Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00483

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00483

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух, Ботахара тынбекедил овогт У.Жн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч У.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт 1974 оны 5 дугаар сарын 01-нээс 1978 оны 6 дугаар сарын 25-ны хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч У.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Толбо суманд Нэгдлийн туслах үйлдвэрт 1974 оны 4 дүгээр сарын 20-ноос 1978 оны 6 дугаар сарын 25-ны хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал байгаа боловч хуучин хөдөлмөрийн дэвтэрт ажилласан жил нь тусгагдаагүй, шинэ шивэлтийн хөдөлмөрийн дэвтэрт ажилласан жил нь тусгагдсан байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1974 оны 4 дүгээр сарын 20-оос 1978 оны 6 дугаар сарын 25-ны хүртэл нийт 4 жил Толбо сумын нэгдлийн туслахаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч У.Ж шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1974 оны 5 дугаар сараас 1978 оны 6 дугаар сар хүртэл буюу цэрэгт явах хүртэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан тугийн нэгдэлд туслах үйлдвэрийн ажилтнаар ажиллаж байсан. Хашаажуулах бригадад туслах ажилтнаар, ачигч, малчдад туслах ажилтнаар ажиллаж байсан. Иймд миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч У.Ж нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлийн туслах бригадад 1974 оны 5 дугаар сараас 1978 оны 6 дугаар сарын 25-ны хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч У.Ж нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлийн туслах бригадад 1974 оны 5 дугаар сарын 01-нээс 1978 оны 6 дугаар сарын 25-ны хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:

-2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 293 дугаартай архивын лавлагаагаар ирүүлсэн Толбо сумын Улаан туг нэгдлийн 70 дугаар дансны түүвэрт: У.Ж /туслах бригад/, 1974 оны 5 дугаар сарын 01-нээс 1978 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан хоног, авч байсан хөлсний талаарх бичилт,

- 1974 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн БНМАУлсын Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлийн даргын ажилд томилох тухай 15 дугаартай тушаалаар У.Жг нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчнаар томилсон мөн 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны даргын ажлаас чөлөөлөх тухай 32 дугаар тушаалаар У.Жг цэргийн албанд явах болсон тул туслах үйлдвэрийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байдал,

-хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн 1974 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн 2 ба 3 дугаар хуудсанд бичигдсэн ажлын тухай мэдээ нь хүсэлт гаргагчийн ажилд орсон тушаал болон гарсан тушаалтай тохирч байгаа бөгөөд хүсэлт гаргагч У.Ж нь ажлаас чөлөөлсний дараа буюу 1978 оны 6 дугаар сарын 28-наас 1981 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хугацаат цэргийн алба хаасан болох нь түүний 368126 дугаартай Цэргийн батлахаар тогтоогдож нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч У.Ж нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлийн туслах бригадад 1974 оны 5 дугаар сарын 01-нээс 1978 оны 6 дугаар сарын 25-ны хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хүсэлт гаргагчийн нотлох баримтаар 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон 182833 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 554914 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх зэрэг нотлох баримт нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй 1979 оноос хойших татвар төлж байсан тухай нотлох баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БЙ58041513 регистрийн дугаартай Ботахара тынбекедил овогт У.Жн Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлийн туслах бригадад 1974 оны 5 дугаар сарын 01-нээс 1978 оны 6 дугаар сарын 25-ны хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч У.Жн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ