Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

 

 

 

 

 

2022          02           28                                         2022/ШЦТ/138

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Т- түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд Б овогт Т-ын Т-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000000137 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг ... дүгээр хороо ... улирал хотхон ХХ байр ХХ тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Т-ын Т-.

 

Шүүгдэгч Т.Т- нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ байр ХХ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Д.Ү-г жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр рүү нь цохиж, бие рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Т.Т- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.Ү-гийн “эхоны зураг, эмэгтэйчүүдийн эмчид илгээх хуудас, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөчийн хуулбар”. /хэргийн 22-26 дахь тал/

 

Хохирогч Д.Ү-гийн “...01 дүгээр сарын 8-ны өдрийн өглөө үүрээр 06 цагт би гэртээ байж байхад Т- ирээд согтуу байхаар нь чи уучихсан юмуу гэхэд уурлаад байхаар нь би биеэ бодсонгүй гэсэн. Би харин утсыг нь үзэхэд баар хэсээд бас янхан авсан байхаар нь би сэрээгээд хэлэх зүйл байна уу гэхэд чи намайг сэрээдэг хэн бэ гээд шүдээ зуугаад босож ирээд намайг шууд алгадаад би орны хажуу руу унасан. Харин өрөөнд унтаж байсан хоёр хүүхэд хоёулаа сэрээд уйлаад байсан. Би ариун цэврийн өрөөнд ороод хаалгаа түгжээд байж байтал гаднаас орж ирээд миний гэдэс рүү гурван удаа өшиглөөд би хүүхдээ бодолдоо чи гэхэд гараа атгаж байгаад хаа хамаагүй нүүр лүү цохиод хөлөөрөө хэвлий гэдэс, нуруу луу цохиод би гараараа хаах гэхэд давхар цохиод байсан. Тэгээд би ариун цэврийн өрөөнөөс зугтаагаад 1 давхар луу буугаад байж байхад араас ирээд миний үснээс үстээд хананы өнцөг мөргүүлээд миний толгойноос цус гараад байсан. Тэгээд би гал тогооны шүүгээ онгойлгоод юм хайгаад дээш гаргахаар нь би гарч зугтаагаад би гадаа явж байсан хүний машин машинд суугаад цагдаад мэдэгдсэн.

... Би дүгнэлтийг унгиж танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт алга. Хүлээн зөвшөөрч байна.

... Намайг жирэмсэн болсон талаар Т- 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр мэдсэн. Учир нь би шинэ жилийн бэлэг гээд жирэмсний тест өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дэх тал/

“... Одоо би Т-той хамтран амьдарч байгаа. Маргаанаа ойлголцож нэг гэрт байгаа. Би эмчилгээ хийлгэхдээ баримт цуглуулаагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1597 дугаартай:

“1. Д.Ү-гийн биед зулайн баруун урд хэсэгт шарх, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалганы гадна дээд хэсэг, урд доод хэсэг, шууны гадна дунд хэсэг, зүүн хөхний дотор дээд хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, шууны ар дунд хэсэг, бүсэлхийн нугалмын зүүн тал, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, зүүн нүдний гадна хэсэг, баруун нүдний гадна доод хэсэг хацарт, дээд уруулын зүүн хэсэг, оочинд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүдээс зулайн баруун урд хэсэгт шарх, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 63-64 дэх тал/

 

Т.Т-ын яллагдагчаар өгсөн “... би ороод хажуугаар нь хэвтэхэд над руу хэрүүл өдөөд архи уулаа гээд дургүйцээд байхаар нь би буруу харж унтаад 01 дүгээр сарын 08-ны өглөө 07 цагийн үед намайг сэрээгээд хөнжил татаад яв гээд маргаад яв гэж хэлсэн. Тэгээд би уурлаад босож ирээд 1-2 удаа алгадахад доошоо шат руу гүйгээд буухаар нь би араас нь гүйгээд Ү- бүдэрч унаад би араас нь очихдоо өөрөө халтирч очоод ханатай толгойг нь биеийг нь хавсраад унасан.

... Би Ү-г 2-3 удаа алгадсан. Гар хөлийг нь маргаж байхдаа татаж базахад хөхөрсөн. Мөн толгойноос нь цус гарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг./хэргийн 71-73 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Т.Т- нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ байр ХХ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хохирогч Д.Ү-г жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр лүү нь цохиж, бие рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах явцад хохирогч Д.Ү-гийн “... Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар Т.Т-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Т- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ