Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            3          07                                  2022/ШЦТ/175

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205000000198 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дугаар хороо, Зүүн Нарангийн  дугаар гудамжны г тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  /РД: /, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо Зүүн нарангийн 00-00 тоотод хохирогч Г.Ж-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хохирогч П.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй.Хохирогч Г.Ж-д 150.000 төгрөг, П.Г-т 160.000 төгрөгийг нөхөн төлсөн.” гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2205000000198 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ж-ы хохирогчоор өгсөн:

 “Би 2022 оны 01 дүгээр сарын 01- ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо Зүүн нарангийн 00-00 тоот гэртээ  эхнэр Э-болон 4 хүүхдийн хамт шинэ он гаргачхаад байж байтал найз *******-ийг дуудсан. Удалгүй 01:00 цагийн орчимд *******- нь эхнэр Оюун-Эрдэнэ болон 1 хүүхдийн хамт ирсэн. Тухайн үед би Тэнгис, Оюун-Эрдэнэ нарын хамт Сэнгүр, Нийслэл нэртэй пиво хүний 3, 3-г ууцгаасан. Тухайн үед ажил ярьж байгаад *******-бид 2 хоорондоо муудалцсан ба бие бие рүүгээ дайраад босож ирсэн. Би эхлээд Тэнгисийг 1-2 удаа цохисон. Тэгтэл *******-нь намайг зөрүүлээд миний нүүр рүү 5-6 удаа цохисон. Тэгээд би больё гээд газар унасан ба босож ирсэн чинь намайг дахиад нүүр лүү цохиж унагаасан. Тэр үед манай эхнэр Э-манай ээж ах хоёрыг утсаар дуудсан ба манай ах Жаргал, ээж П.Г- нар хүрч ирээд Тэнгисийг надаас салгаад гарыг нь барьсан. Тэр үед *******-нь агсраад дайраад байсан. Тухайн үед ээж Ганцэцэгийн хавирга, хөл рүү нь 3-4 удаа өшиглөөд хэл амаар доромжлоод байсан. Мөн ах Жаргал руу дайраад агсраад доромжилсон. Тэгээд болохгүй болохоор нь манай эхнэр Э-цагдаад дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа Тэнгисийн ээж Алтантуяа хүрч ирээд Тэнгисийг аваад явсан...Би Тэнгисийг 1 удаа нүүрэн тус газар нь эхлээд цохисон ба намайг цохиход Тэнгист ямар нэгэн байдлаар гэмтэл шарх учраагүй. Дараа нь *******-зөрүүлээд нүүрэн тус газар 5-6 удаа цохисон, тэгэхэд миний зүүн талын нүд, хамарт гэмтэл учирсан. Түүний дараа ээж Ганцэцэг хүрч ирэхэд Ганцэцэгийг хөл, хавирга, хөл рүү өшиглөсөн. Мөн гэрт орж ирээд хэл амаар доромжлоод хөл рүү нь өшиглөсөн... Би томорграфд үзүүлсэн 160.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06 дахь тал)

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Г-ийн хохирогчоор өгсөн:

 “2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө үүрээр 05 цагийн орчимд гэртээ байж байтал манай бэр Э-нь над руу 0000000 дугаарын утаснаас залгаад ээжээ хурдан хүрээд ир *******-манай нөхөр Г.Ж- зодоод алах гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс ганцаараа гараад замын нөгөө талд байх Г.Ж- гэр лүү ороход Г.Ж-нь газар хэвтсэн байдалтай, нүүр ам нь цус болцон, хэдэн хүүхдүүд нь уйлалдаж байсан ба *******-нь босоод зогсчихсон Г.Ж-руу орилж байсан. Тэгэхээр нь би больцгоо гэж хэлэхэд *******-нь миний зүүн талын хавирга руу тийрч унагаасан. Тэгээд *******-нь Г.Ж- хандаж чи ээжийгээ дуудчихсан юм уу, танай ээж чинь янхан шүү дээ, 4 хүүхэд гаргахдаа 2 дүлээд л гаргачихсан шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Г.Ж-нь босож ирээд чи миний ээжийг юу гэнээ гэтэл *******-нь зүүн талын нүд хэсэгт нь гараараа цохиод унагаасан. Тэгээд орон дээр унагаад дээрээс нь зодоод байхаар нь би очоод салгах гээд дундуур нь ороход *******-нь миний зүүн талын хөл рүү 2 удаа өшиглөсөн...Намайг Г.Ж- гэр лүү ороход 1 удаа тийрч унагаад, дараа нь Г.Ж- зодоод байхаар нь очоод салгах гэтэл миний зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн. Одоо миний хавирганы зүүн хэсэгт хөндүүр, зүүн хөлийн гуя хэсгийн гадна хөхөрсөн...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *******- гэх манай хүү Г.Ж- найз учруулсан. 7, 8, 9, 10 дугаар хавирганы гэмтлийг *******- нь гэрийн гадаа байхдаа тийрч унагаасан ба уначхаад босох гээд босож чадахгүй цээжээ дийлэхгүй байсан. Гэрт ороход *******- нь Г.Ж- өшиглөөд, цохиод байсан. Тэгэхээр нь би урдуур нь орсон чинь миний хөл, шилбэ, өвдөг рүү өшиглөж хөхрүүлж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 22-23 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О- гэрчээр өгсөн:

 “Миний бие 2021 оны 12 дугаар сарын 31-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг шилжих шөнө 00 цаг 20 минутын орчимд гэртээ байж байтал манай нөхөр *******- рүү найз Г.Ж- нь утсаар холбоо бариад гэртээ хүрээд ир гэж урьсан. Түүний дагуу би Тэнгисийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо Зүүн Нарангийн 0 тоотод очсон. Очиход Г.Ж- нь лаазтай Сэнгүр нэртэй пиво уучихсан эхнэр Энхцолмонгийн хамт болон 4 хүүхдийн хамт байсан. Тухайн үед эхнэр Э-нь унтчихсан байсан. Тэгээд *******-, Г.Ж- нар нь хоорондоо ажил төрөл ярьцгааж байсан. 2021 оны *******-, Г.Ж- нар нь хамт барилга дээр нэг газар ажилладаг байсан юм. Тухайн үед тэр хоёр хүний 3 пиво уусан. Тэгтэл Г.Ж-нь хамт ажилладаг хүнийг яриад надаас илүү юм уу гэх мэт зүйлс яриад маргалдаж эхэлсэн. Г.Ж-пиво хийж өгөөд уу гээд шахаад байсан ба *******-уухгүй гэсэн чинь Г.Ж-нь доромжлоод байгаа юм уу гээд тэр үед Г.Ж-намайг харааж загнаад байхаар нь *******-уурлан дахин Г.Ж- нүүрэнд нь цохисон...Жак болон Жаргалсайхан, *******-нар нь хоорондоо дээр, доороо оролцоод л зодолдоод байсан би шүүх эмнэлэгт үзүүлээгүй учир нь Т.Ирмүүнбилэгт ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27, 29 дэх тал)

 

            4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Э- гэрчээр өгсөн:

“2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шинэ он гаргачхаад манай нөхөр Г.Ж-нь найз Тэнгисийг дуудсан юм. Тухайн үед манай гэрт Тэнгис, Г.Ж-нар нь тус бүр 3 лааз 0.5 литрийн пиво хувааж ууцгаасан. Тэгтэл *******-болон Г.Ж-нар нь хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэр үед Г.Ж-нь Тэнгисийг 1 удаа цохисон. Тэр үед нь би дундуур нь орж салгасан юм. Тэгтэл *******-нь Г.Ж- хэд хэдэн удаа нүүр лүү нь цохиод байсан. Тэр үед би болиоч ээ гээд салгаад одоо больчих, харьчих гэсэн чинь *******-нь байж бай гутлаа үдчихээд гарна гээд гутлаа үдсэнийхээ дараа дахиад Г.Ж- хэд хэд цохиод байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад аргагүй эрхэнд ээж Ганцэцэг, ах Жаргал нарыг утсаар дуудсан. Тэр үед *******-нь Г.Ж- орон дээр хэвтүүлчихсэн цохиж байсан. Удалгүй Тэнгис, Г.Ж-нар гадаа гарсан ба би гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан. Тэнгисийн эхнэр Оюун-Эрдэнэ нь Жаргалсайхан, *******-нарыг хооронд нь зодолдуулчих гээд орхиод байсан. Тэр 2 гадаа гарчихсан байж байтал ах Жаргал, ээж Ганцэцэг нар ирсэн юм шиг байсан ба хоорондоо зууралдаж ноцолдоод ээж Ганцэцэг нь газар уначихсан баруун талын цээж, ташаа хэсгээ барьчихсан ёолоод сууж байсан. Удалгүй гэрт орж ирээд одоо боль, явцгаа гээд байхад *******-нь бүүр салахгүй ноцолдоод байхад нь манай хадам ээж салгах гээд дундуур нь ороход хадам ээжийг хэл амаар доромжлоод хөл рүү нь өшиглөөд байсан болохоор би цагдаад дуудлага өсгөн. Тэгээд удалгүй Тэнгисийн ээж Алтантуяа хүрч ирээд Тэнгисийг аваад явсан...Манай нөхөр Г.Ж- нүүр нь хөхөрч, хамар нь хугарсан байсан. Үүнийг *******-нь цохиж гэмтээсэн. Мөн манай хадам ээж Ганцэцэгийн зүүн гуя хөхөрсөн байсан. Мөн намайг гэрээс гарч ирэхэд Ганцэцэг нь газар уначихсан ёолоод босож ирж байсан ба босож ирээд хавирга ташаагаа бариад ёолоод байсан. Үүнийг мөн *******-цохиж гэмтээсэн. Өөр бэртэж гэмтсэн хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

 

            5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1784 дугаартай:  

“Г.Ж-д хамар ясны хугарал, зүүн дээд доод зовхи, баруун нүдний гадна булан, хүзүү, эгэмд цус хуралт зүүн зовхи, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэндийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1467 дугаартай: 

“П.Г-ийн биед зүүн талын 7, 8, 9, 10-р хавирганд хугарал, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

 

             7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би Жаргалтай зууралдаж байхад ээжийг нь цохисон байж магадгүй. Тэр үед ээж нь унахдаа хавиргаа гэмтээсэн байж магадгүй...Би хохирогч Г.Ж-, П.Г- нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хоорондоо сайн дураар эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), шүүгдэгч *******-ийн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Г.Ж-, П.Г- нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч *******- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хавтаст хэргийн 68 дахь тал) 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-т холбогдох эрүүгийн 2205000000198 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хороо Зүүн нарангийн 00-00 тоотод хохирогч Г.Ж-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч П.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч П.Г-ийн “...Г.Ж-нь газар хэвтсэн байдалтай, нүүр ам нь цус болцон, хэдэн хүүхдүүд нь уйлалдаж байсан ба *******-нь босоод зогсчихсон Г.Ж-руу орилж байсан. Тэгэхээр нь би больцгоо гэж хэлэхэд *******-нь миний зүүн талын хавирга руу тийрч унагаасан. Тэгээд *******-нь Г.Ж- хандаж чи ээжийгээ дуудчихсан юм уу, танай ээж чинь янхан шүү дээ, 4 хүүхэд гаргахдаа 2 дүлээд л гаргачихсан шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Г.Ж-нь босож ирээд чи миний ээжийг юу гэнээ гэтэл *******-нь зүүн талын нүд хэсэгт нь гараараа цохиод унагаасан. Тэгээд орон дээр унагаад дээрээс нь зодоод байхаар нь би очоод салгах гээд дундуур нь ороход *******-нь миний зүүн талын хөл рүү 2 удаа өшиглөсөн…Гэрт ороход *******- нь Г.Ж- өшиглөөд, цохиод байсан. Тэгэхээр нь би урдуур нь орсон чинь миний хөл, шилбэ, өвдөг рүү өшиглөж хөхрүүлж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 22-23 дахь тал)

Хохирогч Г.Ж-ы “...Би эхлээд Тэнгисийг 1-2 удаа цохисон. Тэгтэл *******-нь намайг зөрүүлээд миний нүүр рүү 5-6 удаа цохисон. Тэгээд би больё гээд газар унасан ба босож ирсэн чинь намайг дахиад нүүр лүү цохиж унагаасан. Тэр үед манай эхнэр Э-манай ээж ах хоёрыг утсаар дуудсан ба манай ах Жаргал, ээж П.Г- нар хүрч ирээд Тэнгисийг надаас салгаад гарыг нь барьсан. Тэр үед *******-нь агсраад дайраад байсан. Тухайн үед ээж Ганцэцэгийн хавирга, хөл рүү нь 3-4 удаа өшиглөөд хэл амаар доромжлоод байсан. Мөн ах Жаргал руу дайраад агсраад доромжилсон. Тэгээд болохгүй болохоор нь манай эхнэр Э-цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06 дахь тал)

Гэрч Б.О- “...*******-уурлан дахин Г.Ж- нүүрэнд нь цохисон...Жак болон Жаргалсайхан, *******-нар нь хоорондоо дээр, доороо оролцоод л зодолдоод байсан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27, 29 дэх тал)

Гэрч Ш.Э-  “..Тэр үед Г.Ж-нь Тэнгисийг 1 удаа цохисон. Тэр үед нь би дундуур нь орж салгасан юм. Тэгтэл *******-нь Г.Ж- хэд хэдэн удаа нүүр лүү нь цохиод байсан. Тэр үед би болиоч ээ гээд салгаад одоо больчих, харьчих гэсэн чинь *******-нь байж бай гутлаа үдчихээд гарна гээд гутлаа үдсэнийхээ дараа дахиад Г.Ж- хэд хэд цохиод байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад аргагүй эрхэнд ээж Ганцэцэг, ах Жаргал нарыг утсаар дуудсан. Тэр үед *******-нь Г.Ж- орон дээр хэвтүүлчихсэн цохиж байсан. Удалгүй Тэнгис, Г.Ж-нар гадаа гарсан ба би гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан. Тэнгисийн эхнэр Оюун-Эрдэнэ нь Жаргалсайхан, *******-нарыг хооронд нь зодолдуулчих гээд орхиод байсан. Тэр 2 гадаа гарчихсан байж байтал ах Жаргал, ээж Ганцэцэг нар ирсэн юм шиг байсан ба хоорондоо зууралдаж ноцолдоод ээж Ганцэцэг нь газар уначихсан баруун талын цээж, ташаа хэсгээ барьчихсан ёолоод сууж байсан. Удалгүй гэрт орж ирээд одоо боль, явцгаа гээд байхад *******-нь бүүр салахгүй ноцолдоод байхад нь манай хадам ээж салгах гээд дундуур нь ороход хадам ээжийг хэл амаар доромжлоод хөл рүү нь өшиглөөд байсан болохоор би цагдаад дуудлага өсгөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1784 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1467 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч П.Г-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Г.Ж-ы эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогч Г.Ж-ы  нүүр хэсэг рүү нь гараараа олон удаа цохиж, хөлөөрөө бие рүү нь өшиглөсний улмаас, хохирогч П.Г-ийн цээж болон хөл хэсэг рүү нь өшиглөсний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч П.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Г.Ж-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ийн дээрх гэмт үйлдлүүд нь  Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан  гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч П.Г-ийн биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол, хохирогч Г.Ж-ы биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч П.Г-, Г.Ж- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Иймд хохирогч П.Г-, Г.Ж- нар нь “учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн гомдол саналгүй” (хавтаст хэргийн 66-67 дахь тал)-д тус тус авагджээ.

 

Шүүгдэгч *******- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 57 дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч *******- нь үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч П.Г-, Г.Ж- нар нь “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. *******-ийг  “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”

            мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсугай. 

         

            2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

         

            3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүнд оногдуулсан нийт торгох ялыг нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ