Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00851

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2017/00851

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 29 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух, РЭ87080900 дугаар регистртэй,  Дайртан овогт Нямаагийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 29 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух, РЭ87012610 дугаар регистртэй, эрэгтэй, Намсан овогт Батсүхийн Цэрэнпүрэвт холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2017/00294/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Н.Нарантуяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Цэрэнпүрэвтэй 2013 онд танилцан үерхэж эхэлсэн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан бөгөөд нааш цааш явж ирэн очин амьдарч байсан. Энэ хугацаанд 2014 онд хүү Н.Энэрэл, 2017 онд ихэр охин болох Н.Учрал, Н.Уянга нарыг төрүүлсэн. Б.Цэрэнпүрэв цаашид хамт амьдарч чадахгүй гээд биднийг орхиод Улаанбаатар хотод ажил хийхээр явсан. Мөн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд хүү Н.Энэрэл, охин Н.Учрал, Н.Уянга нар нь Б.Цэрэнпүрэвийн хүүхдүүд мөн болох нь тогтоогдсон. Сая Б.Цэрэнпүрэв хэсэг хугацаанд бидэнтэй хамт амьдарч байгаад ажил хийнэ гээд Улаанбаатар хот явсан. Заримдаа огт холбоогүй болдог. Иймд Б.Цэрэнпүрэвийг хүү Н.Энэрэл, охин Н.Уянга, охин Н.Учрал нарын эцэг мөн болохыг тогтоож, түүнээс хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Цэрэнпүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: Би Н.Нарантуяатай 2013 онд танилцан улмаар хамтран амьдарсан. Энэ хугацаанд төрсөн Энэрэл, Уянга, Учрал нарын эцэг мөн эсэхийг тогтоох шинжилгээ хийлгэхэд миний төрсөн хүүхэд мөн гэжээ. Би энэ шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөр санал хүсэлт байхгүй. Би гэртээ ирэн очин амьдарч байгаа. Хүүхдүүдээ тэжээн тэтгэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Нарантуяа нь хариуцагч Б.Цэрэнпүрэвт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Нарантуяа, хариуцагч Б.Цэрэнпүрэв нар 2013 онд танилцан, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү Н.Энэрэл, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр охин Н.Учрал, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр охин Н.Уянга нар төрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, №6701000006, №6701000160, №6701000159 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Хөвсгөл-Энх үйлс” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтууд, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...1. ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E8 D5S818, D7S820, D13S317, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Б.Цэрэнпүрэв нь Н.Энэрэл, Н.Учрал, Н.Уянга нарын биологийн эцэг байх боломжтой байна. 2. Б.Цэрэнпүрэв нь Н.Энэрэл, Н.Учрал, Н.Уянга нарын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувийн магадлалтай байна” гэх бичилттэй №3925 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хүү Н.Энэрэл, охин Н.Учрал, охин Н.Уянга нарын төрсөн эцгээр Б.Цэрэнпүрэвийг тогтоох үндэслэлтэй байна.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Н.Энэрэл, охин Н.Учрал, охин Н.Уянга нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Цэрэнпүрэвээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Н.Энэрэл, охин Н.Учрал, охин Н.Уянга нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Н.Энэрэл 3 нас 8 сар,  2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Учрал, охин Н.Уянга нар 6 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг хүү Н.Энэрэл, охин Н.Учрал, охин Н.Уянга нарт тус тус сар бүр хариуцагч Б.Цэрэнпүрэв төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Н.Энэрэл, охин Н.Учрал, охин Н.Уянга нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 3.123.000 төгрөг болж байна.  

Нэхэмжлэгчийг хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болно.

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн бус үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 64.918 төгрөг, бүгд 135.118 төгрөгийг хариуцагч Б.Цэрэнпүрэвээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Хариуцагч Б.Цэрэнпүрэв шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Н.Энэрэл, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Учрал, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Уянга нарын эцэг Намсан овогт Батсүхийн Цэрэнпүрэв мөн болохыг тогтоосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Н.Энэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Учралыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,  2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Уянгыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Б.Цэрэнпүрэвээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Н.Нарантуяаг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж бүгд 135.118 төгрөгийг хариуцагч Б.Цэрэнпүрэвээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОТГОНБЯМБА