Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00490

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00490

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Агсум овогт О.Ц ий хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Партизан нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, 1979 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл халуун усны эрхлэгч, клубт уран сайханчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч О.Ц шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1973 онд Ногооннуур сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, 1973 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс МХЗЭвлэлийн илгээлтээр Ногооннуур сумын Партизан нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1975 оны 6 дугаар сарын 01-нээс 1978 оны 8 дугаар сарын 02-ны хүртэл цэргийн алба хаасан юм. 1979 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мөн нэгдэлд халуун усны эрхлэгч, нэгдлийн клубт орон тооны уран сайханчаар 1990 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл ажилласан.

Миний цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэн миний Ногооннуур сумын Партизан нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, 1979 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл халуун усны эрхлэгч, клубт уран сайханчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч О.Ц шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Би 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нас 60 хүрч тэтгэврийн нас болсон учраас тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж очиход миний ажилласан жил 15,6 жил байсан. Миний ажилласан жил нийтдээ 28 жил байх ёстой.

Иймээс бусад баримт, мөн архиваас олдсон болон өөрт байсан баримтаа олж аваад шүүхэд хандсан. Би анх 1973 онд 7 дугаар ангиа төгсөөд 1975 онд цэрэгт татагдаж 1978 онд цэргийн алба хаасан. Ингээд 1978 онд халагдаад 1979 онд Ногооннуур сумын Партизан нэгдлийн халуун усны эрхлэгчээр ажиллаж байгаад 1985 оноос тус сумын клубт уран сайхны уран сайханчаар 1991 он хүртэл 6 жил ажилласан. 1991 оноос 2011 он хүртэлх жилээ тооцуулж авсан.

Одоо миний тэтгэвэр доод хэмжээгээр тогтоогдсон учраас ажилласан жилийг минь тогтоож өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл 1979 оноос 1985 он хүртэл халуун усны эрхлэгчээр, 1985 оноос 1990 он хүртэл сайн дурын уран сайханчаар Ногооннуур сумын Партизан нэгдэлд ажилласан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч О.Ц нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Партизан нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл малчнаар, 1979 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний хүртэл Ногооннуур суманд халуун усны эрхлэгч, клубт уран сайханчаар ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүссэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөрийн 303 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагч О.Цд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ногооннуур сумын Партизан нэгдэлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчиний эвлэлээс 1988 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 594892 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, хамт ажиллаж байсан хүмүүс болох Б.Ж, Б.Б, Х.Ж нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээс үзэхэд О.Ц нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Партизан нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-нээс 1985 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл засварчин, мужаанчин, барилгачнаар, 1985 оны 1 дүгээр сарын 17-ноос 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл клубын орон тооны уран сайханчаар тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчаас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Партизан нэгдэлд 1973 оны оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүссэн боловч энэ тухай шууд нотлох баримт байхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд О.Ц нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Партизан нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-нээс 1985 оны 1 дүгээр сарын 17-ны өдррийг хртэл засварчин, мужаанчин, барилгачнаар, 1985 оны 1 дүгээр сарын 17-ноос 1990 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл клубын орон тооны уран сайханчаар тус тус ажиллаж байсныг тогтоож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Партизан нэгдэлд 1973 оны оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.Ц нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Партизан нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-нээс 1985 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл засварчин, мужаанчин, барилгачнаар, 1985 оны 1 дүгээр сарын 17-ноос 1990 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл клубын орон тооны уран сайханчаар тус тус ажиллаж байсныг нь тогтоож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Партизан нэгдэлд 1973 оны оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл малчинаар ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Ций улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК