Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

 

 

 

 

 

 

 

 2022          03           04                                        2022/ШЦТ/159

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч П.Х- түүний өмгөөлөгч А.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Г овогт П-ын Х-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2103003900057 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймаг Батсүмбэр суманд төрсөн, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо ...  дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт П-ын Х-.

 

Шүүгдэгч П.Х- нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандангийн хойд талын автобусны буудлын замд Mitsubishi Rosa маркийн ХХ-ХХУАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 3.7-д заасан “Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Өлзийтогтохыг мөргөж, улмаар амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Х- мэдүүлэхдээ: “Тэр өглөө Гандангийн арын замаар явж байгаад баруун гар талд хүүхэд суулгасан автобус явж байсныг харсан. Тэгээд чигээрээ урагш харсан чинь хүн гүйж орж ирээд тоормос гишгээд зогссон. Тэгээд сандарсан. Маш их гэмшиж байна. Хэн хэнд нь хэцүү байна. Анхаарал болгоомжгүйгээс болж нэгнийхээ амь насанд хүрсэн нь хэцүү байна. Хэдий хохирлыг барагдуулсан ч гэсэн хүний амь гэдэг утгаар хүнд тусч байна” гэв.

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4-11 дэх тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал. /хэргийн 13-14 дэх тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 15-20 дахь тал/,

 

Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “... камерын бичлэг бүхий саарал өнгийн 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 21 дэх тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн “... 2 дахь автобусны урдуур хар бараан өнгийн хувцастай ногоон өнгийн хантаазтай явган зорчигч алхаж гарч ирээд зорчих хэсгийн 2,3 дугаар эгнээнд явж байсан машинуудын урдуур чигээрээ гарч тусгаарлах зурвас дээр ирээд баруунаас зүүн тийш чиглэлийн замын 3 дугаар эгнээ рүү орохдоо тухайн замаар явж байсан тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөгөөд чигээрээ алхаж 2 дугаар эгнээ рүү ороод 07:00:36 секундэд тухайн эгнээгээр явж байсан шар өнгийн автобус тухайн явган зорчигчийг мөргөж 1 дүгээр эгнээ рүү орж зогсож байгаа дүрс бичигдсэн байна. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 22 дахь тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цогтбаатарын “... Талийгаачийн эмчилгээний зардал болон оршуулгын зардалд нийт баримттай 5,739,552 төгрөг, баримтгүйгээр Монгол уламжлалын дагуу оршуулга үйл, лам шашны дагуу хийж гүйцэтгэсэн ажиллагааны өглөг, бусад буяны үйлд зарцуулсан 2,000,000 төгрөг нийт 7,739,552 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр гомдол санал хүсэлт байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-26 дахь тал/,

 

Г.Энхбаярын иргэний нэхэмжлэгч болон хариуцагчаар өгсөн “... Mitsubishi Rosa маркийн ХХ-ХХУАА улсын дугаартай автобус миний нэр дээр байдаг, миний эзэмшлийнх. Тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалтай. ...Үнэлгээ хийлгэхгүй ээ. Эвдрэл гэмтэл байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46 дахь тал/,

“... Би тухайн үед жолоо бариагүй учир би хариуцахгүй байх болно. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 11573 дугаартай:

“1. Ц.Өлзийтогтохын биед суурь яс, хоёр талын хөхлөг сэртэн, дух ясны хугарал, их тархины баруун, зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хоёр сарвуу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 68-69 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2582 дугаартай:

“... 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач дээрх гавал тархины гэмтлийн улмаас зогсонгишлын хатгалгаагаар хүндэрч амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 74-84 дэх тал/

 

Автотээврийн Үндэсний төвийн ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 7445497 дугаартай:

“...1. ... Харин тоормосны гэрэл асахгүй, зуны улирлын дугуйтай, хойд бүртгэлийн дугаарыг стандарт бусаар зүүсэн, урд нүүр хэсэг зүүн гар талдаа 60х80 см орчим талбайд хонхойж будаг халцарсан, галын хор, эмийн сан ослын тэмдэг байхгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 90-95 дахь тал/,

 

Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дугаартай “...1. Mitsubishi Rosa маркийн ХХ-ХХУАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Х- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” Мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 3.7-д заасан “Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ц.Өлзийтогтох нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 98-99 дэх тал/

 

П.Х-ийн яллагдагчаар өгсөн “... Би өдий хүртэл буруу муу юм хийхгүй, хүнд тус дэмтэй явъя гэж бодож ирсэн боловч ийм зүйл болсонд маш их харамсаж, гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 111-112 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

          Шүүгдэгч П.Х- нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандангийн хойд талын автобусны буудлын замд Mitsubishi Rosa маркийн ХХ-ХХУАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Өлзийтогтохыг мөргөсний улмаас түүний биед гавал тархины гэмтэл учирч, гэмтлээс үүдэлтэй зогсонгишлын хатгалгаагаар хүндэрч амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч П.Х- нь Mitsubishi Rosa маркийн ХХ-ХХУАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй буюу явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Өлзийтогтохыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсонгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цогтбаатар “... П.Х-т ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид “1,239,552 төгрөг, 2,000,000 төгрөг, /хэргийн 127, 128 дах тал, 3,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг /хэргийн 122 дахь тал/ нийт 7,739552 төгрөг төлсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт нэмж гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Х- авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” шийдвэр гаргахад харшлах тул улсын яллагч болон өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” журам нь “хохирол нөхөн төлсөн” байхыг шаардах бөгөөд энэ хэрэгт хүний амь нас хохирсон нь хохирол нөхөн төлсөн гэсэн ойлголтод хамаарахгүй юм.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “хохирогчийн гарцгүй газраар зам хөндлөн гарч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүний эрх чөлөөг хязгаарлаж, олон нийтээс тусгаарлаж хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Х-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, П.Х-ийн жолоочийн №2421 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт П-ын Х-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Х-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Х- зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, П.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, П.Х-ийн жолоочийн №2421 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан П.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ