Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

 

2022          03           02                                         2022/ШЦТ/154

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Д овогт Н-ын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000000159 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, ...... ХХК-д замын инженер ажилтай, .... аймаг .... сум .. баг ... гудамж ... тоотод оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ дүүрэг ... хороо ... байр ... тоотод оршин суух, Д овогт Н-ын М-.

 

Шүүгдэгч Н.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг 30 минутад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны гаднах зогсоол дээр хохирогч А.Алтансүхийн “тээврийн хэрэгслээ хөдөлгөж машины зорчих хэсгийг чөлөөлж өгнө үү” гэх хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би 21 дүгээр хорооллоос гэрээсээ эрүүл гараад, тийшээ очиж байрны гадаа пиво уугаад сууж байсан юм. Машиндаа сууж байхад нэг хүн хаалга онгойлгосон. Тэгээд  тэр ахтай муудалцаад цохисон миний буруу” гэв.

 

Шүүгдэгч Н.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг 30 минутад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны гаднах зогсоол дээр хохирогч А.Алтансүхийн “тээврийн хэрэгслээ хөдөлгөж машины зорчих хэсгийг чөлөөлж өгнө үү” гэх хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.Алтансүхийн “... Би машин багтах боломжгүй юм байна миний дүү, чи согтуу байна, ах нь машиныг нь байршуулаад өгье гэхэд уг залуу намайг хэл амаар доромжлоод машинаас бууж ирээд би жолоочийн талд туслах гээд гадна зогсож байтал миний энгэрээс заамдаад би бас заамдахад миний толгой руу гараараа хэд хэд цохиод би хариу цохиж чадаагүй. Харин хажуугаас хүмүүс салгасан. Би салгасан хүмүүсийг танихгүй. Ингээд би холдоод хамраас гоожсон цусаа тогтоож, цагдаа дуудаж удалгүй цагдаа ирж уг залууг авч явсан. Миний биед хамар хугарч, толгой өвдөж, тархи хөдөлсөн. Нүд хөхөрсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дахь тал/

 “... Надад баримтаар гаргасан 158,780 төгрөгийг 5029958238 дугаарын дансанд хохирлыг барагдуулсан. Би хагалгаанд орох 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1897 дугаартай:

“1. А.Алтансүхийн биед хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 30-31 дэх тал/

 

Н.М-гийн яллагдагчаар өгсөн “... Ингээд машинд сууж байхад машин гарах гээд нэг эрэгтэй хүн ирээд машин байрлуулж өгье гэхээр нь би согтуудаа буруугаар ойлгоод уг ахыг нүүр рүү нь цохиод хамрыг нь гэмтээчихсэн. Тэгээд байж байтал цагдаа ирээд намайг эрүүлжүүлсэн. Би уг хүнтэй ямар шалтгаанаас болж маргаснаа сайн мэдэхгүй байна. Бэлэн мөнгөтэй байсан болохоор түүнийг авах гэж байгаа гэж согтуу хүний бодлоор хандаж маргасан байсан. Гэхдээ надад байсан мөнгө надад бүрэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-41 дэх тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Н.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хохирогч А.Алтансүхийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1897 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

          Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт нийт 159,200 төгрөг тогтоогдсон бөгөөд үүнийг шүүгдэгч Н.М- төлж барагдуулсан болох нь 159,200 төгрөг хохирол барагдуулах гэсэн утгатайгаар шилжүүлсэн Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 9 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна.

          Харин мөрдөн шалгах явцад хэрэгт хохирогч А.Алтансүхийн “Хамрын таславч муруй оношоор нөхөн сэргээх мэс засалд орох шаардлагатай. Мэс заслын нийт төлбөр 3,000,000 болох нь үнэн болно” гэсэн Сайн сайхан медикал ХХК-ны тодорхойлолт /хэргийн 6 дахь тал/ авагдсан байх бөгөөд хохирогч нь ийнхүү эрүүл мэндэд хор уршиг учруулсантай холбогдон гаргах зардлыг нэхэмжилсэн тайлбартаа “Гэмтлээс үүдэн хамар байнга битүүрч цус гоожино, толгой байнга өвдөнө. Эмнэлэгт болон эмчилгээний 3,000,000 төгрөг хэрэгтэй байгаа” гэжээ.

Шинжээч дүгнэлтээ гаргахдаа эмчийн үзлэгт “2022-01-17 ... Хамрын ясны баруун хажуу хана үүсгэж буй хоншоор ясны духны сэртэн, хамрын яс цөмөрсөн хуучин хугаралттай” /хэргийн 31 дэх тал/ гэж дурджээ

Иймд хохирогч А.Алтансүхийн хамар ясанд байгаа гэмтэл нь хуучин гэмтэл байх ба шүүгдэгч Н.М-гийн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хохирогчийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэхдээ  хохирогч нь дээрх хор уршгийн талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

           

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.М- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Н-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М- нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                                                                                                                             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч А.Алтансүхийн эрүүл мэндэд хор уршиг учруулсантай холбогдон гаргах 3,000,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ