Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

 

 

 

 

 

 

 

 2022            03           09                                      2022/ШЦТ/185

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч О.Н- түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Б овогт О-ын Н-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102004320008 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүрээ мэдээлэл технологийн дээд сургуулийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэг .. хороо ... дугаар хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-ын Н-.

 

Шүүгдэгч О.Н- нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Нийслэлийн ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн хашаан дотор өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол /tettahydrocannabinol/ -ын агууламжтай өвс гэх нэршилтэй 2 хэсэг ууттай 67,4 грамм, 125,3 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н- мэдүүлэхдээ: “Хэрэг болсон өдөр 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байсан. Хичээлдээ сууж байгаад гэртээ хариад байж байгаад найз охинтойгоо уулзах гээд 20 цаг өнгөрөөгөөд гарсан. Найз охинтойгоо маргалдаад түгжрэл ихтэй байсан тул уулзаж чадаагүй явж байсан. Би 96 дугаар сургуулийн хажуу талд сууж байгаад Бат-Оргилтой уулзах уу гээд 41 дүгээр байрны урд уулзсан. Тэнд хэсэг бүлэг хүмүүс зогсож байсан. Тэгээд довжоон дээр суутал хажуу талд гялгар ууттай зүйл байсан. Тэрийг юу юм бол гээд очоод үзсэн чинь өвс гэх зүйл байсан. Татдаг тамхиныхаа дотор хийгээд хэрэглэж үзсэн. Тэгээд Бат-Оргил бид нар гуанзны хажуу талын шатан дээр ирээд суугаад дэлгүүрээс ундаа авч уусан. 10-20 минутын дараа цагдаа нар ирсэн. Тэгээд бид нар 21 цаг 30 минутын үед баригдсан” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “ ... Үзлэгээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын төмөр хаалгаа дотогш орж ертөнцийн зүгээр урд зүгт явж сургуулийн барилгын мухар хэсэгт очиход ертөнцийн зүгээр урд зүгт харсан хаалганы довжоо мэт зүйл байх бат уг довжооны эргэн тойронд ...цагаан өнгийн гялар ууттай уутан дотор 2 хэсэг гялгар ууттай өвс мэт зүйл байсанг 1,2 гэсэн тэмдэглэгээ тавин эд мөрийн баримтаар хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, бичлэг /хэргийн 8-11 дэх тал/

 

Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “...1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл цэвэр жин 67,4 грамм, 2 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл цэвэр жин 125,3 грамм зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 15 дахь тал/

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... 5,8 дугаар баганад 1 улаан зураас тодорч эерэг илэрснийг тэмдэглэлд тусгай О.Н-ийн шээсийг хаяглаж, битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 21 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4312 дугаартай:

“...1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Н- 2021.09.21 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцийн жагсаалтад хамаарна.”гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт. /хэргийн 34-36 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4306 дугаартай:

“...1.2. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “1”, “2” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл /2ш/ тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- tettahydrocannabinol/ илэрсэн.

дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tettahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцийн жагсаалтад хамаарна.

3. “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 67,4 гр, “2” гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин 125,3 гр байсан ба шинжилгээнд 0,1 гр-г зарцуулав. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 39-41 дэх тал/

 

Шинжээч А.Батбаярын “...3 дугаар асуултын жин тогтоох гэсэн хэсэгт гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин гэж бичих байсныг шилэн савтай гэж бичиглэлийн алдаа гаргасан байна. Уг ургамал мэт зүйлийн жингийн зөрүү гараагүй ба гэрэл зургаар харуулсан болно. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 71-72 дахь тал/

 

Гэрч М.Бат-Оргилын “...Баяржавхлан ямар нэгэн эд зүйлгүй явж байсан. Харин Н- ямар нэгэн зүйл бариад явж байсан. Юу барьж явж байсан талаар нь би мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 82-83 дахь тал/

 

О.Н-ийн яллагдагчаар өгсөн “...Тэр өдөр би эхлээд хэрэглэж тэр өвсийг олж аваад хэрэглэж үзээд дараа нь Баяржавхлан, Бат-Оргил нартай буцаж хамт ирсэн. Шатан дээр үлдээгээд тэр хоёртой уулзахаар явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 100 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

          Шүүгдэгч О.Н- нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Нийслэлийн ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн хашаан дотор өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинол /tettahydrocannabinol/ -ын агууламжтай өвс гэх нэршилтэй 2 хэсэг ууттай 67,4 грамм, 125,3 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Н- нь делта-9 тетрагидроканнабинол /tettahydrocannabinol/-ын агууламжтай өвс гэх нэршилтэй 2 хэсэг ууттай 67,4 грамм, 125,3 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгч О.Н- нь гэмт хэргийн улмаас учруулсан, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэгийн саналыг хүлээн авах боломжгүй  байна.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа 67,4 грамм, 125,3 грамм цэвэр жин бүхий делта-9 тетрагидроканнабинол /tettahydrocannabinol/-ын агууламжтай өвсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Н-ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар О.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа 67,4 грамм, 125,3 грамм цэвэр жин бүхий делта-9 тетрагидроканнабинол /tettahydrocannabinol/ -ын агууламжтай өвсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Н-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ