| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00427/И |
| Дугаар | 130/ШШ2017/00487 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2017/00487
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 130/ШШ2017/00487 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, утас ******, РД:Б******* Жантекей ханкелди овогт Ж.Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ф, утас 9********)-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ескендир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай Орон тооны бус байцаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын Ж.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан тус Татварын хэлтсийн Цагааннуур тосгон дахь Улаанбайшинтийн боомт хариуцсан татварын орон тооны бус байцаагчийн орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн Татварын хэлтсийн Цагааннуур боомт дахь татварын орон тооны бус байцаагчаар томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй, тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. Тус орон тооны бус байцаагчийн төсөв, цалинг орон нутгаас жил болгон баталж өгдөг билээ. Тухайн асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаанаар төсвийн тодотгол хийсэн үед баталж өгдөг. Тус орон тоог баталж өгөх нэг үндэслэл нь тухайн боомтоос орон нутгийн төсөвт жилд 20-иос 25 сая төгрөг төсөвт төвлөрдөг юм. 2017 оны ээлжит хуралдаан болоогүй, ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Татварын хэлтсийн дарга Т.Ф нь орон тооны бус байцаагч ажиллуулах төсөв, санхүү байхгүй гэсэн үндэслэлээр орон тоог хасаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Миний бие 3 нас хүрээгүй хөхүүл хүүхэдтэй. Тухайн орон тоог хассан байсан ч өөр Толбо суманд орон тоо гарсан боловч намайг тухайн орон тоонд санал болгоогүй өөр хүн авсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд 3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйг ажлаас нь чөлөөлөхгүй гэсэн байдаг. Аймгийн Засаг дарга болон хурлын даргад тухайн орон тооны төсөв цалинг баталж өгөх талаар хувийн хүсэлт гаргахад ээлжит хуралдаанаар баталж өгнө гэж хариу өгсөн. Мөн би энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагт хянан хэлэлцэхээр боловч миний бие тухайн өдрийн өглөө гэнэт даралт ихсэж эмнэлгээр явж байсан тул шүүх хуралдаанд цагтаа ирээгүй гэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1538 дугаартай шүүгчийн захирамжаар миний нэхэмжлэлийг буцаасан юм. Би тухайн өдөр Жансая өрхийн эрүүл мэндийн төвд очиж үзүүлэхэд та 3 сартай жирэмсэн байна гэж хэлсэн ба мөн өдөр би өөрийнхөө жирэмсэн гэдгийг мэдсэн. Би өмнө 3 нас хүрээгүй хүүхэдтэй байсан ба дахин жирэмсэн байсан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг ажил олгогч ноцтой зөрчиж байна. Мөн дашрамд хэлэхэд миний ажиллаж байсан Татварын хэлтсийн Цагааннуур боомт дахь орон тооны бус байцаагчийн орон тоог ажил олгогч цомхтгосон гэх үндэслэлээр намайг ажлаас халсан боловч 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэн Х.Хасымханыг тус орон тоонд томилон ажиллуулж байгаа юм байна. Иймд нэгэнт ажил олгогч тус цомхтгогдсон гэх орон тоог дахин бий болгосон учир миний бие урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдох ёстой гэж үзэж байна. Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б\07 дугаартай Орон тооны бус байцаагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын Ж.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан тус Татварын хэлтсийн Цагааннуур боомт дахь татварын орон тооны бус байцаагчийн орон тоонд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Бид нарын гаргасан нэхэмжлэлтэй холбоотой Татварын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гаргасан тушаалдаа орон тооны бус байцаагч Ж.Аийг 6 сарын түр хугацаагаар Татварын хэлтсийн орлогын тасагт авч ажиллуулсугай гэсэн тушаал гаргасан байсан. Эхэндээ нэгэнт тухайн орон тоо нь цомхтгогдсон болохоор аймагт ажиллахаар болоод эвлэрлийн гэрээ байгуулахаар урьд өгсөн нэхэмжлэлдээ тохирохоор болсон. Гэвч урьд талын шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирж чадаагүй. Хариуцагч талаас хүсэлт гаргаад шүүгч нэхэмжлэлийг буцаасан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг шинэчлэн гаргасан. Тухайн үед дахиад яагаад нэхэмжлэл гаргасан бэ гэхээр тухайн цомхтгосон орон тоог дахин бий болсон тохиолдолд урьд нь ажиллаж байсан хүн эхний удаад тухайн орон тоонд ажиллах ёстой. Хоёрдугаарт бид нарт гаргаж өгсөн тушаал нь хэлбэр төдий тушаал байсан. Ингээд эвлэрсний дараа 6 сарын дараа цалин, хөлс хүрэлцэхгүй байна гээд ажлаас гаргачихвал яах юм бэ гэж үзээд энэ тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй. Цагааннуур боомтод байсан орон тоонд Татварын хэлтсийн дарга нь би тэнд чамайг үхсэн ч ажиллуулахгүй. Би 2020 онд Цагааннуур тосгонд нэр дэвшинэ. Тийм учраас Цагааннуур тосгоны оршин суугчийг авч ажиллуулна гэсэн. Анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй болоод нэхэмжлэгчийг ажлаас нь зайлуулах, ажилгүй болгох тал дээр ажиллаж байгаа юм. Үүний нэг тод жишээ нь, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр орон тоо цомхтгосон гээд тушаал гаргасны дараа Толбо болон Булган суманд байцаагчийн орон тоо гарсан. Бид нар нэгэнт Цагааннуурын байцаагчийн орон тоог цомхтгосон учраас очихгүй, Бид нар 4 жил ажилласан болохоор Толбо болон Булган суманд гарсан ажлын орон тоонд Татварын ерөнхий газарт санал болгоод явуулаач гээд хүсэлт тавихад үгүй гэсэн. Одоо даргын гаргаж байгаа үйлдэл бол намын харьяалалтай гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нөхөр нь Ардчилсан намыг дэмжигч байгаа. Тухайн Татварын хэлтсийн дарга нь Улсын Их Хурлын гишүүн Солтаны хамаатан нь байгаа. Тийм учраас намын үзэл бодол гаргаад гарсан орон тоонд томилохгүй, санал болгохгүй байгаа. Шүүхээр ороод ирэнгүүт хэлбэр төдий болон бид нарын хууран мэхэлсэн тушаал гаргаж өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн сэлгэн ажиллуулж байгаа, тэр бол Татварын хэлтсийн даргын бүрэн эрхийн асуудал гэсэн. Тухайн үед тэр орон тоог цомхтгочхоод өөр хүн авчхаад Ж.Аийг Өлгийн төвд ажиллуулж байгааг сэлгэн ажиллуулах гэж үзэхгүй байгаа юм. Тийм учраас Цагааннуурын боомтыг орон тоог цомхотгоод эргээд шинээр орон тоо бий болгоод ажилтан авсан болохоор Ж.Аийг ажлаас чөлөөлсөн тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж өгөхийг хүсье гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Ф шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.А нь шүүхэд гаргасан гомдолд миний бие 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Цагааннуур боомтод орон тооны бус байцаагчийн орон тоонд ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй ажиллаж байсан гэж дурдсан байна. ТЕГ-ын даргын 2012 оны 906 тушаалаар батлагдсан Орон тооны бус байцаагч ажиллуулах журам-ын 6.1-д татварын орон тооны бус байцаагч нь Татварын болон холбогдох хууль тогтоомжийн зүйл заалт хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, байгууллагын дотоод журам, тухайн татварын албанаас гаргасан үнэт цаас ашиглахтай холбогдуулан гаргасан журам зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлнө гэж заасан байхад Ж.А нь орон тооны бус байцаагчаар ажиллаж байх хугацаанд албан татвар хураах явцад албан үүргээ хангалтгүй биелүүлж, татвар төлөгчдөд олгосон зарим бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбарт он сар өдөр тавиагүй, тэмдэг дараагүй, зарим бэлэн мөнгөний тасалбар нь татвар төлөгч болон хэлтсийн нягтлан бодогчид тооцоо хийхээр ирүүлсэн тасалбарын үнийн дүнгээс зөрүүтэй байгаа зөрчлүүд илэрсэн тул хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б\08 дугаар тушаалаар орон тооны бус байцаагч Ж.Аийн албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Мөн орон тооны бус байцаагчийн ажлын байр нь байнгын орон тоотой ажлын байр биш бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний татварын албаны дүрэм-ийн 5.3-д аймаг дүүргийн татварын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэр дэх худалдаа, үйлчилгээний зах, авто тээврийн товчоо зэрэг газарт орон тооны бус байцаагч ажиллуулж болно. Орон тооны бус байцаагчийн үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гэрээний үндсэн дээр санхүүжүүлнэ. Орон тооны бус байцаагч ажиллуулах журмыг Татварын ерөнхий газрын дарга батална гэж мөн Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 906 дугаар тушаалаар батлагдсан Орон тооны бус байцаагч ажиллуулах журам-ын 1.2-т аймаг, нийслэлийн дүүргийн татварын газар, хэлтэс нь орон тооны бус байцаагчийн цалин хөлс, үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ, журмын 1.4-т Орон тооны бус байцаагчийн цалин хөлс нь тухайн татварын албаны батлагдсан төсөвт хамаарахгүй, мөн журмын 2.1-т аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст ажиллах орон тооны бус байцаагчийн тооны хязгаарыг тухайн орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлж баталсан төсөвт нь багтааж харьяалах татварын албаны дарга тогтооно, журмын 5.1-д татварын албаны орон тооны бус байцаагчийн цалин хөлстэй холбоотой зардлыг орон нутгийн төсөвт оруулсан орлогоос нь тодорхой хувиар санхүүжүүлэх зарчмыг тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр тогтооно гэж заасан байхад Ж.А нь гомдолдоо Татварын хэлтсийн дарга Т.Фестивал нь аймгийн ИТХ-аас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад орон тооны бус байцаагч ажиллуулах төсөв санхүү байхгүй гэсэн үндэслэлээр орон тоог хасаж, хөдөлмөрийг гэрээг цуцалсан гэсэн байна. Ж.А нь гомдолдоо тодорхой бодит зүйл бичсэн байна. Аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргаас шийдвэрлэж өгсөн орон тооны бус байцаагч ажиллуулах санхүүжилт нь 2016 оны 12 дугаар сард олгосон цалингаар дуусгавар болж байгаа бөгөөд энэ онд орон тооны байцаагч ажиллуулах санхүүжилтийг шийдвэрлэж өгөх талаар аймгийн Засаг дарга болон аймгийн ИТХ-ын даргад удаа дараа хүсэлт гаргасан боловч одоо хүртэл шийдвэрлэж өгөөгүй бөгөөд энэ оны эхний 3 сард хэлтсийн санхүүгийн баримтад орон тооны байцаагч нарт олгох цалингийн өр үүссэн бөгөөд нэг ёсондоо орон тооны бус байцаагч нарын цалинг олгож чадаагүй байна. Хөдөлмөрийн хуульд зааснаар 3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйг ажлаас чөлөөлөхийг хориглосон заалтыг мэдэж байгаа боловч орон тооны бус байцаагч нарт олгох цалин, хөдөлмөрийн хөлс холбогдох хууль журмын дагуу аймгийн ИТХ-аас шийдвэрлэж өгөөгүй, мөн Ж.Аийн хэлтсийн даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж Ж.Аийн өөрт нь аймгийн ИТХ-аас санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн нөхцөлд дахиж орон тооны бус байцаагчийн ажилд авч ажиллуулах, одоогоор өөр ажилд авах орон тоо, төсөв хөрөнгийн бололцоо байхгүй талаар тодорхой хэлж ойлгуулсан билээ. Аймгийн Засаг дарга болон аймгийн ИТХ-ын даргад орон тооны бус байцаагчийн цалингийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргасны үр дүнд цалингийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөхөөр болж Ж.Аийг хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б\15 дугаар тушаалаар орон тооны бус байцаагчаар 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар Ж.Ад тушаалыг гардуулсан болно. Урьд эрхэлж байсан орон тооны бус байцаагч нарыг үндэслэлгүй ажлаас нь цомхтгосон чөлөөлсөн асуудал гараагүй ба зөвхөн орон тооны бус байцаагч нарын цалин хөлсний санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас түр чөлөөлсөн. Иймд Ж.Аийг хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б\15 дугаар тушаалаар тус хэлтэст орон тооны бус байцаагч-аар томилсон тул шүүхэд гаргасан Ж.Аийн гомдол, нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан байна гэж Аймгийн Татварын хэлтсийн зүгээс үзэж байгаа болно гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ескендир шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Орон тооны бус байцаагчаар Ж.А нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр чөлөөлөгдсөн. Ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн бэ гэхээр орон тооны бус байцаагчийн цалин хөлсний асуудал нь зохих хууль журмын дагуу шийдэгдээгүй учраас ажлаас чөлөөлөгдсөн. Цалин, хөлсний асуудал шийдэгдэхээр буцаагаад авахаар тохиролцож байсан. Зөвхөн Ж.Аийг чөлөөлж байгаа асуудал байхгүй. Бүх аймаг хэлтэст ажиллаж байгаа бүх орон тооны бус байцаагч нарыг цалин, хөлсний асуудлаар чөлөөлсөн байгаа. Энэ дээр ямар нэгэн намын үзэл бодлоо хандаж орон тоог цомхтгон ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Ер нь орон тооны бус байцаагч ажиллуулах журам дээр ямар нэгэн орон тооны асуудал байхгүй, байнгын ажлын байр биш. Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санхүүжилтийг шийдэж өгсөн тохиолдолд аймгийн Засаг дарга захирамж гаргаж орон тооны бус байцаагч ажиллуулах ёстой. Орон тооны бус байцаагч ажиллах тоог хэлтсийн дарга тогтооно. Энэ дээр ямар нэгэн орон тооны асуудал байхгүй. Энэ орон тооны бус байцаагчийн цалин хөлсний асуудал 2016 оны 12 дугаар сараас таслагдаж цаашид цалинг олгох боломжгүй болсон. Гэхдээ орон тооны бус байцаагч нарыг 2017 оны 3 дугаар сар хүртэл ажиллуулсан. Энэхүү өр одоо хүртэл шийдэгдэхгүй байсаар байгаа. Энэ хугацаанд аймгийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэд хэдэн удаа албан бичиг хүргүүлж шаардсаны эцэст 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чуулганаар орон тооны бус байцаагч нарын цалин, хөлсийг шийдэж өгсөн. Үүгээр орон тооны бус байцаагч нарыг 2017 оны эцэс хүртэл ажиллуулах боломжтой болсон. Орон тооны бус байцаагчийн журмын талаар товч дурдахад Засгийн газрын 2009 оны 24 дүгээр тогтоолоор Үндэсний татварын албаны дүрмийг баталсан. Дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3-т Аймаг, дүүргийн татварын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэр дэх худалдаа, үйлчилгээний зах, авто тээврийн товчоо зэрэг газар орон тооны бус байцаагч ажиллуулж болно. Орон тооны бус байцаагчийн үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсвөөс (гэрээний үндсэн дээр) санхүүжүүлнэ. Орон тооны бус байцаагч ажиллуулах журмыг Татварын ерөнхий газрын дарга батална гэсэн. Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 906 дугаартай тушаалаар орон тооны бус байцаагчийн ажиллуулах журмыг баталсан. Энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.2-т Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст орон тооны бус байцаагчийн цалин, хөлс, үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсвөөс санхүүжинэ гэж заасан. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1-т Орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, татвар төлөгчийн бааз суурийг өргөжүүлэх зорилгоор орон нутгийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр орон тооны байцаагчийг аймаг дүүргийн нутаг дэвсгэрт дэх баг, хороо, худалдаа үйлчилгээний зах, авто тээврийн шалган бүртгэх товчоо зэрэг газруудад ажиллуулж болно. Орон тооны бус байцаагчийн цалин хөлс тухайн Татварын албаны батлагдсан төсөвт хамаарахгүй гэж заасан. Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.1-т ажиллаж байгаа байцаагчийн орон тооны хязгаарыг тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж баталсан төсөвт багтааж харьяалах татварын албаны дарга тогтооно. Орон тооны бус байцаагчийн тооны хязгаарыг хэлтсийн дарга тогтооно гэж заасан. Энэ дээр ямар нэгэн орон тооны асуудал яригдсан зүйл байхгүй байна. Энэ журмын 5 дугаар зүйлийн 5.1-т Татварын албаны орон тооны бус байцаагчийн цалин, хөлстэй холбоотой зардлыг орон нутгийн төсөвт оруулсан орлогын орлогоос нь тодорхой хувиар санхүүжилж, санхүүжүүлэх зарчмыг тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр тогтооно гэж заасан. Хэдийгээр орон тооны байцаагчийн цалин хөлс шийдэгдсэн ч гэсэн бид нарын гарт тогтоол нь, Засаг даргын захирамж нь хараахан ирээгүй байна. Энэ хүний гомдолд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар жирэмсэн эхчүүдийг ажлаас халахыг хатуу хориглосон гэж заасан байгаа гэдгийг мэдэж байгаа. Тэгэхээр Ж.Аийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай тушаалаар эргээд орон тооны бус байцаагчаар томилсон байгаа боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Иймээс бид нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч Ж.А Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 84 дугаартай Орон тооны бус байцаагчийн ажиллуулах тухай тушаалаар тус хэлтсийн Улаанбайшинтийн боомт хариуцсан татварын орон тооны бус байцаагчаар Ж.Аийг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 сарын туршилтын хугацаагаар түр томилон ажиллуулсан байна.
Улмаар ажил олгогч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга, ажилтан Ж.А нар нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2016 оны 6 дугаар сарын 01-ний дуустал хугацаагаар сунгасан байна.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын орон тооны бус байцаагчийн ажлын байр нь байнгын орон тоотой ажлын байр биш болох нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний татварын албаны дүрэм-ийн 5.3-д аймаг дүүргийн Татварын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэр дэх худалдаа, үйлчилгээний зах, авто тээврийн товчоо зэрэг газарт орон тооны бус байцаагч ажиллуулж болно. Орон тооны бус байцаагчийн үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гэрээний үндсэн дээр санхүүжүүлнэ. Орон тооны бус байцаагч ажиллуулах журмыг Татварын ерөнхий газрын дарга батална гэж, мөн Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 906 дугаар тушаалаар батлагдсан Орон тооны бус байцаагч ажиллуулах журам-ын 1.2-т аймаг, нийслэлийн дүүргийн татварын газар, хэлтэс нь орон тооны бус байцаагчийн цалин хөлс, үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ, журмын 1.4-т Орон тооны бус байцаагчийн цалин хөлс нь тухайн татварын албаны батлагдсан төсөвт хамаарахгүй, мөн журмын 2.1-т аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст ажиллах орон тооны бус байцаагчийн тооны хязгаарыг тухайн орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлж баталсан төсөвт нь багтааж харьяалах татварын албаны дарга тогтооно, журмын 5.1-д татварын албаны орон тооны бус байцаагчийн цалин хөлстэй холбоотой зардлыг орон нутгийн төсөвт оруулсан орлогоос нь тодорхой хувиар санхүүжүүлэх зарчмыг тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр тогтооно гэсэн заалтаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга нь тухайн үед орон тооны бус татварын байцаагчаар ажиллаж байгаа 3 орон тооны бус байцаагчийг албан татвар хураах ажилд туслах зорилгоор үргэлжлүүлэн ажиллуулах зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр цалин, санхүүжилт хүсэж Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бауыржан нар албан бичиг явуулж, хариу авч байсан нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 543 дугаартай Санхүүжилт хүсэх тухай болон 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаартай Цалингийн тухай албан бичгээр, мөн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн №2-01/20 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятын албан бичиг, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1-01/113 Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бауыржаны албан бичгээр тус тус нотлогдож байна.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б\07 дугаартай Орон тооны бус байцаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний татварын албаны дүрэм-ийн 5.3, Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 906 дугаар тушаалаар батлагдсан Орон тооны бус байцаагч ажиллуулах журам-ын 1.2, 2.1, 5.1-д заасныг тус тус үндэслэн ... Ж.А нарын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Орон тооны бус байцаагчдад олгох цалин, хөдөлмөрийн хөлсний зардал, зохих журмын дагуу Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болсон тул орон тооны бус байцаагчдын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөхөд доорх байдлаар хууль зөрсөн байна.
Үүнд:
1) Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Аийн гарын үсэг зурсан 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай Мэдэгдэх хуудас-аар нотлогдож байна.
Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан №8301000497 бүртгэлийн дугаартай, БЮ14260222 регистрийн дугаартай Төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч Ж.А нь 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр охин Х.Мадинаг төрүүлсэн болох нь нотлогдож байгаа тул хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөхийг хориглоно гэсэн заалтыг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...хэрэв орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2) Хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 дугаартай Орон тооны бус байцаагч томилох тухай тушаалаар нэхэмжлэгч Ж.Аийг тус хэлтсийн татварын орлогын тасагт 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаагаар түр томилсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй ба хариуцагч энэ тушаалыг гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-ыг зөрчсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг 3 сарын дотор дахин бий болсон тохиолдолд тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасан ба Баян-Өлгий Татварын хэлтсийн Цагааннуур боомт дахь татварын орон тооны бус байцаагчийн орон тоо хасагдаагүй бий болсон байхад нэхэмжлэгч Ж.Аийг томилоогүй мөртлөө өөр хүнийг томилсон байна. Энэ нь тус хэлтсийн Цагааннуур тосгон дахь Улаанбайшинтийн боомт хариуцсан орон тооны бус байцаагчаар Х.Хасымханыг томилсон хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга нь 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/14 дугаартай Орон тооны бус байцаагч томилох тухай тушаалаар нотлогдож байна.
3) Хариуцагч Ж.Аийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Монгол Улсын Төсвийн тухай хууль 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүчингүй болсон байхад энэ хуулийг үндэслэл болгосон нь буруу байна. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төсвийн тухай хууль дагаж мөрдөгдөж байгаа.
4) Нэхэмжлэгч Ж.А нь ажиллах хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар цалинг 3 сарын хугацаагаар хасуулж байсан гэх боловч энэ тушаалыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаа өнгөрсөн байна.
Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Аийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б\07 дугаартай Орон тооны бус байцаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын Ж.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Аийг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн Цагааннуур боомт дахь татварын орон тооны бус байцаагчаар эгүүлэн тогтоож, энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б\07 дугаартай Орон тооны бус байцаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын Ж.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Жантекей ханкелди овогт Жанузахын Анаргүлийг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн Цагааннуур тосгон дахь Улаанбайшинтийн боомт хариуцсан татварын орон тооны бус байцаагчаар эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн санхүүгээс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК