Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

 

 

 

 

 

 

2022          03           02                                         2022/ШЦТ/153

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч З.М- түүний өмгөөлөгч Г.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт З--ын М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105025660015 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг Заамар суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа оёдолчин ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 21 хороо ХХ байр ХХ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт З--ын М-.

 

Шүүгдэгч З.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 21 хороо ХХ байр ХХ тоотод гэртээ хардалтын улмаас нөхөр Б.О-ын цээжин тус газарт нь хутгаар зүсэн, цээжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч З.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 6-17 дахь тал/

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн “... 2 дугаартай хутгаар нөхөр О-ын биед гэмтэл учруулсан хутга байна гэж хутганд хүрэлгүй зайнаас зааж таньж олуулах ажиллагааны үйл явцыг 2 кадр зураг авч оролцогч хөндлөнгийн гэрч нараас санал хүсэлт гаргаагүй тул 13 цаг 36 минутад дуусав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 25-26 дахь тал/

 

Хохирогч Б.О-ын өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цагийн амралттай байсан болохоор 11 цагийн үед гэрээсээ гараад 14 цагийн үед өөрийн найз Энхбаяртай уулзаад 2 шил 0,75 литрийн архи Бага наранд Энхбаярын найз Жавхаа гэх айлд бид гурав уугаад тэндээ 23 цаг хүртэл байж байгаад гэр лүүгээ такси бариад 23-ны өдрийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хороо ХХ байрны ХХ тоотод орж ирэхэд манай эхнэр М- өөрийн найз Батцэцэгтэй 2,4 литрийн пиво уучихсан сууж байсан. Ингээд гэртээ ороод хувцсаа тайлаад хоолоо идээд дээгүүрээ нүцгэн дотуур өмдтэй сууж байтал өмнө нь маргаантай байсан болохоор бид хоёр хоорондоо үг дуугараагүй байж байгаад би гал тогооны өрөөнд цай уугаад дээшээ хараад зогсож байтал гэнэт манай эхнэр М-ийн гар нь хөдлөх шиг л болсон. Тэгээд миний цээжнээс цус гоожоод манай эхнэр гартаа хөрөө шиг иртэй хутга барьчихсан байсан. Би цээжнээс гарсан цусаа гараараа бариад хүү Амарааг эмнэлэг дууд гэж хэлээд гараараа цээжээ чимхээд байж байхад эмнэлэг ирээд би Гэмтлийн эмнэлэгт ирсэн.

Миний цээж хэсэгт нэг удаа зүсэж гэмтэл учруулсан. Өөрөөр учирсан гэмтэл байхгүй. Амараа ээжийгээ болио гээд хутгатай гарыг нь барих үед гараа исгэчихсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46-47 дахь тал/

 

Гэрч Ү.Батцэцэгийн “... Манай найз М-ийн нөхөр О- гаднаас согтуу ирсэн. Ингээд манай найз М-, нөхөр О-тай хувийн амьдралтай холбоотой маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Би согтуу байсан. Сайн санахгүй байна. Нэг мэдэхэд энэ айлын хүү Амараа унтлагын өрөөнөөс гараад ирчихсэн аав, ээжийгээ салгаж байсан. Манай найз М- бас нэлээд согтсон, нөхөр О-ыг хутга авчихсан дайрч байсныг мэдэж байгаа. Нэг мэдэхэд цус гарчихсан эмнэлэг, цагдаа ирчихсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-51 дэх тал/

 

Насанд хүрээгүй гэрч О.Амараагийн “... ээж М- ар талын хутганы хайрцгаас хар иштэй хөрөө шиг иртэй хутга барьчихсан харин аав О- ээжийн эсрэг талд цээж нүцгэн дотуур өмдтэй маргалдаад ээж хутгаа баруун гартаа дээшээ өргөчихсөн хутгалах гээд дайраад далайгаад голд нь Батцэцэг эгч ээж рүү харчихсан болиочээ гээд орилоод байсан. Ээж харин Батцэцэг эгчийг давуулаад аавыг хутгалах гэж байхаар нь би хутгатай гарыг нь хойшоо салгаж аваад буйдан дээр шидээд гарыг нь тавиад байж байтал ар талынхаа модон хутганы хайрцгаас урд тал нь нарийн үзүүртэй хутгыг зүүн гараараа бариад дахиад аавыг хутгалах гэхэд нь хутганых нь үзүүрээс би бариад хутгыг нь шувтарч татаад газарт унагаасан. Харин би уг хутгыг салгах үед зүүн гараа зүсүүлсэн. Ингээд би хойшоо эргээд харахад аавын цээжнээс цус гарчихсан байхаар нь би ээжийг буйдан дээр суулгаад өөрийнхөө 95759673 дугаараас 103 дугаарт аав хутгалуулчихлаа гэсэн дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53-55 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11848 дугаартай:

“1. Б.О-ын биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 65-66 дахь тал/

 

Лазер мед эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ. /хэргийн 67 дахь тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас. /хэргийн 74-75 дахь тал/

 

З.М-ийн яллагдагчаар өгсөн “ ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 110 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч З.М- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 21 хороо ХХ байр ХХ тоотод гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас нөхөр Б.О-ын цээжин тус газарт нь хутгаар зүсэн, цээжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах явцад хохирогч Б.О-ын “... Эхнэртээ ямар нэг гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч З.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч З.М- цалин хөлс, бусад орлого олдог байдал нь тодорхойгүй тул түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно..

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт З--ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.М- 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.М-ийг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, З.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ