Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/220

 

                      

 

 

 

 

 

 

     2022           3          21                                     2022/ШЦТ/220

 

 

                    

                               

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105017480136 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, ах дүү нарын хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, *******-.  

 

                     Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” нэртэй автомашин угаалгын газрын орчимд хохирогч Б.Д-гийн эзэмшлийн “Самсунг А-72” маркийн 1.520.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлнө.” гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2105017480136 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Б.Ш-ээс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 02 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ВВ” машин угаалгын газрын урд манай найз Б.Д- гар утсаа алдсан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал)

 

2. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 50-51 дэх тал) 

 

3. Эрүүгийн мөрдөгч Г.Баярсүхийн тэмдэглэлд “Б.Д- нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” машин угаалгын орчимд гар утсаа алдсан” гэх гомдлыг шалгах явцдаа иргэн Б.Д-гийн явсан маршрутын дагуу хяналтын камер шүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн царай зүс тодорхой харагдахгүй байв. Хэргийн талаар ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл цуглуулж ажиллахад тухайн хэрэг, үйлдлийг Хосоо гэх Таацын шагчин харсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг мэдэж байгаа гэх мэдээлэл авагдсан болно. Уг мэдээллийг шалган Хосоо гэгчтэй холбогдоход Отгонболд гэх хулгайч үйлдсэн гэж байсан боловч, мэдээлэл өөрчлөгдөн Отгондаваа гэгч үйлдсэн хэмээн хэргийг нуун дарагдуулсан болно.” гэжээ. (хавтаст хэргийн 11 дэх тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-гийн хохирогчоор өгсөн:

         “Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” авто угаалгын орчимд өөрийн нөхөр Сайнцогт найз Отгонбаяр, Б.Ш- нарын хамт гэр рүүгээ харихаар алхаж байсан. Тухайн үед би нөгөө хэдээсээ түрүүлээд “ВВ” авто угаалгаас хойш алхаад такси барихаар замын хажууд зогстол үл таних хэдэн залуучууд ирээд намайг хоргоогоод байсан. Тэр залуучуудаас айгаад аясаар нь дунд нь ороод ганц хоёр үг солилцоод байж байтал манай найз Б.Ш- намайг авахаар ирсэн. Тэгтэл тэр залуучуудын нэг нь Б.Ш-тэй муудалцаад нүүр рүү нь тулж очоод үгээр доромжилж дээрэнгүй байдалтай харьцсан. Удалгүй манай нөхөр Сайнцогт, Отгонбаяр нар ирээд Б.Ш- бид хоёрыг аваад явсан бөгөөд тэр үед би гар утсаа алдсан гэдгээ мэдсэн. Би хамгийн сүүлд би тухайн залуучуудын дунд ороод ганц, хоёр үг солилцохдоо гар утсаа халааснаасаа гаргаж ирээд цаг харчхаад өмсөж явсан өмднийхөө зүүн талын халаасанд хийсэн. Харин тухайн залуучуудаас салаад явсны дараа гар утсаа шалгахад алга болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.М- гэрчээр өгсөн:

“Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажилуулдаг “Тэди” гар утас худалдааны төвийн 9-6 тоот лангуун дээрээ гар утас зараад байж байхад миний таньдаг Мандлан гэх ченж орж ирээд “Самсунг А72” байна, 850.000 төгрөгөөр зарна гэхээр нь утсыг нь үзээд, гар утасны эх сурвалжийг шалгаад 850.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод эхнэр Мөнхгэрэлээр мөнгийг нь өгүүлж байсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай эхнэр лангуун дээрээ сууж байхдаа нэгэн хүнд нөгөө “Самсунг А72” маркийн гар утсыг зарсан байсан. Би хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна. Ямартай ч хохирлыг нь барагдуулж өгнө.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ийн гэрчээр өгсөн:

“Манай найз болох Узбекстан улсын иргэн Сардорбек рүү 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагаас залгаж өөрийнх нь барьж байгаа “Самсунг А72” маркийн гар утсыг гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйл байж болзошгүй тул ирж уулзах шаардлагатай гэж залгасан байсан. Манай найз Сардорбек нь Монгол хэл, бичиг, үсэг мэдэхгүй тул намайг яриулж учир байдлыг олоод өг гэж гуйсан. Учир нь гэвэл Сардорбект албан ёсны орчуулагч, бие төлөөлөгч, итгэмжлэгдсэн хүн байдаггүй юм. Би Монголд ойр дотно байдаг найзуудынх нь нэг юм. Би учир байдлыг Сардорбекээс тодруулахад 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Тэди” гар утас худалдааны төвийн 2 давхрын 9-6 тоот лангуунаас уг “Самсунг А72” маркийн гар утсыг 1.000.000 төгрөгөөр авсан гэж хэлсэн. Энэ талаараа Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Баярсүх танд хэлж, баталгааны хуудсан дээрх “Тэди” гар утас худалдааны төвийн 2 давхрын 9-6 тоот лангууг, 99097754 дугаарын хамт хэлж өгсөн. Сардорбек нь дээрх “Самсунг А72” маркийн гар утсаа хүлээлгээд өгчихвөл өөрөө хохирч үлдэх гээд байсан тул урьдаар гар утас худалдаж авсан газраа очин хохирлоо барагдуулан бичиг хийлгэж авсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Самсунг А72” маркийн гар утсаа цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөөр ирлээ. Сардорбек нь одоо ямар нэгэн санал, гомдолгүй, ажил ихтэй ирэх боломжгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг уг хэрэгт оролцуулах боломжгүй болно.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-гийн гэрчээр өгсөн:

“Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Тэди” гар утас худалдааны төвийн гадна зогсож байтал нэгэн үл таних залуу ирээд “Самсунг А72” байна хэдээр авах вэ гэсэн. Тэгэхээр нь би нөгөө А72 маркийн гар утсыг нь үзээд иргэний үнэмлэхийн лавлагаа чинь байвал 750.000 төгрөгт авъя гэсэн. Тэгээд нөгөө залуу надад лавлагаагаа гаргаж өгөөд 750.000 төгрөгөөр надад зарсан. Тухайн залуугийн лавлагааг харахад Адъяасүрэнгийн Отгонболд гэх 2000 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн залуу байсан. Тэгээд би “Тэди” төвийн 9-6 тоот лангуун дээр суудаг Б.М-гэх таньдаг ахад нөгөө “Самсунг А72” маркийн гар утсаа 850.000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал)

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

            “Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Тэди” гар утас худалдааны төвийн гадна зогсож байхдаа нэгэн үл таних залуугаас “Самсунг А72” маркийн гар утсыг 750.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд нөгөө гар утсаа Б.М-гэдэг “Тэди” гар утас худалдааны төв дээр гар утас зардаг ахад 850.000 төгрөгөөр зарсан. Тэгтэл нөгөө гар утас нь хулгайн замаар алдагдсан гар утас болж таарсан. Тухайн үед надад гар утас зарсан залуугийн мэдээллийг өмнө өгч байсан мэдүүлэгтээ өгсөн байгаа. Би Б.М-ахад 850.000 төгрөгийн хохирлыг нь барагдуулаад өгчихсөн байгаа. Тийм болохоор надад гар утас зарсан залуугаас 750.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би тухайн гар утсыг гэмт хэргийн замаар алдагдсан гэдгийг мэдээгүй байсан. Хэрэв мэдэж байсан бол худалдаж авахгүй байх байсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал)

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б.Ш-ийн гэрчээр өгсөн:

“...Б.Д-, Сайнцогт 2 маргалдаад Б.Д- уурлаад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” автомашин угаалгын газар руу чиглээд алхаад алга болсон. Тэгээд би хэсэг хугацааны дараа Б.Д-гийн хойноос очиход Б.Д- үл таних 5 залуугийн дунд ганцаараа зогсчихсон юм яриад зогсож байсан...Тэгээд залуучууд явсны дараа Б.Д- өөрийн гар утсаа үзтэл гар утас нь алга болчихсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал)

 

10. “Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “Самсунг А72 маркийн гар утас 1 ширхэг 1.520.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн тайлан (хавтаст хэргийн 34-36 дахь тал)

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн:

“2021 оны 8 дугаар сарын 27-нд архи согтууруулан ундаа хэрэглэсэн байхдаа ганцаараа Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” машин угаалгын газрын орчим явж байхад нэг эмэгтэйн өмдний баруун халаасанд “Самсунг А72” маркийн гар утас байхаар нь хажууд нь зогсож байгаад уг эмэгтэйн утсыг хулгайлж авсан. Тэгээд маргааш нь “Тэди” төв дээр очоод хулгайлсан гар утсаа зарсан. Тухайн мөнгөө ганцаараа үрж дуусгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал)

 

12. Эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Г.Энхтөрийн “...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гар утсаа алдсан гэх Б.Д-гаас гэрчийн мэдүүлэг авах гэсэн боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байв...” гэсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 17 дахь тал)

 

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******- нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” нэртэй автомашин угаалгын газрын орчимд хохирогч Б.Д-гийн өмдний халааснаас түүний эзэмшлийн “Самсунг А-72” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

 

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВВ” машин угаалгын газрын орчим явж байхад нэг эмэгтэйн өмдний баруун халаасанд “Самсунг А72” маркийн гар утас байхаар нь хажууд нь зогсож байгаад уг эмэгтэйн утсыг хулгайлж авсан. Тэгээд маргааш нь “Тэди” төв дээр очоод хулгайлсан гар утсаа зарсан. Тухайн мөнгөө ганцаараа үрж дуусгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал), хохирогч Б.Д-гийн “...манай нөхөр Сайнцогт, Отгонбаяр нар ирээд Б.Ш- бид хоёрыг аваад явсан бөгөөд тэр үед би гар утсаа алдсан гэдгээ мэдсэн. Би хамгийн сүүлд би тухайн залуучуудын дунд ороод ганц, хоёр үг солилцохдоо гар утсаа халааснаасаа гаргаж ирээд цаг харчхаад өмсөж явсан өмднийхөө зүүн талын халаасанд хийсэн. Харин тухайн залуучуудаас салаад явсны дараа гар утсаа шалгахад алга болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), гэрч Н.Б-ийн “Сардорбек рүү 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагаас залгаж өөрийнх нь барьж байгаа “Самсунг А72” маркийн гар утсыг гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйл байж болзошгүй тул ирж уулзах шаардлагатай гэж залгасан байсан...Сардорбекээс тодруулахад 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Тэди” гар утас худалдааны төвийн 2 давхрын 9-6 тоот лангуунаас уг “Самсунг А72” маркийн гар утсыг 1.000.000 төгрөгөөр авсан гэж хэлсэн. Энэ талаараа Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Баярсүх танд хэлж, баталгааны хуудсан дээрх “Тэди” гар утас худалдааны төвийн 2 давхрын 9-6 тоот лангууг, 99097754 дугаарын хамт хэлж өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал), гэрч Ц.М- “2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажилуулдаг “Тэди” гар утас худалдааны төвийн 9-6 тоот лангуун дээрээ гар утас зараад байж байхад миний таньдаг Мандлан гэх ченж орж ирээд “Самсунг А72” байна, 850.000 төгрөгөөр зарна гэхээр нь утсыг нь үзээд, гар утасны эх сурвалжийг шалгаад 850.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод эхнэр Мөнхгэрэлээр мөнгийг нь өгүүлж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал), гэрч Б.М-гийн  “Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Тэди” гар утас худалдааны төвийн гадна зогсож байтал нэгэн үл таних залуу ирээд “Самсунг А72” байна хэдээр авах вэ гэсэн. Тэгэхээр нь би нөгөө А72 маркийн гар утсыг нь үзээд иргэний үнэмлэхийн лавлагаа чинь байвал 750.000 төгрөгт авъя гэсэн. Тэгээд нөгөө залуу надад лавлагаагаа гаргаж өгөөд 750.000 төгрөгөөр надад зарсан. Тухайн залуугийн лавлагааг харахад Адъяасүрэнгийн Отгонболд гэх 2000 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн залуу байсан. Тэгээд би “Тэди” төвийн 9-6 тоот лангуун дээр суудаг Б.М-гэх таньдаг ахад нөгөө “Самсунг А72” маркийн гар утсаа 850.000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал), иргэний нэхэмжлэгч Б.М-гийн “Би Б.М-ахад 850.000 төгрөгийн хохирлыг нь барагдуулаад өгчихсөн байгаа. Тийм болохоор надад гар утас зарсан залуугаас 750.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би тухайн гар утсыг гэмт хэргийн замаар алдагдсан гэдгийг мэдээгүй байсан. Хэрэв мэдэж байсан бол худалдаж авахгүй байх байсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал), гэрч Г.Б.Ш-ийн “Б.Д-гийн хойноос очиход Б.Д- үл таних 5 залуугийн дунд ганцаараа зогсчихсон юм яриад зогсож байсан...Тэгээд залуучууд явсны дараа Б.Д- өөрийн гар утсаа үзтэл гар утас нь алга болчихсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал), эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 50-51 дэх тал)

 Хөрөнгийн үнэлгээний тайлан тайлан (хавтаст хэргийн 34-36 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хохирогчийн мэдүүлснээр “Тухайн залуучуудын нэг нь Б.Ш-тэй муудалцаад нүүр рүү нь тулж очоод үгээр доромжилж дээрэнгүй байдалтай харьцсан. Удалгүй манай нөхөр Сайнцогт...ирээд Б.Ш- бид хоёрыг аваад явсны дараа гар утас нь алга болсон гэдгийг мэдсэн...” гэх үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

 

Шүүгдэгч *******-ын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав . Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

 

            Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршиг, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

   *******-од холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон боловч шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж 06 хоног цагдан хоригдсон.

 

         Шүүхээс *******-од оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний  цагдан хоригдсон 06 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд  тооцож, үлдэх  192  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.

 

                                       Тав. Бусад асуудлын талаар:

 

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч хохирогч Б.Д-гийн эзэмшлийн 1.520.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А72” загварын гар утсыг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 50-51 дэх тал)-д авагджээ.

 

Харин энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.М-гийн 750.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-оос 750.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.М-д олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана.” гэж зааснаар шүүгдэгч *******-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

        1. *******-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд  тооцож, үлдэх  192  /нэг зуун ерэн хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.    

 

        4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 

 

 

        5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-оос 750.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

 

         7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдсугай.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ДАЙРИЙЖАВ