Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/811

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021          12           08                                  2021/ШЦТ/811     

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Энэрэл

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Д.Эрхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105000001697 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн,  настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гутал хийдэг, ам бүл , нөхөр,   хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын 3-р багийн Хуягт гэх газар оршин суух хаягтай боловч одоогоор Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын  дугаар гудамжны тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  /РД: /, Б.А-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн  дүгээр хороо, Шинэ хотхоны  дугаар байрны  тоотод Д.Э-тэй маргалдан түүний хамран тус газарт нь гараараа нэг удаа цохисны улмаас Д.Э-ийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, умдагны баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч Б.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Манай хамгийн бага дүүгийнх байрны найр хийж байсан юм. Бэр маань эгчтэйгээ юм шивнэлдээд байсан. Тэгэхэд нь манай дүү юу шивнээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь бэр маань хүүхдээ аваад гараад явсан. Тэгэхээр нь гараад хайсан чинь байгаагүй. Удалгүй гэрт бага зэргийн маргаан болохоор нь би Д.Э- танай дүү аашнаасаа болсон биз гэж хэлтэл Д.Э-над руу таваг шидсэн тэгэхээр нь би эргүүлээд нэг удаа цохисон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хавтаст хэргээс хохирогч Д.Э- мөрдөн байцаалтанд “2021 оны 10 дугаар сарын 09-ний орой БГД-ийн дүгээр хорооны Шинэ хотхоны  дугаар байрны 307 тоот болох өөрийн төрсөн дүү Должинжавын байрны найранд  очсон. Тэгээд тухайн өдрийн орой манай дүү Должинжавын нөхөр Ренчиндоржийн төрсөн эгч болох Амаржаргалтай маргалдсан. Юунаас болж маргалдсан гэвэл 23 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Должинжав надад ирээд 24 цаг болж байна хамаагүй орилж дуу чимээ гаргаж болохгүй байх гэж чихэнд шивнэж хэлсэн. Гэтэл Должинжавын нөхөр Ренчиндорж нь бид хоёрыг харчихаад юу шивнээд байгаа юм гэж хэлтэл манай дүү Должинжав, нөхөртөө юу гэж хэлсэн талаар тайлбарлатал Должинжав нөхөр болох Ренчиндоржтойгоо муудалцаад 8 сартай хүүхдээ аваад гараад явчихсан. Тэгэхээр нь Ренчиндоржид хандаж чи яахаараа манай дүүг хөөж гаргаж байгаа юм араас нь гараад олж ир гэтэл танай дүү чинь аашнаасаа болж байгаа юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хана руу таваг аваад шидчихсэн. Тэгээд би гэрээс нь гарах гэж байтал Ренчиндоржийн төрсөн эгч болох Б.А- надтай хэрэлдэж байгаад миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Би аль гараараа цохисныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд миний хамраас цус гарсан. Маргааш нь буюу 2021 оны 10 сарын 10-ны өглөө гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд дараа нь “Мед” гэх эмнэлэгт томографи үзүүлэхэд миний хамрыг хугарсан байна гэж хэлсэн. Би Амаржаргалыг ерөөсөө цохиж зодоогүй. Амаржаргал миний хамар руу цохиход хажууд Баяраа гэх эмэгтэй харж байсан. Баяраа нь тухайн найран дээр ерөөсөө архи уугаагүй хоол хийгээд байж байсан. Би Амаржаргал гэх хүнээс эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09/

 

Яллагдагчаар Б.А- мөрдөн байцаалтанд “2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Ренчиндоржийн гэр болох БГД-ийн 09 дүгээр хороо Шинэ хотхоны 85 дугаар байрны 307 тоот гэрт, байрны найран дээр очсон. Тухайн өдрийн орой 23 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Ренчиндорж өөрийн эхнэр Должинжав түүний эгч Д.Э-хоёрыг хоорондоо юу шивнээд яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь манай бэр дүү Должинжав хүүхдээ тэврээд гараад явчихсан. Тэгсэн чинь бэр дүү Должинжавын эгч Д.Э-нь Ренчиндоржид хандаж чи яагаад 8 сартай хүүхдээ эхнэртэй нь хөөгөөд гаргачихаж байгаа юм гэж хэлээд уурлаад загнаад байсан. Тэгэхээр нь би Д.Э- хандаж бид нар хөөж гаргаагүй өөрөө гараад явчихлаа шүү дээ гэж хэлэхэд Д.Э-над руу таваг шидсэн. Мөн сандал шидсэн. Тэгээд шидсэн таваг нь ямар нэгэн хүнийг оноогүй хана руу шидсэн. Харин сандал нь миний зүүн гарын булчин хэсэг рүү оносон. Тэгснээ Д.Э-нь төрсөн дүү Должинжавын араас гарах гэж байхдаа Ренчиндорж руу дайраад загнаад байсан. Тэгэхээр нь би Эрдэнэцэцэгийн хамар, нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Эрдэнэцэцэгийн хамраас цус гарсан. Тэгээд Д.Э-цусаа цэврэлчихээд гараад явсан. Тухайн үед Д.Э-архи уусан байсан. Нэлээн согтолттой байсан. Би бас архи уучихсан байсан. Би дунд зэргийн согтолттой байсан. Д.Э-миний зүүн гарын булчин руу сандлаар цохисон миний зүүн гар булчин хэсэгтээ хөхөрчихсөн байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 9987 дугаартай “Д.Э-ийн биед хамар ясны хугарал, умдагны баруун хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүү нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14/

Хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 37-42/, шүүгдэгч Б.А-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч Б.А- 2021 оны 10 дугаар сарын 09-нд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Шинэ хотхоны 85 дугаар байрны 307 тоотод оршин суудаг өөрийн төрсөн дүү Б.Ринчэндоржийн байрны найранд уригдаж ирээд согтуурсан үедээ бэр дүү Б.Должинжавын эгч Д.Э-тэй маргалдан түүний хамран тус газарт нь гараараа нэг удаа цохисны улмаас Д.Э-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.А-ын “...Тэгэхээр нь би Эрдэнэцэцэгийн хамар, нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Эрдэнэцэцэгийн хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/, хохирогч Д.Э-ийн “...Амаржаргал надтай хэрэлдэж байгаад миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Би аль гараараа цохисныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд миний хамраас цус гарсан. Маргааш нь буюу 2021 оны 10 сарын 10-ны өглөө гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд дараа нь “Мед” гэх эмнэлэгт томографт үзүүлэхэд миний хамрыг хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09/,  шинжээчийн 9987 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 37-43/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Б.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

 

        Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүх эрх мэдлийн асуудал юм.

 

Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч хохирогч нарын архидан согтуурсан байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч Б.А-, хохирогч Д.Э- нар өөр өөрийн дүү нараа өмөөрч маргалдсаны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Иймд өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлөх” санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

 Анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

          Хохирогч Д.Э-ийн хохиролтой холбогдох хавтаст хэргийн /хх-ийн 37-43/ дугаар талд авагдсан нийт  2.012.500 төгрөгийн үнийн дүн бүхий баримтуудаас /хх-ийн 37/-талд авагдсан Дуб ХХК-ийн 130.000 төгрөгийн баримт нь давхардсан, мөн /хх-ийн 38/-талд авагдсан МТ гэсэн 50.500 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй байх тул  нийт 180.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

          Харин “Med Trauma” эмнэлгийн үзлэгийн хуудас толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий хамрын дүрс оношилгоо 130.000 төгрөгийн баримт нь хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтэлтэй хамааралтай, мөн “Төгс ялгуун” гэх өвчтөн оношлох зөвлөгөөний 10.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлгийн 25.000 төгрөг, “Энх Ану Марал” эмнэлгийн эмчийн үзлэгийн 35.000 төгрөгийн баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай байх ба нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүх нотлох баримтаар үнэлж нийт 200.000 төгрөгийн хохиролыг  шүүгдэгч Б.А-аас гаргуулж хохирогч Д.Э-т олгохоор шийдвэрлэв.

         

Хохирогчийн цаашид гарах эмчилгээнд шаардагдах  хамрын таславч засах мэс заслын 1.500.000 төгрөг, мэс заслын өмнөх шинжилгээ 72.500 төгрөг, эмнэлэгт 1 хоног хэвтэн эмчлүүлэх 60.000 төгрөг, нийт 1.632.500 төгрөг нэхэмжилсэнтэй холбоотой баримтууд нь энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхив.

 

Иймд хохирогч Д.Э-ийн хохиролтой холбогдох нийт 2.012.500 төгрөгийн төгрөгийн нэхэмжлэлээс 180.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх буюу цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1.632.500 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисон болно.

 

Хохирогч нь өөрт учирсан хохирол хор уршигтай холбогдох цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь  нээлттэй.

 

Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус  дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

         1. Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Шүүгдэгч Б.А- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.         

 

          5. Хохирогчийн нэхэмжилсэн нийт 2.012.500 төгрөгийн нэхэмжлэлээс 180.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 200.000 төгрөгийн хохирол гаргуулж хохирогч Д.Э-т олгосугай.

 

         6. Нэхэмжлэлээс үлдэх нийт 1.632.500 төгрөгийн холбогдох хэсгийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Э- өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ