Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 953

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Э-, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1807004020144 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г овгийн Б-ын А, ....тоотод оршин суух, /РД:/;

 

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Х” амралтын газарт байхдаа М.Э-г татаж унаган явган хүний замын боржур мөргүүлснээс эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар хүзүүний зулгаралт, цээж баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Говгийн Б-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.А-д мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-гээс 1.163.610 төгрөгийг гаргуулан хохирогч М.Э-т олгож, хохирогч М.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн үед “Х” амралтын газарт М.Э-ийг татаж унагасны улмаас хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон. Миний бие нь нөхөр, 3 хүүхдийн хамтаар махны лангуу түрээслэн амьжиргаагаа залгуулдаг, том хоёр хүүхэд маань сургуулийн дунд ангид сурдаг, 2 настай бага хүүхдээ амьдрахын эрхээр дагуулан зах дээр мах зарж, нөхөр зарах махыг цуглуулж амьдардаг юм. Хүүхдээ харангаа амьжиргаагаа залгуулж байгаа хүн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлээд явах юм бол манай гэр бүлийн амьдрал туйлын хүнд байдалд орохоор байна. Би мөрдөн байцаалтын шатанд хөдөлмөр эрхэлж буйгаа нотолж, “Хаан банк”-ны дансны хуулга, лангуу түрээслэж наймаа эрхэлж байгаа тухай тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээ өгсөн боловч шүүхээс хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, орлого нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр торгууль төлөх боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Төрд болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх учир шүүх үүнийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж байгаад гомдолтой байна. Хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 600.000 төгрөгийг төлж, бусад хохирлыг бүрэн төлөх боломж байсан боловч хохирогч 5 сая төгрөг л авна гээд аваагүй. Надад тийм их мөнгө шууд бэлнээр өгөх боломж байгаагүй. Харин хурлын дараагаар шүүхээс тогтоосон төлбөр 1.163.610 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, намайг ажиллаж амьжиргаагаа залгуулан шийтгэлийг эдлэх боломжоор ханган торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Энхмэнд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “1. Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүхээр хэлэлцэгдсэн хохирогч М.Э-, гэрч М.Дй, Э.Төртогтох, Ц.Бг, Д.Ц, Б.Ж, М.М, Ц.С нарын мэдүүлэг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8637 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.А-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

...Анхан шатны шүүх Б.А-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа түүний хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, орлого нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр торгууль төлөх боломжгүй гэж дүгнэж ял оногдуулаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, учирсан хохирол зэргийг харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна. Энэ талаар бичсэн шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан 1.163.610 төгрөгийг хохирогч М.Э-т төлж барагдуулсан байгаа нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял оногдуулах нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-т “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон...” гэсэн заалтын дагуу шүүхээс хийж гүйцэтгэх ажлыг тогтоолд заагаагүй байна.

 Иймд шүүгдэгч Б.А-гээс гаргасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа болон шүүхээр хэлэлцэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй болно” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Түүний хувийн байдлыг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.    

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүгдэгч Б.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Хаадын тамга” амралтын газарт байхдаа М.Э-ийг татаж унаган явган хүний замын боржур мөргүүлснээс эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар хүзүүний зулгаралт, цээж баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч М.Э-ийн: “...Намайг санаатай зодсон, “ална” гэж заналхийлээд заамдаж аваад гуд татаж, чирч унагаахад баруун хацар, нүдээрээ боржур мөргөж гэмтсэн. Би ёолоод “намайг аллаа, тавиачээ” гэхэд “алаад өгье” гээд зуураад салахгүй байсан. Би санаатай гэж үзэж байна. Хэрэв санаандгүй унагасан бол босгоод уучлалт гуйх учиртай. ...Би зодуулснаас хойш эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгэсэн, мэс засалд орсон, эм тариа худалдаж авсан баримтаа гаргаж өгч байна. Нийт 2.080.000 төгрөгийн зардал гарсан, үүнийгээ буруутай этгээдээс нэхэмжилж байна...”/хх-5/,

 

Гэрч Ц.Б-гийн: “...Тэгтэл А- араас нь гүйгээд явсан хүний зам дээр нэг хүнтэй зууралдаж унах шиг болсон. Би араас нь очиход А- үл таних эмэгтэйтэй газар унасан байдалтай, зуураад тавихгүй байхаар нь “хөөе, чи хүн андуураад байна, тавь” гээд тавиулсан. Салгаад уг эмэгтэйг түшиж босгоход баруун нүд нь хавдсан, доод зовхи нь зулгарсан цус гарч байсан. Унахдаа явган хүний замын боржур мөргөөд унасан байсан.” /хх-8/,

Гэрч Д.Ц-ын: “...Шөнө 01 цагийн орчим бид хөзөр тоглоод сууж байхад гадаа үүдэнд ирэхээр нь манай том охин Э- гэрийн хаалгаар шагайхад цаанаас нь нэг хүүхэн заамдаж аваад татаж унагахыг нь харсан. Тэгээд гартал нэг хүүхэн Э-ийг зуураад ойччихсон, энгэрээс нь тавихгүй байсан. Дараа нь манай охин Э-ийн баруун нүд нь хавдаж хөхөрсөн, доод зовхи нь язарсан байсан.” /хх-9/,

 

Гэрч Б.Ж-гийн: “...Шөнө 01 цагийн орчим бид хөзөр тоглоод, би унтаж амрах санаатай гэрийн үүд хавьцаа сууж байхад гадаа үүдэнд чимээ гарч нэг хүүхэн орилж хашгирч байгаа чимээ ойртоод гэрийн үүдэнд ирэхээр нь манай эгч Э- гэрийн хаалгаар гарснаа муухай бахираад ойччихсон, “Ална та нарыг” гэх мэтчилэн орилоод хараалын үг хэлж энгэрээс нь тавихгүй байсан. Бид нар очиж тавиулах гэж зөндөө хэлж, гуйж цаанаас нь 2 хүн ирж байж арай гэж салгасан. Э- эгчийн баруун нүд хавдаж хөхөрсөн, доод зовхи нь язарсан байсан. Тэр хүүхэн заамдаад унахад явган хүний замын хажуугийн боржур дээр нүдний зовхи цохигдсон байсан.” /хх-11/,

 

шүүгдэгч Б.А-гийн: “Би 218 оны 7 дугаар сарын 12-ны өдөр “Хаадын тамга” амралтын газар ирж, орой найзын хамт бааранд орж архи ууж байгаад баар хаах үед гарч гэр рүүгээ явах замдаа 2 залуутай маргалдаж, тэдний араас явж байхдаа замд таарсан хүнийг татаж унагаж гэмтэл учруулсан” /хх-31-34/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8637 тоот “хохирогч М.Э-т хөнгөн гэмтэл учирсан” талаарх  дүгнэлт /хх-22/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.А- нь анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед  600.000 төгрөг, давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэхээс өмнө шүүхийн тогтоолд заагдсан хохирол болох  1.163.610 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч Б.А- нь “Хохирогч М.Э-т хохирлыг төлж барагдуулсан, ажил төрөл, ар гэрийн байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Б.А-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь тохирчээ.

 

Дээрх үндэслэлээр  шүүгдэгч Б.А-гийн  гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, нотлох баримтын хамаарал, ач холбогдол, агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх зэрэг нөхцөл байдлын талаар иж бүрэн дүгнэлт хийж байхыг тэмдэглэж байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ