| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00375/И |
| Дугаар | 130/ШШ2017/00494 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2017/00494
| 2017 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 130/ШШ2017/00494 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, утас 9******, РД:Б****** Жантекей есагасы овогт Ө.А,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, утас 9*****, РД:Б***** Жантекей овогт Ж.М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, ХААН банкны Баян-Өлгий салбар /захирал Б.Бауыржан, утас 99999324/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бахыт, нэхэмжлэгч Ж.М, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал Б.Бауыржан, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав (Улаанбаатар хотоос онлайнаар), орчуулагч Т.Маншүк, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: ХААН банкны Баян-Өлгий салбарын үйлчлэгчээр эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт 2011 оноос хойш гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гарган, арга хэмжээ авагдаж байгаагүй, тогтвортой сайн ажиллаж ирсэн. Тус банкны байрны 1-р давхар, подвал, АТМ-ны өрөө, банкны гадна талыг цэвэрлэдэг. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр банкны барьцаанд хураагдсан олон жил тоос шороо, шувууны сангасанд бохирлогдсон агуулахад байсан тээврийн хэрэгслүүдийг цэвэрлэхийг шаардсан. Цэвэрлэхээр болж тээврийн хэрэгсэл байгаа газарт очиж үзэхэд цэвэрлэх боломжгүй, ус авах газар нь хол байсан тул цэвэрлэх материал, усыг нь агуулахад оруулж өгөхийг учирлаж хэлэхэд хий гэсэн ажлыг үг дуугүй гүйцэтгэх үүрэгтэй тайлбар тавьсан учир ажлаас гаргалаа гээд мэдэгдэх хуудас өгч миний ажлын байранд өөр хүнийг авч ажиллуулсан юм. Ажил олгогч, ажилтан бидний хооронд гэрээтэй холбоотой маргаан үүсэж зохицон шийдвэрлүүлэх боломжгүй болсон тул шүүхээр шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. Ажил олгогч гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардсан, хөдөлмөрийн гэрээ цуцалсан болон ажлаас халах тухай шийдвэр гаргаагүй, гэрээ дуусгавар болох үндэслэлүүд тогтоогдоогүй зэрэг хөдөлмөрийн хуулийн 31, 37, 43 дугаар зүйлүүдийг бүхэлд нь зөрчсөн байна. Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал Б.Бауыржан шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.А нь тус банканд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан үйлчлэгчээр ажиллаж байсан ба цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажлын цагаар ажлын байрандаа байдаггүй, цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй хийдэг ба энэ талаар удаа дараа хэлж сануулж, боломж олгосон боловч үл тоомсорлон алдаа дутагдлаа засаагүй, цэвэрлэгээ сайжраагүй тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан болно гэжээ.
Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал Б.Бауыржан шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.А ХААН банканд гэрээт үйлчлэгчээр 2017 оны 01 сарын 19-ээс 2018 оны 1-р сарын 19-ийг хүртэл нэг жилийн хугацаатай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэрээнд өдөрт 8 цагаар 5 өдөр ажиллана. Цагийн хөлс 1500 төгрөг өдөрт 12000 төгрөгийн хөлс авахаар тусгасан байгаа.Хийх ажлуудыг хөлсөөр ажиллах гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааж, танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Ө.А хөлсөөр ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй буюу өдөрт 8 цаг тогтмол цэвэрлэгээ хийх ёстой байтал өглөө оройдоо цэвэрлэгээ хийх байдлаар ажил хийж бусад үед хаашаа явсан нь мэдэгдэхгүй үүрэгт ажлаа хангалтгүй хийж байгааг удирдлагаас удаа дараа амаар сануулах, ажлын байранд ажлын цагаар тогтмол байх үүрэг даалгавар өгснийг биелүүлдэггүй, хийж байгаа ажилдаа хайнга, чанаргүй гүйцэтгэдэг, банкны удирдлагаас цэвэрлэгээ үйлчилгээ хийх үндсэн ажил үүрэгтэй нь холбоотой өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалздаг, шалтгаан тайлбар байнга хэлдэг, цагийн ашиглалт хангалтгүй, 8 цагаар ажилладаггүй зэрэг нөхцөл байдал, хандлага нь үйлчлэгчээр ажиллах шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлдэггүй тул 2017 оны 5 дугаар сарын 15-нд Ө.Атай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан болно. Ө.Аын гаргасан гомдолд дурдсан ажил олгогчийн зүгээс банкны барьцаанд хураагдсан гурван автомашиныг ажлын өдөр, ажлын цагаар угааж, цэвэрлэх талаар 2017 оны 02 дугаар сараас удаа дараа үүрэг өгсөн бөгөөд Ө.А уг ажлаас шууд татгалзсан. Тус хөрөнгүүдийг цэвэрлэх боломжтой байсан нь 2017 оны 5 дугаар сараас хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байгаа иргэн С.Сандугаш, К.Жанаргүл нар цэвэрлэгээг хийсэн, цэвэрлэгээнд шаардагдах материалыг банкнаас авч өгсөн, хөрөнгийг цэвэрлэх ус шаардлагатай газарт дөхүүлж өгсөн буюу ажил олгогчоос ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах бүх боломж бололцоогоор хангаж өгч барьцаа хөрөнгө болох гурван автомашиныг цэвэрлүүлэн 2017 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд банкны үүдэнд авирч зарах зар өгч байршуулахад сар хүрэхгүй хугацаанд 2 автомашин 4,1 сая төгрөгөөр зарагдаж олон хоногоор хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэн банкны зардлыг бууруулсан нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан Ө.Аыг ажлаас чөлөөлснөөр гарсан бодит үр дүн. Энэ талаар Ө.А танилцаж гарын үсэг зурсан. Ажлын байрны тодорхойлолтын 2.19-т хурлын заал цэвэрлэх, коридор, хивс цэвэрлэх, гадна талбайн цас арилгах зэрэг хамтын хүчээр хийх ажилд тухай бүр идэвхтэй оролцож ажиллах гэж заасан бөгөөд банкны барьцаа хөрөнгийг угааж цэвэрлэх ажилд оролцохоос татгалзсан.Ө.Атай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2.2.2-т заасан Ажиллуулагчийн тогтоосон хугацаагаар ажиллах... үүргийн биелэлтийг нотлох баримт болгох үүднээс хяналтын камераар хэсэгчлэн шүүж үзэхэд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 8 цагаас 10 цагийн хооронд 2 цаг, 16 цагаас 18 цагийн хооронд 2 цаг, мөн оны 5 дугаар сарын 2-ны өдөр өглөө 8 цагаас 9:30 хүртэл 1 цаг 30 минут, орой 16:30 цагаас 17:30 цаг хүртэл буюу 1 цаг, 2017 оны 5 сарын 12-ны өдөр өглөө 8-9 цагийн хооронд 1 цаг, орой 16-17:30 цагийн хооронд 1 цаг 30 минут цэвэрлэгээ хийсэн байгаа нь ерөнхийдөө өглөө оройдоо цэвэрлэгээ хийх байдлаар цөөн хэдэн цаг банканд ажиллаж үүрэгт ажлаа гүйцэд хийгээгүй бөгөөд энэ талаар өөрт нь удаа дараа амаар сануулж хариуцсан талбайн тоос шороо, харилцагчдын хаясан цаас зэргийг цаг тутам байнгын цэвэрлэж байхыг анхааруулсан боловч биелүүлээгүй. Иймд хөлсөөр ажиллах гэрээний 2.1.3-т зааснаар Хөлсөөр ажиллагч гэрээгээр хүлээсэн /үргээ гүйцэтгэж чадахгүй буюу үүргээ зөрчсөн тохиолдолд ажиллуулагч гэрээг шууд цуцлах эрхтэй гэсэн заалтыг үндэслэж гэрээг цуцалсан. Ө.Аын ажлын байрны тодорхойлолтын 2.10-т заасан Үйлчлэгч нь банкны барилгын гадна орчмын тогтоосон зам талбайн хог хаягдал, шороог өдөр бүр шүүрдэж цэвэрлэхээс гадна өвлийн улиралд талбайн цас, мөсийг цэвэрлэж, үүссэн халтирааг дор бүр нь арилгах ба орчны тохижилт, ногоон байгууламж зүлэг модыг байнга арчилж хамгаалан, зуны улиралд усалж ургуулах ажлыг бүрэн хариуцаж байх гэж заасан бөгөөд өвлийн улиралд гадна талын цэвэрлэгээ, зуны улиралд ногоон байгууламж зүлэг модыг байнга арчилж хамгаалах үүрэгт ажлаа хангалтгүй хийх, хийхгүй байх, шаардуулах зэрэг зөрчлүүд байнга давтан гаргаж байсан. Иймд дээрх үзүүлэлтүүдийг үндэслэн нэхэмжлэгч Ө.А нь хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлдэггүй, ажиллах ёстой цагтаа бүрэн ажилладаггүй боловч ажлын хөлсөө бүрэн авдаг, ажлын чанар хангалтгүй зэргээр гэрээгээ зөрчсөн тул хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан болно гэжээ.
Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 онд ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт гэрээт үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллах явцад ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй хариуцсан ажилд эзэн ёсоор хандаж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үйлчлэгч бидэнд Өлгий сумын 8 дугаар багт байрлах ХААН банкны хуучин агуулах болон түүний дотор байгаа тээврийн хэрэгслүүдийг цэвэрлэх үүрэг өгсөн бөгөөд бид цэвэрлэхээр очсон боловч тус агуулах нь олон жил хүн ороогүй бололтой маш хуучирсан, дээвэр нь цоорсон шувууны оромж болж шувууны ялгадас, сэг зэмээр дүүрсэн хүн гараар цэвэрлэх байтугай ороход хүндрэлтэй байдалтай байсан бөгөөд бид гараар яаж ч цэвэрлээд түүний доторх хог, ялгадас, сэг зэмийг зайлуулах бололцоогүй байсан. Үүнээс гадна тэрхүү бохир орчныг гараар цэвэрлэх ямар ч боломжгүй үнэр танартай халдварт өвчин тусах магадлалтай хэт бохирдсон байдалтай байх тул бид өөрсдийн эрүүл мэндийг бодон гараар цэвэрлэхээс татгалзсан юм. Гэтэл маргааш нь буюу 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тайлбар хэлж, дургүйцсэн тул гэрээг цуцалсан тухай мэдэгдэх хуудас олгосон болно.Би гэрээт үйлчлэгч хэдий ч мөн хөдөлмөрийн харилцаатай холбоотой зохицуулалт үйлчилдэг бөгөөд гэрээнд бидний хариуцан цэвэрлэх ёстой объектын талбайг тусгасан байдаг бөгөөд хоёр үйлчлэгч өөрийн гэсэн цэвэрлэх талбайтай юм. Ийнхүү миний гэрээгээр хүлээгээгүй, эрүүл ахуйд үл нийцэх шаардлага тавьж гэрээнд заасан үүргээ зөрчин бидний хөдөлмөрлөх эрхэд халдан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй миний эрх ашгийг зөрчиж байна. Иймд ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын гэрээт үйлчлүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоож миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал Б.Бауыржан шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.М нь тус банканд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан үйлчлэгчээр ажиллаж байсан ба цэцэрлэгээ үйлчилгээтэй холбоотой үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажлын цагаар ажлын байрандаа байдаггүй, цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй хийдэг ба энэ талаар удаа дараа хэлж сануулж, боломж олгосон боловч үл тоомсорлон алдаа дутагдлаа засаагүй, цэвэрлэгээ сайжраагүй тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан болно гэжээ.
Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал Б.Бауыржан шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Ж.М ХААН банканд гэрээт үйлчлэгчээр 2017 оны 3 дугаар сарын 28-аас 2018 оны 1 дүгээр сарын 19-ийг хүртэл нэг жилийн хугацаатай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэрээнд өдөрт 8 цагаар 5 өдөр ажиллана. Цагийн хөлс 1500 төгрөг өдөрт 12000 төгрөгийн хөлс авахаар тусгасан байгаа.Хийх ажлуудыг хөлсөөр ажиллах гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааж, танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Ж.М хөлсөөр ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй буюу өдөрт 8 цаг тогтмол цэвэрлэгээ хийх ёстой байтал өглөө оройдоо цэвэрлэгээ хийх байдлаар ажил хийж бусад үед хаашаа явсан нь мэдэгдэхгүй үүрэгт ажлаа хангалтгүй хийж байгааг удирдлагаас удаа дараа амаар сануулах, ажлын байранд ажлын цагаар тогтмол байх үүрэг даалгавар өгснийг биелүүлдэггүй, хийж байгаа ажилдаа хайнга, чанаргүй гүйцэтгэдэг, банкны удирдлагаас цэвэрлэгээ үйлчилгээ хийх үндсэн ажил үүрэгтэй нь холбоотой өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалздаг, шалтгаан тайлбар байнга хэлдэг, цагийн ашиглалт хангалтгүй, 8 цагаар ажилладаггүй зэрэг нөхцөл байдал, хандлага нь үйлчлэгчээр ажиллах шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлдэггүй тул 2017 оны 5 дугаар сарын 15-нд Ж.Мтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан болно. Ж.Мын гаргасан гомдолд дурдсан ажил олгогчийн зүгээс банкны барьцаанд хураагдсан гурван автомашиныг ажлын өдөр, ажлын цагаар угааж, цэвэрлэх талаар 2017 оны 02 дугаар сараас удаа дараа үүрэг өгсөн бөгөөд Ж.М уг ажлаас шууд татгалзсан. Тус хөрөнгүүдийг цэвэрлэх боломжтой байсан нь 2017 оны 5 дугаар сараас хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байгаа иргэн С.Сандугаш, К.Жанаргүл нар цэвэрлэгээг хийсэн, цэвэрлэгээнд шаардагдах материалыг банкнаас авч өгсөн, хөрөнгийг цэвэрлэх ус шаардлагатай газарт дөхүүлж өгсөн буюу ажил олгогчоос ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах бүх боломж бололцоогоор хангаж өгч барьцаа хөрөнгө болох гурван автомашиныг цэвэрлүүлэн 2017 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд банкны үүдэнд авирч зарах зар өгч байршуулахад сар хүрэхгүй хугацаанд 2 автомашин 4,1 сая төгрөгөөр зарагдаж олон хоногоор хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэн банкны зардлыг бууруулсан нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан Ж.Мыг ажлаас чөлөөлснөөр гарсан бодит үр дүн. Энэ талаар Ж.М танилцаж гарын үсэг зурсан Ажлын байрны тодорхойлолтын 2.19-т хурлын заал цэвэрлэх, коридор, хивс цэвэрлэх, гадна талбайн цас арилгах зэрэг хамтын хүчээр хийх ажилд тухай бүр идэвхтэй оролцож ажиллах гэж заасан бөгөөд банкны барьцаа хөрөнгийг угааж цэвэрлэх ажилд оролцохоос татгалзсан. Ж.Мтай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2.2.2-т заасан Ажиллуулагчийн тогтоосон хугацаагаар ажиллах... үүргийн биелэлтийг нотлох баримт болгох үүднээс хяналтын камераар хэсэгчлэн шүүж үзэхэд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 8:10 цагаас 9:30 цагийн хооронд 1 цаг 20 минут, 17:30 цагаас 18 цагийн хооронд 1 цаг 30 минут, мөн оны 5 дугаар сарын 2-ны өдөр өглөө 8 цагаас 9:30 хүртэл 1 цаг 30 минут, орой 17:30 цагаас 18:00 цаг хүртэл буюу 30 минут, 2017 оны 5 сарын 6-ны өдөр өглөө 8:10 цагаас 8:40 цагийн хооронд 30 минут, орой 16:25 цагаас17:30 цагийн хооронд 1 цаг цэвэрлэгээ хийсэн байгаа нь ерөнхийдөө өглөө оройдоо цэвэрлэгээ хийх байдлаар цөөн хэдэн цаг банканд ажиллаж үүрэгт ажлаа гүйцэд хийгээгүй бөгөөд энэ талаар өөрт нь удаа дараа амаар сануулж хариуцсан талбайн тоос шороо, харилцагчдын хаясан цаас зэргийг цаг тутам байнгын цэвэрлэж байхыг анхааруулсан боловч биелүүлээгүй. Иймд хөлсөөр ажиллах гэрээний 2.1.3-т зааснаар Хөлсөөр ажиллагч гэрээгээр хүлээсэн /үргээ гүйцэтгэж чадахгүй буюу үүргээ зөрчсөн тохиолдолд ажиллуулагч гэрээг шууд цуцлах эрхтэй гэсэн заалтыг үндэслэж гэрээг цуцалсан. Ж.Мын ажлын байрны тодорхойлолтын 2.10-т заасан Үйлчлэгч нь банкны барилгын гадна орчмын тогтоосон зам талбайн хог хаягдал, шороог өдөр бүр шүүрдэж цэвэрлэхээс гадна өвлийн улиралд талбайн цас, мөсийг цэвэрлэж, үүссэн халтирааг дор бүр нь арилгах ба орчны тохижилт, ногоон байгууламж зүлэг модыг байнга арчилж хамгаалан, зуны улиралд усалж ургуулах ажлыг бүрэн хариуцаж байх гэж заасан бөгөөд өвлийн улиралд гадна талын цэвэрлэгээ, зуны улиралд ногоон байгууламж зүлэг модыг байнга арчилж хамгаалах үүрэгт ажлаа хангалтгүй хийх, хийхгүй байх, шаардуулах зэрэг зөрчлүүд байнга давтан гаргаж байсан. Иймд дээрх үзүүлэлтүүдийг үндэслэн нэхэмжлэгч Ж.М нь хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлдэггүй, ажиллах ёстой цагтаа бүрэн ажилладаггүй боловч ажлын хөлсөө бүрэн авдаг, ажлын чанар хангалтгүй зэргээр гэрээгээ зөрчсөн тул хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан болно гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бахыт шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Нэхэмжлэгч Ө.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Ө.А нь ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт 2015 оноос хойш гэрээт ажилтнаар орж ажилласан. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр банкны зээлийн барьцаанд хураагдсан, агуулахад он удаан жил тос шороо, шувууны сангасаар бохирлогдсон тээврийн хэрэгслүүдийг цэвэрлэхийг ажил олгогчоос үүрэг болгосон байдаг. Тухайн үед гараар цэвэрлэх боломжгүй, ус авах газар нь зайтай байна гэдгийг өөрөө ажил олгогчид тайлбарлаж хэлсэн байдаг. Гэтэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудас өгч тус ажлын байранд тухайн өдөр өөр хүнийг авч Ө.Аыг ажилгүй болгосон байдаг. Ажил олгогчоос гэрээнд заагаагүй ажил гүйцэтгэхийг шаардсан, гэрээ дуусгавар болох үндэслэл тогтоогдоогүй байхад гэрээг цуцалсан, ямар нэгэн эрхийн акт, шийдвэр гаргаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31, 37,43 дугаар зүйлүүдийг зөрчсөн тул нэхэмжлэгч Ө.Аыг ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын үйлчлэгчээр эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие тус банканд 2009 оноос хойш 9 жил ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 01 дүгээр сард Б.Бауыржан захирал шинээр ирсэн. Тэр үед бид нартай хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан. Энэ гэрээг 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан. Би гэрээнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл та нар машин угаасангүй гээд ажлаас халчихсан. Иймд намайг ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын үйлчлэгчээр эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал Б.Бауыржан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт гэрээт ажилтнаар ажиллаж байсан Ө.А, Ж.М нар нь ажлын 8 цагт ажиллах ёстой. Гэрээгээр тохирсон үүргээ зөрчиж тогтмол цэвэрлэгээ хийхгүй байсан. Удаа дараа энэ байдлыг хэлж сануулсан. Цэвэрлэгээ маш хангалтгүй байна, өглөө нэг харагдаад, орой нэг харагдаад байна, бусад үед хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэдгийг сануулж, удаа дараа шаардаж байсан. Мөн зээлийн барьцаанд хураагдсан хөрөнгүүдийг цэвэрлэх талаар үүрэг даалгавар өгсөн. Гэтэл энэ ажлыг хийхээс шууд татгалзсан. Удирдлагаас дэмжлэг, туслалцаа хүсээгүй. Харин энэ хүмүүсийн оронд орсон хүмүүс машиныг ус руу дөхүүлж өгөөч гэсэн саналыг тавиад тэр машиныг банкны үүдэнд авч ирж тавьснаараа банканд 4,1 сая төгрөгийн орлого орж барьцаа хөрөнгө зарагдаж байсан. Энэ хүмүүстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслээд камерын бичлэгийг бас нотлох баримтаар өгсөн байгаа. Камерын бичлэг дээр дууны бичлэг байхгүй, дүрсний бичлэг нь байгаа болохоор тайлбар бичээгүй. Гэрээнд заасан ажлын 8 цагт заалны цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийхгүй байсан учраас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Ө.А, Ж.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч (ажил олгогч) ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал болон нэхэмжлэгч (ажилтан) Ө.А нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээний 1.1-д хөлсөөр ажиллагч нь банкны байрны 1-р давхар, подваль, АТМ-ын өрөө, банкны гадна талыг цэвэрлэнэ, 1.2-т гэрээний 1.1-д заасан ажил үүргүүдийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, ажлын нэг өдөрт 8 цаг, 7 хоногийн 5 өдөрт ажиллаж гүйцэтгэнэ гэж тус тус заасан байна.
Мөн хариуцагч (ажил олгогч) ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал болон нэхэмжлэгч (ажилтан) Ж.М нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээний 1.1.1-д хөлсөөр ажиллагч нь банкны байрны 2-р давхрын бүх өрөөнүүд, 00-ийн өрөө, гудамж, шат хана, цонх, 1.1.2-т Сансар, Номин астана АТМ-уудын өрөөг цэвэрлэнэ, 1.2-т гэрээний 1.1-д заасан ажил үүргүүдийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 28-ний өдөр хүртэл, ажлын нэг өдөрт 8 цаг, 7 хоногийн 5 өдөрт багтаан ажиллаж гүйцэтгэнэ гэж тус тус заасан байна.
Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал ажил олгогчийн хувьд нэхэмжлэгч А.Айнур, Ж.М нартай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан болохоос тус банкны үйлчлэгчийн орон тоонд томилсон тухай ямар нэгэн эрхийн акт тушаал гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Ө.А нь 2011 оноос тус банканд үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байгаа гэснийг хариуцагч үгүйсгээгүй, мөн нэхэмжлэгч Ж.М тус банканд 2009 оноос үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байгаа гэсэн нь 2009, 2014, 2015, 2016, 2017 онууд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-нүүдээр нотлогдож байна.
Хариуцагч (ажил олгогч) ХААН банкны Баян-Өлгий салбарын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ө.Атай, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ж.Мтай тус тус байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохирсон Хөдөлмөрийн гэрээ байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байхад ажил олгогч ажилтантай Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулан хууль зөрчсөн байна.
Мөн ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хугацаагүй ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан байхад хариуцагч (ажил олгогч) ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал ажилтан Ө.А, Ж.М нартай байгуулсан дээрх хөлсөөр ажиллах гэрээ-ний 1.2-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацааг ямар үндэслэл, шаардлагын үүднээс хугацаатай байгуулах болсон шаардлага, шалтгаан, харилцан тохиролцсон нөхцөл байдлын талаар тодорхой тусгаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг хариуцагч тал зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгч Ө.А, Ж.М нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг (хөлсөөр ажиллах гэрээ)-г ямар үндэслэл шаардлагын улмаас хугацаатай байгуулсан талаар хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал нотолж чадаагүй болно.
Хаан банкны төв тооцооны төвийн захирал Х.Сабиханаас 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон Мэдэгдэх хуудас-аар ямар үндэслэлээр, юуг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухайгаа тодорхой бичээгүй мөртлөө хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэгч Ө.Ат, мөн байгууллагын бусад дотоод дайчилгааны ажилд оролцохоос татгалзсан гэсэн үндэслэлийг чагталж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэгч Ж.Мт тус тус мэдэгдэн мөн өдөр нэхэмжлэгч Ө.А, Ж.М нарын оронд өөр хүмүүсийг үйлчлэгчээр авч Хөлсөөр ажиллах гэрээ хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэнэ гэсэн заалтыг хариуцагч тал зөрчсөн байна.
Мөн хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-ийн дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нь болохыг баримтлаагүй мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч Ө.А, Ж.М нарыг ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Нэхэмжлэгч Ө.А, Ж.М нарт хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мэдэгдэх хуудас өгсөн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тэдний оронд С.Сандугаш, К.Жанаргүл нартай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан тул нэхэмжлэгч Ө.А, Ж.М нар нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халагдсан байна.
Нэхэмжлэгч Ө.А, Ж.М нар нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халагдсан байхад Хаан банкны хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06/2210; 06/2213 дугаартай Гэрээ цуцлах тухай тушаал нь бодит байдалд нийцээгүй хууль зөрчиж гарсан байна.
Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал Б.Бауыржан нь нэхэмжлэгч нар цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажлын цагаар ажлын байрандаа байдаггүй, цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй хийдэг ба энэ талаар удаа дараа хэлж сануулж, боломж олгосон боловч үл тоомсорлон алдаа дутагдлаа засаагүй, цэвэрлэгээ сайжраагүй гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эдгээр үндэслэл нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч талаас нотлох баримтаар хавсаргаж өгсөн СД бичлэг (тус банкны дуугүй дүрстэй хяналтын камерын бичлэг) нь нэхэмжлэгч нарын өдөр тутмын ажил үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа байдлыг хэзээ, яаж хянаж байсан эсэх нь тодорхой бус, мөн камерын бичлэгээр ажилтны зөрчил дутагдлын хэрхэн илрүүлэх, яаж арга хэмжээ авах тухайгаа хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй тул энэ СД бичлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Хариуцагч тал нэхэмжлэгч нартай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний 2.1.3-т хөлсөөр ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй буюу үүргээ зөрчсөн тохиолдолд ажиллуулагч гэрээг шууд цуцлах эрхтэй гэсэн заалтыг үндэслэж гэрээг цуцалсан гэх боловч гэрээг цуцалсан тухай эрхийн акт гараагүй, мөн нэхэмжлэгч нар нь Хөлсөөр ажиллах гэрээ-ний 1.1.1, 1.1.2-т заасан үүргээ гүйцэтгэж чадаагүй гэснийг нотолж чадаагүй болно.
Хариуцагч тал нэхэмжлэгч нар Ажлын байрны тодорхойлолт-ын 2.12-ыг зөрчсөн гэх боловч тухайн байгууллагад Их цэвэрлэгээ-г хэзээ хэний шийдвэрээр хэрхэн гүйцэтгэх болон гүйцэтгүүлснийг нотлох баримт байхгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Хаан банкны Баян-Өлгий салбарын агуулахад байгаа барьцааны хөрөнгийг цэвэрлэхтэй холбоотойгоор маргаан үүссэн ба Хөлсөөр ажиллах гэрээ-нд барьцааны хөрөнгө хадгалсан агуулахыг цэвэрлэх талаар тусгаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д ...хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүргийг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй гэж заасныг хариуцагч мөн зөрчсөн байна.
Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ө.А, Ж.М нарыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Ө.А, Ж.М нарын тус бүрийг ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын үйлчлэгчээр эгүүлэн тогтоож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан нэхэмжлэгч Жантекей есагасы овогт Ө.А, Жантекей овогт Ж.М нарыг ХААН банкны Баян-Өлгий салбарын үйлчлэгчээр тус тус эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбарын санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК