Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2017/00501

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2017/00501

Баян-Өлгий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух, Санырау овогт К.С н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 2500000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч К.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Би Цэнгэл сумын 3 дугаар хүүхдийн цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар ажиллах хөдөлмөрийн түр гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба тус цэцэрлэгийн шинээр томилогдсон эрхлэгч энэхүү гэрээ үндэслэлгүй хэмээн үзэж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн намайг ажлаас чөлөөлсөн юм. Энэхүү байдлаар маргаан үүсч улмаар шүүхэд хандаж 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012/МА2017/00030 дугаар бүхий магадлалаар эцсийн шийдвэр гарч намайг урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон билээ.

Иймд шүүхээс хүсэх нь: миний ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 10 дугаар сарын 01-ээс 2017 оны 4 дүгээр сарын цалин гээд нийтдээ 5 сар 5 хоногийн цалин 2206342 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 213574 төгрөг, амралтын мөнгө 264761 төгрөг, нийт 2684667 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Нэхэмжлэгч К Серикбай нь ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалд ногдох амралтын мөнгийг нэхэмжилсэн. 2016 оны 11, 12 дугаар саруудын цалин, 2017 оны 1-3 дугаар сарууд, 4 дүгээр сар, 5 хоногийн цалин гээд нийтдээ 5 сар 5 хоногийн 2206342 төгрөг нийгмийн даатгалын шимтгэл 213574 төгрөг, амралтын мөнгө 264761 төгрөг. нийтдээ 2684667 төгрөгийг Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн данснаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ш.Майгүл шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.Майгүл би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг, Санырау овогт К.Сн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Ер нь К.Сн нь тус цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сараас эхлэн галчаар томилогдсон ба тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажил эрхлээгүй байсан юм. Ажил олгогч К.Сг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр ёсоор 2017 оны 4 дүгээр сарын 15-наас өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон юм. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан тухайн байгууллагад 11 сар биеэр ажилласан нөхцөлд ээлжийн амралтын асуудлыг ярих ёстой юм. Гэтэл нэхэмжлэгч К.Сн нь ажилд ороод 15 хоног хагас дутуу ажиллаад одоо ээлжийн амралтын нөхөн олговрыг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй юм.

К.С нь тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг төлүүлэх тухай асуудлыг хөндөөгүй байна. Манай байгууллагын нягтлан бодогч Б.Кикийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тооцоогоор ажил олгогчоос К.Сн үндсэн цалинг тооцоо хийхэд байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, нэхэмжлэгчийн цалингаас суутгах ашиг орлогын татварыг хассан ба нэхэмжлэгч К.Сн гарт нь шууд хүлээн авах мөнгийг 1745742 төгрөг байхаар тодорхой дурдсан юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Нэхэмжлэгч К.С нь 10 дугаар сард нийтдээ 17 хоног ажилласан. Үүнд оногдох цалин хөлсөө авсан. Үүнээс 3 хоногийн цалин болох 52000 төгрөг дутуу байсан. Дараа нь 11, 12, 2017 оны 1-3 дугаар саруудад огт цалин аваагүй байсан. Сарын цалин нь 321534 төгрөг байсан. Дараа нь 4 дүгээр сард 15 хоногийн цалин хөлсөө авсан. Үүнээс 5 хоног дутуу байсан. Энэ нь 85637 төгрөг байгаа. Иймд нийтдээ 1745742 төгрөгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй.

Ээлжийн амралтын хувьд энэ хүн 10 дугаар сард ажилд ороод 17 хоног ажилласан. Ээлжийн амралтын олговрыг ажлаа биеэрээ эдэлсэн тохиолдолд эдлэх ёстой. Тэгэхээр биеэрээ эдлээгүй учраас ээлжийн амралтын мөнгийг олгох боломжгүй гэж үзэж байгаа. Цалин бодогдох үед нийгмийн даатгалын шимтгэл нь энэ хүний гарт биш. нийгмийн даатгалын байгууллагад шилжиж төлөгдөх ёстой. 2684667 төгрөг гэхээр ашгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ээлжийн амралтын мөнгө гээд үндэслэлгүйгээр эдгээр мөнгийг шууд К.С өөрөө авахаар нэхэмжилж байгаа. Энэ хэмжээгээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломж байхгүй. Тийм учраас Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 1745742 төгрөгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч К.С нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны 5 сар 5 хоногийн цалин болох 2206342 төгрөг, 5 сарын нийгмийн даатгалын шимтгэл 213574 төгрөг, ногдох амралтын мөнгө 264761 төгрөг, нийт 2684677 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд К.С нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр галчийн ажилд орсон байх ба тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар К.Сг галчийн ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч К.С нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийг үндэслэн Цэнгэл сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар түүнийг галчийн ажилд эгүүлэн томилсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр үйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох-оор заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч К.Сн үндсэн цалин нь 388317 төгрөг болох нь нягтлан бодогч Б.Кикийн тодорхойлолт болон Цэнгэл сумын 3-р хүүхдийн цэцэрлэгийн 2016 оны 10 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтээр тогтоогдсон байна. К.С нь 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 1, 2, 3 сар, мөн 4 дүгээр сараас 5 хоногийн цалинг нэхэмжилсэн бөгөөд нийт ажилгүй байсан 5 сар 5 хоногийн цалинг дээрх нягтлан бодогчийн тодорхойлолтыг үндэслэн тооцоход 5 сарын цалин 1941585 /5х388317=1941585/ төгрөг, ажлын 5 хоногийн цалин 92455 /18491х5=92455/ төгрөг, нийт 2034040 төгрөг байх тул энэхүү мөнгийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгээс гаргуулан К.Сд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс 5 сарын нийгмийн даатгалын шимтгэлд 213574 төгрөгийг гаргуулж өгөхийг шаардсан боловч нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд олгох эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл нь даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөр тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн хэмжээгээр ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажилтны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 10 хувьтай тэнцэх шимтгэлийг даатгуулагчаас, 11 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг ажил олгогчоос тус тус төлөх тул ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлөх хувь хэмжээг тооцвол 203404 төгрөгийг даатгуулагч К.Сгаас, 223744 төгрөгийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгээс тус тус гаргуулан Нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт үүрэг болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч К.Сгийн ногдох амралтын мөнгө 264761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно гэж заажээ. Нэхэмжлэгч К.С нь тус цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сараас эхлэн ажилласан байх ба тухайн ажлын жилд ээлжийн амралтаа эдлэх эрхтэй бөгөөд К.С нь ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тухай нотлох баримт байхгүй байна. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаартай тушаалаар баталсан ээлжийн амралт олгох зааврын 13-т зааснаар ажил олгогч нь ажилтны ажлаас халагдахаас бусад тохиолдолд болон хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол биеэр эдлээгүй ээлжийн амралтын оронд мөнгөн олговор олгож болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр шүүхээс ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан ээлжийн амралтыг биеэр эдлэх эрхтэй бөгөөд түүнд амралтын мөнгө олгох үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ээлжийн амралтаа биеэр эдлэх боломжтой болно.

Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны 2034040 төгрөгийг гаргуулан К.Сд олгож, нийгмийн даатгалын шимтгэл болох 203404 төгрөгийг даатгуулагч К.Сгаас, 223744 төгрөгийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгээс тус тус гаргуулан Нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт үүрэг болгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 650637 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны 2034040 төгрөгийг гаргуулан К.Сд олгож, илүү нэхэмжилсэн 650637 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан нийгмийн даатгалын шимтгэл болох 203404 төгрөгийг даатгуулагч К.Сгаас, 223744 төгрөгийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгээс тус тус гаргуулан Нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт үүрэг болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгээс 47495 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Сд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК