Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1055

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч П.Ганбаатар,

шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... аймгийн ...... сумын ...... дугаар баг, ........ дугаар гудамж, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ...... дүүргийн ...... дугаар хороо, ...... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Х овогт Лын Э /РД:......... /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Э нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, ......... тоотод иргэн Х.Быг маск зүүж үйлчлүүлсэнгүй гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 931 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Л.Эыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Х.Бын “...Би дүү Алтанзулын хамт 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед өөрийн төрсөн охин Б.Быг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах спорт зааланд үйл ажиллагаа явуулдаг бүжгийн дугуйлангаас нь авахаар очсон. Дүү Алтанзулыг машинд сууж бай гэж үлдээчхээд би ганцаараа спорт заал руу ороод 2 давхар руу гарах гээд шатаар өгсөж байхад Э гэх залуу намайг “чи хаачих гэж байгаа гуйлгачин бэ? маскаа зүү” гэж хэлэхээр нь би “охиноо бүжгийн дугуйлангаас нь авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгтэл миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Тэгээд би буцаж гараад дүү Алтанзулд ахыг нь хүн цохичихлоо гэж хэлээд дүүтэйгээ хамт буцаад орсон. Тэгээд дүү бид хоёр 2 давхар руу гараад намайг цохисон Э гэх залуутай уулзах гээд очсон. Тэгсэн Э над руу уурлаад чам шиг гөлөгтэй ярих юм байхгүй гэж хэлээд дахиад миний толгойн ар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө зүүн мөр рүү 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх16/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6884 дугаар “...Х.Бын биед тархи доргилт, дагзны хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх22-23/,

3. Шүүгдэгч Л.Эын яллагдагчаар өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ......... тоотод үйл ажиллагаа явуулдаг ......  төвд би тухайн өдөр цэвэрлэгч ирээгүй байсан тул би өөрөө шатаа угаагаад байж байтал гаднаас миний өмнө  нь харж байгаагүй 35-40 орчим насны халамцуу маскгүй залуу орж ирээд хажуу талаар унах шахам явахаар нь би маскгүй байна, согтуу хүн оруулахгүй гэтэл тэр залуу би хүнтэй уулзах гээд байна гээд байсан. Тэгэхээр нь би доошоо буугаад уулз би дээрээс дуудаад өгье гэж хэлтэл тэр залуу чи юу юм бэ холд пизда минь би хүнтэй уулзах гээд байна гээд яарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би оруулахгүй гээд цээж хэсэг рүү нь тохойлдоод нүүр хэсэг рүү нь цохитол тэр залуу гараад явчихсан. Тэгээд төд удалгүй нэг эмэгтэй хүнтэй орж ирээд намайг гараад ир үзье гээд байсан. Тэгэхээр нь би “яв аа” гээд түлхтэл хажуу талаас манай эхнэр чи согтуу байна цагдаа дуудлаа шүү гэж хэлтэл тэр залуу гичий минь хамаагүй шүү гээд хэрэлдсэн. Тухайн үед манай эхнэр рүү гараа далайхаар нь би тэр залуугийн хацар руу нь алгадсан. Тэгтэл тэр залуу газар уначихсан. Тэгээд би тэр залууг гар гээд түлхээд шилэн хаалгаар гаргаад хаалгаар гаргаад хаалгаа хаасан ба тэр залуугийн эмэгтэй дүү нь ахыгаа бас холдуултал тэр залуу шилэн хаалга онгойлгох гээд 2-3 удаа татаад сүүлдээ хөлөөрөө өшиглөөд хагалчихаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...Быг би цохиж зодсон. ...Намайг Б цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх118-119/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Л.Э.

Шүүгдэгч Л.Э нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, мэдүүлгээр шүүгдэгч Л.Э нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ......... тоотод үйл ажиллагаа явуулдаг “...... ” үйлчилгээний төв дотор “маскгүй хүн оруулахгүй” гэж хохирогч Х.Бтай маргалдан, улмаар хүч хэрэглэн хохирогчийн биед халдан толгой, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж зодсон болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Эын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Х.Бын биед “тархи доргилт, дагзны хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 6884 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.Бд хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргасан /хх130/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  

Шүүгдэгч Л.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн хохирогч Х.Бын бусдын эд хөрөнгө устгаж, гэмтээсэн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгах ажиллагаа явуулахаар шилжүүлсэн нь /хх126/ мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж дүгнэж байна.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР