| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00399/И |
| Дугаар | 130/ШШ2017/00484 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2017/00484
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 130/ШШ2017/00484 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух, Цагаантуг овогт Л.Бт холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 560000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 34521 төгрөг, бүгд 594521 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга А.Асет шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Алтай суманд байнга оршин суудаг Л.Б нь 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Алтай сумын Сум хөгжүүлэх сангаас бүгд 2000000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан юм. Л.Бд зээл олгох тухай сумын Засаг даргын захирамж гарч улмаар түүнтэй зээлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл Л.Б нь зээлээ төлөх гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээлийн үлдэгдэл 560000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 34521 төгрөг бүгд 594521 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Л.Бээс өнгөрсөн хугацаанд сумын захиргаанаас сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. Ер нь сум хөгжүүлэх сангаас олгосон зээл маань тухайн иргэнд олгосон буцалтгүй тусламж биш тодорхой хугацаанд эргэн төлөгдөж байх ёстой сангийн хөрөнгө юм. Иймд Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 560000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн 25 сарын зээлийн хүү 34521 төгрөг нийт 594521 /таван зуун ерэн дөрвөн мянга таван зуун хорин нэгэн/ төгрөгийг Л.Бээс гаргуулан Алтай сумын Сум хөгжүүлэх санд олгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга А.Асет шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 170 тоот албан бичгээр тус сумын 4 дүгээр багт оршин суудаг, Цагаантуг овогт Л.Бээс сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 560000 төгрөг, эргэн төлөх хугацаа хэтрүүлсний хүү 34521 төгрөг, нийт 594521 төгрөгийг гаргуулан тус сумын сум хөгжүүлэх санд олгох тухай нэхэмжлэл гаргасан билээ. Иймд иргэн Л.Б нь дээрх зээл болон хүүгийн хамт 06 дугаар сарын 20-ний өдөр 594521 төгрөгийг сум хөгжүүлэх санд бүрэн төлж барагдуулсан тул Л.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга нь хариуцагч Л.Бт холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 560000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 34521 төгрөг, бүгд 594521 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 560000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 34521 төгрөг, бүгд 594521 төгрөгийг бүрэн төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга А.Асетийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Б нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.Бээс 9243 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 560000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 34521 төгрөг, бүгд 594521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Б биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.Бээс 9243 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН