Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2017/00497

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2017/00497

Баян-Өлгий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж, 2 дугаар хороо 45/3 байр 300 тоотод байрлах,РД:2792745 Тэнгэр-Уул констракшн ХХК (захирал Г.Э, утас 77448080 )-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, Хотгор зам ХХК (захирал А.Х, утас 9*****, 99******)-нд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Тэнгэр-Уул констракшн ХХК-ийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагч Хотгор зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Буджав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага Замын битум худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас үүссэн алданги 67816000 /жаран долоон сая найман зуун арван зургаан мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Тэнгэр-Уул констракшн ХХК-ийн захирал Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хотгор зам ХХК-тай 13/32 тоот Замын битүм худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу манай компанийн зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэж нийт 122 тн битүм нийлүүлсэн. Гэвч Хотгор зам ХХК нь худалдан авсан битүмийн төлбөрийг хугацаандаа төлөлгүй явсаар 97415 ам.долларын алданги хуримтлагдсан. Үүнийг 2 компани харилцан тохиролцож 28000 ам.доллар болгон бууруулж Хотгор зам ХХК нь манай компанид 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү төлбөрийг төлөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги болох 67816000 төгрөгийг Хотгор зам ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Тэнгэр-Уул констракшн ХХК-ийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Тэнгэр-Уул констракшн ХХК нь үүргээ гүйцэтгэж 122 тн битумыг цаг тухайд нь нийлүүлсэн. Хотгор Зам ХХК нь худалдаж авсан битумынхаа үнийг гэрээнд заасан үүргийнхээ дагуу төлөхгүй нэлээн цаг хугацаа өнгөрөөсөн. Гэрээнд зааснаар битумыг худалдаж авснаас хойш 14 хоногийн дараа гэхэд төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх ёстой. Гэтэл урьдчилгаа төлбөр гэж тодорхой мөнгөн дүнг өгсөн боловч битумыг хүлээж авснаас хойш үүний төлбөрийг төлөхгүй байсаар байгаад 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд 97120 ам долларын төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Манай компанийн зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж хугацаа хэтэрсэн гэж үзэж алдангийг тодорхойлсон. Хотгор Зам ХХК нь Тэнгэр-Уул констракшн ХХК-ний захирал Энхбаяр болон нягтлан Алтанцэцэг нартай 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаад алдангийн хэмжээн дээр нэгэнт 97120 мянган ам долларын алданги үүсээд байгааг талууд харилцан тохироод 28 мянган ам.доллар болгон бууруулж алдангийн хэмжээг тохиролцсон. Хариуцагч компанийн захирал энэ хуралд оролцсон. Үүнийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж барагдуулна гэсэн. Мөн үлдэгдэл битумын үнэ 62449447 төгрөгийг төлөх талаар буюу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хурал хийж тэмдэглэл үйлдсэн өдрөө төлнө гэсэн. Гэтэл энэ төлбөрийг бүрэн хэмжээгээр төлөлгүйгээр тохиролцсоноос хойш 4 хоногийн дараа үндсэн төлбөрийг төлж дуусгасан. Битумыг худалдаж авснаас хойш 1 жил 2 сарын дараа төлбөр төлөгдсөн. Энэ хугацаанд төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ зөрчиж байсан учраас талууд тохиролцоонд хүрсэн. Нэгэнт 97 мянган ам.долларыг алданги үүссэн боловч үүнийг тохиролцоод 28 мянган ам.доллар болгож шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож холбогдох нотлох баримтыг нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн. Нэгэнт Хотгор зам ХХК нь өөртөө хэрэгтээ битумыг худалдаж авсан боловч Тэнгэр-Уул контракшн ХХК-ыг багагүй хугацаагаар хохироож төлбөр тооцоог барагдуулалгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд нэгэнт тохиролцоод протокол үйлдээд баталгаажуулсан байгаа учраас алдангийг нэмж нэхэмжлээгүй. Хурлын тэмдэглэлд тусгасан үнийн дүнгээр буюу 28 мянган ам.доллар, үүнийг төгрөгт тооцоход 67816000 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийн мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Хотгор Зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Буджав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оноос Хотгор Зам ХХК-ин гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Ажиллах хугацаанд компанитай холбоотой гэрээ, хэлцэл, худалдан, худалдах авах ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллагааг гардан зохион байгуулж явсан. Тэнгэр-Уул констракшн ХХК-тай байгуулсан гэрээг би хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Энэ гэрээг ерөнхий захирал хийгээгүй. Гулназ гэдэг хүнтэй Энхбаяр гэдэг хүн хийсэн байсан. Тэнгэр-Уул констракшн ХХК нь Завхан аймагт ажиллаж байгаад гэрээ нь цуцлагдаж тэнд битум нь хаягдах нөхцөл үүссэний дараа би 1050 ам доллароор 122 тн битумыг авчээ гэж ойлгож төлбөр төлсөн. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа сүүлд ийм гэрээ гаргаж ирж алдангийн асуудал яригдаж эхэлсэн учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манайх Тэнгэр-Уул констракшн ХХК-иас 122 тн битумыг Завхан аймгаас худалдаж авсан байдаг. Тухайн үед ОХУ-аас нийлүүлсэн зах зээлийн дундаж үнэ 860 мянган төгрөг байсан тухай Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас ирсэн лавлагаагаар тодруулж өгсөн. Нэг салбарт ажиллаж байгаагийн хувьд 1050 доллароор, хоёрдугаарт нь манайх Хөгжлийн банкнаас санхүүжилттэй Мөрөн тариалан чиглэлийн авто замын барилгын ажилд эднийхээс 122 тн битумыг авч ашигласан. Монгол улсын эдийн засгийн байдлаас шалтгаалаад тухайн үед гүйцэтгэл орж ирэхгүй байсан. 2014 оны гүйцэтгэл 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр орж ирсэн. Угаасаа тохиролцсон тохиролцоогоор Хөгжлийн банкнаас гүйцэтгэл орж ирэх эхний төлбөрөөс төлж өгнө гэж тохиролцсон. Гэхдээ энэ тохиролцоо огт байгаагүй. 1050 долларыг Хөгжлийн банкнаас орж ирэх хамгийн эхний төлбөрөөс гүйцэтгэнэ гэсэн ам тохиролцоо хийсэн гэсэн мэдээлэл надад ирсэн учраас үүгээр төлбөрийг төлөөд дуусгасан. Удсан учраас нийт алдангитай хамт 62 сая гаруй төгрөг төлөгдсөн гэж ойлгож байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Тэнгэр-Уул констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Тэнгэр- Уул констаркшн ХХК болон хариуцагч Хотгор зам ХХК-ны хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13/32 дугаар Замын битүм худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ байна.

2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 13/32 дугаар Замын битүм худалдах, худалдан авах гэрээ-ний эхний хуудасны зүүн дээд талд батлав Хотгор зам ХХК-ийн ерөнхий захирал Хайрат гэж гарын үсэг зурж компани тамгыг дарж баталгаажуулсан ба энэ Хайрат гэдэг гарын үсэг Хайрат захирлын гарын үсэг биш гэж хариуцагч Хотгор зам ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Буджав шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Энэ 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 13/32 дугаар Замын битүм худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3-д худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,5 хувийн алданги худалдагч талд төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэж байна.

Улмаар хариуцагч Хотгор зам ХХК нь худалдан авсан битүмийн төлбөрийг хугацаандаа төлөлгүй явсаар 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Тэнгэр-Уул констракшн ХХК-ний захирал Г.Э, Хотгор зам ХХК-ний захирал А.Х нар харилцан гарын үсэг зурж, тус тусын компанийн тамгыг дарж баталгаажуулсан Хурлын протокол-оор хоёр компанийн хоорондын төлбөр тооцоог дүгнэж төлбөр хийх хугацааг тохиролцож тогтоосон байна.

Энэ 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хурлын протокол-ын шийдвэрлэсэн гэдгийн 2-т хугацаа алдсан алдангийн хэмжээг бууруулж 28000 ам.долларыг тухайн өдрийн ханшаар бодон төгрөгөөр 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар шийдвэрлэв гэсэн байна.

Нэхэмжлэгч Тэнгэр-Уул констракшн ХХК нь шүүх нэхэмжлэлээр гаргасан өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн нэг ам.доллар ханшийг үндэслэн 1 ам.доллар 2422 төгрөгөөр тооцон алданги 67816000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. (алданги 28000 ам.доллар х 2422 төгрөг = 67816000 төгрөг)

Учир нь, нэхэмжлэгч Тэнгэр-Уул констракшн ХХК нь нэхэмжилж буй алданги анх хариуцагч Хотгор зам ХХК-тай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 13/32 дугаар Замын битүм худалдах, худалдан авах гэрээ-ээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой үүссэн алданги тул үндсэн гэрээ байгуулсан үеийн Монгол банкны ханшны тодорхойлолтыг үндэслэн ам.долларыг тооцох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэсний дагуу Монгол банкны ханшны тодорхойлолтоор 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1 ам.доллар 1843.84 төгрөг болох нь нотлогдож байгаа тул алданги 28000 ам.доллар нь 51627520 төгрөг байна. (алданги 28000 ам.доллар х 1843.84 төгрөг = 51627520 төгрөг)

Иймд хариуцагч Хотгор Зам ХХК-иас алданги 51627520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тэнгэр-Уул констаркшн ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 16188480 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Тэнгэр-Уул констаркшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Хотгор Зам ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж болох 416088 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тэнгэр-Уул констаркшн ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-ийг тус тус баримтлан хариуцагч Хотгор Зам ХХК-иас алданги 51627520 (тавин нэгэн сая зургаан зуун хорин долоон мянга таван зуун хорин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тэнгэр-Уул констаркшн ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 16188480 (арван зургаан сая нэг зуун наян найман мянга дөрвөн зуун наян) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Тэнгэр-Уул констаркшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498000 (дөрвөн зуун ерэн найман мянга) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Хотгор Зам ХХК-иас 416088 (дөрвөн зуун арван зургаан мянга наян найман) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тэнгэр-Уул констаркшн ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК