Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 00853

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2017/00853

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1987 онд өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 26-19 тоотод оршин суух, РВ87110100 дугаар регистртэй, Шарнууд овогт Түмэндэмбэрэлийн Цэцэнгэрэлийн

Хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Отгонбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2017/00718/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Т.Цэцэнгэрэл нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Цэцэнгэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Отгонбаяр бид хоёр 2007 онд гэр бүл болж, хамт амьдрах хугацаанд 2 хүүхэд төрүүлсэн. Бид хоорондоо таарамж муутай байсан. Гэтэл О.Отгонбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн ах Намдагийн хамт ирээд гэрээ ачаад явсан байсан. Түүнээс хойш огт холбоогүй байгаа. Одоо би аавындаа 2 хүүхдийн хамт амьдарч байна. Би гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэж хүлээн авахаас татгалзсан. О.Отгонбаярыг Өмнөговь аймагт ажиллаж байгаад, одоо Улаанбаатар хотод барилгын ажил хийж байгаа гэх сураг сонссон, мөн ах, эгч хоёроос нь асуухад мэдэхгүй гэж хэлдэг. Иймд О.Отгонбаярыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү. Түүний төрсөн ах Намдаг нь Хөвсгөл аймгийн Монгол ардын намын байрны сахиул хийдэг, холбогдох утас 88482480, төрсөн эгч Амаржаргал нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 40-03 тоотод оршин суудаг, 98975009 дугаар утастай  гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Цэцэнгэрэл нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Отгонбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.   

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Отгонбаяр нь Т.Цэцэнгэрэлтэй 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн №73 бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамт амьдрах хугацаанд 2008 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү О.Мөнх-Эрдэнэ, 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр охин О.Ухаанзаяа нар тус тус төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн №114 дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн бүртгэсэн №0000792834/543 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.  

Галав овогт Ойдовын Отгонбаяр нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 26 дугаар гудамжны 19 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй, хаягийн хөдөлгөөн шилжилт, өөрчлөлт хийлгээгүй болох нь

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн “...РД: РЕ78090578, овог: Галав, эцэг эхийн нэр: Ойдов, нэр: Отгонбаяр, яс үндэс: Халх, хүйс: эрэгтэй, амьдарч эхэлсэн хаяг: Хөвсгөл, Мөрөн, 9-р баг, 47 гудамж, 19 тоот, байнга оршин суугаа хаягийн өөрчлөлт: огноо 2016/04/14, аймаг Хөвсгөл, сум Мөрөн, баг 14-р баг, гудамж 26, хаалга 19...” гэх бичилттэй, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 11-ний  өдрийн “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 26-19 тоотод оршин суух бүртгэлтэй гэх Готов овогтой Отгонбаяр нь /ре78090578/ нь тус багийн ХАМС-д бүртгэгдээгүй…” гэх бичилттэй 14/133 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.

Жич: О.Отгонбаярын талаархи мэдээлэл. Өмнөговь аймагт ажиллаж байсан, одоо Улаанбаатар хотод барилгын ажил хийж байгаа сураг гарсан. Гэрийн хаяг: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 26 дугаар гудамжны 19 тоот,  төрсөн ах Намдаг нь Хөвсгөл аймгийн Монгол ардын намын байрны сахиул хийдэг, холбогдох утас 88482480, төрсөн эгч Амаржаргал нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 40-03 тоотод оршин суудаг, холбогдох утас 98975009, нэхэмжлэгч Т.Цэцэнгэрэлтэй холбогдох утас: 98935353. 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар РЕ78090578 дугаар регистртэй, Галав овогт Ойдовын Отгонбаярыг эрэн сурвалжилсугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Галав овогт Ойдовын Отгонбаярыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. О.Отгонбаярын оршин суух хаягийг олж тогтоон нэхэмжлэгч Т.Цэцэнгэрэлд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ОТГОНБЯМБА