Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/199

 

 

 

 

 

 

 

 

 2022           03             14                                    2022/ШЦТ/199

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт А-ын А-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105022230170 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д дээж бэлтгэгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүрэг 17 дугаар хороо ... хотхон ... байр ... тоотод оршин суух, Б овогт А-ын А-а.

 

Шүүгдэгч А- нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Батбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар А.Батбаатарын толгой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А- мэдүүлэхдээ: “10 дугаар сарын 23-ны өдөр очихоор болсон. Тэгээд гэр рүү нь хоосон ороод яахав гэж бодоод дэлгүүрээс ойр зуурын сүү болон юм авахаар болсон юм. Тэр дэлгүүр хаагаад 10 минут болсон байсан. Би хаалгыг нь тогшиж байгаад яваад өгсөн. Тэгээд явж байхад ах гарч ирээд араас заамдсан юм. Би сандарсандаа зөрүүлээд 2 цохисон юм. Тэгээд дахиад барьцалдаж байгаад ах бүдэрч унаад би араас нь бүдэрч унасан. Энэ үед манай дүү салгаад удалгүй цагдаа ирээд аваад явсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Батбаатар мэдүүлэхдээ: “Бид 3 дэлгүүрээ хаагаад тооллого тооцоогоо хийгээд байж байсан юм. Цар тахалтай холбоотой 22 цагт хаадаг байсан юм. 22 цаг 20 минутын үед 2 хүүхэд ирээд хаалга нүдээд байсан. Тэгэхээр нь би хаасан гэж хэлсэн. Хаалга нэлээн нүдээд байсан. Тэгсэн араас тас гээд хаалга цохисон. Бид нар цочоод юу болов гэж хэлээд онгойлгосон чинь энэ залуу зогсож байсан. Тэгээд бид нар тайлбарлаж хэлээд хаалга хаасан чинь намайг хаалгатай тас хийтэл хавсарсан. Тэгээд яаж байгаа юм бэ гэсэн чинь энэ залуу гарч ирээд учиргүй нүдсэн. Тэр өдөр Гэмтлийн эмнэлгээр явж MRI харуулсан. Нуруу, толгойгоо компьютер томографт харуулсан. Би нуруундаа эмчилгээ хийлгэдэг юм. Тэрийгээ энэ хүүхдээс нэхэмжлээгүй. Шанааны чамархай тэр чигтээ задарсан. Эрүү шүд хугалсан. Би өөрийнхөө мөнгөөр MRI-д харуулсан. Би илүү зардал яриагүй. Нурууныхаа эмчилгээний мөнгийг л нэхэмжилсэн. Өөр зүйл байхгүй” гэв. 

 

Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “ ... цагаан өнгийн 1 ширхэг CD-г эрүүгийн 210502223 дугаартай хэрэгт тусгаж хавсаргасугай” гэсэн тогтоол. /хэргийн 7 дахь тал/,

 

Үзлэг хийсэн “... А-а эргэж харж хохирогчийг өшиглөөд зуурч аваад хохирогчийн шанаа хэсэг рүү баруун гараараа цохих үед түүнийг эрэгтэй хүн салгаж байна” гэсэн тэмдэглэл. /хэргийн 9-12 дахь тал/,

 

Хохирогч А.Батбаатарын “Би Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Панда нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юмаа. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой 22 цагийн үед дэлгүүрээ хаагаад дэлгүүр дотроо бараагаа тоолоод байж байсан чинь үл таних хүн хаалга цохиод байсан. Би хаалга онгойлгоод харсан чинь үл таних  хоёр /Мөнгөнбагана, Түвшинзаяа/ залуу зогсож байсан. Удалгүй дахиж хаалга чанга цохиод байхаар нь би очоод тайлсан чинь өмнө нүдсэн хоёр залуутай хамт яваа бололтой согтуу нэг залуу нь /А-а/ зогсож байсан. Би тэр залууд хандаж манайх хаасан байна гэж хэлсэн чинь сүртэй пизда вэ гээд хаалга руу гараараа цохих үед хаалга саваад миний толгой руу цохисон. Би хаалгаар гараад ирсэн чинь А-а гэх залуу баруун зүүн гараараа миний  баруун зүүн шанаа хэсэг рүү ээлжилж цохих үед түүнтэй хамт яваа  залуу дундуур ороод салгасан. А-а над руу дахиж дайраад толгой хэсэг рүү гараараа дахин цохиж хөлөөрөө өшиглөх үед би газар унасан.  Энэ үед А-атай хамт явсан залуу нь хүрч ирээд түүнийг болиулаад цааш нь аваад явсан чинь над руу дайраад байсан. Тэгээд цагдаа нар ирсэн.

... Дүгнэлтээр гарсан гэмтлийг миний эрүүл мэндэд А-а гэх залуу учруулсан. Түүнтэй хамт явсан хоёр залуу миний эрүүл мэндэд халдсан зүйл байхгүй. Би эмчилгээ хийлгэсэн. Зураг авхуулсан мөнгө болон хиймэл шүд хийлгэх мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дахь тал/,

 

Гэрч Р.Пагмадуламын “ ... Батбаатарын хамт дэлгүүрийн орлого кассаа хаагаад байж байтал хаалга нүдээд байхаар нь манай нөхөр хаасан гэж хэлээд хаалга тайлж өгөлгүй, хаалга битгий нүдээд бай гэж хэлээд байж байтал хаалга маш чангаар өшиглөж цохиод байхаар нь хаалгаа жоохон онгойлготол дайрч барьж аваад зодсон. 20 орчим насны 4 залуу согтуу бололтой байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дахь тал/,

 

Гэрч А.Мөнгөнбаганы “... А-а машинаас бууж ирээд дэлгүүрийн хаалга цохисон. Дэлгүүрийн эзэн үл таних эрэгтэй хүн гарч ирээд хаасан гээд байгаа юм биш үү гөлөгнүүдээ гэж хэлээд уурлах үед А-а гараараа тус дэлгүүрийн хаалгыг цохисон чинь дэлгүүрийн эзэн төмөр иштэй хогийн шүүрний ишээр А-ыг цохисон. А-а уурлаад үл таних залуутай маргаад түүний цамцнаас нь зуурах үед үл таних хүн мөн адил А-ыг зуурсан. Түвшинзаяа бид хоёр А-а, үл таних залуу хоёрыг салгах гээд дундуур нь орсон чинь үл таних залуугийн эхнэр хүрч ирээд Түвшинзаяагийн гараас зуурч тэр хоёр хэрүүл хийгээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-29 дэх тал/,

 

Гэрч Ч.Түвшинзаяагийн “... Найз А-а мөн адил гуйсан чинь дэлгүүрийн эзэн гэх үл таних эрэгтэй хүн найз руу уурлаад үгээр доромжлоод хаалга хаахаар нь найз уурлаад хаалга руу гараараа нэг удаа цохисон чинь дэлгүүрийн эзэн гэх үл таних эрэгтэй хүн гарч ирээд манай найзыг цохисон. Энэ үед үл таних эрэгтэй хүнтэй А-а маргаад барилцаж аваад түүнийг цохих гэсэн боловч оноогүй.  ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 10358 дугаартай:

“1. А.Батбаатарын биед зүүн чамархайн хуйх, доод уруул, баруун тохойн үенд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 39-40 дэх тал/,

 

А.А-ын яллагдагчаар өгсөн “ ... Тэгээд би машинаас буугаад дэлгүүрийн хаалга цохисон чинь дэлгүүрийн эзэн А.Батбаатар нь дэлгүүр хаасан юм зарахгүй гэж хэлээд дэлгүүртээ оруулахгүй байсан. Тэгэхээр нь би уурлаад төмөр хаалга руу нь гараараа 1 удаа хүчтэй цохичхоод эргэж хараад алхаж байсан чинь дэлгүүрийн эзэн А.Батбаатар миний араас гарч ирэхээр нь эргэж харсан чинь дэлгүүрийн эзэн Батбаатар нь намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдаж аваад баруун зүүн шанаа хэсэг рүү нь гараараа цохих үед дэлгүүрийн эзэн надаас зуурсан. Энэ үед дүү дундуур орж салгасан.

... Би хохирогчоос баримт гаргаж ирвэл хохирлыг нь бүрэн төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

          Шүүгдэгч А- нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Панда нэртэй хүнсний дэлгүүрийн эзэн А.Батбаатартай үйлчилгээ үзүүлсэнгүй гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь зүүн чамархайн хуйх, доод уруул, баруун тохойн үенд шарх, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч А- нь хохирогч А.Батбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч А.Батбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №275 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэрэгт хохирогч А.Батбаатарын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлаар “Хужирт рашаан сувилал” ХХК-нд сувилуулсан 650,000 төгрөгийн баримт гарган өгсөн байх ба түүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “ ... А.Батбаатарын биед зүүн чамархайн хуйх, доод уруул, баруун тохойн үенд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэжээ. /хэргийн 40 дэх тал/

Дээрх дүгнэлтэд нуруунд учирсан гэх гэмтлийн талаар дүгнэлт гараагүй, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “хуучин гэмтэл” гэж мэдүүлж байх тул түүний “Хужирт рашаан сувилалд” сувилуулсан нурууны эмчилгээнд зарцуулсан зардлыг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Дуб ХХК-нд томографийн зураг авхуулсан гэх боловч энэ талаар санхүүгийн баримт хэрэгт авагдаагүй тул гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд тооцох боломжгүй юм.

Харин хохирогчийн гэмт халдлагад өртөх үедээ хугарсан хиймэл шүдэлбэрийн үнэ 80,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч А.Батбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах  дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг  компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А-ас 80.000 төгрөг гаргуулж  Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 5 дугаар гудамж 137б тоотод оршин суух Цорос овогт Аашаагийн Батбаатарт /РД:ЧЙ66022419/ олгосугай.

 

8. Хохирогч А.Батбаатар нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ