Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/737

 

                             

 

 

 

 

 

 

 

2021            11           18                                     2021/ШЦТ/737

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

улсын яллагч А.Ариунаа /томилолтоор/

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч В.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2103001720235 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Олон улсын бизнес эдийн засгийн дээд сургуулийн  дугаар дамжааны оюутан, ам бүл , эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  дүгээр хороолол  дугаар байрны  тоотод оршин суух хаягтай, урьд нь 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, /РД: / *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

*******- нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны үүрийн 04 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам, “Барс” худалдааны төвийн хойд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн “Тоёота Приус” маркийн 88-54 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас “Волво” маркийн 63-88 ДГС улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг мөргөж, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч Э.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Э.Э- ах замын цагдаа хүн юм. Намайг чи машин барь, ах нь арыг нь даана гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний машиныг барьж яваад осол гаргасан нь үнэн. Маш их харамсаж байна. Э.Э- ах, болон түүний эхнэр иргэний нэхэмжлэгч нарт нийт  6.000.000 төгрөг өгсөн. “Энтээсээ” ХХК-ийн Волво машины эвдрэлд үнэлгээгээр тогтоогдсон 1.995.000 төгрөгийг төлөөгүй байгаа.” гэв.

 

Хавтаст хэргээс зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 5-12/

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “*******-ыг драйгер багаж ашиглан шалгахад 1.02 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/

 

Хохирогч  Э.Э- мөрдөн байцаалтанд “... Би 2021 оны 7 дугаар сарын 01-ний орой 21 цагийн орчим  *******-тай уулзахаар чат бичээд гэрээсээ ганцаараа гараад Toyota prius 20 маркийн 88-54 УАВ улсын дугаартай автомашиныг жолоодон 22-23 цагийн орчим Богд Арын баруун талын арктай байрны хажууд   *******-тай уулзсан. Тэгээд юм ярьж байгаад хөдлөөд талбайгаар очиж юу болж  байгаа талаар харсан онцын зүйл болоогүй болохоор нь бид хоёр пиво уухаар болж  барилгачдын талбай орж 2.5 литртэй 2 ширхэг пиво аваад Зайсан орж уухаар явсан. Тэгээд явж байх үед  *******-  надаас автомашиныг чинь жолоодож үзье гээд байхаар нь жолоогоо шилжүүлээд жолоодуулсан чинь маш эвгүй яваад байхаар нь буцаад өөрөө автомашинаа жолоодоод  Зайсангийн аманд очиж зогсоод  пиво ууж эхэлсэн. Тэгээд авсан хоёр пиво дуусахаас өмнө найз Хангай руу залгаж пиво байна уу гэж асуухад нэг том пиво байна гэхээр нь би яваад очъё гэж хэлээд хөдлөхөөр болсон. Тэгээд тэндээс яаж хөдөлснөө сайн санахгүй байна. Тэгээд  найзынхаа гадаа очоод  найзтайгаа утсаар ярьснаа санаж байна тэгэхэд *******- жолоо бариад явж  байсан. Тэгээд найзтайгаа пиво ууж эхэлсэн яаж дуусгаснаа сайн санахгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Би гэрээсээ 21 цагийн орчим ажил руугаа явлаа гэж хэлээд гарсан. Бид 2017 онд танилцаж байсан. Төв аймгийн Борнуур сумын Дуган хад гэх газар руу салхинд гарч байгаад танилцаж байсан. Миний найз Өнөрбаясгалангийн найз Зулаа дагуулж ирсэн юм. Түүнээс хойш холбоо сураггүй байж байгаад instagram чатаар холбогдож байгаад 2021 оны 7 дугаар сарын 01-ний орой юу байна ах гээд чат бичсэн.  Тэгээд уулзахаар болсон юм. Зам тээврийн осол гарах үеийг санахгүй гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Би архи согтууруулах ундааны зүйл Зайсанд 2 литр орчим уусан, дараагийн пивоноос ямар хэмжээтэй ууснаа сайн мэдэхгүй байна. Би сайн мэдэхгүй байна. *******- Зайсан дээр 2 литр орчим пиво уусан. Мэдэхгүй байна. Би зүүн урд буюу жолоочийн хажуу талд сууж явсан. Тухайн автомашин миний эхнэр Н.О-ын өмчлөлийн автомашин. Миний биед гэмтэл учирсан. Зүүн хөлийн дунд чөмөг, эрүү хугарсан. Хүзүүний зөөлөн эд гэмтсэн өөр гэмтэл бэртэл аваагүй байна. Эмчилгээний зардлаа *******-аас нэхэмжилнэ. Баримтаа  гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 21-22/

 

Гэрч Ц.Б- мөрдөн байцаалтанд  “...Би 2021 оны 6 дугаар сарын 30-ны орой 17 цагийн орчим Замын-Үүдээс жимс, хүнсний ногоо ачсан Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашин жолоодон  Улаанбаатар хот руу хөдөлсөн. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн орчим Барс зах дээр  ирж ачаагаа буулгаж  эхэлсэн оройны 21 цагийн орчим дууссан. Тэгээд унтаж амраад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өглөөний 05 цагийн орчим буцах гээд ганцаараа Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашиныг жолоодон Барс захын хашаанаас гарах үед миний зүүн гар талаас ертөнцийн зүгээр баруун зүгээс буюу вокзал талаас нэг Toyota prius маркийн автомашин ирж яваа харагдсан тэгээд би дохио өгөөд зам руугаа ороод чиргүүлийн толгой бүтэн ороод чиргүүл талдаа орж явах үед миний автомашин хүчтэй доргисон. Тэгэхээр нь би автомашинаа зогсоогоод буугаад очсон чинь чиргүүлийн зүүн талын гол хэсэг рүү Toyota prius 20 маркийн 88-54 УАВ улсын дугаартай автомашин мөргөсөн, хоёр хүн сууж байсан. Уг автомашиныг жолоодож явсан цагаан хувцастай эмэгтэй хүн хөдөлж байсан, зүүн урд буюу жолоочийн хажуу талд сууж явсан эрэгтэй хүн хөдөлгөөнгүй байсан. Тэгээд  намайг Барсын хашаанаас гарахад хаалга нээж өгч байсан хамгаалалтын албаны ажилтан бас ирсэн байсан бид хоёр Toyota prius 20 маркийн 88-54 УАВ  улсын дугаартай автомашины жолооч эмэгтэйг хамт гаргаад замын хажуу тал руу суулгаж түргэн тусламж болон цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Хөдөлгөөний ачаалал сийрэг, цаг агаар тогтуун, зам халтиргаагүй хэвийн үзэгдэх орчин чөлөөтэй байсан.  Миний автомашинд хяналтын камер байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй 2002 оны 12 дугаар сард Шийдвэр нэртэй жолооны курст сууж жолоодох эрх авсан.  Би ойролцоогоор 3-5 км/цаг орчим хурдтай явсан. Миний жолоодож явсан Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашин нь “Энтээсээ”  ХХК-ний эзэмшлийн автомашин бөгөөд жолооч солилцоогоор наашаа ачаа зөөвөрлөж ирсэн. Замын-Үүдийн Шаргын овоо шалган нэвтрүүлэх постноос өөрийнхөө автомашиныг Замын-Үүд рүү өгч явуулаад зөрүүлээд Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашиныг жолоодон Улаанбаатар руу ачаа буулгахаар ирсэн. Би ойролцоогоор 150-200 метр орчим зайтай байна гэж харсан. Нэг хоёрдугаар эгнээ голлоод явж байсан.  Миний биед гэмтэл учраагүй. Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашинд эвдрэл гэмтэл учирсан. Чиргүүлийн багажийн хоёр сав цөмөрсөн  мөн тулгуур хөл тахийсан байсан өөр эвдрэлгүй. Эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/

 

Иргэний нэхэмжлэгч /Энтээсээ ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай/ Ц.М-  мөрдөн байцаалтанд “Манай эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь хөргүүртэй тээврийн хэрэгсэл ба уг хөргүүрийг ажиллуулдаг түлшний сав нь цоорч гэмтсэн, мөн багаж нь эвдэрч гэмтсэн, чиргүүлийн хөл эвдэрсэн.  Дүгнэлтээр гарсан 1.995.000 төгрөгийн үнэлгээтэй санал нийлж байна. Миний хохирлыг нөхөн төлөөгүй байгаа. Манай компанийн автомашиныг жолоодож явсан жолооч Ц.Б- нь миний хуурай ах ба манай компанийн тээврийн хэрэгслүүдийг жолоодон 2020 оны эхэн үеэс хойш тээвэрт явж байгаа. Манай компанийн зүгээс уг тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/

 

Иргэний нэхэмжлэгч Н.О- мөрдөн байцаалтанд “ Би 2021 оны 7 дугаар сарын 02-ны өглөө 6 цагаас ажилтай байсан. Би 05 цагт сэрээд нөхөр рүүгээ залгасан чинь утсаа авахгүй байсан, би маш олон удаа залгасан. Тэгээд гэрээсээ гараад таксинд суухаасаа өмнө нөхөр рүүгээ залгасан чинь утсыг нь хүн аваад би замын цагдаа байна нөхөр чинь осолд орсон байна гэж хэлэхээр нь би найзыг нь байна гэж бодоод уурлаад битгий тоглоод бай гэсэн чинь би тоглоогүй та гэмтлийн эмнэлэг дээр яаралтай ирнэ үү гэсэн. Тэгэхээр нь Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү гүйгээд орсон ирсэн чинь хөлийн зураг авхуулах гээд өрөөнд оруулсан байсан. Би харсан чинь ухаангүй харагдаж байсан. Би айгаад уйлаад жоохон орилсон чинь намайг эмч нь гаргачих гээд цагдаа нар нь тайван байж бай гээд намайг гаргасан. Тэгээд тэнд байсан цагдаа нарын нэг нь надад автомашинтай мөргөлдсөн талаар хэлсэн. Миний автомашиныг жолоодож явсан нэг эмэгтэй хүн бас тэргэнцэр дээр сууж байсан эгч маань тэр эмэгтэй хүнтэй уулзуулахгүй байсан. Тэгээд би өөрийн болон нөхрийнхөө ах дүү нарт утсаар хэлж мэдэгдсэн. Зам тээврийн осол хэрхэн болсон талаар сайн мэдэхгүй байна. Э.Э- 2021 оны 07 дугаар сарын 01-ний орой утас нь дуугараад ажилтай боллоо гээд 21 цаг өнгөрөөд ганцаараа гараад явсан. Тоуоta prius 20 маркийн 88-54 УАВ улсын дугаартай автомашин Н.О- миний өөрийн өмчлөлийн автомашин. 2020 оны 01 дүгээр сард ББСБ-д урьдчилгаа өгч авч байсан. 2020 оны 8 дугаар сард зээлээ төлж дуусган өөрийн өмчлөлд авсан автомашин юм. *******- яагаад жолоодож явсан талаар би сайн мэдэхгүй байна нөхрөөсөө асуухад энэ талаар хэлэхгүй байгаа. Хэрүүл маргаан болох гээд байгаа.

Тоуоta prius 20 маркийн 88-54 УАВ улсын дугаартай автомашиндаа эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэнэ. Үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилнэ.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

 

Иргэний хариуцагчаар Н.О- мөрдөн байцаалтанд “Тоуоta рrius 20 маркийн 88-54 УАВ улсын дугаартай автомашин Н.О- миний өөрийн өмчлөлийн автомашин. 2020 оны 01 дүгээр сард ББСБ-д урьдчилгаа өгч авч байсан. 2020 оны 8 дугаар сард зээлээ төлж дуусган өөрийн өмчлөлд авсан автомашин юм. Зам тээврийн осол гарах үед *******- гээд эмэгтэй хүн жолоодож явсан талаар эмч болон цагдаа нар хэлж байсан. Би өөрөө жолоодох эрхийн үнэмлэхгүй миний нөхөр жолоодож явдаг би өөрөө автомашин жолоодож чадахгүй. Зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг би төлж чадахгүй надад төлөх чадвар байхгүй. *******- гэж эмэгтэй төлөх байх. Би энэ эмэгтэй хүнээр төлүүлнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/

 

Ослын үеийн бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Тус хяналтын камерын бичлэг нь нийт 13 минут 02 секундийн бичлэг байх ба 2021 оны 7 дугаар сарын 02-ны өглөөний 04 цаг 22 минут 53 секундээс эхэлж байна. Бичлэгийн 00 минут 34 секундэд цагаан өнгийн Volvo маркийн автомашин нь ертөнцийн зүгээр урдаас гарч ирээд, зүүн чиглэлд явахдаа баруун гар тийш эргэж байх үед нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн явж байсан мөнгөлөг саарал өнгийн автомашин чиргүүлийн зүүн хэсэг рүү нь бичлэгийн 00 минут 40 секундэд мөргөөд зогсож байгаа дүрс бичлэг бичигдсэн байлаа. Уг бичлэг нь 13 минут 02 секундэд дуусаж байв.” гэжээ. /хх-ийн 84/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 6002 дугаартай “Э.Э-гийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун хацар ясны нум хэсгийн хугарал, эрүүний ооч ясны хугарал, зулайн хуйханд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөхлөг сэртэнгийн хуйханд зулгарсан шарх, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд цус хуралттай, зүүн шилбэнд хүрэн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 92-94/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2007 дугаартай “Шинжилгээний ирүүлсэн CD дискт хадгалагдаж байх “came3_2021-07-02__04-21-00_04-24-59__CAM3.avi”,               “came5__2021-07-02__04-23-00_04-35-59__CAM5.avi’’  гэсэн нэртэй дүрс бичлэгүүд болон хэргийн газрын схем гэрэл зураг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн CD дискт хадгалагдаж байх “came3_2021-07-02__04-21-00_04-24-59__CAM3.avi’’ гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2021-07-02   04:23:32 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь “4”-“5” гэж  тэмдэглэсэн үл хөдлөх цэгийн хоорондох 11.4 метр зайг ойролцоогоор -73.1км/цаг -  77.7км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн.” гэсэн дүгнэлт /хх-ийн 167-168/

 

 “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашинд учирсан хохирол 1.995.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 114-115/

 

 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Toyota prius маркийн 8854 УАВ улсын дугаартай автомашины шууд зардал 6.610.000 төгрөг, шууд бус зардал 2.380.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн  8.990.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 134/

 

Хохирогч Э.Э-гийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдох хохирлын баримтууд /хх-ийн 145-154/

 

Яллагдагч *******- мөрдөн байцаалтанд “ 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орой 21 цагийн үед гэртээ байж байгаад гэрээс гарах ажилтай болоод гэрээсээ гарсан юм. Автомашинтай хүн хэрэг болоод байхаар нь урьд таньдаг байсан Э.Э-тай чатлаад юм бичээд уулзахаар болсон юм. 22 цагийн үед Төмөр замын арктай шар байрны хажууд уулзсан. Тэгээд Э.Э- бид хоёр Барилгачдын талбай орчмоос пиво авсан. Зайсан толгойн автомашины зогсоол дээр очоод уухаар болсон. Замдаа ХААИС-н автобусны буудал зогсоод би тамхи авахаар машинаас буусан юм. Тамхиа аваад эргээд ирэхэд Э.Э- жолоочийн хажуугийн суудал дээр суусан намайг автомашин жолоод гэсэн. Тэгээд надаар автомашин жолоодуулсан. Тэндээс буцахдаа Э.Э- өөрөө жолоо барьсан. Тэгээд Офицеруудын ордон орчихоод тэндээ найзтайгаа уулзаж байгаад шөнийн 03 цагийн орчимд надаар автомашин жолоодуулаад Барс захын орчим руу жолоодоод яв гэсэн. Би жолоодож чадахгүй гэж хэлэхэд зүгээрээ чи жолоод гээд надаар автомашин жолоодуулсан. Миний явах замыг зааж өгсөөр байгаад Барс захын орчимд очоод энэ хавиар явж бай би хүн дуудсан одоо ирж байгаа тэр хүртэл тойроод явж бай гэсэн. Намайг жоохон удаан явахаар гишгэ гээд байсан. Миний жолоодож явсан автомашины жолоонд Э.Э- хүрэхээр нь сандраад хаазаа гишгээд тэр автомашиныг очиж мөргөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2021 оны 7 дугаар сарын 01-ний орой Э.Э-, *******- нар хоорондоо чатаар холбогдон 22 цагийн үед уулзахдаа хохирогч Э.Э- нь өөрийн эхнэр Н.О-ын эзэмшлийн Toyota prius маркийн 88-54 УАВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан байх ба Э.Э-, *******- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, А.Анхзул нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн хойд замд 2021 оны 7 дугаар сарын 02-ны үүрийн 04 цаг 30 минутын орчимд 1.02 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Н.О-ын эзэмшлийн Toyota prius маркийн 8854 УАВ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа “Энтээсээ” ХХК-ийн Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашины чиргүүлийн зүүн хэсэг рүү мөргөсөн хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас А.Анхзулын жолоодож явсан Toyota prius маркийн 88-54 УАВ улсын дугаартай автомашинд сууж явсан Э.Э-гийн биед хүндэвтэр гэмтэл учирч,  Toyota prius маркийн 8854 УАВ улсын дугаартай автомашинд 8.990.000 төгрөгийн хохирол, Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашинд 1.995.000 төгрөгийн хохирол учирчээ.

 

Шүүгдэгч *******- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Э.Э-гийн биед хүндэвтэр хохирол учирч, иргэний нэхэмжлэгч Н.О-ын Toyota prius маркийн 88-54 УАВ улсын дугаартай автомашинд 8.990.000 төгрөгийн, “Энтээсээ” ХХК-ийн эзэмшлийн Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашинд 1.995.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “*******-ыг драйгер багаж ашиглан шалгахад 1.02 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/, ослын үеийн бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Бичлэгийн 00 минут 34 секундэд цагаан өнгийн Volvo маркийн автомашин нь ертөнцийн зүгээр урдаас гарч ирээд, зүүн чиглэлд явахдаа баруун гар тийш эргэж байх үед нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн явж байсан мөнгөлөг саарал өнгийн автомашин чиргүүлийн зүүн хэсэг рүү нь бичлэгийн 00 минут 40 секундэд мөргөөд зогсож байгаа дүрс бичлэг бичигдсэн байлаа...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 84/, хохирогч  Э.Э-гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...*******- жолоо бариад явж  байсан. Тэгээд найзтайгаа пиво ууж эхэлсэн яаж дуусгаснаа сайн санахгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн... *******- Зайсан дээр 2 литр орчим пиво уусан...Би зүүн урд буюу жолоочийн хажуу талд сууж явсан. Тухайн автомашин миний эхнэр Н.О-ын өмчлөлийн автомашин. Миний биед гэмтэл учирсан. Зүүн хөлийн дунд чөмөг, эрүү хугарсан. Хүзүүний зөөлөн эд гэмтсэн өөр гэмтэл бэртэл аваагүй байна. Эмчилгээний зардлаа *******-аас нэхэмжилнэ. Баримтаа  гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 21-22/, гэрч Ц.Б- мөрдөн байцаалтанд  “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өглөөний 05 цагийн орчим буцах гээд ганцаараа Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашиныг жолоодон Барс захын хашаанаас гарах үед миний зүүн гар талаас ертөнцийн зүгээр баруун зүгээс буюу вокзал талаас нэг Toyota prius маркийн автомашин ирж яваа харагдсан тэгээд би дохио өгөөд зам руугаа ороод чиргүүлийн толгой бүтэн ороод чиргүүл талдаа орж явах үед миний автомашин хүчтэй доргисон. Тэгэхээр нь би автомашинаа зогсоогоод буугаад очсон чинь чиргүүлийн зүүн талын гол хэсэг рүү Toyota prius 20 маркийн 88-54 УАВ улсын дугаартай автомашин мөргөсөн, хоёр хүн сууж байсан. Уг автомашиныг жолоодож явсан цагаан хувцастай эмэгтэй хүн хөдөлж байсан, зүүн урд буюу жолоочийн хажуу талд сууж явсан эрэгтэй хүн хөдөлгөөнгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/, иргэний нэхэмжлэгч /Энтээсээ ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай/ Ц.М-  мөрдөн байцаалтанд “...манай компанийн зүгээс уг тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан хохиролыг нөхөн төлүүлнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/, иргэний нэхэмжлэгч Н.О- мөрдөн байцаалтанд “...Тоуоta prius 20 маркийн 88-54 УАВ улсын дугаартай автомашин Н.О- миний өөрийн өмчлөлийн автомашин. 2020 оны 01 дүгээр сард ББСБ-д урьдчилгаа өгч авч байсан. 2020 оны 8 дугаар сард зээлээ төлж дуусган өөрийн өмчлөлд авсан автомашин юм...Тоуоta prius 20 маркийн 88-54 УАВ улсын дугаартай автомашиндаа эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэнэ. Үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилнэ.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 6002 дугаартай дүгнэлт /хх-ийн 92-94/, шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2007 дугаартай дүгнэлт /хх-ийн 167-168/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашинд учирсан хохирол 1.995.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 114-115/,“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Toyota prius маркийн 8854 УАВ улсын дугаартай автомашины шууд зардал 6.610.000 төгрөг, шууд бус зардал 2.380.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн  8.990.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 134/, хохирогч Э.Э-гийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдох хохирлын баримтууд /хх-ийн 145-154/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй  хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт” гэм буруутайд тооцов.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  

          шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...энэ гэмт хэрэг санаатайгаар үйлдэгдээгүй бөгөөд хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, эсхүл ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

          Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

         *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

        Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа  хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

 Иймд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шүүх шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасна” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******- нь автотээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хэдий ч хуульд заасны дагуу гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасав.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

         Шүүхээс *******-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Уг гэмт хэргийн улмаас Э.Э-гийн биед хүндэвтэр хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Н.О-ын эзэмшлийн Toyota prius маркийн 8854 УАВ улсын дугаартай автомашинд  8.990.000 төгрөгийн хохирол, “Энтээсээ” ХХК-ийн эзэмшлийн Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашинд 1.995.000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тус хэргээс үүдэлтэй хохирлыг шүүгдэгч барагдуулсан тул гомдол саналгүй” гэсэн хохирогч Э.Э- болон иргэний нэхэмжлэгч Н.О- нарын гаргасан бичгийн хүсэлтийг шүүхэд гаргаж хэрэгт хавсаргуулсан бөгөөд шүүгчийн туслах тэдгээрийн дугаарын утас руу энэ талаар лавлан асуухад хохирол төлбөрт 6.000.000 төгрөгийг авсан цаашид гомдол саналгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******-ыг хохирогч Э.Э-гийн эрүүл мэндэд  учирсан 3.890.889 төгрөгийн хохирол бүрэн төлсөн, иргэний нэхэмжлэгч Н.О-ын 8.990.000 төгрөгийн хохирлыг тэдгээрийн гаргасан дээрх бичгийн хүсэлтийг харгалзаж хохирогч Э.Э-, иргэний нэхэмжлэгч Н.О- нарт төлөх төлбөргүйд тооцов.

Иргэний нэхэмжлэгч “Энтээсээ” ХХК-нд учирсан Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашинд 1.995.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хуульд зааснаар иргэний хариуцагч төлнө гэсэн тайлбар гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.

Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.О-ыг мөн иргэний хариуцагчаар тогтоосон байна.

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 499.3-т зааснаар “хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.” гэж,

мөн хуулийн 499.4-т “тээврий  н хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан байна.

 

Энэхүү хэргийн үйл баримтаас үзэхэд иргэний нэхэмжлэгч Н.О-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг түүний нөхөр буюу энэ хэргийн хохирогч Э.Э- нь шүүгдэгч *******-ыг жолоодож явах боломжийг олгосон нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч-хариуцагч болох Н.О-, шүүгдэгч *******- нар нь бие биеэ огт танихгүй бөгөөд Н.О- нь *******-д тээврийн хэрэгслээ ашиглуулахаар өөрөө томилж шилжүүлээгүй, энэ талаар зөвшөөрөл олгоогүй байна.

Иймд Toyota prius маркийн 8854 УАВ улсын дугаартай автомашины өмчлөгч  Н.О- ньЭнтээсээ” ХХК-д учирсан 1.995.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээхгүй юм.

 

Н.О-ын зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн дээрхи автомашиныг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож осол гаргаж бусдад учруулсан хохирлыг  гэм буруутай *******- хариуцвал зохих этгээд мөн гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгч *******-аас “Энтээсээ” ХХК-д учирсан Volvo маркийн 63-88 ДГС улсын дугаартай автомашины 1.995.000 төгрөгийн хохирлыг гаргуулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. *******-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  *******-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

 

         4. *******- тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэсүгэй.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******-д мэдэгдсүгэй.

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

         7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 1.995.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Энтээсээ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д олгосугай.

 

         8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ