Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

2022           02             17                                      2022/ШЦТ/112

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч М.Б- түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Төгөлдөр түүний өмгөөлөгч Ж.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол прокурорын газраас С овогт М-ын Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905013701701 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг Цэцэрлэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт М-ын Б-.

 

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Номин трейдинг ХХК-ийн салбар болох электрониксийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж худалдан борлуулсан барааны орлогыг хувьдаа завшиж тухайн байгууллагад нийт 132,592.149 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Төгөлдөр мэдүүлэхдээ: “Б- нь “Номин Трейдинг” ХХК-ны Номин электроникс салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 132,592,149 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгө завшсан. Номин электроникс салбартай хамтран ажиллах гэрээтэй Монкон констракшн ХХК-д худалдсан гэж 12 төрлийн 12 ширхэг цахилгаан барааны төлбөр 18,481,864 төгрөг, хамтран ажиллах гэрээтэй Инколор ХХК-д худалдсан гэж 33 төрлийн 69 ширхэг 72,224,656 төгрөгийн хохирол учруулсан. Гэрээний дагуу компанид хүлээлгэн өгнө гэсэн тайлбар өгдөг. Мөн компаниас хүлээн аваад борлуулалтын төлбөрийг компанид төлөөгүй 28 төрлийн 33 ширхэг 41,885,601 төгрөгийн барааг тус компанийн агуулахын нярав Цэцэгбаяр, Гэрэлмандах нараар гарын үсэг зуруулж барааны орлогын мөнгийг завшсан байгаа. Мөрдөн байцаалтын хугацаанд 7,000,000 төгрөгийг төлсөн. Эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 5,000,000 төгрөг төлсөн. 120,492,149 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ үлдэгдэл төлбөр дээр хуваарийн дагуу төлнө гэж эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан байгаа” гэв.

 

Шүүгдэгч М.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Төгөлдөрийн “... М.Б- нь 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарын хугацаанд аж ахуй нэгж байгууллагад худалдсан электрон барааны төлбөрийн мөнгө болох 132,592,149 төгрөгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан.

... Мон констракшин ХХК-д 12 төрлийн 12 ширхэг 18,481,864 төгрөгийн цахилгааны барааны төлбөр, мөн хамтран ажилладаг Инколор ХХК-д 33 төрлийн 69 ширхэг 72,244,656 төгрөгийн цахилгаан барааны төлбөрүүдийг гэрээний дагуу сарын сүүлээр төлөгдөнө гэж худал тайлбар өгсөн. Мөн 28 төрлийн 33 ширхэг 41,885,601 төгрөгийн барааг компаниас борлуулахаар хүлээн аваад бусдад борлуулсан боловч тус компаний агуулахын нярав Л.Цэцэгбаяр, Э.Гэрэлмандах нартай тохиролцож барааг агуулахад буцаан хүлээлгэж өгсөн гэж баримтан дээр гарын үсэг зуруулан тооцоогоо хаалгаж байсан нь тухайн үед илрээгүй. Тэгээд сарын сүүлээр хариуцсан менежер Баасанням нь Мон консракшин ХХК, Инколор ХХК-тай холбогдож данс тооцоо нийлэхэд тооцооны үлдэгдэлгүй Б-ын худалдсан гэх барааг худалдаж аваагүй, өөр гэрээний дагуу худалдаж авсан барааны төлбөрийг төлсөн, ямар нэгэн тооцооны үлдэгдэлгүй болох нь тогтоогдсон. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/

 

Гэрч Л.Цэцэгбаярын “...М.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр над дээр ирээд хөдөөнөөс бараа ачаад ирж байгаа машин нь эвдрээд замдаа саатчихлаа, сарын эцэст тооцоогоо хаалгах гэтэл бараа нь хөдөөнөөс ирж байна гээд гуйгаад байхаар нь би зурж өгсөн. Надад өмнө нь ийм зүйл болж байгаагүй болохоор нь М.Б- руу залгатал М.Б- нь гар утсаа авахгүй холбогдохгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 59-61 дэх тал/

 

Гэрч Э.Гэрэлмандахын “М.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байхаа. Яг сайн санахгүй байна. М.Б- нь харилцагчаа алдчихсан, харилцагчаа олохгүй байна, цагдаад мэдэгдсэн байгаа гэж хэлж байсан ба 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нөгөө алдсан харилцагчаа олчихсон, одоо бараа нь наашаа ирж байгаа, би сарын тооцоогоо хаалгах гэсэн юм гээд орж ирсэн бөгөөд хот руу ирж байгаа гэсэн болохоор нь би итгээд гарын үсэг зураад өгчихсөн юм. Надад өмнө нь ийм зүйл болох байгаагүй болохоор итгээд зураад өгчихсөн юм.

... М.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирээд нийт 14 ширхэг барааны зарлагын баримт бичүүлж авснаас нэг ч бараа нь агуулахад ирээгүй юм. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал/

 

Гэрч Э.Баасаннямын “... Инколор ХХК-тай холбогдож барааны тооцоо болон Ижилбаяр гэх хүн ажилладаг эсэх талаар асуухад манайд ямар нэгэн тооцоо үлдээгүй, тооцоотой холбоотой ямар ч асуудал байхгүй, манай компанид Ижилбаяр гэх хүн ажилладаггүй гэж хэлсэн. Иймээс М.Б- нь Инколор ХХК-д бараа лизингээр худалдаж явж байгаа гэх асуудал нь худал болж таарсан.

... М.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэл нийт 132,592,149.52 төгрөгийн барааг худал хэлж дутаасан юм. Эхлээд надад уг бараа нь борлуулалтын замдаа явж байгаа, загварын хаусанд хүргэж өгсөн гэх зэргээр ярьж байсан боловч Эрх зүйн газарт шалгагдсаны дараа тухайн мөнгөөр өөрөө 11 төрлийн спорт загварын автомашин авсан гэх тайлбар гаргаж өгсөн байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 64-66 дахь тал/

 

ЗЦН-Аудит ХХК-ны гэрээт ажлын дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 74-128 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 149-151 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч М.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Номин Трейдинг ХХК-д 132,592.149 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаа явцад шүүгдэгчээс 7,000,000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн, мөн Номин Трейдинг ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/146 дугаартай “...М.Б- нь гэрээнд заасан хуваарийн дагуу 5,000,000 төгрөгийг төлсөн. ...” гэсэн албан бичгийг гарган өгсөн тул шүүгдэгчээс үлдэгдэл болох 120,492,149 төгрөгийг гаргуулж Номин трейдинг ХХК-д олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зарим хэсгийг төлсөн бусад үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналыг зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан “... Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт М-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар М.Б-ыг 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б- торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Б-аас 120,492,149 төгрөгийг гаргуулж Номин трейдинг ХХК-д олгосугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ