Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

 

 2022           02           09                                       2022/ШЦТ/76

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ч овогт Д-ын Б-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705008521510 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн ...  дугаар хороо Алтай ... дугаар гудамж ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Д-ын Б-.

 

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 22 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ дээд сургуулийн орчимд хувиараа такси үйлчилгээний тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа “таксины мөнгө төлөхгүй, автомашинаас буухгүй” гэсэн шалтгаанаар жолооч Х.Хаянхярваагийн толгойн тус газаар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 22 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ дээд сургуулийн орчимд хувиараа такси үйлчилгээний тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа “таксины мөнгө төлөхгүй, автомашинаас буухгүй” гэсэн шалтгаанаар жолооч Х.Хаянхярваагийн толгойн тус газаар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Х.Хаянхярваагийн “Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр таксинд явж байгаад Дөлгөөн нуурын орчмоос нэг үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гараа өргөхөөр нь суулгаад эмэгтэй нь Бичил хороолол руу эргэх уулзвар дээр буусан. Тэгээд тэр залуу нь арын суудал дээр архи уугаад яваад байсан. Тэгээд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын Хүрээ дээд сургуулийн орчимд зогсоод тухайн эрэгтэйг таксины мөнгөө төлж буухыг хэлэхэд “Би буудаг хүн биш, би мөнгө өгч чадахгүй шүү” гэхээр нь би хаалга онгойлгоод “уучлаарай, та мөнгөө өгөхгүй, ингээд буучих” гээд буулгачхаад эргэж хараад машиндаа суугаад хаалгаа хаах гэтэл толгой руу шил хагалсан. Би гайхаад хөлөөрөө жийх аядсан чинь шууд миний баруун хөлний гуя руу шилээрээ хатгасан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа нь миний машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгөөд үзүүлэхэд толгойдоо 1 газар , баруун гуянд 2 хэсэг газар оёдол тавиулсан.

... Би маш их гомдолтой байна. Зүгээр таксинд яваад танихгүй хүнийг мөнгийг нь авахгүйгээр буулгасныхаа төлөө биедээ гэмтэл авсандаа маш их гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дахь тал/

 

Гэрч Б.Тэмүүжингийн “... дуудлага мэдээллийг эргүүлийн цагдаа дэд ахлагч цолтой Х.Отгоогийн хамт очиж шалгахад Б- /РД:РВ75083013/ гэх иргэн Хаянхярваа гэх иргэний толгойг архины шилээр цохиж хагалсан байдалтай хагарсан хэсгээрээ гуя руу нь хатгасан байдалтай байсан ба тухайн үед дуудлага өгсөн Б.Номынбаясгалан гэх залуутай уулзахад би харсан зугтаж байхад нь барьж авсан юм гэж надад хэлсэн. Тэгээд Хаянхярвааг гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлээд Б-ийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/

 

Гэрч Б.Номынбаясгалангийн “... Хишгээгийн байрны булан дээр тамхи татаад зогсож байсан чинь цаанаас нэг ах гүйгээд өөдөөс ирсэн ба цаанаас нь нэг ах наад хүнээ бариад ав надад туслаарай гээд орилоод байсан. Бид гурав яахаа мэдэхгүй зогсож байсан чинь хөөж байсан ах өөрөө тэр хүнийг бариад авсан. Тэгээд бид гурав яваад очсон чинь наад хүн чинь зурагт дээр нэг эмэгтэй буулгачхаад таксины мөнгөө өгөхгүй зугтах гээд байхаар нь араас нь татсан чинь эргэж хараад архины шилээр миний толгой цохиод хагарсан хэсгээр нь миний хөл рүү дүрчихлээ цагдаа дуудаад өг гэхээр нь би өөрийнхөө 89189158 дугаараас цагдаа дуудаж өгсөн. Тэгээд тэр ахын толгой руу гэрэл тусгаад харсан чинь хагараад нүүр рүү нь цус урссан байсан ба хөл хэсэг нь бас цустай өмд нь нэвтэрсэн байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дэх тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 21-22, 24-25 дахь тал/

 

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас. /хэргийн 23 дахь тал/

 

Үзлэг хийсэн тухай “... Хар өнгийн куртик байх ба уг куртикт ямар нэгэн урагдал цоорол үгүй байх ба шаргал өнгийн өмдөнд үзлэг хийхэд цус мэт улаан өнгийн зүйлээр баруун болон зүүн хөлийн хэсэг тэр чигтээ бохирлогдсон, уг өмдний баруун доод хэсэгт 2х1см хэмжээтэй 2 ширхэг урагдаж цоорсон хэсэг байна. Мөн дотуур өмдөнд үзлэг хийхэд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлоглогдсон байдалтай байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 27-29 дэх тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №07 дугаартай:

“1. Х.Хаянхярваагийн биед баруун гуяны дотор өргөн булчингийн доод хэсгийн урагдал, шаант ясны урд төвгөрийн цөмөрсөн хугарал, тойгны дотор даруулган холбоосны хэсэгчилсэн урагдал, зулай, баруун өвдөг, шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 51-52 дахь тал/

 

Д.Б-ийн “ ... бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд миний гадуур хувцасны баруун талын халаасанд ууж байсан Хараа архины шил байхаар нь аваад тэр залуугийн толгой руу нь нэг удаа цохиход архины шил хагарсан. Тэгээд маргалдаад байж байхад гудамжинд явж байсан гурван залуу намайг явуулахгүй байж байгаад цагдаа нар хүлээлгэн өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-67 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч П.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч Х.Хаянхярваагаас “...миний бие Д.Б-эд гомдол саналгүй болсон тул дахин нэхэмжлэхгүй, шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй болно. ...” гэсэн хүсэлтийг /хэргийн 109 дэх тал / ирүүлсэн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүх хуралдаанд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай ялын санал гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Д-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Б-ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн куртик, өмд, дотуур өмпд тус бүр 1 ширхэг, гутал, оймс тус бүр 1 хос, I phone 6 загварын гар утас /асахгүй эвдрэлтэй/ 1 ширхэг зэргийг устгасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.Б- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                                                            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ