Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

 

 

 

 

 

 

 

   2022           02           17                                    2022/ШЦТ/109

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч А.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд А нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Боржигон овогт Авирмэдийн Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203000310075 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймаг Цэцэрлэг суманд төрсөн, эмэгтэй, ... настай, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг ........ ажилтан ажилтай, ам бүл 3, нөхөр охины хамт ... аймаг .... сум ... дүгээр баг Бүргэдэй, ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Авирмэдийн Э-.

 

Шүүгдэгч А.Э- нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудал дээр Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 4 дүгээр вагоны 28 дугаар местэнд гээгдүүлсэн иргэн М.Солонгын эзэмшлийн Samsung A 52 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч А.Э- нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудал дээр Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 4 дүгээр вагоны 28 дугаар местэнд гээгдүүлсэн иргэн М.Солонгын эзэмшлийн Samsung A 52 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч М.Солонгын “... 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 цаг 43 минутад Сэлэнгэ аймгийн Ерөө өртөөнөөс Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэргэнд суусан. Галт тэрэгний 4 дүгээр вагоны 28 дугаар местэнд зорчин ирсэн. Улаанбаатар төмөр замын төв вокзал дээр маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 цаг 30 минутад ирсэн бөгөөд тухайн зорчин ирсэн гал тэргэнд өөрийн эзэмшлийн Samsung A52 загварын гар утсаа мартан буусан. Тэгээд Төмөр зам дахь Цагдаагийн газарт өргөдлөөр хандсан.

... Миний гар утас ямар нэгэн эвдэрсэн зүйл алга байна. Харин миний гар утсан дотор байсан галерей доторх зүйлсийг устгасан байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дахь тал/

 

Ашид билгүүн ХХК-ны “Samsung A52 загварын гар утсыг 780,000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-921/2707 дугаартай дүгнэлт. /хэргийн 57-60 дахь тал/

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл. /хэргийн 97 дахь тал/

 

Мобикомын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/221 дугаартай албан бичиг. /хэргийн 105 дахь тал/

 

Улаанбаатар Төмөр замын статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15/25 дугаартай “... Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн суудлын 264-р галт тэрэгний 4-р вагонд зорчсон зорчигчдын лавлагааг хавсралтаар хүргүүлж байна” гэсэн албан бичиг. /хэргийн 107-114 дэх тал/

 

А.Э-ын яллагдагчаар өгсөн “... Өглөө сэрээд вагоноос буух гэтэл хэн ч байхгүй миний эсрэг талын местэн дээр нэг гар утас байсан. Тэгээд ойр орчимд хүн байхгүй болохоор нь тэр утсыг аваад галт тэрэгнээс буусан. Буугаад Улаанбаатар Төмөр замын төв вокзал дээр нэг цаг орчим орж суусан бөгөөд тухайн өдөр эмнэлгийн цаг авсан байсан. Би ямар нэгэн байдлаар галт тэрэгний үйлчлэгч болон цагдаад мэдэгдээгүй. Миний олсон гар утас нь Samsung A52 маркийн хар өнгийн гадуураа хар өнгийн кейстэй, дэлгэц орчим нь хагархай байсан шиг санагдаад байна. Миний эсрэг талд ямар зорчигч явсан талаар мэдэхгүй байгаа юм. Яагаад гэвэл би тухайн галт тэргэнд ороод унтсан байсан болохоор мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 75-76 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч А.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хавтаст хэрэгт хохирогч М.Солонгод Samsung A52 загварыг биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хэргийн 99 дэх тал/ тогтоогдож байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

          Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Авирмэдийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Э- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ