Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/689

 


 

 

 

 

 

 

 

   2021           11          01                                 2021/ШЦТ/689

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103000000285 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Автобус нэгдэл” ХХК-нд  жолооч ажилтай, ам бүл , эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо  дугаар гудамж 6а   тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний 12 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 5 дугаар хороо 10 дугаар хорооллын автобусны буудал бүхий замд “Автобус нэгдэл” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS106 маркийн 00-00 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний ногоон гэрлээр зам гарч явсан зорчигч М.М- мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******- “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч талд хохирол төлбөрт 2.800.000 төгрөгийг нөхөн төлсөн.” гэв.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  *******-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний 12 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 5 дугаар хороо 10 дугаар хорооллын автобусны буудал бүхий замд “Автобус нэгдэл” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS106 маркийн 00-00 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний ногоон гэрлээр зам гарч явсан зорчигч 15 настай М.М- мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

    

 Эдгээр байдал нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

Зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-10/

 

Хяналтын камерт үзлэг хийсэн “...Бичлэгийн 00 минут 20 секундэд улаан өнгийн гэрэл дохиотой гэрэл асаалттай байхад явган хүний гарцаар замыг ертөнцийн зүгээр урдаасаа, хойшоо чиглэлтэй зам гарах гээд гүйгээд явж байх үед нь Daewoo BS106 маркийн 00-00 УНБ улсын дугаартай автобусны гадна талын хяналтын камерын бичлэгт явган зорчигч урд хэсэгт мөргөгдөөд зам дээр унаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байлаа ...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 19/

 

Насанд хүрээгүй хохирогч М.М- мөрдөн байцаалтанд: “2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд би гэрээсээ гараад Цоглог хотхонд хүн юм өгчихөөд буцаад 10-р хорооллын урд талын автобусны буудлын баруун талд байрлах явган хүний гарцаар гарах гээд явж байхад явган хүний ногоон гэрлийн секунд 20 гэсэн тоон дээр асаж байхаар нь явган хүний гэрэл унтраахаас өмнө амжаад гарья гэж бодоод 2, 3-р эгнээний автомашинууд зогсчихсон байхыг хараад гарцаар гарах гээд 1-р эгнээ рүү ортол баруунаас, зүүн чиглэлд явж байсан ногоон өнгийн автобус гэнэт гарч ирээд намайг жолооч талынхаа хэсгээр мөргөөд би засмал зам дээр зүүн тохой хэсгээрээ унасан. Босох гэтэл толгой өвдөөд байхаар нь буцаад хэвтсэн. Автобусны жолооч гарч ирээд өөр хүмүүстэй юм яриад байсан. Нэг харахад автобусны жолооч талын нүүрэн хэсэг нь хагарчихсан байсан. Тэгсэн нэг цагдаа ирээд надаас ээжийн дугаарыг асуухаар нь би ээжийн дугаарыг өгсөн. Ээж ирсний дараа 103-ын автомашинтай эмч ирээд миний биеийн байдлыг үзээд зүүн гарын бугуй хэсгээр хугарсан байсан яаралтай гэмтлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гээд гэмтлийн эмнэлэгт би ээжтэй хамт очсон. Гэмтлийн эмнэлэг дээр зүүн гарын бугуй хэсгээр рентген зураг авхуулсан. Дараа нь толгой, нуруу, хүзүү, аарцаг ясны томографын зураг авхуулсан. Зургийн хариугаар нурууны яс цүлхийсэн, зүүн гарын бугалга хэсгээр хугаралтай гэсэн онош гарсан.Тухайн гарцын явган хүний гэрэл ногоон 30 секунд асдаг. Ногоон гэрэл нь 30 секундээс доош уруудаад явж байхад 20-22 секундэд гарах гээд 1-р эгнээнд ортол автобус баруунаас, зүүн чиглэлтэй явж байгаад улаан гэрлээр ороод намайг мөргөснөөс болж осол болсон. Эмчилгээний зардалд 294.520 төгрөгийг манай ээж гаргасан. Мөн автомашины бензиний зардалд 156.000 төгрөгийг гаргасан. Автобусны жолооч миний эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг өгсөн. Одоо цээжний имрайн зураг авхуулах шаардлагатай гэж Шүүх шинжилгээний эмч Болороо хэлсний дагуу өнөөдөр зураг авхуулна. Мөн миний нуруу өвдөөд байгаа “Мангут” эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

 

            Иргэний хариуцагч Г.Д- мөрдөн байцаалтанд “...Манай компанийн зүгээс хохиролтой холбоотой гарсан зардлыг төлөхгүй. Учир нь жолооч Сэдбазар нь өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул өөрөө хохирлыг барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/

 

            Иргэний нэхэмжлэгч Г.Д- мөрдөн байцаалтанд “...Ослоос болж манай компанийн эзэмшлийн Daewoo BS106 маркийн 00-00 УНБ улсын дугаартай автобусны урд салхины шил эвдэрсэнг жолооч Сэдбазар нь шилийг шинээр хийлгүүлж хохиролгүй болгосон. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө 07 цагийн орчим гэрээсээ гараад ажлынхаа бааз дээр очоод Daewoo BS106 маркийн 00-00 УНБ улсын дугаартай автобусаа аваад шугаманд гарсан. Тэгээд би хүн тээвэр хийж байгаад өдрийн 12 цагийн орчим зүүн салааны эцсээс, халдвартын эмнэлэг орох гээд Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын урд талын автобусны буудал орох гээд 30 км/ цаг хурдтай явж байгаад гэрлэн дохионы гэрэл улаан гэрэл асчихсан байсан. Би явган хүний гарц ойртож байхад хурдаа хасаж амжаагүй байсан. Явган хүний гарцаар гарах гэсэн хүн харагдахгүй байхаар улаан гэрлээр дөнгөж ороод 1-р эгнээнд явж байтал замынхаа урд талаас явган зорчигч эрэгтэй хүүхэд гэнэт замынхаа урд талаас гүйж орж ирээд мөргүүлчихсэн. Тэгээд тэр хүүхэд газарт уначихсан. Осол болох үед автобусан дотор 20 гаран зорчигч нартай явсан. Осол болсны дараа автомашинд зорчиж явсан хүмүүсээс эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн байна лээ. Эхлээд бүрэлдэхүүний цагдаа нар ирээд хэргийн газарт хэмжилт хийгээд дууссаны дараа 103-ын автомашин эмч ирээд гэмтсэн хүүхдийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би 10-р хорооллын автобусны буудал дөхөж байсан. Явган хүний гарцаар хүнгүй байхаар улаан гэрлээр дөнгөж орсон чинь замынхаа урд талаас явган зорчигч хүүхэд гэнэт гүйж орж ирээд мөргүүлсэн. Явган зорчигч хүүхэд ногоон гэрлээр орсон. Явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигч харагдахгүй байсан, би автобусаа гарц ойртож байх үед нь зогсоох арга хэмжээ авч чадаагүй гарц руу ороод явган зорчигчийг мөргөсөн. Хохирогчид эмчилгээний төлбөрт 1.800.000 төгрөг төлсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85/

 

            Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021  оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 999010 дугаартай Уг тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байна. Өнгө үзэмж ерөнхий байдал нь стандартын шаардлага хангахгүй байна. Ухрах арааны гэрэл, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Мөн баруун талын их гэрлийн хол, ойрын тусгал стандартын шаардлага хангахгүй байна. Энэ эвдрэл, гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байна. Баруун талын их гэрлийн хол, ойрын тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг осол өдрийн цагт болсон учраас осолд нөлөөлөхгүй. Тоормосны систем нь хийн дамжуулгатай байна. Тоормос бүрэн ажиллаж байна. Тоормосны систем нь хийн дамжуулгатай бол дээрх тоормосны системийн үед автомашины тоормос гишгих үед тоормосны мөр замын гадаргуугаас хамаарч үүсдэг..” гэсэн дүгнэлт /хх-ийн 70-73/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 8931 дугаартай “М.м- биед зүүн шуу, богтос ясны хугарал, зүүн 7-8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

      

          Шүүгдэгч *******- нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний 12 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 5 дугаар хороо 10 дугаар хорооллын автобусны буудал бүхий замд “Автобус нэгдэл” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS106 маркийн 00-00 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний ногоон гэрлээр зам гарч явсан зорчигч М.М- мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  тооцогдоно.

 

          Өөрөөр хэлбэл улсын яллагчаас *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******-ын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

          Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 101/, насанд хүрээгүй хохирогч М.м- хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 103/ шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун ерэн нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгчид танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 заалтад зааснаар дөрвөн зуун ерэн нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч *******-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

          *******- нь мөрдөн байцаалтын явцад насанд хүрээгүй хохирогч М.м- “эмчилгээний зардалд 2.800.000 төгрөгийг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хууль ёсны төлөөлөгч А.Д- хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг  тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                   ТОГТООХ нь:

          1. *******-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун ерэн нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 490.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, жолооны бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж, хэргийн хамт ирүүлэн сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ