Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

 

 

 

 

 

 

 

2022           02           10                                        2022/ШЦТ/78

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Д-ын Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000000106 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймаг Баян суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХААИС-ын 4 дүгээр курсын оюутан, ... аймаг ... сум ... баг ... гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 1, Хан-Уул дүүрэг ... дүгээр хороо ... дугаар байр ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ын Т-

 

Шүүгдэгч Д.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Марал пабын гадна хохирогч Г.Төрболдтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.Т- нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Марал пабын гадна хохирогч Г.Төрболдтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

                                                           

Хохирогч Г.Төрболдын “Би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Марал нэртэй паб руу найзуудын хамт орсон. Тэгээд бүгдээрээ пиво ууя ээд нэг хүн 6-7 шил 500 мл хэмжээтэй пиво уусан. Мөн хоол идэж суусан. Тэр хугацаандаа 20-30 минут болоод тамхи татсан юм. Тэгээд 23 цагийн үед дахин гарч тамхи татаад зогсож байсан чинь Марал пабын гадна шатны хэсэгт байсан үл таних эрэгтэй тамхиа татаж дуусаад над руу тамхины ишээ шидсэн. Миний цамцны гол хэсэгт оносон юм. Тэгээд би яагаад татсан тамхины ишээ шидэж байгаа юм гээд маргаан үүсгэсэн. Тэгсэн тэр залуу шууд миний баруун нүд хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Миний хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Тэгсэн маргааш нь баруун нүд хавдсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.

... Миний баруун нүд хэсэг хавдсан. Хөхөрсөн байна. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй юм. Үл таних эрэгтэй миний баруун нүд хэсэг рүү цохиж байхыг надтай хамт явж байсан найз болох Энхтуяа харсан. Тэгээд тэр хавийн хүмүүс нийлж салгасан.

... Би гомдолгүй байна. Зохих хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Миний хохирлыг Д.Т- бүрэн барагдуулсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дахь тал/

 

Гэрч А.Энхзаяагийн “ ... Г.Төрболд надаас жоохон зайтай зогсож тамхи татаж байсан. Тэгсэн гэнэт хүүе гээд зодоон болоод эхэлсэн. Тэгсэн дотор сууж байсан пабаас хэдэн танихгүй хүмүүс гарч ирээд салгаж байгаа харагдсан. Тэгсэн Г.Төрболдын гадуурх куртик нь цус болсон байсан. Би дотроос цаас авч цусыг нь арчиж өгсөн. Тэгээд тухайн пабад суугаагүй үлдээсэн юмаа аваад шууд гарч явсан.

...Би Г.Төрболдыг цохисон хүнийг хараагүй. Г.Төрболд надад юу ч яриагүй маш ууртай бухимдсан байдалтай байсан болохоор шууд гэр рүүгээ орцгоосон юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1087 дугаартай:

“1. Г.Төрболдын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.6 Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 26-27 дахь тал/

 

Д.Т-ын яллагдагчаар өгсөн “... Би тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээдгүй согтолтын байдалтай байсан. Тэгээд би татаж байсан тамхиа дуусаад тухайн танихгүй эрэгтэй хүнийг оносон. Тэгсэн өөдөөс мөн олон юм ярьж надтай маргалдаад байсан учир уурандаа тухайн эрэгтэй хүний баруун нүд хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон юм.

... Би Г.Төрболд гэх хүний хохирлыг бүрэн барагдуулсан. Эвлэрч бие биенээ ойлгосон байгаа. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэж бодож байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа учраас хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хавтаст хэрэгт хохирогч Г.Төрболдын “...миний биед учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул Т-т ямар нэгэн гомдол санал байхгүй болно. Иймд уг хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү ... ” гэсэн баримт /хэргийн 57 дахь тал / авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Т- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ