Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 0354

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 07 өдөр             Дугаар 128/ШШ2019/0354        Улаанбаатар хот

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Э И” ХХК/РД:*******/,

Хариуцагч: Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н,

Гомдлын шаардлага: “Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “...”Э И” ХХК нь Баянгол дүүргийн * дугаар хороо Т гудамж ** төвийн 10 дугаар давхар үйл ажиллагаа явуулдаг. Манай компани хүнс болон ахуйн чиглэлээр импортын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд “И” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ** дугаар хороонд байрлах нийт 525м2 талбай бүхий энгийн агуулахыг түрээсийн гэрээний дагуу түрээслэн ажилладаг болно.

2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Н нь гадаа цаасан хайрцаг шатаасан гэх гомдлын дагуу агуулахад шалгалт хийсэн бөгөөд тус шалгалтын дагуу 3.000.000 төгрөгийн торгууль бүхий шийтгэлийн хуудсыг бичсэн байна.

Компанийн удирдлагын зүгээс хог хаягдлыг ил шатаах аливаа чиглэл өгөөгүй, өгч байгаагүй бөгөөд бөгөөд ажилтан дур мэдэн буруутай үйлдэл хийн хог шатаасан бөгөөд бусдад учирсан хохирол аливаа нөхөн төлбөр байхгүй юм. Хэрэв буруутай гэж үзэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар “Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтад хамаарч байна гэж үзэж байна.

Гэтэл улсын байцаагч манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.4 дэх зүйлийн 1.3-т зааснаар зүйлчлэн 3.000.000 төгрөгийн өндөр торгууль тавьсанд гомдолтой байна.

Мөн түрээслүүлэгч тал болох “И” ХХК-ийг хогийн сав байхгүй гэж 3.000.000 төгрөгийн торгуулийг давхар тавьсан нь тус тус хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. ” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Нэхэмжлэгч компаниас гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлийг дэмжиж байна. Улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан гомдол гаргагч компанид шийтгэл оногдуулсан. Энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу юм. Учир нь  Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн агуулга нь агаарын тухай хууль зөрчих зөрчлийг зохицуулсан байдаг. Дээрх 7.4 дүгээр зүйлийн 1-д “Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг 1.зориуд буруу мэдээлсэн, 2.зориуд буруу мэдээлсэн, 3.Нуун дарагдуулсан бол шийтгэл хүлээлгэх зохицуулалттай. Гэтэл улсын байцаагчийн бүрдүүлсэн баримтаас харахад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, тэмдэглэл, холбогдох нотлох баримтууд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нээх тогтоол, шийтгэлийн хуудас зэрэг баримтад “хог хаягдлыг шатаадаг”, “хогийн савгүй” гэсэн үндэслэлийг бичдэг. Дээрх 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг нь өөр агуулгатай заалт байгаа. Ямар агуулгатай гэхээр холбогдох аж ахуй нэгж байгууллага хортой зүйл, түүний агууламжийг мэдээлэх тухай заалт юм.

Улсын байцаагч бодит байдалд нийцээгүй өөр заалт барьж шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Зөрчлийн үндсэн заалт, шийдвэрлэсэн хуулийн заалт илт зөрүүтэй. Улсын байцаагч хэрэглэх хуулиа мэдэх үүрэгтэй. Гэтэл хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

Зөрчлийн хэргийн материалаас харахад зөвхөн гэрэл зургийг үндэслэж гарсан байсан. Тус гэрэл зураг нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Хаана байрлах, ямар байгууллагын юуг авсан талаар мэдэгдэхгүй хар зураг байсан. Энэ зургийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийтгэл оногдуулсан байдаг.

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хоёр тэмдэглэл үйлдсэн байдаг. Тус тэмдэглэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасныг баримталсан гэсэн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийг харахаар мэдээллийг ямар эцгийн овогтой хэн гэдэг хүн, ямар дугаараас мэдээлэл өгсөн талаар тэмдэглэсэн байх ёстой. Зөрчлийн хэрэгт авагдсан тэмдэглэлийг сүүлд нөхөж хийсэн байхаар харагдаж байна. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэлд “2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт Баянгол дүүргийн * дугаар хорооны иргэн н.Н-ээс “удаа дараа хог шатаагаад байна” гэсэн мэдээллийг хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэсэн байна. Энэ тэмдэглэл дээр гомдол гаргасан хүний гарын үсэг байхгүй, хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй.

Мөн улсын байцаагчаас “удаа дараа шатааж байна” гэж шийтгэлийн хуудас бичсэн боловч удаа дараа шатаасан нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Удаа дараа шатаасан болохыг тогтоосон нотлох баримт байхгүй. Дүгнэлтдээ ингэж тусгасан атлаа хуулийг зөрчиж шийтгэвэр оногдуулсан. Иймд улсын байцаагчийн акт нь хуулийг зөрчиж, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийтгэвэр учраас хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын шаардлагыг дэмжиж байна.” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Н миний бие Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны иргэнээс ирүүлсэн “Баянгол дүүргийн ** дугаар хороонд байрлах “И” ХХК нь удаа дараа хогоо шатаагаад байна. Шалгаж өгнө үү” гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд “Н и” ХХК нь стандартын шаардлага хангасан хог хаягдал цуглуулах савгүй, үйлчилгээний явцад гарсан хог хаягдлаа удаа дараа шатаадаг нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтын дагуу 3.000.000 /3 сая/ төгрөгний торгууль ногдуулсан. Үүнд:

1/ Баянгол дүүргийн ** дугаар хороо нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтран баталсан А/226-А/619 дүгээр тушаал захирамжаар “агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүс”-д хамрагддаг.

2/ Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан

3/ Хог хаягдал цуглуулах зориулалтын савгүй, хог хаягдлаа байнга шатаадаг нь шалгалтын явцад нотлогдсон тул дээрхи заалтаар арга хэмжээ авсан.” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан гэрэл зургийг хар цагаан тодорхой харагдахгүй байна гэж байна. Тухайн өдөр авсан зургийг зөөврийн флашаар авчирсан байгааг судалж болно. Дээрх зургаас удаа дараа хог шатаасан болох нь харагдана. Шалгалтаар очиход тухайн газарт удаа дараа хог шатаасны улмаас бий болсон хөө тортог байсан.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч иргэний мэдээллийг тодорхой бичээгүй байна гэж тайлбарлаж байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдээлэл гомдол гаргагч иргэн өөрийн мэдээллийг нууцлахыг хүсвэл бид мэдээллийг нууцалдаг. Сүүлийн үед хүмүүс регистрийн дугаараа нууцалдаг болоод байгаа. Мөн тэмдэглэлийг нөхөж үйлдсэн байж болзошгүй гэж байна. Зөрчлийн хэргийн товъёог дээр тодорхой байгаа. Зөрчлийн хэргийг прокурор хянадаг тул материал нөхөн хийх боломжгүй.

Хоёр удаа гомдол ирсэн, гомдлыг хүлээн авсан 2 тэмдэглэл байгаа, эдгээр гомдлууд электрон шуудангаар ирсэн. Нийслэлийн шуурхай албаны Etalk гэж электрон шуудангаар гомдол мэдээлэл ирсэн байсан. Энэ гомдол нь нийслэлээс манай хэлтэст, хэлтсийн даргаас надад ирсэн. Ирж байгаа баримтаас бид гомдол гаргагчийн нэр, утасны дугаарыг бичиж авдаг. Шалгалтаар очсон өдрөө гомдол гаргагч руу, эхнэр рүү нь залгаж энэ компанийн байршлыг тогтоосон. Хэрэв шаардлагатай гэвэл утасны залгасан дугаарын хуулбарыг авчирч өгч болно.

Зөрчлийн хавтаст хэрэгт авагдсан зураг зөрчлийг баталгаатай нотолж байгаа гэж үзэж байна. Хог хаягдлын тухай хуулиар хог ил задгай шатаасан бол 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Аливаа иргэн хог хаягдлыг цуглуулах савтай байх ёстой. Гэтэл “И” ХХК-тай байгуулсан гэрээнд хог хаягдлыг устгах талаар тусгаагүй. “Н И” ХХК нь хог хаягдлыг зөөвөрлөх, цуглуулах гэрээ, хог хаягдлыг хаях хогийн сав байгаагүй. Иймээс би стандартын хогийн саванд хог хаягдлаа цуглуулаагүй, шаардлага хангаагүй хогийн саванд хог шатаасан тул “хог хаягдлаа шатаадаг” гэдэг үндэслэлээр Агаарын тухай хуулийг баримталж Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага зориулалтын хогийн савтай байх ёстой учраас Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлээр шийтгэл оногдуулаагүй. Түрээслүүлэгч байгууллагатай байгуулсан гэрээнд хог хаягдлын талаар дурдаагүй. Хэрвээ гэрээндээ энэ талаар тусгасан бол “Н И” ХХК-д шийтгэл оногдуулахгүй байх боломжтой.

н.Б гэж хүн удаа дараа хог шатаасан гэж гомдол мэдээлэл гаргасан. Дараа нь надаас гомдлын дагуу арга хэмжээ авсан уу гэж залгаж байсан. Очиход байсан бодит байдал ямар байсан нь гэрэл зурагт тодорхой байгаа. Хогоо шатааж байхад нь унтраа гэж шаардлага тавихад 2 ажилтан  нь галын хор барьж ирээд унтраасан. Төмөр сараалж, блокоор хашлага хийгээд хогоо цуглуулж, шатаадаг болох нь удаан хугацаанд тогтсон хөө тортогоос нь тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл зориулалтын бус хогийн савтай байсан. Хог хаягдлын тухай хуулинд аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүрэгт хог хаягдлыг хаях зориулалтын савтай байна гэж заасан байдаг. Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд хогийн савын талаар зохицуулсан байгаа.

 

ҮНДЭСЛЭХ нь:

“Н И” ХХК нь Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтаар тус компанид 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Сонгинохайрхан дүүргийн иргэнээс ирүүлсэн “И” ХХК удаа дараа хогоо шатаагаад утаа ихээр гаргаад байна” гэх гомдлоор хяналт шалгалт хийж, тус компанийн агуулахын байрыг гэрээгээр түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “Н И” ХХК нь “хог хаягдал цуглуулах савгүй, хогоо удаа дараа шатаадаг” гэх зөрчил илрүүлж, гэрэл зургаар баримтжуулан улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтаар “Н И” ХХК -д 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн хууль тайлбарлан хэрэглэж дараах үндэслэлээр улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтаар ногдуулсан 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгийн торгуулийн хэмжээг зүйлчлэлийг Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрчлөх замаар 500 нэгж буюу 500.000 төгрөг болгон багасгаж шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн ** дугаар хороонд байрлах И ХХК-ийн агуулахын барилгыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “Н И” ХХК нь “хог хаягдал цуглуулах зориулалтын савгүй, хогоо удаа дараа шатаадаг” гэх зөрчил нь иргэний удаа дараагийн буюу 2019 оны 4 дүгээр сарын 10, 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд гаргасан гомдлын дагуу хийгдсэн хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын тэмдэглэл, улсын байцаагч зөрчлийг баримтжуулсан гэрэл зургууд, тус компанийн агуулах түгээлтийн албаны ахлах менежер Л.С-ын “түрээслэгч компанийн өгсөн тэр талбайд хог хаягдлаа хаядаг, хог хаягдал нь их болохоор хийсдэг, хог ачилт хийхгүй болохоор хог ихээр хуримтлагддаг, тухайн компани эндээ шатааж болно гэсэн болохоор шатаадаг” гэх мэдүүлгээр тогтоогдож байх хэдий ч зөрчилд шийтгэл ногдуулахдаа баримталсан хуулийн зүйл, заалт буруу байна.

Зөрчлийн тухай хуулийн Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил бүлгийн Агаарын тухай хууль зөрчих 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт нь “агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол” хэрэглэх заалт бөгөөд энэ заалтаас “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” гэдгийг дангаар салгаж ойлгох боломжгүй, өөрөөр хэлбэл хуулиар хориглосон үйл ажиллагаа гэдгийг дээрх агаарын чанарт сөргөөр нөлөөлөх үйлдэл, үйл ажиллагааны хүрээнд ойлгоно.

Өөрөөр хэлбэл агаарын чанарт сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааны тухай мэдээллийг нуун дарагдуулах, үүнтэй хамааралтай хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа явуулсан байхыг энэ заалт шаардаж байна.

Харин “Н И” ХХК -ийн гаргасан “хог хаягдал цуглуулах зориулалтын савгүй, хогоо удаа дараа шатаадаг” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн Нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил бүлгийн Хог хаягдлын тухай хууль зөрчих 6.1 дүгээр зүйлийн 2 дахь “хог хаягдлыг ил задгай шатаасан” бол шийтгэл ногдуулах хэсгийг баримтлах нь илүү зохистой ба энэ нь мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэх хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1 дэх “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцнэ.

Хариуцагч “төмөр сараалж, блокоор хашсан зориулалтын бус хогийн савтай, түүндээ хогоо шатаасан үндэслэлээр шийтгэл ногдуулсан, гэхдээ ил задгай хог шатаасан гэж үзэж болохгүй, “ил задгай” гэдгийг нийтийн эзэмшлийн талбайг ойлгоно, хог хаягдлыг устгах журмыг зөрчсөн гэж үзэхгүй, хог хаягдлыг зохих зөвшөөрөлтэй этгээд устгах эрхтэй, “Н И” ХХК хог хаягдлыг устгах эрхтэй этгээд биш тул агаарын тухай хууль зөрчиж хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн” гэх агуулгаар шийтгэл ногдуулсан хуулийн зүйл заалтыг тайлбарлажээ.

Иргэн, аж ахуйн нэгж нь хог хаягдлыг зориулалтын /асгарч, хийсэхээргүй/ саванд цуглуулж, эрх бүхий этгээд гэрээний дагуу тээвэрлэж, эрх бүхий этгээд ... устгах журамтай, эрхгүй этгээд хог хаягдлыг устгах, тэр дундаа зориулалтын бус газарт шатаах эрхгүй, тийм байтал зориулалтын бус саванд /цэгт/ хог хаягдлаа цуглуулж, шатаасан этгээдийг нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журам зөрчиж хог хаягдлыг ил задгай шатаасан гэж үзэж, энэ зөрчилд нь шийтгэл хүлээлгэхээр байна. 

“Ил задгай” гэдгийг энэ тохиолдолд зөвхөн нийтийн эзэмшлийн зам талбайгаар хязгаарлахгүй, орчиндоо үзүүлж буй хор уршгаас үзэхэд хог хаягдлыг ил задгай шатааж орчны агаарыг бохирдуулсан гэж дүгнэхээр байна.

“И” ХХК, Н ХХК-ийн хооронд байгуулсан агуулахын түрээсийн гэрээнд хог хаягдлыг хэрхэх талаар тусгаагүй байх тул үйл ажиллагааны явцад гарсан хог хаягдлаа “Н И” ХХК хариуцна гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

“И” ХХК нь агуулахын зарим хэсгийг түрээсэлсэн, зарим хэсэгт нь өөрийн үйл ажиллагааг явуулдаг, мөн л “хог хаягдал цуглуулах зориулалтын савгүй, хогоо удаа дараа шатаадаг” гэх зөрчил тогтоогдсон үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 0066666 дугаартай шийтгэлийн хуудсаар тус компанид Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтаар 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан байх бөгөөд үүнийг нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй.

Иймд улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтаар ногдуулсан 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгийн торгуулийн хэмжээг зүйлчлэлийг Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрчлөх замаар 500 нэгж буюу 500.000 төгрөг болгон багасгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтаар ногдуулсан “3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг”-ийн торгуулийн хэмжээг мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж “500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг” болгон багасгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА