Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

 

 

 

 

 

 

 

 2022          03           04                                        2022/ШЦТ/160

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч З.Г-, П.З-, Б.Б-,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Үхэр цагааныхан овогт Загдхорлоогийн Г-, Ш овогт П-ын З-, Б овогт Б-ын Б- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105014140024 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, .... ХХК-д үрлийн машинист ажилтай, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Хан-Уул дүүрэг ... дугаар хороо Жаргалант ... дугаар гудамж ...  тоот,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ү овогт З-ын Г-.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг ... дүгээр хороо ... дугаар гудамж .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт П-ын З-.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төсрөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо... байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээрс арын 24-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Б овогт Б-ын Б-.

 

Шүүгдэгч З.Г-, П.З-, Б.Б- нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 21-нээс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүн нүүр зочид буудлын гадна хохирогч Г.Тулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.З- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Д.Тулгын “... 2021 оны 7 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед эхнэр Золзаяатай хамт гэр рүүгээ алхаад харьж явсан. Тэгээд Гүн нуур зочид буудлын урд талд хэсэг хүмүүс бөөгнөрөөд зогсож байхаар нь хажуугаар нь өнгөрч явтал нэг залуу нь намайг түлхсэн. Тэгээд замаа харж яваач гэтэл тэр залуу миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгтэл хажуугаас хамт явж байсан хүмүүс нь орж ирээд намайг газарт унагаагаад дээрээс дэвсээд өшиглөөд эхэлсэн. Тэгээд би газраас босоод ертөнцийн зүгээр баруун тийшээ эргээд хорооллын эцэс Hawai тал руу зугтаасан. Тэгтэл хойноос хүн ирээд хатуу зүйлээр толгой руу нэг удаа цохиод би ухаан алдаад унасан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Хэд орчим минутын дараа би сэргээд босож иртэл хажууд хэн ч байхгүй болохоор нь гэр рүүгээ явсан. Тэгээд гэрийн үүдэнд очоод байж байтал эхнэр цагдаагийн хамт нэг залууг нь барьчихлаа гээд ирж байсан.

... Дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг зугтааж байхад хойноос нэг нь ирээд хатуу зүйлээр цохиход учирсан. Бусад гэмтлүүдийг Гүн нуурын урд талд бөөнөөрөө нийлээд газарт унагаагаад өшиглөж цохиход учирсан. Яг хэн нь хаана яаж цохисныг нарийн хараагүй. Хичнээн хүн байсныг би өөрөө харах боломжгүй байсан тул хэдэн хүн цохиж зодсоныг хараагүй.

... Би тэр хүмүүстэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Намайг нэг залуу нь мөрлөхөөр нь би замаа харж яваачээ гэж хэлтэл нэг нь өшиглөөд тэгээд л бөөнөөрөө газарт унагаагаад зодсон.

... Ойролцоогоор 1,000,000 гаруй төгрөгийн зардал гарсан байгаа. Би баримтуудаа гаргаж өгөх болно. Мөн тухайн үед зодуулж байхад миний Nike гэсэн бичиглэлтэй 50,000 төгрөгийн үнэтэй аваад 2 хонож байсан малгай алга болсон. Мөн өмсөж явсан 40,000-50,000 төгрөгийн үнэтэй фудволк, хосоор нь 180,000 төгрөгөөр 4 жилийн өмнө авч байсан 1,5 граммтай өрөөсөн ээмэг алга болсон. Эдгээр хохирлуудаа нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дахь тал/

“...Гүн нуурын орчмоос зодолдож эхлээд Hawai фитнесийн орчим явж байхад араас модоор цохиод би ухаан алдаж унасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дахь тал/

Гэрч Н.Золзаяагийн “... Гүн нуур зочид буудлын урдуур өнгөрч байтал тэнд зогсож байсан нэг залуу манай нөхрийг мөрлөхөөр нь манай нөхөр замаа харж яваач гэж хэлтэл тэр залуу манай нөхрийг өшиглөөд унагаасан. Тэгтэл цаанаас нь миний харснаар 4,5 залуу ирээд манай нөхрийг дээрээс нь өшиглөж зодсон. Тэгээд тэнд байсан нэг хүүхэн бас над руу орилж дайраад би тэр хүүхэнтэй маргалдаж байхад Гүн нуур зочид буудлаас нэг тогооч бололтой залуу гарч ирээд манай нөхрийг зодож байсан залуучуудыг холдуулж салгасан. Тэгээд манай нөхөр газраас босоод хорооллын эцэс тал руу зугтаж байтал хойноос нь нэг мод барьсан залуу очоод ар дагз руу нь цохиж унагаасан. Тэгээд би 102 дугаарт залгаж цагдаа дуудтал манай нөхрийг зодсон 4 залуу 78 дугаар сургуулийн хажуугаар зугтаасан.

... Хамгийн эхлээд манай нөхөртэй маргалдсан залуу 183 см орчим өндөртэй, шар царайтай, 20-25 орчим настай, хар өмд, хар фудволктой байсан. Харин модоор цохидог нь эхний залуугаа бодвол намхан, хэвийн жинтэй мөн 24-26 орчим настай, цэнхэр өнгийн хувцастай харагдсан. Бас нэг удаан хүрэн өнгийн малгайтай цамцтай дунд зэргийн нуруутай залуу байсан. Би бусад хүмүүсийг нь харж чадаагүй. ..” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дэх тал/

 

Гэрч П.Батбямбын “... Г- үл таних нэг залууг мөрлөтөл тэр ах уурлаад Г-той маргаад тэр ах Г-ыг нэг цохиод Г- эргүүлээд тэр ахын нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би дундуур нь ороод тэр ахаас уучлалт гуйгаад манай хүн согтсон байна, уучлаарай гээд эргэж байтал З- ирээд тэр үл таних залуутай шууд зодолдоод эхэлсэн. Тэр үед би Г-ыг аваад холдсон. Тэгтэл тэр залуу З-тай зодолдож байгаад салаад зугтаатал араас нь Б- гүйж очоод толгой хэсэг рүү нь модоор цохисон.

... Эхлээд Г- маргалдаж үл таних ахын нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд би салгах гэж байтал З- ирээд тэр залуутай барилцаад зодолдоод эхэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дахь тал/

 

Гэрч И.Мөнхсайханы “ ... Б-, Г-, З- гурав 2, 3 үл таних хүмүүстэй зодолдоод байсан. Тухайн үед яг машины зогсоол дээр 2 машины дундуур нь ороод зодолдоод байсан болохоор хэн нь хэнийгээ хаана нь яаж цохисныг хараагүй. Тэр үед Г-ын найз Батбямба ирээд зодооныг салгах гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6764 дугаартай:

“1. Д.Тулгын биед баруун талын духны дэлбэнгийн голомтлог няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун, хацар, нуруу, зүүн бугалга, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 41-42 дахь тал/

 

Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 48-49 дэх тал/

 

З.Г-ын яллагдагчаар өгсөн “ ... Тэгээд би хажуугаар нь зөрөхдөө тэр ахыг мөрлөчихсөн чинь тэр ах яагаад байгаа юм бэ гээд орилохоор нь би нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл тэр ах яагаад байгаа юм бэ гээд миний хоолойг боогоод би түр зуур ухаан алдаж босож ирээд шууд зугтаасан. Тэгээд зугтаад хорооллын Tse пабын хажуу руу очиж зогсож байгаад буцаад хорооллын эцэс рүү явж байтал З-, Б- нар надтай зодолдсон залуутай зодолдож байгаад нэг нь зугтаарай гэж орилоод Б-, З- бид 3 хорооллын дунд зам руу орж зугтаасан. Тухайн үед Б- тэр үл таних залууг эхлээд алимны хайрцагаар цохиод дараа нь замын бордюраар цохих гээд чадалгүй байж байгаад замын хажуугаас мод түшүүлээд тавьчихсан байсан хадаастай модыг авч ирээд тэр залуугийн толгой руу цохисон гэж байсан. Би яг энэ үйл явдлыг хараагүй. Бид нар маргааш нь хамт явсан Мөнхсайханаас асуухад тэгж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 57-59 дэх тал/

 

П.З-ын яллагдагчаар өгсөн “... Тэгээд Г- түрүүлж пабаас гараад араас нь Б- бид хоёр тооцоо хийчхээд гараад иртэл Г- үл таних нэг залуутай маргалдаад барьцалдаад зогсож байсан. Тэгээд бид хоёр явж очоод салгах гэтэл тэр үл таних залуу намайг нэг удаа цохиод авахаар нь би тэр залуутай маргалдаад зогсож байтал тэнд бөөн бужигнаан болоод хоорондоо зодолдоод эхлэхээр нь би Б-ын хамт хорооллоор уруудаад зугтаж байтал нөгөө үл таних залуу хамт явсан эмэгтэйгээ хамт хойноос дуудаад хүрээд ирэхээр нь би заамдаж барьж аваад газар унагааж байгаад ганц хоёр удаа өшиглөж цохиж байгаад нэг нь зугтаарай больцгооё гэхээр нь босоод зугтаасан. Тэгээд бөөнөөрөө тал тал тийшээгээ зугтааж байгаад би цагдаад баригдчихсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 66-68 дахь тал/

 

Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...Тэгээд бид нар хорооллын замаар явж байтал Г- гүйж ирээд би сая гоё цохилоо гэхээр нь хэнийг вэ гэж байтал араас нэг үл тэних том биетэй залуу хүрч ирээд над руу дайраад ирэхээр нь би алимны хайрцаг аваад тэр залууг нэг удаа цохисон. Тэгээд нөгөө алимны хайрцаг бутарч унаад тэнд бөөн бужигнаан зодоон болсон. Тэгж байгаад З- тэр үл таних залуутай маргалдаж байхаар нь би буцаж гүйгээд замын хажуугийн гуанзны гадна байсан паркетан модыг аваад чи муу ямар овоо юм бэ гээд тэр залуу руу дайраад хажууд байсан нэг эмэгтэй урдуур орж ирээд цохиулсан. Тэгтэл хажууд зогсож байсан эмэгтэй над руу дайраад чи яагаад хүн цохиж байгаа юм гэхээр нь би цохиогүй гэж гүрийгээд би цохиогүй гэчхээд хорооллоор уруудаад зугтааж байтал нөгөө үл таних залуу ардаас нь ирээд Золоог нэг удаа цохиод З- тэр хоёр барилцаж аваад газарт унаад өнхрөөд хоорондоо зодолдоод байхаар нь Батбямба очоод З-ыг салгаад бид дөрөв зугтаасан. Тэгээд би эргээд хүн хараад ирье гээд буцаж нөгөө зодолдсон газраа очтол нөгөө залуу байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 75-77 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

          Шүүгдэгч З.Г-, П.З-, Б.Б- нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 21-нээс 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүн нүүр зочид буудлын гадна хохирогч Г.Тулгатай маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч З.Г-, П.З-, Б.Б- нар нь бүлэглэн Г.Тулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэнгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Г.Тулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6764 дугаартай тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэрэгт хохирогч Г.Тулгын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлын баримтаар 1,721,400 төгрөг /хэргийн 86-89 дэх тал/, эд хөрөнгө буюу түүний өмсөж явсан фудволк, ээмэг, малгай зэрэгт Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 141,000 төгрөг нийт 1,862,400 төгрөг тогтоогдож байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн, хохирогчийн өмгөөлөгч Ц.Амараас “хохирогч Д.Тулга нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авч, шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч З.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгийн торгох ял, Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч З.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан З.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 450,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтэн эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ..

Мөн шүүгдэгч П.З-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Г-, Б.Б-, П.З- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Үхэр цагааныхан овогт Загдхорлоогийн Г-, Ш овогт П-ын З-, Б овогт Б-ын Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэнгэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Г-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар, П.З-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Б.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан З.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх торгох ялыг 1,250,000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Г-, П.З-, Б.Б- нарыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Г-, П.З-, Б.Б- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, З.Г-, Б.Б-, П.З- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар З.Г-, Б.Б-, П.З- нараас тус бүр 620,800 төгрөг гаргуулж Баянгол дүүрэг 7 дугаар хороо 30 дугаар байр 63 тоотод оршин суух Шадав овогт Даваагийн Тулгад /РД:УХ88073017/ олгосугай.

8. Хохирогч Д.Тулга нь цаашид гарах хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан З.Г-, Б.Б-, П.З- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан З.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх торгох ялыг 1,250,000 төгрөгөөр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан З.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх торгох ялыг 1,250,000 төгрөгөөр тогтоов.