгээ харьсан.

...Би хулгайлсан эд зүйлсээ бүгдийг нь хүлээлгэн өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 65-66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч З.О- нь 2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нимонс ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу Мастер авто засварын газрын агуулахын өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1,314,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

          Шүүгдэгч З.О- нь Нимонс ХХК-ны Мастер авто засварын газрын агуулахын өрөөний цонхоор нэвтрэн орж 1,314,000 төгрөгийн эд зүйл хулгайлан авсан уг үйл явдлыг буулгасан дүрс бичлэг зэрэг анхдагч, шууд нотлох баримтаар мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хүрэлбаатар мэдүүлэг, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч З.О- бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр, өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж бий болгосон нь шууд санаатай, хувийн ашиг олох шунахайн сэдэлтээр Нимонс ХХК-ны Мастер авто засварын газрын агуулахын өрөөний цонхоор нэвтрэн орж 1,314,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Нимонс ХХК-д 1,314,000 төгрөгийн хохирол учирсан нь Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах явцад хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хүрэлбаатарт Toshiba satlet L750 загварын нөүтбүүк, автомашины албадан асаагч, 3 ширхэг үнэртэй ус зэрэг эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хэргийн 14 дэх тал/ тогтоогдож байх тул шүүгдэгч З.О- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар хүлээлгэн өгсөн бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.О- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт З-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар З.О-ыг 1 жилийн хугацаагаар ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.О-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар З.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, З.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ