Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

2022         03            23                                         2022/ШЦТ/37

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000190023 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                   Г.Булаг-Ундрал

Шүүгдэгч                                                             Э.

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     Д.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багт төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Авто жим” ТӨХК-д зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 21 дүгээр гудамжны 7 тоот хашаанд оршин суух хаягтай Э.

 

            Шүүгдэгч Э нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны орой 22-23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 56 дугаар байрны 5 тоотод орших иргэн Ц-н гэрт агсам тавьж хохирогч С-н “миний ах болио, яасан бэ” гэсэн үгэнд дургүйцэн цамцны захнаас нь заамдаж, улмаар түүний толгойн тус газарт буюу нүүрэнд 1 удаа толгойгоороо мөргөсний улмаас эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун нүдний  дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Э-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой 23 цагийн үед Доун гэх газраас ажлын хүмүүстэйгээ хамт гараад 56 дугаар байранд байх ажлын газрын эгчийнх рүү явж байсанаа санаж байна. Маргааш өглөө сэрээд дүү С-г мөргөж гэмтэл учруулснаа мэдсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 30, 31-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны 23 цагийн үед Доун баарнаас гараад 56 дугаар байранд байх ажлын газрын эгч Ц-нгэрт Э, У, Ц нарын хамт орсон. Цэрэнханд эгчийн гэрт дөнгөж ороод Э ах агсам тавиад байхаар нь би Э ахад хандаж “миний ах болио, яасан бэ” гэхэд Э ах миний цамцнаас заамдаж өөр лүүгээ татаад миний толгой хэсэг рүү мөргөсөн. Э ах бид хоёрыг муудалцаж байхад Ц хүрч ирж салгасан. Бусад нь архиндаа согтоод бид хоёрыг муудалцсан эсэхийг мэдээгүй. Би эмнэлэг явж 3 ширхэг оёдол тавиулсан. Надад ямар нэгэн өвдөж байгаа зовиур гэмтэл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-р хуудас/

              Гэрч Н-н өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны оройн 23 цаг өнгөрч байхад манай нөхөр С над руу залгаад “Э ахад цохиулчихлаа, миний уруулнаас цус гараад байна, хүрээд ир, эмнэлэг явъя” гэж хэлэхээр нь би  56 дугаар байранд очиж нөхрөө аваад эмнэлэг рүү явсан. Манай нөхрийн дээд уруулын дотор тал хэсэг нь сэтэрсэн байдалтай байсан ба тухайн үед эмч 3 оёдол тавьсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-р хуудас/

              Гэрч Ц-н өгсөн “...Цэ эгчийн гэрт байхад С, Э нараас бусад нь том өрөөнд байсан. Тэгээд гад тогооны өрөөнд хүн орилох чимээ гарахаар нь ганцаараа яваад очиход Э, С-н уруул хэсэгт толгойгоороо мөргөөд цус гаргачихсан байсан. Би тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-р хуудас

              Шинжээчийн 039 дугаартай “С-н биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/

              Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-н 20, 21-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, яллагдагч, хохирогч нарын хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 51-54-р хуудас/

              Шүүгдэгч Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Хэнтий аймгийн шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 135 дугаартай тогтоолооор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1997 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдөр биелүүлж дуусгасан ....” гэх тэмдэглэл /хх-н 39-р хуудас/

              Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа,  нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 42-46-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хохирогч шүүгдэгчтэй эвлэрээд ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай учраас тэрийгээ хүлээн зөвшөөрөөд ял тохирч байгаа гэж ойлгож байгаа учраас үүнийг баталж шийдвэрлэж өгөөч...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын торгох ялын саналыг зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч Э нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны орой 22-23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 56 дугаар байрны 5 тоотод орших иргэн Ц-н гэрт агсам тавьж хохирогч С-н “миний ах болио, яасан бэ” гэсэн үгэнд дургүйцэн цамцны захнаас нь заамдаж, улмаар түүний толгойн тус газарт буюу нүүрэнд 1 удаа толгойгоороо мөргөсний улмаас эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад босоо чиглэлтэй 4х0.2см мэс заслын 3 ширхэг оёдолтой шарх. Баруун нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Э нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой хэсэг буюу нүүр лүү нь мөргөсөн үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “С-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 039 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Э-н үйлдэл нь С-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч С нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 51-54 хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Иймд шүүгдэгч Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Э-д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Э-д мэдэгдсүгэй.

             4. Шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч С нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

       5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

       8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ