| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00422/И |
| Дугаар | 130/ШШ2017/00498 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2017/00498
| 2017 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 130/ШШ2017/00498 | Баян-Өлгий аймаг |
Зохигч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд оршин суух, Молкы овогт К.Өийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, Хожа овогт Ү.Ет холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн мөнгө 5500000 төгрөг, алданги 2750000 төгрөг, нийт 8250000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч К.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч К.Ө миний бие хариуцагч Ү.Етай 2016 оны 1 дүгээр сарын 18-ний өдөр зээлийн гэрээг амаар байгуулан 7500000 төгрөгийг хүүгүйгээр 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 7500000 төгрөгийг хариуцагч талд тус өдөр бэлнээр өгсөн.
Хариуцагч Ү.Е нь нэхэмжлэгч К.Ө надаас зээлсэн 7500000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөхгүй байсан тул талууд 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хүсэл зоригоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэн байгуулсан. Хоёр талын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 1-д заасны дагуу хариуцагч Ү.Е нь нэхэмжлэгч К.Ө надаас зээлсэн 7500000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацааг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2000000 төгрөгийг нэхэмжлэгч К.Ө надад төлсөн боловч үлдэгдэл 5500000 төгрөгийг төлөлгүй нэхэмжлэгч К.Ө намайг хохироож байна.
Нэхэмжлэгч К.Ө миний зүгээс үлдэгдэл 5500000 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч Ү.Еаас шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Хариуцагч Ү.Е нь хоёр талын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 1-д заасан хугацаа буюу 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч надаас зээлсэн 7500000 төгрөгийг бүрэн төлөх үүргийг хүлээсэн боловч 2000000 төгрөгийг төлж үлдэгдэл 5500000 төгрөгийг төлөөгүй тул төлбөр барагдуулах гэрээний 2-т /хэрэв хугацаандаа төлж барагдуулахгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг тооцож төлнө/-т заасны дагуу хамгийн сүүлд төлбөр төлсөн өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл өдрийн 37500 төгрөг нийт 346 өдрийн алданги 12975000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 2750000 төгрөгийн алдангийг хариуцагч Ү.Е нь хоёр талын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу нэхэмжлэгч К.Ө надад төлөх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй болно.
Иймд хоёр талын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 1 дэх хэсэгт заасны дагуу 5500000 төгрөг, мөн гэрээний 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу алданги 2750000 төгрөг нийт 8250000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох Ү.Еаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын, хариуцагч Ү.Е хооронд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг /цаашид гэрээ гэх/ нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын /РД: БЭ87032712/, нөгөө талаас Ү.Е /РД: БЮ 89062316/ бид дараах нөхцөлтэйгээр харилцан тохиролцож байгуулав.
Нэг: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүрэг
1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 8250000 төгрөгийн 2500000 төгрөгийг төлүүлэхгүйгээр татгалзаж, үлдсэн 5750000 төгрөгийг Ү.Еаас төлүүлж авахыг шаардах эрхтэй.
2. Шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Хоёр: Хариуцагчийн эрх, үүрэг
1. Хариуцагч Ү.Е нь нэхэмжлэгч К.Өт үндсэн нэхэмжлэлийн 5750000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бэлэн бусаар төлөх буюу К.Өийн ХААН банкны 5011240820 дансанд шилжүүлэх үүрэгтэй.
Гурав: Бусад нөхцөл
1. Хоёр тал энэхүү гэрээг сайн дурын үндсэн үндсэн дээр байгуулсан гэж үзэх ба цаашид эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлэн хамтран ажиллахыг эрмэлзэнэ.
2.Хариуцагч Ү.Е нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх юм.
3. Эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан нь маргаан бүхий иргэний хэрэг дуусгавар болох үндэслэл болно хэмээн гарын үсгээ зурж баталгаажуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
К.Өийн нэхэмжлэлтэй, Ү.Ет холбогдох зээлийн мөнгө 5500000 төгрөг, алданги 2750000 төгрөг, нийт 8250000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар хоорондоо сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээгээ байгуулан шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Зохигч талуудын хороонд байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8250000 төгрөгөөс 2500000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 5750000 төгрөг болгож багасгасан бөгөөд хариуцагч Ү.Е нь энэхүү 5750000 төгрөгийг нэхэмжлэгч К.Өт 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бэлэн бусаар төлөх буюу нэхэмжлэгч К.Өийн ХААН банкны 5011240820 дугаартай дансанд шилжүүлэхээр болсон тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146950 төгрөгийн тал нь болох 73475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сангийн ХААН банкны аймаг дахь салбарын 100020000941 дугаартай данснаас 73475 төгрөг, мөн хариуцагч Ү.Еаас 73475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К.Өт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ү.Е нь нэхэмжлэгч К.Өт 5750000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бэлэн бусаар төлөх буюу нэхэмжлэгч К.Өийн ХААН банкны 5011240820 дугаартай дансанд шилжүүлэхээр болж зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146950 төгрөгийн тал нь болох 73475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сангийн ХААН банкны аймаг дахь салбарын 100020000941 дугаартай данснаас 73475 төгрөг, мөн хариуцагч Ү.Еаас 73475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К.Өт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ү.Е нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК