Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

2022             03           09                                      2022/ШЦТ/178

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Т.Баянмөнх, 

шүүгдэгч Х.С- түүний өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас У овогт Х-ын С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105011421184 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, казак, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ....дүүрэг ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод түр оршин суух, Баян-Өлгий аймаг ... сум .. дүгээр баг ... гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эрүүгийн 2106018891523 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, У овогт Х-ын С-.

 

Шүүгдэгч Х.С- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар 2020 оны 10 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар гудамжны 147 тоот хашаанд байсан хохирогч Б.Энхжаргалын эзэмшлийн ХХ-ХХ УНМ улсын дугаартай, “Старлет” маркийн тээврийн хэрэгслийг түүнээс 2,000,000 төгрөгөөр худалдаж авна хэмээн хууран авч хохирогч Б.Энхжаргалын өмчлөх эрхэд 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зөрүүтэй байна. Анх хохирогч Б.Энхжаргал хэлэхдээ манай дүүгийн машин байгаа, төмрийн хогонд өгөх гэж байгаа, 200,000-300,000 төгрөгөөр авчих гэж хэлж байсан. Хэргийн материалд Б.Энхжаргалын эзэмшлийн машин мөн эсэх нь тогтоогдоогүй, нотлох баримт байхгүй байна. Энэ талаар гэрч нар мэдэж байгаа. Тухайн машиныг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхжаргал мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сар хавьцаа машин засдаг гэхээр нь манай ахын хашаанд явдаггүй машин байгаа үзээд өгөөч цахилгааны жоохон гэмтэлтэй гэж хэлсэн. Тухайн үед нэг казак залуутай ирээд 10 гаруй минут үзээд болох юм байна гэж хэлсэн. Бид хоёр нэг байрны нэг орц болохоор цуг явж байхдаа нэлээн юм яриад засагдахаар байна уу гэж асуухад жоохон засвар байна гэж хэлсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг хогонд хаях хэмжээний хүн биш учраас хогонд хаяна гэж хэлээгүй. Надаас Х.С- тухайн машиныг яах гэж байгаа талаар асуухаар нь засаад зарах гэж байгаа талаараа хэлэхэд хэдээр зарах гэж байгаа вэ, надад өгчих гэж хэлэхээр нь тэгье 2,000,000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Бид хоёр фейсбүүк болон утсаар харилцаж байгаад 2-3 хоногийн дараа ахын хашаанаас очоод авах гэж байхад нь ахын эхнэр над руу залгаад нөгөө машиныг чинь авч явах гээд ирсэн байна гэхээр нь өгөөд явуул гэж хэлсэн. Дараа нь хэзээ мөнгөө өгөх вэ эхний ээлжид 500,000 төгрөг өгчих, бичиг баримтаа шилжүүлэхдээ үлдсэн мөнгө нь болно гэж тохироод 10 гаруй хоног өнгөрөхөөр нь залгаж ярихад хөл хорио тавьж байгаа болохоор хөдлөх боломжгүй болсон учраас та хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд 01 дүгээр сарын үед залгахад би авто тээврийн осолд орчихсон гэж хэлэхээр нь биеэ сайн эмчлүүлээрэй гэж хэлсэн. Үүний дараа миний машиныг унаж яваад байрны гадна харагдаад байхаар нь очиж уулзах гэж байснаа Ковид-19 халдвар гарсан учраас айл руу хамаагүй ороод хэрэггүй байх гэж бодоод больсон. Тэгээд 04 дүгээр сарын үед фейсбүүк болон утасны дугаар нь холбогдохоо болиод эхнэр рүү нь залгахад эхнэр нь бид хоёр цуг амьдрахаа больсон гэж хэлэхээр нь тухайн орц руу нь ороод асуухад манай байрыг түрээсэлж байсан айл нүүсэн, архи ууж зодолдог айл байсан гэж хэлсэн. Тухайн үед надад өөрийнхөө амьдарч байсан байрыг 03 дугаар сард худалдаж авсан гэж хэлэхээр нь итгэсэн. Ахын хашаанд тухайн тээврийн хэрэгсэл байсан учраас Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад намайг хохирогчоор тогтооно гэж хэлэхээр нь би бүх учрыг нь тайлбарлаж хэлэхэд таны ахаас мэдүүлэг авсан, та Х.С-тай нүүрэлдэж мэдүүлэг өгнө гэж хэлэхээр нь нүүрэлдэж мэдүүлэг өгөхөд Х.С- уурласан маягтай гарын үсгээ зурсан. 10 дугаар сард прокурор дуудаад энэ хүн ял авах учраас нэг удаа боломж олгоё, таны мөнгийг өгнө, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар надаас асуухаар нь чиний оноо нэмэгддэг юм уу, надад ямар хэрэгтэй вэ гэж хэлсэн чинь энэ хүн гэмшсэн тохиолдолд тэгж шийддэг гэж надад тайлбарласан. Үүний дараа хэрэг шүүх рүү шилжих гэж байна, та баталгаа бичээд өгөөч гэхээр нь би баталгаа бичиж өгсөн. Прокурор надад баталгаа бичиж өгөөч гэж хэлээгүй бол би хохирол төлбөрөө аваагүй байж баталгаа бичиж өгөхгүй байсан. Хавтаст хэрэгтэй танилцахад Х.С- хүсэлт гаргаж өгсөн байсан. Тэрэнд хохирогч Б.Энхжаргалын хохирол төлбөрийг барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн байсан.

Мөрдөгч болон прокурор яагаад банкны хуулга зэргийг сонирхож үзээгүй юм бол, над руу залгаж асууж болоогүй юм уу. Би прокурорт надад мөнгө өгөөгүй талаараа хэлсэн. Х.С-ы над руу мөнгө одоо шилжүүллээ гэсэн мессежүүд байгаа. Надад мөнгөө өгөхгүй худлаа хэлээд яваад байсан чинь нэг өдөр шүүх хурал болсон талаар бичиг ирэхээр нь би прокурор руугаа ярихад “би сайн мэдэхгүй байна та давж заалдах шатны шүүхэд өргөдөл, гомдол гарга гэж хэлсэн” гэв.

Хoхирoгч Б.Энхжаргалын “Х.С- 2020 оны 10 дугаар сарын дундуур ХХ-ХХ УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засаж өгнө гэж ярилцаж байгаад сүүлдээ 2,000,000 төгрөгөөр авъя гээд тухайн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 5 дугаар гудамж 147 тоотод байх манай ах болох Б.Энхтүвшингийн хашаанаас ирж авсан. ХХ-ХХ УНМ дугаартай тээврийн хэрэгсэл нь Мэнгүүт Арвижих банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байж байгаад би мөнгийг нь төлж дууссан байсан ч өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм.

Эхлээд 2020 оны 10 дугаар сарын дундуур ХХ-ХХ УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цахилгаан янзална гэж ирж үзэхдээ эгчээ би машиныг чинь 2,000,000 төгрөгөөр худалдаж авъя, та миний дансны хуулгыг хар гээд гар утсаараа хуулгаа үзүүлээд байсан. Би өдөрт 700,000-1,000,000 төгрөгийн орлого олдог. Би Вива сити болон 13 дугаар хорооллын байрыг 2020 оны 3 дугаар сард худалдаж авсан гэж миний итгэл үнэмшлийг төрүүлсэн. Тэгээд би итгээд 2,000,000 төгрөгөөр тохирч ХХ-ХХ УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон гэрчилгээг нь өгч явуулсан.

Би гомдолтой байна. Итгэл үнэмшлийг минь төрүүлж 2,000,000 төгрөгөөр тохирч миний тээврийн хэрэгслийг авч явчхаад 1 жил өнгөрсөн байхад одоо хүртэл мөнгийг минь өгөхгүй байна. Миний 2,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дахь тал/,

 

Гэрч Б.Энхтүвшингийн “2020 оны 10 дугаар сарын сүүлээр манай гэр болох Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард аюушийн 5-146 тоотод гэртээ байж байхад манай төрсөн дүү болох Б.Энхжаргал надад ХХ-ХХ УНМ улсын дугаартай автомашиныг нэг хүн ирж авна гэж байсан. Уг машин нь манай хашаанд байдаг юм. Цахилгаан хальт гэмтэлтэй байсан юм. Тэгээд 3 дахь өдөр санаж байна, үл таних казак нэртэй эрэгтэй хүн ирж үзээд кришик нь жоохон асуудалтай байна гэж хэлээд үзээд яваад өгсөн. Маргааш буюу 4 дэх өдөр нь би ажил дээрээ хоносон болохоор гэртээ байгаагүй. Манай дүү Б.Энхжаргал над руу утсаар залгаад өчигдрийн машин үзсэн эрэгтэйд өгөөд явуулчхаа, наад хүн чинь засварчин, засаад өгнө гэж байсан. Тухайн өдөр манай эхнэр гэрт байсан учир ХХ-ХХ УНМ улсын дугаартай автомашины түлхүүрийг эхнэртээ үлдээсэн. Тэр залууд өгсөн гэсэн. Тэр нь машиныг аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дахь тал/,

 

Гэрч М.Кадирбекийн “... Тэгээд 2020 оны 10 дугаар сарын эхээр над руу Х.С- гэх танил 97111140 дугаараас миний 99945596 дугаар руу залгаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудал дээр ир гэж дуудсан. Тэгэхээр нь би яваад очиход нэг танихгүй хөгшин эмэгтэйгийн хамт явж байсан.

Х.С- тэр үед энэ эмэгтэйгийн машиныг түр унахаар болсон гэж хэлээд хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанаас машиныг нь очиж авахаар болоод танихгүй эмэгтэй бид 3 гэр хорооллын хашаанд очсон. Би хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд хашаанд очиход танихгүй эрэгтэй хүн энэ машин гээд саарал өнгийн жижиг машин зааж өгсөн.

Намайг жолоодож явах үед доголдоод унтрах гээд байсан. Өөр эвдрэл гэмтэл байсан эсэхийг би мэдэхгүй. Миний харснаар нилээдгүй хуучирсан машин байсан санагдаж байна. Би дахиж тухайн тээврийн хэрэгслийг жолоодоогүй. Х.С-тай уулзалдаагүй бараг 1 жил гаран болж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дахь тал/,

 

“Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №01/140 дугаартай “Toyota Starlet маркийн 1997 онд үйлдвэрлэгдсэн 2006 онд Монгол Улсад орж ирсэн автомашин нь манай зах зээл дээр дунджаар 2,000,000 төгрөгийн үнэтэй байх боломжтой болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /хэргийн 39 дэх тал/,

 

            Х.С-ы яллагдагчаар өгсөн “... Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-51 дэх тал/

 

Хохирогч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “... Хохирогч Б.Энхжаргалаас: Х.С- надаас ХХ-ХХ УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,000,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай худалдаж авахаар тохирсон. Тэгээд надад 500,000 төгрөг өгчих гэхэд за гэж хэлээд тухайн тээврийн хэрэгслийг авч явсан. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Х.С- нь 2020 оны 10 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар гудамжны 147 тоот хашаанд байрлаж байсан ХХ-ХХ УНМ улсын дугаартай, “Старлет” маркийн тээврийн хэрэгсэлд техникийн оношилгоо, засвар үйлчилгээ хийхээр Б.Энхжаргалтай тохиролцох явцдаа Б.Энхжаргалын уг автомашиныг худалдан борлуулах хүсэл зоригийг ашиглан хуурч “би машиныг чинь 2,000,000 төгрөгөөр худалдаж авъя, би өдөрт 700,000-1,000,000 төгрөгийн орлого олдог, Вива сити болон 13 дугаар хорооллын байрыг 2020 оны 3 дугаар сард худалдаж авсан” гэж хэлэн итгүүлэн үнэмшүүлж, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуусны улмаас түүнийг төөрөгдүүлэн ХХ-ХХ УНМ улсын дугаартай, “Старлет” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Шүүгдэгч Х.С- нь Б.Энхжаргалын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Б.Энхжаргалд 2,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №01/140 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан тул шүүгдэгчээс 100,000 төгрөг төлсөн болохыг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлсэн тул шүүгдэгчээс үлдэгдэл хохирол 1,900,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Урьд шүүгдэгч Х.С-д Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эрүүгийн 2106018891523 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул өмгөөлөгч П.Гансүхийн “шүүгдэгч Х.С-д Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хууль тогтоогчоос 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан болно.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Х-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.С-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.С- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.С- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.С-аас 1,900,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхжаргалд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ