Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00492

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00492

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух, Жантекей секел овогт Х.Б ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний анги болон Игилик хоршоонд 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний ангид цэвэрлэгчээр орж ажиллаж, 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс тус сумын Ахуй үйлчилгээний төвд гуталчнаар 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан. Мөн үед тус ахуйн үйлчилгээний төв хувьчлагдан Иглик хоршоо болж өөрчлөгдөхөд мөн адил гуталчнаар 1994 оны 12 дугаар сарын 30-нд тус хоршоо татан буугдсан тул ажлаас чөлөөлөгдсөн юм.

Иймд 1979 оноос 1994 онуудад Дэлүүн сумын Ахуй үйлчилгээ болон Иглик хоршоонд ажилласан 15 жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчХ.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний эгч болох Х.Б нь өөрөө өвчтэй, тахир дутуугийн группт байдаг. Энэ жил 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил тогтоолгох шаардлага гарсан. Тийм учраас архиваас материалуудаа хайж олоод 3 хүний тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, үйлдвэрчний эвлэлийн батлах зэрэг нотлох баримтуудын хамт хүсэлт гаргаж байгаа юм. Иймд Х.Бын 1979 оноос 1994 онуудад Дэлүүн сумын Ахуй үйлчилгээ болон Иглик хоршоонд ажилласан 15 жилийг тогтоож өгнө үү гэв.

 

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч Х.Б нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний анги болон Игилик хоршоонд 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл гуталчнаар ажиллаж байсныг тогтоож өгөхийг шаарджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай ажилчин ажиллуулах тухай тушаал, мөн даргын 1979 оны 11 дүгээр сарын 14-ниы өдрийн 20 дугаартай индүүлэгч ажиллуулах тухай тушаал, Игилик хоршооны 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай ажилчин авч ажиллуулах тухай тушаал, мөн даргын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 40 дугаартай тушаал, хүсэлт гаргагч Х.Бад 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний ангиас олгосон 472240 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлээс 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон 472240 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, хамт ажиллаж байсан хүмүүс болох Б.Кармен, С.Солтанхан, Т.Гүлбат нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд Х.Б нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний анги болон Игилик хоршоонд 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гуталчин, үйлчлэгчээр ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Иймд Х.Б нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний анги болон Игилик хоршоонд 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл гуталчин, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Б нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний анги болон Игилик хоршоонд 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл гуталчин, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК