| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00462/И |
| Дугаар | 130/ШШ2017/00491 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2017/00491
| 2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 130/ШШ2017/00491 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух, Жантекей тейлах овогт С.З ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч С.З шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Хүмүүс миний нэрийг Завод гэдгээр нэрлэдэг. Паспорт болон бусад материал дээр Заводхан гэж бичигдсэн байдаг. Анх хөдөлмөрийн дэвтрээ нээлгэхэд Заводхан гэж бичсэн байсан. Дараа нь малын эмчээр болон цаг уурын техникчээр ажилласан тушаал дээр Завод гэж бичсэн байсан. 1995 онд нийгмийн даатгалын дэвтэр нээхэд Завод гэж бичсэн байсан. Бусад материалууд дээр Заводхан гэдгээр явж байгаа.
Сая тэтгэвэрт гарах гээд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст очиход таны нэр зөрсөн байна, шүүхээр тогтоолгож ирээрэй гэсэн. Миний ажилласан жил 17 жилээр тогтоосон. Уг нь би улсад 38 жил ажилласан. Тийм учраас хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож өгсөн. Иймээс би хохирогч байгаа учраас миний хүсэлтийг хангаж өгөхийг хүсэж байна. Зөвхөн нийгмийн даатгалын дэвтрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч С.З нь Нийгмийн даатгалын дэвтэр болон тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгөхийг хүсжээ.
1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 307071 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт даатгуулагчийн эцгийн нэр Серенай, нэр Завод, төрсөн он сар өдөр 1957.04.19, паспортын дугаар 521718 гэж бичигдсэн байна.
Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 231/003623 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа болон иргэний үнэмлэхэд овог Жантекей тейлах, эцгийн нэр Серенай, нэр Заводхан, төрсөн огноо 1957.04.19 гэж бичигдсэн байна. Хүсэлт гаргагч С.Зы иргэний үнэмлэх дээр бичигдсэн эцгийн нэр, төрсөн он сар өдөр нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 307071 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт эзэмшигчийн нэрийг Завод гэж бичигдсэн боловч тухайн дэвтэрт бичигдсэн эцгийн нэр, төрсөн огнооны хувьд тохирч байгаа тул нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь С.З мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Мөн БНМАУ-ын Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газрын Баян-Өлгий аймгийн Ус цаг уурын товчооны даргын 1984 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай тушаалаар Заводыг хөдөө аж ахуйн цаг уурын харуул ажиглагчаар томилсон, мөн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар С.Зыг 60 нас хүрч тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдлаас үзэхэд Ус цаг уур орчны шинжилгээний газарт тасралтгүй ажиллаж байсан тул хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь тушаалуудын эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн боловч уг тушаалууд эрх бүхий байгууллагаас гарсан эрхийн актууд бөгөөд тухайн тушаалаар бусад этгээдүүдэд холбоотой үйл явдлуудыг тусгасан баримт бичиг ба архивын нэгжид хадгалагдаж байгаа тул эзэмшигчээр зөвхөн С.Зыг тогтоох боломжгүй болно.
Иймд 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 307071 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь С.З мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 307071 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь С.З мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Зы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК