| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00404/И |
| Дугаар | 130/ШШ2017/00489 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2017/00489
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 130/ШШ2017/00489 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух, Найман овогт К.Д д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 6000000 төгрөг, хүү 15000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 369863 төгрөг, нийт 6384863 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; К.Д нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Алтай сумын Сум хөгжүүлэх сангаас бүгд 6000000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан юм. К.Дд зээл олгох тухай сумын Засаг даргын захирамж гарч улмаар түүнтэй зээлийн гэрээ байгуулсан юм.
Гэтэл К.Д нь зээл төлөх гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээл 6000000 төгрөг, хүү 15000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 369863 төгрөг, нийт 6384863 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна.
Өнгөрсөн хугацаанд сумын захиргаанаас, сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч Д.Бахытгүл зээлээ төлөхгүй байна. Ер нь сум хөгжүүлэх сангаас олгосон зээл маань тухайн иргэнд олгосон буцалтгүй тусламж биш, тодорхой хугацаан дараа эргэн төлөгдөж байх ёстой сангийн хөрөнгө юм.
Иймд хариуцагч К.Даас үндсэн зээл 6000000 төгрөг, түүний 2 жилийн хүүгээс үлдсэн 15000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний 25 сарын хүү 369863 төгрөг, нийт 6384863 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа; К.Даас сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 6000000 төгрөг, түүний 2 жилийн хүүгээс үлдсэн 15000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний 25 сарын хүү 369863 төгрөг, нийт 6384863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
К.Д нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 2200000 төгрөгийг сум хөгжүүлэх санд төлсөн болно гэжээ.
Хариуцагч К.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2200000 төгрөгийг төлсөн. Одоо үлдсэн мөнгийг 8, 9 дүгээр сард төлж өгөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, К.Дд холбогдох үндсэн зээл 6000000 төгрөг, түүний 2 жилийн хүүгээс үлдсэн 15000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний 25 сарын хүү 369863 төгрөг, нийт 6384863 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.Д нь нэхэмжлэгч байгууллагад 2200000 төгрөгийг бэлэн төлж, үлдсэн мөнгийг төлж өгөхөөр болж энэ тухай тайлбараа нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын албан бичгийн хамт ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч К.Д нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжилсэн 4184863 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч К.Даас 81908 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч К.Д нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжилсэн 4184863 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч К.Даас 81908 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч К.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК