Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

2022         03            07                                         2022/ШЦТ/30

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000000011 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      Б.Билгүүн

Шүүгдэгч                                                        О.Х нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, Сэлэнгэ тэнгэр ХХК-д эксковаторчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 24 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух Х.

            Шүүгдэгч Х нь 2022 оны 1 дүгээр сарын 7-ны оройн 20 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 24 дүгээр гудамжны 6 тоот хашаанд байх гэртээ хохирогч П-н “пизданууд” гэж хараасан үйлдэлд дургүйцэн хуванцар сандал шидэж П-н толгой хэсэгт оносны улмаас эрүүл мэндэд нь зулайн орой хэсэгт язарсан шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Х-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр ажлаасаа буугаад Багануурт гэртээ ирсэн. Маргааш нь буюу 1 дүгээр сарын 7-ны өдөр 18 цагийн үед найзууд болох П, О нартай уулзаж 2 шил архи аваад манай гэрт ууцгаасан. Оройн 20 цаг өнгөрч байх үед Пүрэвсүрэн согтчихоод надад хандаж “би чамайг ажилд оруулж өгсөн, би чамайг амьдралд чинь хүргэсэн” гэх мэт зүйлс яриад над руу агсараад байсан. Тухайн үед П орон дээр сууж байсан ба би О-той юм яриад сууж байсан юм. Гэтэл П орноос босоод над руу ирэх шиг болохоор нь би өөрийн сууж байсан хуванцар сандлыг аваад П рүү шидчихсэн чинь миний шидсэн сандал П-н толгойг онож толгойг нь хагалчихсан. Би П-д учирсан хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 36, 38-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Х-тэй уулзсан. Тэгээд Х-н гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би архи ууж байхдаа Х-т хандаж “чамайг би ажилд оруулж өгсөн биз дээ” гэж хэлтэл Х “чи муу намайг ажилд оруулж өгсөн байлаа гээд яадаг юм” гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тухайн үед Х бид хоёр урд урдаасаа хараад сууж байсан бөгөөд би хундагатай архи авах гээд доошоо тонгойх үед миний толгой руу нэг зүйлээр тас гээд цохисон. Х хуванцар сандлаар миний толгой руу цохисон байсан. Тэгээд миний толгойноос цус гарч эхэлсэн О нэг даавуу бариад миний цусыг тогтоох гэж оролдож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-р хуудас/

              Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х-н дүү Б над руу залгаад Х ах найз П-тэй маргалдаад хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэртээ яваад очсон чинь П-н толгой хагараад цус гарсан байдалтай байж байсан ба Х сандлаар П-н толгойг хагалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-р хуудас/

              Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэд нарын ууж байсан архи дуусаж байсан. Би Х ах О гэдэг найзтайгаа зэрэгцэж суугаад юм ярьж байсан. Тэр үед П ах “та муу хоёр пизда” гэж хэлсэн ба Х ах хуванцар сандал аваад П ах руу шидэж толгойг нь хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-р хуудас

              Гэрч А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х ах О гэх найзтайгаа юм яриад П ахыг тоохгүй байсан. Тэр үед П ах Х болон О ах нар хандаж “хоёр пизда” гээд хараагаад байсан. Тэгтэл Х ах хуванцар сандал аваад П ах руу шидэж толгойг нь онож хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-р хуудас/

              Шинжээчийн 060 дугаартай “Т.П-н биед зулайн оройн хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцох тухай “...давцан хэсэг нь 30х25 см, өндөр нь 26 см хэмжээтэй ягаан өнгийн хуванцар сандлыг эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн тогтоол, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-11-р хуудас/

              Шүүгдэгч Х-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй....” гэх тэмдэглэл /хх-н 60-р хуудас/

              Х-н иргэний үнэмлэхийн лавлагаа,оршин суугаа газрын хаягийн лавлагаа,  нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 66-69-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч Х нь 2022 оны 1 дүгээр сарын 7-ны оройн 20 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 24 дүгээр гудамжны 6 тоот хашаанд байх өөрийн гэртээ хохирогч П-н “пизданууд” гэж хараасан үг, үйлдэлд дургүйцэн ягаан өнгийн хуванцар сандал шидэж П-н толгой хэсэгт онож түүний  зулайн орой хэсэгт 6х1 см язарсан шарх бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Х нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүн рүү хуванцар сандал шидэж толгойг нь хагалсан үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “П-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 060 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Х-н үйлдэл нь П-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Хүрэлбаатарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч П шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохирол 374.700 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 176.200 төгрөгийн баримт гарган ирүүлжээ.

Хохирогч П-тэй утсаар ярьсан “...эмчилгээнд гарсан зардал 374.700 төгрөгийн хүлээн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тэмдэглэл, шүүгдэгчийн “...хохирол төлбөр төлсөн...” гэсэн мэдүүлэг, хаан банкны хуулга зэргээр Х нь хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг  бүрэн барагдуулсан болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эд мөрийн баримтыг устгуулах саналыг шүүхэд оруулж байна...” гэсэн

            Шүүгдэгчээс ”... Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгч Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Х-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг заасан хугацаанд биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн давцан хэсэг нь 30х25 см, өндөр нь 26 см хэмжээтэй ягаан өнгийн хуванцар сандлыг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Х нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х-г зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Х-д мэдэгдсүгэй.

             4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х нь хохирогч П-д 374.700 төгрөг төлснийг, хохирогч П нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

       5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  хэрэгт хураагдаж ирсэн давцан хэсэг нь 30х25 см, өндөр нь 26 см хэмжээтэй ягаан өнгийн хуванцар сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

        6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7. Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

       9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ