| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00445/И |
| Дугаар | 130/ШШ2017/00477 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00477
| 2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 130/ШШ2017/00477 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Б.Бауыржан/-ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Зээлдэгч А.Дийг эрэн сурвалжлуулах тухай.
Хүсэлт гаргагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Бауыржан шүүхэд гаргасан хүсэлтэд: Зээлдэгч А.Д нь 2014 оны 11-р сарын 25-ны өдөр ХААН банкны Баян-Өлгий салбараас 9890000 /есөн сая найман зуун ерэн мянган/ төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч А.Д нь манай банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөхгүй зээлийн гэрээний үүргээ зөрчиж 351 хоног хугацаа хэтрүүлж байна.Банкны ажилтнууд зээлийг төлүүлэх талаар зээлдэгчтэй холбоо барих гэтэл зээлдэгч оршин суугаа газар хаягт байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Банкнаас А.Дын оршин суугаа газрыг тодорхойлохын тулд боломжит бүхий л арга хэмжээг авсан боловч хаягийг тодруулж чадаагүй байгаа тул уг зээлдэгчийг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь зээлдэгч А.Дийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгөхийг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнээд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
А.Д нь ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 9890000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй авсан болох нь тус банктай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан Тайж овогт А.Дид олгосон цахим үнэмлэхэд РД: ********, төрсөн он, сар, өдөр 1990/03/05, эрэгтэй, оршин суух хаяг Дархан-Уул, Хонгор, 3-р баг Салхит найрамдал 6 байр, 6 тоот хэмээн бичигдсэн байна.
А.Д нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт түр оршин сууж байсан ба одоо уг хаягт байхгүй болох нь тус багийн Засаг дарга К.Р2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт түр оршин сууж байсан РД: ********, Тайж овогт А.Д нь оршин суугаа хаягтаа байхгүй бөгөөд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Тайж овогт А.Д /РД: ********/-ийг эрэн сурвалжилсугай.
2. А.Д нь Дархан-Уул, Хонгор, 3-р баг Салхит найрамдал 6 байр, 6 тоотод /Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт түр оршин сууж байсан/ оршин сууж байсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.Дийг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоохыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН