Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1109

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Шд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Сын Ш /РД:.................../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ............ тоотод хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр маргалдан Х.Бийн нүүр лүү нь цохих, газарт унагаж өшиглөх, хутгаар гарыг зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 964 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч С.Шг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн Д.Лхагвасүрэнгээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ............ тоотод хүн зодуулсан байна” гэсэн тэмдэглэл /хх2/,

2. Хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ............ тоот ...өвлийн сууц байна. Гал тогооны шаргал өнгийн шүүгээний зүүн ирмэг дээрээс ажлын хэсэг нь 18 см, нийт урт нь 26 см хутга байсныг хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-8/,

3. Хохирогч Х.Бийн “...2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ... би Шинээ гэх залууд хүний амьдралд орохоо боль гэж хэлсэн чинь намайг арчаагүй залуу чи намайг барах уу гээд орилоод байсан учир хүүхэд айна гэж бодоод гэрийн гадаа гарсан. Тэгээд байшингийн үүдэнд муудалцах үед намайг барьж аваад нүүр лүү гараараа хэд хэд цохисон учир газар унасан чинь миний нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд баруун хавирга орчим хөлөөрөө нэг удаа дэвссэн. ...тухайн үед Ш бид хоёр 0.75 литрийн архи хувааж уусан байсан бөгөөд би согтсон байсан. Ш яг над руу хутга барьж дайраагүй бөгөөд бид хоёр хутга булаацалдаж байгаад би зүүн долоовор хуруугаа зүссэн. Хутгыг яг юунаас болж булаацалдсанаа мэдэхгүй байна... Би эмчилгээний 300.000 төгрөгийг С.Шгээс дансаар хүлээн авсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг  /хх24, 28/

4. Гэрч Д.“...том охин Азаа нь Нямлхагвын гар утас руу залгаад аавын нүүрэн дээр булдруу болчихлоо гэхээр нь ... гэрт нь ирсэн чинь хашааны хаалга нь онгорхой байхаар нь машинтай бид 2 орсон. Тэгтэл танихгүй залуу байшин руу нь шээх гэж байсан бөгөөд Нямлхагва түүнтэй уулзахаар явсан тул би шууд гэр рүү орсон чинь гал тогооны үүдэнд Б нүүр, ам, гар нь цус болчихсон байхаар нь би айгаад шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Тухайн үед эхнэр нь их согтолттой цаад өрөөндөө сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх31/,

5. Гэрч Ц.“...Х.Бийн гэрт очиход үл таних хүн /С.Ш/ гэрээс нь гарч ирэхээр нь ямар учиртай хүн бэ чи гээд бариад авахад чи дуудсан нь хүн нь мөн үү гээд тоосго барьж авахаар нь би тоосгыг нь унагаад цагдаа дууд гэж Лхагвасүрэн ахад хэлээд тэврээд байж байхад Болортунгалаг гарч ирээд наадуул чинь цагдаа дуудсан гээд С.Шг аваад машиндаа суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх36/,

6. Гэрч Б.“...охин болох Азжаргал гарч ирээд Б, Ш нар маргалдаж зодолдоод байна гээд гараад ирсэн. Тэгээд би гэр лүү орсон чинь Б газар хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх38/,

7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8529 дугаар дүгнэлтэд “Х.Бийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан хэсгийн цус хуралт, хоёр нүдний алимны салстын цус харвалт, дээд, доод уруулын цус хуралт, дээд уруулын язарсан шарх, зүүн гарын долоовор хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ. /хх40-51/,

8. Шүүгдэгч С.Шгийн яллагдагчаар өгсөн “...манай хашааны гадна өмнө нь надтай явж байсан Болортунгалаг ирээд намайг дуудсан. ...Болортунгалагийн нөхөр Б рүү залгаад танай эхнэр манай үүдэнд ирсэн байна. Хүрч ирээд эхнэрээ ав гэж хэлэхэд Б удалгүй ирээд ...манай гэр лүү хамт явж ярилцъя гээд гэр лүү нь хамт явсан. ...Б, Болортунгалаг бид гурав нөгөө шил архиа хуваагаад ууж байхад Б намайг эхнэртэйгээ хардаад хэрүүл хийсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг би Бийн биед гараараа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх66/,

 Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч С.Ш:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч С.Ш нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ............ тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Х.Бийн нүүр лүү нь цохих, газарт унагаж өшиглөх, хутга булаацалдан гарыг нь зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдож байна.

Энэ нь хохирогчийн “...байшингийн үүдэнд муудалцах үед намайг барьж аваад нүүр лүү гараараа хэд хэд цохисон учир газар унасан чинь миний нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд баруун хавирга орчим хөлөөрөө нэг удаа дэвссэн. Ш яг над руу хутга барьж дайраагүй бөгөөд бид хоёр хутга булаацалдаж байгаад би зүүн долоовор хуруугаа зүссэн...” гэсэн мэдүүлэг, хохирогчид гэмтэл учруулсны дараа хэрэг учрал болсон газарт очсон Д.Лхагвасүрэн, Ц.Нямлхагва нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.  

Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Х.Бийн биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан хэсгийн цус хуралт, хоёр нүдний алимны салстын цус харвалт, дээд, доод уруулын цус хуралт, дээд уруулын язарсан шарх, зүүн гарын долоовор хурууны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь шүүх эмнэлгийн 8529 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч С.Ш нь хохирогчид 300.000 төгрөгийн хохирол төлсөн нь талуудын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч Х.Б нь нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргасан байна.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч С.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогчид хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэснийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч С.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сүхбаатарын Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шд 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР