| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0262/Э/001/2021/0505 |
| Дугаар | 2021/ШЦТ/1106 |
| Огноо | 2021-11-04 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /томилолтоор/,
иргэдийн төлөөлөгч Б.Бөхгэрэл,
шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ /ШТЭД-3238/, Г.Ганбаяр /ШТЭД-2467/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Лд холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1961 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..... аймгийн ....... сум, ..... дүгээр баг, ..... гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо ........ дүүргийн ......... дугаар хороо, ........... дугаар гудамжны ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Гын Л /РД:.................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, .................... тоотод Н.Лодойдамбатай маргалдаж хэвлий рүү нь 2 удаа өшиглөж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас:/давхцаагүй байдлаар/ шүүгдэгч Лгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх22-24/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоол /хх34/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хх35/, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж /хх40-41/, яаралтай түргэн тусламжид үзүүлсэн хуудас /хх82/, өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ /хх111-112/, гэрч А.Сарантуяагийн мэдүүлэг /хх61/, гэрч Н.Насанбуянгийн мэдүүлэг /хх63/, гэрч Л.Бямбаноровын мэдүүлэг /хх64-65/, гэрч Л.Даваасүхийн мэдүүлэг /хх66-67/, шүүгдэгч Г.Лгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх113-116/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх121-145, 157-159/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Аын 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн тус шүүхэд гаргасан тайлбар холбогдох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгч Г.Лг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Н.Лодойдамба гэх хүн нас барсан...” гэсэн тэмдэглэл /хх3/,
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-8, 52-54/,
3. Гэрч Б.Бын “...Манай нөхөр болох Лгийн төрсөн ах Н.Лодойдамба нь Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо ........... тоот манай хашаанд өөрийн гэрээ барин амьдарч байсан юм. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ...14 цаг 30 минутын орчим ахиад Л рүү утсаар залгахад Л нь Лодойдамба ах нэг өвгөнтийн архичин дагуулж манайд орж ирээд архи уучихлаа, энэ хоёр тасарчихсан байна. Лодойдамба ах зуухны хажуугаар урагшаа хараад тасарчихсан байна. Нөгөө өвгөнтийн архичин нь бас зуухны хажуугаар тасарчихсан унтаж байна гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгэхээр нь би ахиад Лгийн утас руу нь залгаад “чи юу болов оо нөгөөдүүлээ гаргав уу чи, гэр оронд яаж гэж хүн цуглуулаад байгаа юм, ядаж наад өвгөнтийн хүнээ гаргалдаа” гэж хэлсэн. Тэгтэл Л нь утсаа салгалгүй ярьсан чигээрээ цаашаа Лодойдамба ахтай хэрэлдээд байх шиг байсан. Манай нөхөр Лодойдамба ахад “чи муу надаар тэжээлгэж байгаа байж үр хүүхдүүд дээрээ очооч” гээд хэрэлдээд байсан. Цаанаас бас юм дугараад тэр нь надад сонсогдоод байсан. Тэгээд би утсаа тасалсан. Тэгээд байж байснаа Л нь миний гар утас руу залгаад “нөгөө өвгөнтийн архичныг нь хөөгөөд гаргачихлаа, Лодой ах миний өөдөөс хэрэлдээд байхаар нь өшиглөөд хөөгөөд гаргачихлаа” гэж надад хэлсэн. Тэгээд би орой 19 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд Лодойдамба нь манай гэрийн гадаа хаяанд унтаж байсан, харин манай нөхөр гэртээ унтаж байсан. Лодойдамба ах намайг ирж байгааг харчхаад яасан орой ирдэг гичий вэ гээд над руу давшлаад байсан тэгэхээр нь би юм дугаралгүй гэртээ ороод хаалгаа түгжсэн. Тэрний дараа ... чимээгүй болчихсон тэгээд би гэрээс гараад харахад гэрийн гадаа хурхирсан байдалтай унтаж байсан. Тэгэхээр нь сэрээлгүй нэг хэсэг орхисон. ...1 цагийн дараа гарч харахад гэрийн гаднаас явсан байсан, гэртээ орсон юм болов уу гээд орж харахад Лодойдамба нь гэртээ үстэй дээл нөмөрчихсөн унтаж байгаа харагдсан. ...2020 оны 10 дугаар сарын 29-ний ...Би орой гэртээ ирэхэд Лодойдамба нь гэртээ хэвтрийн байдалтай, ёолоод хэвтэж байсан. Би тухайн үед архиндаа л ингэж байгаа юм байлгүй гээд өөрийнхөө гэр рүү орсон. Тэгээд нүүрс авах гээд гарахад Лодойдамба ах ёолоод байгаа нь гэрийн гаднаас сонсогдоод байсан тэгэхээр нь би гэр рүү яваад ороход Лодойдамба ах надад “түргэн дуудаад өгөөч ээ, миний шээс гарахгүй болчхоод байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн утсаар 103 дугаар руу ярьж дуудлага өгөх гэсэн боловч миний утас 103 дугаар руу залгагдахгүй байсан тэгэхээр нь би нөхөр Л рүү залгаад учир байдлыг хэлээд чи өөрийнхөө утаснаас гэрийн хаягаа хэлээд түргэн дуудаарай Лодойдамба ахын бие муу байна аа, шээс нь хаагдчихсан байна гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 15-20 орчим минутын дараа байх түргэний автомашин ирээд түргэний эмч нь Лодойдамба ахыг үзээд катетар гэх зүйлийг тавьж шээсийг нь гаргасан. Тэгээд Лодойдамба ахыг эмнэлэгт аваачих шаардлагатай гээд аваад явсан. Тэгэхэд бараг 20 цаг нэлээн өнгөрсөн байсан байх. Тэгээд тэр өдрийнхөө шөнө нь над руу цагдаагаас яриад Лодойдамба ахыг нас барсан талаар хэлсэн...би өөрийн ........... гэсэн утасны дугаараас Лгийн ........... гэсэн утас руу ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх25-27/,
4. Гэрч Б.Хосбаярын /Улсын төв 1-р эмнэлгийн яаралтай тусламжийн эмч/ “...2020 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 22 цаг 10 минутад манай эмнэлэгт нийслэлийн түргэн тусламжийн автомашинаар Намсрайн Лодойдамба гэх хүн хүргэгдэн ирсэн. Тухайн хүн анх ирэхдээ хэвтрийн байрлалтай, хэвлийгээр хүчтэй өвдөлттэй, бөөлжүүлж, амьсгаадна гэсэн зовуурьтай ирсэн. Уг өвчтөнд уян зүү тавьж, өвчин намдаах кетанол, ношпа тариаг судсаар тарьж, хүчил төрөгч эмчилгээ эхлүүлэн, шаардлагатай шинжилгээнүүдийг төлөвлөн бүрдүүлсэн. Анх уг өвчтөн ирэхдээ орчиндоо харьцаатай, надтай биеийн зовуурийн талаар өөрөө цөөн үгээр хариулж байсан боловч биеийн ерөнхий байдал маш хүнд байсан. Өвчтөнийг орон дээр хэвтүүлэн кардио мониторт холбож амин үзүүлэлтийг хянаж байсан боловч 22 цаг 30 минутад өвчтөний биеийн байдал гэнэт хүндэрч амьсгал, зүрх гэнэт зогссон. Амилуулах лавшруулсан тусламжийг үзүүлж байсан боловч өвчтөний амьсгал, зүрх сэрэхгүй байсаар 23 цаг 10 минутад өвчтөн нас барсан... Түүнд ил харагдах гэмтэл, шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх18-19/,
5. Гэрч Ж.Амарсанаагийн /дуудлагын их эмч/ “...2020 оны 10 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 3-274а тоотод Н.Лодойдамба гэдэг хүний шээс хаагдсан, амьсгаадаад байна гэсэн дуудлагын дагуу уг хаяг дээр дуудлага ирснээс хойш 10 минутын дараа очсон. ...биеийн ерөнхий үзлэг хийхэд зовуурь нь хэвлийгээр өвдөнө, шээс гарахгүй гэж байсан. Н.Лодойдамба орчинтой харьцаатай, биеийн ерөнхий байдал хүндэвтэр байсан. Н.Лодойдамба өнөөдөр өглөөнөөс хэвлийгээр өвдөж, шээс гарахгүй болсон, хэвлийгээр нэлэнхийдээ өвдөж байна гэсэн зовуурь хэлсэн бөгөөд өмнөх 3 хоногийн турш архи уусан гэж хэлж байсан. Миний тухайд өвчтөний давсагт катетар тавьсан ...биед нь ямар нэгэн ил шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх20-21/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2291 дугаар “...Талийгаач Н.Лодойдамбын цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний хэсгийн язарсан шарх, хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, хэвлийн өмнөд хананы булчин дахь цус хуралт, зүүн хөмсөг, цээжинд зулгаралт, зүүн 3-7 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нарийн гэдэсний цутгалан гэдэсний хэсгийн язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хэвлийн өмнөд хананы булчин дахь цус хуралт, зүүн хөмсөг, цээжинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Харин 3-7-р хавирганы зөрөөгүй далд хугарал нь сэхээн амьдруулах ажиллагааны явцад үүссэн боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтэл нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, задралын улмаас хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, идээт хордлогоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Хоёрдугаар бүлгийн харьяалалтай цустай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт /хх71-76/,
7. Яаралтай тусламжийн хуудсанд “...10 сарын 28-нд 22 цагийн үеэс хэвлийгээр хүчтэй өвдөж эхэлсэн. Өчигдөр найз нартайгаа архи уусан. 2 хоног хоол идээгүй. Өнөөдөр зовуурь намдахгүй байсан болохоор 103 дуудсан гэнэ...өвчтөний биеийн байдал хүндэрсээр 23:10 цагт зүрх зогсов...” гэжээ. /хх82-83/,
8. Шинжээч эмч Ц.Бадралын “...Уг гэмтлийг авсан даруйд хэвлийгээр хүчтэй хатгуулж өвдөх, бөөлжих мөн цустай өтгөн гаргах зэрэг зовуурь илэрнэ. Идэвхтэй зорилготой хөдөлгөөн хийх боломжтой, уг гэмтлийг авснаас хойш хүний биеийн онцлогоос хамаарч 1-3 хоногт хүндрэл өгч нас барах хүртлээ амьд явах боломжтой. Талийгаачийн үхэлд хүргэсэн хэвлийн хөндийн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, мохоо зүйл гэдэгт цохих, өшиглөх зэрэг орно. Талийгаачийн хэвлийн урд талд хүйсний зүүн талд учирсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх91-92/,
9. “Юнител” ХХК-ийн “27и-1-3/8908 тоотын хариу” гэх албан бичиг, түүний хавсралтад “...Б.Б /........... /, Г.Л /........... / нар нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12:42, 13:05, 13:08, 17:22 цагт нийт 4 удаа ярьсан...” лавлагаа авагджээ. /хх147-149/.
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Аын “...Аавыг нас барсан гэдгийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний шөнө цагдаагаас ярихад нь мэдсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Бямба гарагт Улаанбаатар хотод ирээд шүүх эмнэлгээс талийгаачийн цогцсыг авч болох уу гэхэд шүүх эмнэлгээс болно гэдэг хариу хэлсэн. Тэгэхээр нь тэр өдрөө талийгаачийн цогцсыг Өвөрхангай аймагт аваачаад ажил явдлыг нь хийсэн байгаа. Гаднын нөлөөтэй байж болзошгүйгээр нас барсан гэдгийг сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Лгийн эхнэрээс сонсож мэдсэн бөгөөд талийгаач аавын төрсөн дүү нь болох Л гэдэг хүнийг сэжиглэж цагдаа дээр саатуулсан байгаа гэдгийг мэдсэн. Ямар гэмтэл шархтай яаж нас барсныг сайн мэдэхгүй байна. ...Талийгаачийн цогцсыг гадаа ил тавих зан үйлээр оршуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.Л:
Шүүх хуралдаанд өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалан бусдын амь нас хохирсон үндэслэлээр хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл болгон хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Улсын яллагчаас: хохирогчийн гэдсэнд санаатай өшиглөсөн шүүгдэгчийн үйлдлийн шууд шалтгаант холбоогоор хүний амь хохирсон буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон тухай дүгнэлт гаргажээ.
Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч Г.Лг хохирогчийн амь насыг болгоомжгүй хохироосон үйлдэлд гэм буруутай гэжээ.
Шүүхээс талуудын мэтгэлцээн, тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийгээд дараах үндэслэлээр шүүгдэгч Г.Лг хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заалтад зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч А.Сарантуяа, Л.Бямбаноров, Л.Даваасүх нарын мэдүүлэг, талуудын мэдүүлгээр шүүгдэгч Г.Л, амь хохирогч Н.Лодойдамба нар нь төрсөн ах, дүүгийн харилцаатай байх ба амь хохирогч нь шүүгдэгчийн хашаанд ганцаар амьдардаг, согтууруулах ундааны хамаарал бүхий хүн байсан болох нь тогтоогдож байна.
Хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоовол: шүүгдэгч Г.Л нь 2020 оны 10 дугаар 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, .................... тоот гэртээ амь хохирогч төрсөн ах Н.Лодойдамба, түүнтэй хамт ирсэн хүнтэй /гэрч Б.Б болон шүүгдэгчийн мэдүүлэгт “өвгөнтийн хүн” гэж тодорхойлсон/ архи согтууруулах ундааны зүйл уусан. Үүний дараа шүүгдэгч нь хамт ирсэн үл таних хүнийг нь гаргаж явуулсан, мөн амь хохирогчийг гэртээ орж унт гэсэн шаардлага тавьж, хэвлий тус газар нь өшиглөж босгон гэрээсээ гаргасан.
Улмаар шүүгдэгчийн эхнэр гэрч Л.Быг 19 цагийн үед гэртээ ирэхэд Н.Лодойдамба гэрийнх нь гадаа унтаж байгаад хэл амаар доромжилсон байдлаар согтуурхан хэвтэж байсан, хэсэг хугацааны дараа түүнийг гэртээ орж унтсан байсан талаар гэрч тодорхой мэдүүлсэн, мөн маргааш орой нь буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний 20 цагийн үед гэрчийг ажлаа тараад ирэхэд нь амь хохирогч бие нь өвдсөн, ёолсон байдалтай гэртээ хэвтэж байсан бөгөөд түргэн дуудуулахыг хүссэн, улмаар “шээс хаагдсан, амьсгаадаад байна” гэсэн дуудлага өгөн, эмнэлгийн яаралтай түргэн тусламжаар авч яван тусламж үйлчилгээг үзүүлсэн боловч шөнийн 23 цаг 10 минутад Н.Лодойдамба нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч шүүх хуралдаанд амь хохирогчийг хэвлий хэсэгт нь сэрээх, босгох зорилгоор өшиглөсөн талаар мэдүүлсэн, мөн эхнэр Б.Бтай утсаар холбогдон энэ талаараа ярьж байсан, Б.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэхүү нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн. Мөн “Юнител” ХХК-ийн “27и-1-3/8908 тоотын хариу” гэх албан бичиг, түүний хавсралтад “...Б.Б /........... /, Г.Л /........... / нар нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12:42, 13:05, 13:08, 17:22 цагт нийт 4 удаа ярьсан...” лавлагаа авагдсан зэргээс гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн болно.
Түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн оройн 20-21 цагийн үед амь хохирогч Н.Лодойдамбын хаягаар очин түргэн тусламжаар авч яван Улсын 1-р эмнэлэгт яаралтай түргэн тусламж үзүүлсэн талаар эмч Ж.Амарсанаа, Б.Хосбаяр нар мэдүүлсэн ба амь хохирогчийг нас барахаасаа өмнө эмч нарт өөрийн биеийн байдлын талаар мэдүүлэхдээ “...10 сарын 28-ны 22 цагийн үеэс хэвлийгээр хүчтэй өвдөж эхэлсэн. Өчигдөр найз нартайгаа архи уусан. 2 хоног хоол идээгүй. Өнөөдөр зовуурь намдахгүй байсан болохоор 103 дуудсан...” гэж хэлж байсан, мөн биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй талаар дурджээ.
Амь хохирогч Н.Лгийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн 2291 дугаар дүгнэлтэд “...Талийгаач Н.Лодойдамбын цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний хэсгийн язарсан шарх, хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, хэвлийн өмнөд хананы булчин дахь цус хуралт, зүүн хөмсөг, цээжинд зулгаралт, зүүн 3-7 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нарийн гэдэсний цутгалан гэдэсний хэсгийн язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хэвлийн өмнөд хананы булчин дахь цус хуралт, зүүн хөмсөг, цээжинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Харин 3-7-р хавирганы зөрөөгүй далд хугарал нь сэхээн амьдруулах ажиллагааны явцад үүссэн боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоохгүй /амилуулах тусламж үзүүлсэн талаар гэрч Б.Хосбаяр мэдүүлсэн/. Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтэл нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, задралын улмаас хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, идээт хордлогоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэж тодорхойлсон.
Дээрх дүгнэлттэй холбоотой шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “...Уг гэмтлийг авсан даруйд хэвлийгээр хүчтэй хатгуулж өвдөх, бөөлжих мөн цустай өтгөн гаргах зэрэг зовуурь илэрнэ. Идэвхтэй зорилготой хөдөлгөөн хийх боломжтой, уг гэмтлийг авснаас хойш хүний биеийн онцлогоос хамаарч 1-3 хоногт хүндрэл өгч нас барах хүртлээ амьд явах боломжтой. Талийгаачийн үхэлд хүргэсэн хэвлийн хөндийн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, мохоо зүйл гэдэгт цохих, өшиглөх зэрэг орно. ...Гадна үзлэгээр тогтоогдсон зулгаралтууд нь хэвлийн хөндийн гэмтэлтэй шалтгаант хамааралгүй, дүгнэлтийн протоколын хэсэгт бичигдсэн хэвлийн хөндийн өмнөд хэсгийн хүйсний зүүн талын булчинд 2-3см хэмжээтэй хар хүрэн өнгийн цус хуралт бүхий зулгаралтаас хамаарч нарийн гэдэсний язрал гэмтэл үүссэн. Өөрөөр хэлбэл гэмтлийн тухайн хэсэг газар цохигдох үед дээрх гэмтэл учирсан. Хавирганы гэмтэл хэвлийн гэмтэл учрахад хамааралгүй...мөн амь хохирогчид эм тариа хэрэглэсэнтэй холбоотой түүний цусанд согтууруулах ундаа илрэх нь багассан байж болно гэв...” гэсэн мэдүүлэг өгчээ.
Тодруулбал, амь хохирогч Н.Лодойдамба нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ямар нэгэн зовуурьгүй байсан, шүүгдэгчид өшиглүүлснээс хойш оройн 22 цагийн үед зовуурь илэрч, өвдөлт өгч эхэлсэн, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг хүртэл гэрээсээ гараагүй өвдөж хэвтсэн болох нь гэрч Б.Б, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн эмч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хэвлий хэсэгт өшиглөсөн хүчний үйлчлэлээр тухайн гэмтэл учрах боломжтойг тогтоосон нөхцөл байдлаар нотлогдож байна.
Үүнээс дүгнэн үзэхэд улсын яллагчаас хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг зөв тогтоосон буюу хохирогчийн хэвлий хэсэгт өшиглөсөн шүүгдэгчийн үйлдлийн шалтгаант холбоогоор амь хохирогчид хэвлийн хөндийн битүү гэмтэл болох нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, задрал бүхий хүнд гэмтэл учирсан, улмаар хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, идээт хордлогоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэгт: гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус болохыг гэдгийг мэдэж, тухайн үйлдлийн улмаас бий болох үр дүнг хүсэж бий болгосон буюу хохирогчийн үхлийг хүсэж үйлдсэн /шууд санаатай үйлдэл/ эсвэл хохирогч үхэх эсэхийг зорилгоо болгоогүй ч тухайн хууль бус үйлдлийн үр дүнд хохирогч үхэх нөхцөл байдалд зориуд хүргэсэн /шууд бус санаатай үйлдэл/ шинжтэй байдаг.
Харин хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийг ялган зүйлчлэхдээ хохирогчид хүнд гэмтэл учруулсан санаатай үйлдэл, үйлдлээ хэрэгжүүлсэн санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэргийг нарийн тогтоон, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үздэг.
Шүүхээс шүүгдэгч Г.Лг амь хохирогч Н.Лодойдамбын хэвлий хэсэгт 1-2 удаа өшиглөсөн үйлдэл, тухайн үйлдлийн шалтгаан холбоогоор үүссэн хүнд гэмтэл, тухайн үедээ шүүгдэгч болон хохирогч хэн аль нь гэмтэл учирсныг мэдээгүй яаралтай түргэн тусламж дуудалгүй хугацаа алдсан, ийнхүү хугацаа алдахад хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл дээрх тохиолдолд хохирогчид хүнд гэмтэл учирсныг ухамсарлан ойлгосон, яавал ч яаг гэсэн байдлаар орхисон шинж байдал шүүгдэгчид тогтоогдоогүй, улмаар гэмтэл учирсныг мэдэлгүй хугацаа алдах байдлаар хор уршгийг даамжруулсан байх тул хүнийг алах гэмт гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд прокуророос шүүгдэгч Г.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Г.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон иргэдийн төлөөлөгчийн болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэсэн дүгнэлтийг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгчийн хувьд амь хохирогч Н.Лодойдамбын амь насанд аюултай хүнд хор уршиг учруулах, улмаар амь насыг нь хохироохыг хүсээгүй боловч хохирогчийн хэвлий тус хэсэгт өшиглөсөн үйлдэл нь санаатай үйлдэл гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Аа шүүхэд ирүүлсэн тайлбартаа хохиролд нийт 7.000.000 хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Мөн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарт дурдсан шүүх хуралдааны дараа шүүгдэгч талаас 2.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэснийг шүүх хэлцээгүй үлдээж шийдвэрлэснийг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн хувийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Г.Л тохиолдлын шинжтэй анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийг гэртээ орж хэвт гэсэн байдлаар хэвлий хэсэгт өшиглөсөн үйлдэл, тухайн үйлдлийн хохирол хор уршгийн шинж чанар их буюу хүний амь хохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар 5 жилээс 12 жил хүртэлх хугацааны дотор хорих ялыг сонгон оногдуулах нь зөв байна.
Гэмт хэргийн хор уршигийн хувьд хүний амь нас хохирсон шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.
Иймд гэмт хэргийн шинж байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүхээс оногдуулсан ял, эсвэл хорих ял эдэлж буй тохиолдолд үлдсэн ялаас өршөөн хасахаар хуульчилжээ.
Тиймээс шүүгдэгч Г.Лгийн үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд дээрх байдлаар хамаарч байх тул түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лгийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног /2020.10.31-2020.11.01/, мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон 28 хоног /2020.11.02-2020.11.30/, шүүхийн шатанд цагдан хоригдсон 216 хоног /2021.4.02-2021.11.03/ нийт 246 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Гын Лг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Гын Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Г.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийг хасаж тооцон эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Лд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Лгийн урьд цагдан хоригдсон 246 /хоёр зуун дөчин зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Б.ДАШДОНДОВ
Б.БАТАА