Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0344

 

2016 оны 5 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0344

Улаанбаатар хот

 

Л.Г-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаар шийдвэртэй, Л.Г-н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Л овогтой Г миний бие 2002 оны хавар буюу 4 сард уг амьдарч байгаа газар болох Баянзүрх дүүргийн 12-р хороо, А.О.С-ын Чулуутын З-46 тоотод оршин суух болсон юм. Ийнхүү амьдарч эхэлснээс хойш Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчилж авахаар хөөцөлдөж байсан боловч энэ хүсэлтийг маань хүлээн авдаггүй байсан билээ.

Миний бие Баянзүрх дүүргийн 12-р хороо, А.О.С-ын Чулуутын 3-46 тоот хаягт байрлах газрыг тухайн үед газрын албанд ажиллаж байсан Т-н Б-д өмчлүүлж, эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн засаг дарга Э.Б-д 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл, гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг дарга Э.Б-н зүгээс 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр миний гомдлыг "Баянзүрх дүүргийн Засаг дарга П-д шалгаж хуулийн хүрээнд шийдэж иргэнд хариу өгөх" гэсэн цохолт хийж, Баянзүрх дүүрэгт хүргүүлснийг дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/266 тоот албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирсний дагуу ийнхүү шүүхэд хандаж байна.

Газар эзэмших хүсэлтээ 2002 онд тус хорооны дарга байсан н.Ж даргаар уламжлуулан газраа өмчлөх хүсэлтээ Баянзүрх дүүргийн газрын алба болон дарга Б, байцаагч Г нарт хүсэлт гаргаж байсан юм. Харамсалтай нь тэд миний хүсэлтийг хүлээж авч цохолт хийж өгөөгүй юм. Мөн тус хорооны Н, Ж, О, М гэсэн дарга нарт хандаж тодорхойлолт гаргаж газрын албанд хандаж ирсэн.

Мөн 2005 онд дүүргийн дарга М-д өөрийн биеэр очиж энэ байдлаа тайлбарлаж танилцуулж байсан. Энэ асуудлыг шийднэ хэмээн тодорхой хариуг өгдөггүй байлаа. Дээрх миний нэр дурдсан хүмүүсээс одоо газрын албанд ажиллахаа больсон байна. Би уг газартаа 10 гаруй жил амьдарч байна. Энэ хугацаанд манай газрыг өөр хүн өмчлүүлсэн гэж огт мэдээгүй бөгөөд 2014 оны 8 дугаар сард л өөр хүнд өмчлүүлснийг нь мэдсэн билээ. Ийнхүү олон жил амьдарсан газраа мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст булаалгаж байгаадаа туйлын гомдолтой байна. Ийнхүү тухайн үед гаргаж байсан хүсэлт баримтууд маань одоогоор нотлох баримт болох зүйл байхгүй байна. Энэ бүхний эцэст 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хуулийн дагуу эзэмших хүсэлтээ Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг даргаар уламжлуулан газрын албанд өргөдөл гаргаж өргөдөлдөө хорооны Засаг даргаар цохолт хийлгүүлсэн юм.

Баянзүрх дүүргийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Өмч, газрын харилцааны албан хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, зөвхөн иргэн Т.Болорцэцэгийн ирүүлсэн баримтад үндэслэн түүнд тухайн газрыг эзэмшүүлсэн нь ойлгомжгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэнд одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор, дүүргийн кадастрын бүртгэлтэй, гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулж тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох зорилго нь биелээгүй уг газарт өөр хүн болон хүсэлт гаргасан иргэн үнэхээр тухайн газраа эзэмшиж, ашиглаж байсан эсэх, тус газрыг үнэхээр тодорхой шалтгааны улмаас газар эзэмших гэрчилгээгээ авч чадаагүй байсан зэрэг үйл баримтыг хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж, түүнийг шалгаж, тогтоолгүйгээр Т.Б-д газар эзэмшүүлсэнд нь гомдолтой байна.

Уг захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах", 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн а/43 дугаар захирамжуудын Т-н Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Т.Б нь тус газарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 173 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай амины орон сууц-ны зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ аваад Нийслэлийн Засаг даргын А/43 тоот захирамжаар өмчилж авсан байдаг. Иргэн Л.Г нь газар эзэмших хүсэлтээ 2002 онд тус хорооны Засаг даргаар уламжлуулж Дүүргийн газрын албанд гаргаж байсан гэдэг. Үүний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж материал шүүж үзсэн. Тэгэхэд 11 боть материалаас Л.Г-н дүүргийн өмч газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлтээ ирүүлж байгаагүй байдаг. Түүнчлэн энэ нь шүүхээс очиж үзлэг хийснээр нотлогддог.

Тухайн үеийн Дүүргийн Засаг даргаар Э.М ажиллаж байсан. Э.М даргад өөрийн биеэр очиж тайлбарлаж танилцуулж байсан гэж ярьдаг. Дүүргийн Засаг даргаар тухайн хүн 2004 оны 12 дугаар сараас 2007 оны 10 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байсан. 2004-2008 оны тамгын газрын өргөдөл гомдлын 5 ботийг шүүж үзэхэд иргэн Л.Г нь газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй байдаг. Харин иргэн Л.Г нь дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2014 онд газар эзэмших хүсэлт гаргаж байсан. Өмч газрын харилцааны алба өргөдлийг хүлээн авч газар эзэмших эрх авахаар гаргасан газарт Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/43 тоот захирамжаар иргэн Т.Б-д өмчлүүлсэн байсан учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасныг зөрчиж байгаа учраас боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн.

Иргэн Т.Б-д газар эзэмшүүлэх захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчсөн гэж дурддаг. Нийт 16 боть дэвтрийг шүүж үзэхэд иргэн Л.Г нь дүүргийн өмч, газрын харилцааны алба болон дүүргийн Засаг даргад газар эзэмших хүсэлтээ ирүүлээгүй байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч тал Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан заалтыг ярих эрхгүй болж байгаа юм. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасныг зөрчсөн гэж хэлдэг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн байгаа юм. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан заалт нь өөрөө хууль ёсны эзэмших эрхтэй этгээдэд хамаарах заалт юм. Энэ талаар Улсын Дээд шүүхийн шүүгч тайлбартаа дурдаж байсныг хэлэх нь зүйтэй байх. Тэгэхээр Газрын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй юм. Дүүргийн Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй юм.      

Нэхэмжлэгч талаас амьдарч байхад бидэнд тухай газрыг өгөөгүй гэж хэлдэг. Харин Газрын тухай хуульд заавал тухай газарт амьдарч байхыг шаарддаггүй. Газар эзэмшихэд тавигдах шаардлагын дагуу тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон. Түүнчлэн бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй газарт хүсэлтээ гаргасан шаардлагыг хангасан байгаа юм. Эдгээр шаардлагуудыг хангаж байсан учраас дүүргийн Засаг дарга иргэн Т.Б-д газар эзэмших эрхийг олгосон.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 361 дүгээр захирамж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 113 дугаар тогтоолыг баталсан байдаг. Энэ дээр иргэн Т.Б-н нэр байдаг. 2001 онд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрийн нэр нь эзэмших эрхтэй гэж орсон байдаг.

Тэгэхээр Баянзүрх дүүргийн 2007 оны 173 дугаартай захирамж хууль зөрчсөн зүйл байхгүй. Хуулийг үндэслэж гарсан. Хууль ёсны дагуу гарсан захирамж учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар уг газарт өмчлөх эрхтэй болохыг нь тогтоосны үндсэн дээр хүсэлт гаргасан иргэний хүсэлтэд газрыг өмчлүүлсэн. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга иргэн Т.Б-с тухайн эзэмшилд байсан газрыг өмчлөх тухай хүсэлт гаргасны дараа дүүргийн Засаг даргаас 2007 оны 173 дугаартай захирамжийг үндэслэж уг газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан. Тухайн өмчлүүлэх захирамжийг гаргахдаа Нийслэлийн Засаг дарга хууль болон бусад дүрэм журамд нийцүүлж шийдвэр гаргасан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэл гэж юу вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа үндэслэлүүдийг сонсоод байхаар Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын захирамж нь хэрхэн хууль зөрчсөн бэ гэдэг талаас тайлбар хийж байна. Тэгэхээр 3 дугаар зүйлийн 3.1.7-д хууль бус захирамж байхыг нэгдүгээрт шаардана. Хоёрдугаарт тухайн хууль бус захирамж нь нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байхыг шаарддаг.

Тэгэхээр нэхэмжлэгч иргэн Л.Г-н эрх хууль ёсны ашиг сонирхлыг эдгээр захирамжууд хэрхэн зөрчсөнийг хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг гаргаж ирэхгүй байна. Гэтэл өнөөдөр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар хуулийн ганц үндэслэл хэлдэг. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасныг хэлдэг. Энэ нь газар эзэмших эрхтэй этгээдэд хамаарах заалт байж байгаа.

Нийслэлийн Засаг дарга 2012 оны А/43 тоот захирамжийг гаргахдаа 3 сарын турш судалдаг. Судалж байх явцад иргэн Т.Болорцэцэгийн эзэмшлийн газар дээр ямар нэгэн маргаан гарсан, өөр хүн хүсэлт гаргасан эсхүл эрх ашиг нь зөрчигдсөн талаар гомдол гаргаж байгаагүй. Тийм учраас эрхийн гэрчилгээг үндэслэж газрыг өмчлүүлсэн нь хуульд нийцэж хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр юм.

Нийслэлийн Засаг даргын 361 дүгээр захирамжийг тайлбарлаад байна. Иргэн Т.Б-д хууль бусаар газар эзэмшүүлсэн гэдгийг нотлох гээд энэ захирамжийг яриад байна. Тэгэхээр анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар тогтоолоор маргаан бүхий газрын байршил дээр Чулуу овоот-ын амины орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээд 2001 оны 113 дугаар тогтоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр барилгажилтын зураг төсөл батлах тухай гэсэн тогтоол гарсан. Энэ тогтоолын 2 дугаар заалтад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай гэсэн заалт байдаг. Үүний дагуу тухайн байршил дээр зохион байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга 2001 оны 361 дүгээр захирамжийг гаргасан. Энэ захирамж нь иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгох захирамж биш юм. Үүнийг хариуцагч талаас удаа дараа хэлж байна.

Энэ захирамж нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай гэсэн захирамж юм. Нийслэлийн Засаг дарга нь эрх хэмжээний хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахдаа ямар журмаар зохион байгуулсан нь 361 дүгээр захирамжийн заалтад тодорхой тусгасан байдаг. Тухайлбал Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Чулуун овоот-ын амины орон сууцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэхийг Хот байгуулалт, газрын харилцааны газар М.Ц-д даалгасугай гэсэн 1 дүгээр заалт байдаг. Тэгэхээр М.Ц дарга энэ ажлыг зохион байгуулах ажлыг хүлээн авсан байгаа. 4 дүгээр заалтад өнөөдрийн маргаад байгаа асуудлыг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ заалтад тухайн газарт зөвшөөрөлгүй буусан буюу түр гэрээгээр газраа ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн газрыг чөлөөлж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн газар ашиглуулах, эзэмшүүлэх гэрээг байгуулж газрын бүртгэлд бүртгэхийг Нийслэлийн хот байгуулалт, газар зохион байгуулах газар М.Ц-д даалгасугай гэсэн заалт байдаг. Энэ заалтын хүрээнд хууль болон захирамжаар үүрэг авсан М.Ц нь баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд иргэдийн хүсэлтийн дагуу үнэ, байршлыг тогтоож гэрээ байгуулж эхэлсэн. Энэ гэрээг байгуулахдаа та гэрээ байгуулах эрхтэй боллоо гэсэн мэдэгдлийг иргэн Т.Б-д өгсөн байдаг. Үүний дагуу иргэн Т.Б өөрийн эрхийн хүрээнд 2007 оны дүүргийн Засаг даргын захирамжаар уг газар эзэмших эрхээ дахин сунгаж авсан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг дарга иргэн Т.Болорцэцэг нь газар өмчлөх эрхтэй этгээд гэдгийг нь тогтоож газар өмчлүүлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Т овогтой Б миний бие нь 2000-2002 онд Улаанбаатар хотын газрын албанд өргөдөл гаргаж Баянзүрх дүүргийн 12-р хороонд шинээр иргэдэд газар эзэмшүүлэх ажлыг тухайн үед Баянзүрх дүүргийн газрын албанаас зохион байгуулж гудамж замыг цэгцэлж зөвшөөрөлгүй зарим айлыг албадан нүүлгэж, хашаа хороог цэгцлэх нөр их ажил хийгдсэн юм. Энэ үед өргөдөл хүсэлтээ Улаанбаатар хотын Газрын албанд гаргасан. Үүний дагуу Улаанбаатар хотын захирагчийн албаны захирамж гарч, газар эзэмших тухай гэрээ хийсний үндсэн дээр 12-р хорооны АОС-ын чулуутын 6-13 тоот газар заалган авч цэг тавиулсан билээ.Тухайн үед Г гэх байцаагч том ватум цаасан дээр зураг гаргачихсан иргэдэд үзүүлж кадастрын зураг хийлгэх өргөдлийн маягт өгсөн. Түүний дагуу кадастрын зураг хийлгэсэн юм. Түүнээс хойш дахин шинэчилсэн кадастрын зураг гаргуулах шаардлагыг Газрын албанаас гаргасны дагуу дахин кадастрын зураг хийлгүүлж байсанҮүнийг үндэслэн 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 173 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно.

Анх 2002 онд түс газрыг заалган авахад ямар ч хүн эзэмшээгүй хашаа босгоогүй байсан. Хэсэг хугацаа өнгөрөхөд нэг айл буусан байсан нь Л-х гэх айл байсан. Тухайн үед тэр айлын эмгэн өвгөн хоёр газартай болтлоо танай газар дээр хэсэг амьдарч байя гуйж байсан юм. Үүнээс хойш 2004-2005 оны үед 3 гэр барьчихсан байсан. Газар чөлөөлж өгөхийг хүсэхэд, олон эрэгтэй согтуу хүмүүс гарч ирж, намайг элдвээр хэлж, доромжилж хөөсөн. Үүний дараа Газрын албанд хандаж мэдэгдэх хуудас бичүүлэн аваачиж өгөхөд тэд урж хаян намайг зодохыг завдсан. Мөн дараа нь дахин Газрын албанд очиж мэдэгдэхэд Л гэдэг хүнд Чулуутын 1-64 /миний санахад/ тоот газрыг хуваарилан олгосон байдгийг мэдээд өвгөн, эмгэн хоёр нас өндөр, учраа мэдэхгүй байгаа юм болов уу гээд Ганбат байцаагчаас кадастрын зураг хийлгэх өргөдлийг авч, Л гуайд аваачиж өгсөн.

Тэгэхэд хэдэн залуус байсан нь Гансүх байх аа. Түүнээс хойш Газрын албанд 2 ч удаа газар чөлөөлүүлэх өргөдлийг өгсөн. Ингээд А байцаагч дээр / байцаагч нь тухай үед солигдсон/ Г-тэй хамт дуудагдаж очсон. А байцаагч: Чи хүний газар чөлөөлж өг гэж учир байдлыг тайлбарлаад гаргаж байсан. Газрын албаныхныг удаа дараа очиж албадан нүүлгэх гэтэл Л бид энэ газрыг харж буй манаач нь байна гэж хэлж буцаасан байдаг. Би арга ядан өөрийн төрсөн дүү Т.А-г хажуу айл болох Б-с гэр түрээслүүлэн авч, 2007 онд Л-тэй нэг хашаанд зуны 3 сар амьдарсан. Энэ хугацаанд хэрүүл шуугиан зодоон нүдээн тасраагүй. Би ч тэссэнгүй өөрийн дүүгээ зодуулж гэмтэж болзошгүй гэж сэтгэл зовнин, түрээсийн гэрээ буцааж нүүсэн. Миний газрыг чөлөөлж өгөхгүй олон жил суурьшиж байгаад, дараа нь шүүхэд хандан өөрсдийн мэдэлд авах санаатай байсан юм байна. Иргэн Б миний хувьд энэ газрыг хуулийн дагуу, олгогдсон эрхийнхээ дагуу төлбөрөө төлж бичиг, баримт бүрдүүлж явсаар, газраа өмчилж авсан болно. Миний бие нь газрын албанд ажиллаж байгаагүй. Энэ хүмүүс миний газрыг чөлөөлж өгөөгүйн улмаас би тухайн газар хувийн орон сууц барих зорилгоо биелүүл чадахгүй хохирсоор улмаар Улаанбаатар хотын дахин төлөвлөлттэй залгаж, тухайн компанитай гэрээ хэлэлцээр байгуулсан болно.

Г-н нэхэмжлэлээс үзэхэд намайг Газрын албанд ажиллаж байсан гэсэн нь ор үндэслэлгүй,тухайн үед энэ газар нь Г гэх хүнтэй ямар ч холбоогүй Л гэх өвгөн эмгэн 2 байсан. Намайг анх газар эзэмшихэд тухайн газрын хаяг нь Баянзүрх 12-р хороо Чулуутын АОС 6-р гудамж 13 тоот байсан. Г-н нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн 12-р хороо АОС Чулуутын 3-46 тоот гэжээ.

Би ийм хэрэг болно гэж тухайн үеийн баримт бичгийг өөртөө үлдээж байсангүй, гэхдээ Баянзүрх дүүргийн Газрын албанд бүх баримт бичиг байх ёстой. 2007 онд гарсан захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээ авахад бүрдүүлсэн материал дотор 2001-2002 оны Улаанбаатар хотын захирагчийн албаны . Тоот захирамж бүхий холбогдох бичиг баримтыг тодруулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал иргэн Т.Б-д газар олгосон үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хангалттай ярьж байна. Анх хэзээ газар эзэмших эрх үүссэн гэдэг нь маргааны гол зүйл юм. Тэгэхээр иргэн Т.Б нь 2007 онд газар эзэмших гэрчилгээ авсан юм шиг хэлж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтад 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 113 дугаартай тогтоол баталсны дагуу Нийслэлийн Засаг даргын 361 дүгээр захирамж гарсан байдаг.

Хамгийн гол нотлох баримт нь 2001 оны 33 тоот мэдэгдэл байдаг. Энэ бүхний үндсэн дээр 2007 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн Т.Б газар эзэмших эрхийг авсан байна.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг тухайн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааж өгсөн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх яаж зөрчигдсөн юм бэ. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн бөгөөд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ашиглах гэж юу байдгийг зааж өгсөн байна.

Иргэн Л.Г гэдэг хүн өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа боловч Газрын тухай хуульд заасны дагуу гэрээ, гэрчилгээ газар эзэмших хүсэлт өгсөн байдал нь нотлогдохгүй байгаа юм. Тухайн газарт иргэн Л.Г байсан гэж юу нотолж байна гэхээр хүн амын бүртгэлийн дэвтэр гэж байна. Энэ нь 2005 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн Чулуун овоот-ын 2-46 тоотод бүртгэлтэй гэсэн бүртгэл байгаа юм. Нэхэмжлэгч маань нэхэмжлэлдээ 2002 оноос хойш оршин суусан гэж дурдсан байдаг. Гэтэл 2002 оноос өмнө 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Т.Б-д газар эзэмших эрх нь үүссэн байдаг.

Мөн 14-15 жилийн өмнөх маргааныг хэлэлцэж байна. Тийм болохоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Нэхэмжлэлдээ удаа дараа Засаг даргаар дамжуулан дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргаж байсан гэдэг. Хэрвээ тэгж хүсэлтээ гаргаж байсан бол 30 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд өргөдлөө гаргах ёстой. Тэгж байж дараа шат буюу Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой. Нэхэмжлэлдээ 2014 оны 08 дугаар сард бусдад эзэмшүүлснийг мэдсэн гэж байгаа юм. Тэгэхээр 09, 10 дугаар сард дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргасан байх ёстой байсан. Тийм учраас шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20156 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 148 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн а/43 дугаар захирамжуудын Төрбатын Болорцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий Л.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй. Учир нь нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 сарын 24-ний өдрийн 316 дугаар захирамж нь хэн нэг этгээдэд газар эзэмших эрх олгосон захирамж биш бөгөөд энэ захирамжаар Т.Б газар эзэмших эрх үүсээгүй байна гэж үзээд нэхэмжлэгч Л.Г түүний төлөөлөгч нарын нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсан.

Гэтэл шүүх өөрийн гаргаж байсан захирамжаа ор тас мартаж 361 дүгээр захирамжаар Т.Б газар эзэмших эрх үүссэн гэж дүгнэжээ. Улаанбаатар хотын ерөнхий архитектор М.Ц-н 2001 оны 11 дүгээр сарын 23-ны мэдэгдлээр газар эзэмших эрх олгосныг хэр үндэслэлтэй болохыг шүүх нотолж чадсангүй.

Шүүх хуулиар заагдсан шаардлага хангахгүй байгаа буюу дутуу цугларсан баримтуудыг үндэслэж Т.Б газар эзэмших эрх үүсэж байсан мэтээр дүгнэсэн байна. Хэрэв хууль ёсоор эзэмших эрх үүссэн бол яагаад тухайн газартаа хил хязгаар татаагүй, кадастр хийлгээгүй, гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй юм бэ. Энэ үйл баримт 2001 онд хийгдсэн байх ёстой.

Шүүх Т.Б нь 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүсэлтээ гаргаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 173 дугаар захирамжаар газар эзэмших эрх олсон, нийслэлийн Засаг даргын 2012 оны А/43 тоот захирамжаар өмчилж авсан байгаа нь хууль ёсны гэж үзжээ.

Хэрэв 2001 онд хууль ёсоор газар эзэмших эрхээ олж авсан юм бол 2007 онд Баянзүрх дүүргийн Засаг даргад дахин газар хүсэх ямар шаардлага байгаа талаар шүүх дүгнэж чадаагүй. Өөрөөр хэлбэл Т.Б-д 2007 он хүртэл газрыг хууль ёсоор эзэмшиж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд мөн нэхэмжлэгч Л.Гэд ч хууль ёсоор газар эзэмшиж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин нэхэмжлэгч Л.Г-д 2002 оноос тухайн газартаа хашаа хатгаж тухайн газраа ашиглаж байсан үйл баримт хангалттай авагдсан байгаа болно. Хэний ч хууль ёсны эзэмшил үүсээгүй газарт түрүүлж буугаад амьдарч ашиглаж байсан Л.Г-н газар дээр Т.Б 2007 онд газар эзэмших хүсэлт гаргах нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Л.Г-н ашиглаж байсан газарт ямар нэг хууль зүйн үндэслэлгүй мэдэгдэл гэгчийг үндэслэж газар эзэмших гэрчилгээ олгож улмаар өмчлүүлсэн үйлдэл хууль ёсны баримт болж чадахгүй гэж үзэж байна.

Мөн Дарханы иргэн Улаанбаатар газар эзэмших хүсэлт гаргахын тулд тухайн газартаа амьдарч байхыг тэр цаг үед шаарддаг байсныг бүгд мэдэх билээ.

Энэ нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2, 32.2.4, 34 дүгээр зүйлийн 34.6, 34.8 болон МУИГӨТХ-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.1, 19.2.2-р зүйл зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин цуглуулах шаардлагатай нотлох баримт буюу Т.Болорцэцэгт газар олгосон захирамж болон бусад баримтуудыг цуглуулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Л.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/43 дугаар захирамжаар иргэн Т.Б-д Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС-ны 6 дугаар гудамжны 13 тоот байршилд 498 м.кв газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Л.Г маргаан бүхий газарт амьдарч байсан хугацаандаа буюу 2002 оноос хойш тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан гэх боловч Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны болон Тамгын газрын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрүүдэд өргөдөл гаргаж байсан хугацаагаар нь шүүж үзэхэд өргөдөл хүсэлт гаргаж байсан нь тогтоогдоогүй байна.

            Нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай” 361 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж, тухайн талбайд зөвшөөрөлгүй буусан гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх, батлагдсан зураг төслийг үндэслэн газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулах ажил хийгдэж байжээ.

            Дээрх захирамжийн дагуу иргэдэд амины орон сууц барих зориулалтаар хуваарь гаргасны дотор гуравдагч этгээд Т.Б-н нэр орж, тухайн үеийн Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор М.Ц-с түүнд амины орон сууцны зориулалтаар 0,05 га газар олгохоор мэдэгдэж, маргаан бүхий байршилд амины орон сууц барихыг зөвшөөрч, 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон зэргээс үзэхэд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг анх гуравдагч этгээд Т.Б олж авснаар 2007 онд эрх бүхий этгээдэд хандаж газар эзэмших, өмчлөх эрхтэй болсон байна.

            Харин нэхэмжлэгч Л.Г 2014 онд буюу гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн маргаан бүхий захирамжууд гарсны дараа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлт ирүүлснийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байсан гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж шийдвэрлэлгүйгээр буцаасныг буруутгах боломжгүй.

            Маргаан бүхий газар нь 2001 онд буюу нэхэмжлэгчийг тухайн газарт буухаас өмнө уг газарт амины орон сууц барихаар газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлтөд орж, 14 байгууллага, 96 иргэдэд орон сууц барих газар хуваарилсан талаарх баримтууд нь хэрэгт авагдсан байгаагаас үзэхэд “нэхэмжлэгчийн амьдарч байсан газрыг бусдад эзэмшүүлсэн” гэх гомдол үндэсгүй.

            Гуравдагч этгээд Т.Б маргаан бүхий газарт амьдарч байгаагүй боловч уг газрыг нэхэмжлэгчээс өмнө буюу 2001 онд эзэмшихээр холбогдох газруудад хандаж, эрх бүхий этгээдээс мэдэгдэл, зөвшөөрөл авч байсны үндсэн эзэмших, өмчлөх эрхтэй болсон нь тогтоогдсон байх ба хариуцагч нарын гаргасан шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасны үндсэн дээр олгогдсон байх тул энэхүү захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасантай нийцжээ.

           

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

           

                                                                                               

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.МӨНХТУЯА 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ