Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           02          28                                  2022/ШЦТ/142

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Онон /томилолтоор/

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205000000155 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ сумын -р баг, Хоолойн зах гэх газарт оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, Усны  тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын эцсийн автобусны буудал орчим таксины жолооч Б.Ц-ыг буруу зам руу эргээд яваад байна гэх шалтгааны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 900.000 төгрөг өгсөн.“ гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2205 0000 00155 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц-ын хохирогчоор өгсөн:

 “Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын урд талд өөрийн эзэмшлийн “Соната 6” маркийн 00-00 УНП улсын дугаартай автомашинтай таксинд явж байсан юм. Тухайн үед замд улаан өнгийн куртиктэй хүн зогсож байсан. Тэгээд машиндаа суулгаад хаашаа явах вэ гэж асуусан чинь Баянбүрд орно гэж хэлсэн. Тухайн залуу согтуу явж байсан ба намайг чи буруу тийшээ эргээд байна гээд маргалдсан. Тэгэхээр нь би зогсоод чи буугаад өөр таксинд суу гэж хэлсэн. Тэгээд буухгүй болохоор нь би Монголын Үндэсний телевизийн байрны хажууд зогсоод машинаас буугаад нөгөө хаалгаар машинд суусан улаан куртиктэй хүнийг буулгах гэтэл бууж ирээд намайг нүурэн тус газар хэд хэд цохисон. Тэгээд би цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн гэрчээр өгсөн:

 “2022 оны 01 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай дүү *******- нь гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би *******- руу залгаад хаана байна, хурдан ир гэж хэлсэн. Тэр үед *******- нь ямар нэгэн архи согтууруулах ундааны хэрэглээгүй юм шиг сонсогдож байсан. Оройн 22 цагийн үед дахиад залгахад бага зэрэг халамцуу юм ярьж байсан. Би тухайн үед маргааш нь жижүүр багшийн ажилтай байсан тул эрт унтаад өгсөн. Тэгтэл өглөө нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө *******- нь над руу залгаад хувцас авч ирээд өгөх боломж байна уу би эрүүлжүүлэгдчихлээ гэж хэлсэн. Тэгээд би Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүрч ирж дүүгээ авсан ба *******- надад нэг таксины жолоочтой маргасан юм шиг байна, сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гутал куртикийг нь өмсүүлээд авч явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

 

            3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1486 дугаартай:  

“Б.Ц-ын биед дээд уруулын дотор салстын зүүн хэсэгт язарсан шарх, 1 шүдний булгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

 

             4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн яллагдагчаар өгсөн:

“Би хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн ба хохирлоо төлж барагдуулсан. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дэх тал), шүүгдэгч *******-гийн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 35 дахь тал), хохирогч Б.Ц-ын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.Ц-ад учирсан хохирол, хор уршгаа баримтаар нэхэмжлээгүй бөгөөд, гомдол саналгүй, хохиролыг нөхөн төлсөн гэсэн хүсэлт, шүүгдэгч *******- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хавтаст хэргийн 40 дэх тал) 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-д холбогдох эрүүгийн 2205 0000 00155 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын эцсийн автобусны буудал орчим таксины жолооч Б.Ц-ыг буруу зам руу эргээд яваад байна гэж шалтагласны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

хохирогч Б.Ц-ын “...би Монголын Үндэсний телевизийн байрны хажууд зогсоод машинаас буугаад нөгөө хаалгаар машинд суусан улаан куртиктэй хүнийг буулгах гэтэл бууж ирээд намайг нүурэн тус газар хэд хэд цохисон. Тэгээд би цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), гэрч *******-гийн “...Тэгээд би Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүрч ирж дүүгээ авсан ба *******- надад нэг таксины жолоочтой маргасан юм шиг байна, сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гутал куртикийг нь өмсүүлээд авч явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1486 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал) шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.Ц-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******-гийн хохирогчийн нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-гийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч Б.Ц-ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч Б.Ц- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Хохирогч Б.Ц- нь хэрэгт гэм хорын хохирол, төлбөрөө нөхөн төлүүлсэн цаашид гомдол саналгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 34 дэх тал) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******-г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 31 дэх талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Б.Ц- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ц- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Хуулар овогт Нэргүйн *******-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ