Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 969

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Х.А, О.Б, Ж.Д нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                            

            прокурор М.Очбадрах,

            шүүгдэгч Х.А,

шүүгдэгч О.Б,

шүүгдэгч Ж.Д,

шүүгдэгч Х.А, О.Б нарын өмгөөлөгч Б.Мандхай,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.А, О.Б, Ж.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох 1811005520361 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Х.А, Төв аймгийн Бүрэн суманд 1997 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, жааз, гар утасны дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлдэг ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 15 дугаар гудамжны 481 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: НК................./,

 

 2. Боржигон овгийн О.Б, Төв аймгийн Баянцогт суманд 1995 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “Стандарт мах” ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамжны 465б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: НИ.............../,

 

3. Морьтон овгийн Ж.Д, Төв аймгийн Баянчандмань суманд 1997 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар гудамжны 369 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: НХ....................../,

 

Х.А, О.Б, Ж.Д нар бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 9-ний шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Майхан толгой” гэх газар байрлах иргэн Д.Мягмарцэрэнгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг эвдэн орж цахилгаан халаагуур, цахилгаан хөрөө, усны насос, богино долгионы зуух, уран хөрөө, уртасгагч залгуур, телевизор зэрэг эд хөрөнгө хулгайлж 603.380 төгрөгийн хохирол учруулсан,

Чингэлтэй дүүгийн 19 дүгээр хороо, Гүнтийн задгайд байрлах иргэн Б.Наранбаатарын эзэмшлийн байшингийн вакум цонхыг эвдэн орж 4 ширхэг цахилгаан халаагуур хулгайлж 682.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Х.А, О.Б, Ж.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.А, О.Б, Ж.Д нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар xориx ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.А, О.Б, Ж.Д нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... өөрийн хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр М.Золбоо 8 сартай жирэмсэн, бид мөн 1 нас 3 сартай охинтой. Манай гэр бүл нийгмийн нэн ядуу бүлэгт хамаардаг. Энд хоригдож байх хугацаандаа ард үлдсэн бие давхар эхнэр болон нялх хүүхэд хоёртоо маш их санаа зовж байна. Би гадуур байх хугацаандаа ажил хийж ам бүлээ тэжээдэг байсан. Манай гэр бүлийг харж хандах, тэжээн тэтгэх хүн байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бие давхар эхнэр болон 1 нас 3 сартай хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг маань харгалзан үзэж 1 жилийн хорих ялыг хойшлуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна. Намайг 1 жилийн хорих ял авч хоригдсоноос хойш эхнэр Оюунсайхан 2 нас 6 сартай охин Б.Дэлгэрмааг бие муу ээж дээр минь орхиж, 7 сартай хүү Б.Азбаярыг минь аваад салаад явсан. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулан, шүүх, прокурорын үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл учруулаагүй болно. Иймд энэ нөхцөл байдал, ар гэрийн зайлшгүй байдал зэргийг харгалзан үзэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хойшлуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ж.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар гудамжны 369 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2014 онд эхнэртэйгээ танилцаж, 2016 онд Д.Эрхэс, 2018 онд Д.Итгэл гэх хоёр хүүтэй болсон. Том хүү маань одоо 2 настай, бага хүү маань 4 сартай, эхнэр Амаржаргал эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд бөөр, толгой нь байнга өвдөж эмнэлгээр байнга явж, 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Өвлийн улирал удахгүй болж ар гэрт маань түлээ нүүрс, хоол, унд авч өгөх хүн надаас өөр байхгүй. Ж.Д миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа тул оногдуулсан 1 жилийн хорих ялыг хойшлуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.А, О.Б нарын өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хуулийн хүрээнд хэргийн талаар давж заалдах гомдол гаргаад нэмэргүй гэдгийг шүүгдэгч нар ойлгосон боловч ар гэр болон хувийн байдлын талаар мэдээсэй гэсэндээ давж заалдах гомдол гаргасан...” гэв.

 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Х.А, О.Б, Ж.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаар зохицуулалт байдаг бөгөөд  хөнгөн гэмт хэрэг, жирэмсэн эмэгтэй болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт энэ зүйлийг хэрэглэхээр хуульчилсан. Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг Эрүүгийн хуульд заасны дагуу хүнд гэмт хэрэгт хамаарч байгаа. Ийм учраас шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэл байхгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.А, О.Б, Ж.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Х.А, О.Б, Ж.Д нар бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 9-ний шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Майхан толгой” гэх газар байрлах иргэн Д.Мягмарцэрэнгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг эвдэн орж цахилгаан халаагуур, цахилгаан хөрөө, усны насос, богино долгионы зуух, уран хөрөө, уртасгагч залгуур, телевизор зэрэг эд хөрөнгө хулгайлж 603.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Чингэлтэй дүүгийн 19 дүгээр хороо, Гүнтийн задгайд байрлах иргэн Б.Наранбаатарын эзэмшлийн байшингийн вакум цонхыг эвдэн орж 4 ширхэг цахилгаан халаагуур хулгайлж 682.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Мягмарцэрэн /хх 22-23/, Б.Наранбаатар /хх 93/, гэрч Н.Оюунаа /хх 36/, А.Амаржаргал /хх 37/, М.Золбоо /хх 38/, яллагдагч О.Б /хх 55/, Ж.Д /хх 112/, Х.А /хх 63/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-15/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх 73/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 44-45, 97/, хулгайд алдагдсан эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 24, 94/ зэргээр нотлогдон, тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.А, О.Б, Ж.Д нар хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь хуульд нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зохицуулалт нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хамааралтай байхаар хуульчлагдсанаас үзэхэд шүүгдэгч Х.А, О.Б, Ж.Д нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн ангилал нь энэ зүйлд заасан шаардлагад нийцэхгүй байх тул давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.А, О.Б, Ж.Д нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.А, О.Б, Ж.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                                              М.ПҮРЭВСҮРЭН